Нийгэм | 2 мин уншина

Уралдаанч хүүхдийн амь даатгалын хураамж 20 мянга байсныг 100 мянга болголоо

Уралдаанч хүүхдийн амь даатгалын хураамж 20 мянга байсныг 100 мянга болголоо
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 25

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас улсын баяр наадам дөхөж байгаатай холбоотойгоор хурдан морины уралдаанч хүүхдүүдийн амь даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газраас уралдаанч хүүхдийн амь даатгалын суурь хураамжид өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насыг 20 мянган төгрөгөөр даатгуулж,  аюул осол гарч амь нас эрсэдсэн тохиолдолд 5 сая төгрөгийн нөхөн олговор авдаг байсан юм байна. Энэ нь хүүхдийг осолдож, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмчилгээний зардалд ч хүрэлцдэггүй аж.  Тиймээс уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насыг бүрэн гүйцэд хамгаалахын тулд даатгалын нөхөн олговрыг бодитой хүрэлцэхүйц хэмжээнд болгохын тулд даатгалын хураамжийг 100 мянга болгон нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр уралдаанч хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалаас авах нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болж байгаа аж. 

Энэхүү шийдвэрийг уралдаанч хүүхдийн даатгалын үйлчилгээ явуулдаг арав орчим компаниудтай уулзалт хийж, эрсдэлийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээний дүнд үндэслэсэн гаргасан  хэмээн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны дарга А.Энхбаатар мэдээллээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн жилийн баяр наадмаар анх удаа хурдан морь уралдаанч хүүхдүүдийн нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн санг нэвтрүүлж амжилттай туршсан. Энэ жил ч мөн энэхүү бүртгэлийн системийн дагуу уралдаанч хүүхдүүдийг бүртгэн  хувийн мэдээлэл, нас, асран хамгаалагчийн зөвшөөрлөөс эхлэн тэмцээнд үзүүлж байсан амжилт, гэмтэл бэртлийг хүртэл бүртгэх юм. Ингэснээр зөрчилтэй хүүхдийг уралдаанд оруулахгүй байх шалгуур биелэх бөгөөд эрх зөрчигдөж, гэмтэхээс урьдчилан сэргийлээгүй, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох боломж бүрдэх аж.

 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн