Соёл, урлаг | 4 мин уншина

Г.Ган-Очир: Бодит амьдал, төсөөлөл хоёр асар их ялгаатайг “Нүдээ аниад төсөөл” киногоор харуулахыг зорьсон

Г.Ган-Очир: Бодит амьдал, төсөөлөл хоёр асар их ялгаатайг “Нүдээ аниад төсөөл” киногоор харуулахыг зорьсон
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 18

“Нүдээ аниад төсөөл” романтик, инээдмийн кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ. Оросын алдарт зохиолч Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэсэн тус киноны продюсераар Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажилласан бол, киноны зохиолч, найруулагчаар Г.Ган-Очир, зураглаачаар А.Ханхүү ажиллажээ. Харин гол дүрийг залуу жүжигчин О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар бүтээсэн юм. Бид тус киноны зохиолч, УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч СТА Г.Ган-Очиртой шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-“Нүдээ аниад төсөөл” кино нэрнээсээ эхлээд л их өвөрмөц сонирхолтой санагдсан. Яагаад ийм кино хийх болсон талаар нь яриагаа эхлүүлье?

-Оросын алдарт зохиолч Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэн энэ киногоо хийсэн. Оросын алдартай энэ жүжгийг Монголын теарт урлагийн түүхэнд хоёр удаа найруулан тавьсан байдаг. Анхны найруулгад МУГЖ Ж.Жанчивдорж, М.Оюунсүрэн нар тоглож байсан бол , 2000 оны эхэнд үед найруулж байсан эл жүжигт СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, СТА жүжигчин Д. Ганцэцэг нар тоглосон байдаг. Миний хувьд эл жүжгийг кино зохиол болгон найруулан тавьсан нь кино урлагт шинэ содон, сонирхолтой өнгө төрхийг бүтээхийг зорьсон. Учир нь “Нүдээ аниад төсөөл” кино бол Монголын анхны бүтээлийн, инээдмийн, музикл, тулаант, зөгнөлт кино болж чадсан. Анх киног хийхдээ Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатартай зөвлөлдөж, найруулагчаар ажиллах хүсэлт тавихад их найрсагаар хүлээж авсан. Тэгээд надад "нийгэмд байгаа бэлэн сэдвүүдийг бус урлагийн хүнийхээ хувьд арай өндөр сэтгэлгээний кино хийж бүтээлч сэтгэлгээгээр хандаарай" гэж хэлээд дэмжсэн.

-Киноны гол утга санаа юу байв?

-Бодит амьдрал, төсөөлөл хоёр маш хол зайтай. Ухамсаргүй төсөөлөл бол хүнийг ямар ч амьдралд хүргэж болно гэдгийг харуулсан.

-“Нүдээ аниад төсөөл” кино Монголын анхны бүтээлийн, инээдмийн, мюзикл, тулаант болон зөгнөлт кино гэж байна. Тэр хэрээрээ кино жүжигчдээс маш их ур чадвар шаардсан байх. Киноны дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

-Киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, О.Дөлгөөн нар тоглосон. Гол дүрээ сонгохдоо тэдний жүжиглэх арга барилаас гадна бусад чадваруудыг мөн нарийн тооцоолсон. Учир нь энэ кино жүжигчдээс дуулах, бүжиглэх гээд маш олон төрлийн ур чадвар  шаардсан бүтээл байсан. Жүжигчдийн өөрсдийнх нь жүжиглэдэг хэв маягаас, ертөнцийг үзэх үзлээс нь тэс өөр буюу бясалгалын хэмжээнд аваачиж, асар их зөрчилдөж байж хийгдсэн кино. Ер нь жүжигчдийн зөвхөн жүжиглэх авьяасаас гадна маш олон чадварыг нь нээж үзэгчдэд харуулахын тулд миний мэргэжлийн гол онцлог оршдог гэж боддог. Мөн кинонд маань МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Оюундарь, СТА Г.Эрхэмбаяр, СТА Б.Баттөмөр, УДЭТ-ийн залуу жүжигчин Б.Шинэбаяр гээд олон жүжигчин тоглосон. 

-Таны хувьд хөдөлгөөний найруулагч гэдэг утгаараа кинонд хөдөлгөөний маш олон шийдлүүдийг гаргаж өгсөн байх. Үг хэлээр үзэгчдэд ойлгуулахаас гадна үйл хөдлөлөөр илэрхийлнэ гэдэг маш нарийн мэдрэмж шаардана байх?

-Тэгэлгүй яах вэ. Кинондоо содон, сонирхолтой хөдөлгөөний болон сэтгэлгээний олон шийдлийг гаргаж харуулсан байгаа. Хөдөлгөөнийн урлаг гэдэг театр, кинонд  маш чухал үүрэгтэй байдаг. Үг хэлээр илэрхийлэхээс  гадна үйл хөдлөлөөр утга санааг илэрхийлэх нь жүжигчнээс маш өндөр чадвар шаарддаг. Сэтгэлгээний эрх чөлөө гэдэг бол урлагийн хамгийн том эрх чөлөө. 

-Жүжгийн зохиолыг кино зохиол болгон найруулахад таниас чамгүй өндөр ур чадвар шаардсан байх. Зохиолыг бичихэд хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Хоёрхон хүний дүрээр киног хэрхэн яаж баялаг болгох вэ гэдэг дээр маш их судалгаа хийж бодсон. Жүжгийн зохиол дээрээ цэцэрлэг дотор хоёрхон хүн л яриад байдаг. Үүнийг кино зохиол болгон баяжуулж, олон дүр бүтээхэд чамгүй ур чадвар шаардсан. Жүжгийн зохиолыг кино зохиол болгох гэж 3-4 сарыг зарцуулсан.

-Киногоо яагаад "Нүдээ аниад төсөөл" гэж нэрлэсэн юм бэ?

- Н.Наранбаатар найруулагч маань энэ нэрийг өгсөн.

-Таны хувьд бүжгийн урлагт бас томхоон байх суурийг эзэлдэг уран бүтээлч шүү дээ. Цаашдаа ямар ямар бүтээлүүд дээр ажиллах төлөвөлөгөтэй байна?

-Бүжгийн маш сайхан сонирхолтой бүтээлүүдийн санал ирж байна. Одоогийн байдлаар бол уран бүтээлчидтэйгээ судалгаа хийж байна. Төлөвлөсөн зүйлүүд бас байна.

Бүжгээс гадна миний хувьд театр болон кино урлагт хоёуланд нь орон зайтай байхыг хүсдэг. Театрын урлаг гэдэг мөхөшгүй шинэлэг зүйлийг гаргаж ирэх стой гэж би үзээд байгаа юм. Кино урлагт цаашдаа цэвэр инээдмийн кино хийнэ гэсэн бодол байна. Үзэгийн сонирхлыг дагаж бүтээл хийхээс гадна үзэгчдээс түрүүлсэн сонин зүйл байдгийг үзүүлж харуулж байх үүрэг гэж үздэг.

-“Нүдээ аниад төсөөл” киноноос үзэгчдийг юуг олж хараасай гэж хүсэх вэ?

-“Нүдээ аниад төсөөл” кино бол илүү их хөдөлгөөнт, хөгжимлөг, биеийн уян пластик их өндөртэй бүтээл. Энэ кино маань өнөөдрийн кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг гарцаагүй тодорхойлно. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн