Open iToim app
Улс төр | 6 мин уншина

З.Энхболд: Хорин нэгэн аймагт ипотекийн зээлийн хүү тав боллоо

З.Энхболд: Хорин нэгэн аймагт ипотекийн зээлийн хүү тав боллоо
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 7
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна, нэг дор 1000 тэмээ байх нь гайхалтай харагдах нь лавтай. Гинессийн амжилтаа ахиулахаар мэргэжилтнүүдийг урьж авчирсан байна. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Өнөөдөр Та бүхэнд 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын тойм, эдийн засгийн зарим асуудал, бүтээн байгуулалт, бонд, мөн барилгын салбар, ипотек, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ” хэмээн хэлэв.
Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм.

Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудын талаар танилцууллаа.
2015 оны намрын чуулганаар Эрүүгийн хуулийг баталсан нь чухал дэвшил болсон. Хуучин нийгмийн үнэт зүйлсийг хамгаалдаг байсан эрүүгийн зүйл, заалтыг өөрчилж, шинэ Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулахаар оновчтой ялын бодлогыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бололцоо бүрдсэн. Эрүүгийн хуулийг батлахдаа хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгууллын аюулгүй байдал, Үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилтуудыг дэвшүүлсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцолж байв. Эрүүгийн хуулийн хамгийн гол зорилго бол ялын бодлого байдаг гээд “Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг ногдуулах бололцоо бүрдсэн. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял болон эрх хасах ял ногдуулах зэрэг ялын төрөлтэй болсон. Торгох ялыг ногдуулах үед нэгж хэмээх ойлголт хэрэглэгдэх ба 1 нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх юм” гэлээ. Түүнчлэн Эрүүгийн хуульд шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар оруулсан талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад 210 гаруй хуульд заасан зөрчлүүдийг нэгтгэн, стандартад оруулан 17 бүлэгтэй Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг дурдаад “Гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хууль, зөрчил гаргавал Зөрчлийн тухай хууль үйлчилнэ. Эдгээрийн процессын хуулиудын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна” хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.
Анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг танилцууллаа. Энэ хуулиар онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд, хүнд болон авилга, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлсэн. Өршөөлийн хуульд нийт 4340 хүн хамрагдсан ба төрийн хүнлэг энэрэнгүй зарчмыг хэрэгжүүлсний үр дүнд 1253 ялтан хорих газраас суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 81451 иргэн өршөөлд хамрагдсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн 329600 зөрчилд оногдуулсан 3.1 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгожээ.
Мөн Монгол Улс олон улсын жишигт хүрсэн хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн баталсан. Аливаа төр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ онцгойлон халамжлах үүрэгтэй байдаг. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нь шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, нийгмийн халамж, хамгаалал хүртэх эрхийг нь баталгаажуулсан болохыг талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцууллаа.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг Улсын Их Хурал 2015 оны намрын чуулганы хугацаанд баталсан. Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насны ахмадуудынхаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор батлагдсан энэ хуулийн зүйл, заалт, хамрах хүрээг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” (УИХ-ын тогтоолоор баталсан), Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг танилцууллаа. Хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг дэмжих чиглэлээр батлагдсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиудыг мөн тайлбарлав.
Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн онцлог, нөхцөл байдлыг талаар мэдээлэл хийж, 2016 оны төсвийг батлахдаа баримталсан зарчмуудыг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав.
Бондын зарцуулалт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө. Өмнөх Засгийн газар 600 гаруй сая ам.доллар хүүтэй зээлж аваад бэлнээр тараасан ба 2012 онд байгуулагдсан Засгийн газар дээрх өрийг төлсөөр өнөөдөр 400 сая ам.долларыг барагдуулсан байна.
Бонд бол санхүүгийн энгийн харилцаа бөгөөд олон нийтэд энэ талаар буруу ойлголт өгсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов. Монгол Улсын ДНБ-д Засгийн газрын зээлийн эзлэх хувь 40-59 хувь байдаг ба энэ бусад улстай харьцуулж харвал хэвийн түвшинд байгаа гээд бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийв.

2015 оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 1055 төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байгаа талаар танилцуулаад үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол Улс 1921 оноос хойш 91 жилийн хугцаанд 2964 км хатуу хучилттай авто зам барьсан бол сүүлийн 3 жилд 2720 км хатуу хучилттай автозамыг шинээр барьсан байна. Ингэснээр улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээ 2015 оны байдлаар 5684.62 км болсон бөгөөд Засгийн газар 2016 онд 1284.05 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байгаа талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцууллаа. Мөн ипотекийн зах зээлийн талаар, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2012 оноос бага хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр барилгын салбар, барилгын материалын үйлдвэрлэл сэргэж, олон мянган монгол ажилчид ажлын байртай болсон уялдаа холбоог дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн энэ үеэр Засгийн газраас ипотекийн зээлийн хоёрдугаар шат эхлүүлж байгааг албан ёсоор дуулгасан юм. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс /434/, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг /945/, хөдөө орон нутаг 21 аймгийн нутаг дэвсгэр /17071/, Улаанбаатар хотын зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь 5 хувийн хүүтэй болж байгааг танилцууллаа.

Өмнөговь аймагт 1155 орон сууцны зээл бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 700 гаруй нь аймагтаа байдаг статистик байсныг дуулгаад зээлийн хүүгийн өөрчлөлтөөр ипотекийн зээлтэй иргэдийн өрхийн санхүүд хэр хэмжээний хэмнэлт хийж болох тооцооллыг хийж үзүүлэв.

Мөн хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар танилцуулж, тус салбар дахь экспортын нөхцөл байдал, хэтийн төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ийнхүү Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд иргэдийн асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн