Дэлхийн монгол | 8 мин уншина

Харвардад бакалавр хамгаалсан Монголын анхны төгсөгч Ж.Тана: Хүн мөрөөдлөө биелүүлэхэд гурван алхам чухал

Харвардад бакалавр хамгаалсан Монголын анхны төгсөгч Ж.Тана: Хүн мөрөөдлөө биелүүлэхэд гурван алхам чухал
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 13

Залуусын мөрөөдөл болсон дэлхийн номер нэг Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Монголын анхны төгсөгч, Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн Ж.Танатай ярилцлаа.

Тэрээр АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм.

Үүний дараагаар дэлхийн уул уурхайн акулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ. Тэрээр 2011 онд их сургуулиа төгсөөд "Монголын залуу оюутан хөтөлбөр" буюу "Mongolian Young Scholars Programm"-ийг үүсгэн байгуулсан байна. Уг хөтөлбөрийн хүрээнд жил бүр ахлах ангийн шилдэг сурагчдыг шалгаруулан гадаадын шилдэг их, дээд сургуулиудад хэрхэн тэнцэж, элсэн суралцах талаарх сургалтад үнэ төлбөргүй хамруулан сургадаг аж. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Харвард, Станфорд зэрэг дэлхийн томоохон сургуулиудад тэнцэн суралцдаг юм байна. Ж.Тана одоо дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох Маккинзи компанид зөвлөхөөр ажиллаж буй юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Дэлхийн шилдэг их сургуулиудад амжилттай суралцан эх орныхоо нэрийг гаргасан, өдгөө ч олон улсын томоохон компанид ажиллаж Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа Ж.Тана бага насандаа ямар хүүхэд байсан бэ. Бага насаа хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Аав маань дипломат хүн учраас бага насаа Монголдоо гэхээс илүү гаднын улсад өнгөрүүлсэн. Намайг дөрвөн настай байхад манайх Англи улс руу нүүж байсан. Ер нь Англи улсад бага насаа өнгөрүүлсэн гэж хэлж болно. Үүний дараа Монголдоо хэдэн жил болчихоод АНУ руу нүүж, тус улсад их сургуулиа төгсөх хүртлээ 10 жил амьдарсан. Миний хувьд ном их уншдаг,  чимээгүй хүүхэд байсан. Уншсан зүйлдээ гүнзгий автдаг байлаа. Бага байхдаа нэг хэсэг балетчин болохыг хүсдэг, балеттай холбоотой ном уншиж, зураг цуглуулдаг хүүхэд байлаа. Үүний дараа хийл тоглож сурахыг хүсч хийлийн зураг, бичлэг үздэг ер нь уншиж судалж байгаа зүйлдээ гүнзгий автдаг хүүхэд байсан.

АНУ-д амьдрахаас өмнө Монголынхоо дунд сургуульд сурч байлаа. Миний хувьд монгол сургуульд сурч байхдаа маш богино хугацаанд нээлттэй, илүү нийтэч болсон санагддаг. Учир нь Англид сурч байхад хүүхэд болгон аяга, тавагнаас эхлээд өөрийн гэсэн юм нь тусдаа байдаг байсан бол Монголд хүүхдүүд хамтаараа их хөгжилтэй, 100-гийн шилтэй ундааг дамжуулж уухаас эхлүүлээд хээгүй сайхан байсан. Миний хувьд хамгийн сайхан үеүдийн нэг байсан.

-Та бага байхдаа балетчин болох хүсэлтэй байжээ. Гэтэл яагаад бизнесийн чиглэлээр их сургууль төгсөв. Ахлах сургуулиа төгсөх үед таны бодол өөрчлөгдсөн үү?

-АНУ-д сурч байх үед аавын томилолт дуусч, гэрийнхэн маань буцах болсон юм. Миний хувьд ахлах сургуулиа төгсөхийн тулд тухайн улсад гэр бүлээсэээ ганцаараа үлдэж байсан. Ингээд ахлах сургуулийн төгсөх ангид ороод цаашид юунд хаана, ямар их сургуульд элсэн суралцах талаар бодож эхэлсэн. Удалгүй ахлах сургуулиа төгсөж, өөрийн сонгосон хэд хэдэн их сургуульд материалаа өгч байсан. Материалаа өгсөн сургуулиудаас хариу ирсний нэг нь Харвардын их сургууль байсан юм. Улмаар Харвардын их сургуульд эдийн засаг болон Зүүн Ази судлалаар суралцаж байлаа.

-Хүн болгон л Харвардад сурахыг мөрөөддөг гэдэг. Энэ сургуульд хүн бүр татагдах гол онцлог нь юундаа байдаг гэж та боддог вэ?

-Харвард гэхээр нэг талаараа шилдэг сургууль, нөгөө талаасаа дэлхийн маш том брэнд, тэрийг салгаж ойлгох нь чухал. Сурахыг мөрөөддөг бол зөвхөн нэр болон брэндэд нь болж байгаа юу эсвэл боловсролын чанар, давуу талыг нь ойлгож сонирхож байгаагаа дүгнэх хэрэгтэй. Миний хувьд Харвардад байхад эргэн тойронд үнэхээр суръя, мэдье гэсэн, эргэн тойрноо өөрчлөх гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг нь онцлог байсан. Өөрөөсөө илүү мундаг хүмүүсээр хүрээлүүлж байж өөрийгөө хөгжүүлдэг гэдгийг ойлгосон.

undefined

-Таныг ажлын гараагаа Рио Тинтогоос эхэлж байсан гэж сонссон?

-Их сургуулиа төгсөөд Рио Тинто компанийн Австрали дахь салбарт хоёр жил ажилласан. Эхний жил Брисбани хот дахь төв оффист ажиллаад дараагийн жилээс нь жижиг уурхайд очиж ажиллаж, амьдарсан. Учир нь би уул уурхайн нарийн мэргэжлийн хүн биш учраас үйл ажиллагааг өөрийн нүдээр харж бүрэн ойлгохын тулд уурхайн төслийн талбай дээр ажилласан юм. Үүний дараа монгол улсад хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл дээр ажилласан. Ер нь уул уурхайн салбарт ажиллахдаа бүх талаас нь гүн танилцаж суралцсан учраас мэдсэн зүйлээ зөвхөн уул уурхай гэлтгүй өөр, өөр салбарын үйл ажиллагаан дээр хөрвүүлэн ойлгож болдог болсон юм шиг санагддаг.

-Таныг Оюутолгой компанид ажиллаж байхдаа ажиллах хуваарийг 28/14 байсныг 14/7 болгох төслийг бодит болгосон гэж сонсож байсан юм байна?

-Оюутолгой компанид анх ажилд ороод 28 хоног ажиллаж 14 хоног амардаг хувиараар Өмнөговьд ажиллаж байсан. Энэ нь миний хувьд маш хүнд санагддаг байсан бол тэнд ажилладаг хүмүүс ар гэр, хүүхэдээсээ хол 28 хоног байдаг байсан нь бүр хүнд байсан байх. Би дарга нартайгаа хуваарийг өөрчлөх төсөл хийх юмсан гэж их ярьж байтал нэг өдөр манай дарга надаас хуваарь өөрчлөх төслийг ажил болгон хийх санал тавьсан. Миний хувьд маш бодитой, олон хүнд эерэгээр нөлөөлөх чухал төсөл санагдсан учраас хамаг сэтгэлээ зориулж ажилласан юм. Эхлээд хуваарь өөрчлөхийг бүх талаас нь судалж, удирдлагуудад хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх бүх ажлыг бэлэн болгоод Оюутолгой ажилчид 14/7 гэсэн хуваарьт шилжиж байсан юм. Энэ төслийг хийж дуусаад удалгүй магистраа хамгаалахаар шийдэж ирэх жил нь Англи улс руу явсан юм.

-Та “Монголын залуу оюутан хөтөлбөр"-ийг санаачилсан байх аа. Энэ хөтөлбөрийг санаачлах болсон гол зорилго нь юу юм бэ?

-Уг хөтөлбөр нь монголын ахлах ангийн сурагчдад зориулсан зуны сургалт юм. “Монголын залуу оюутан хөтөлбөр" хэрэгжиж эхэлснээс хойш энэ жил ес дэх элсэлтээ авах гэж байна. Гаднын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй сурагчдыг шалгаруулж аваад долоо хоногийн сургалтанд хамруулдаг. Дэлхийн шилдэг их сургуулиудын шалгалтад хэрхэн тэнцэж, хэрхэн суралцах талаар тухайн сургуулиудын оюутнууд ирж хичээл заадаг. Би их сургуульд байхдаа Харвардаас БНХАУ-д хэрэгжүүлдэг төстэй төсөлд багшилж байсан юм. Тухайн үед монгол сурагч нартаа ч мөн адил дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэх талаар заах юм сан гэж санаа авч найзуудтайгаа баг бүрдүүлж, монголдоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн гурав дахь жилээс Зориг Сангийн албан ёсны хөтөлбөрүүдийн нэг болж, хамтарч хэрэгжүүлдэг болсон.

Одоогийн байдлаар манай сурагчид дэлхийн шилдэг сургуульд сурцгаахыг харах маш урамтай байдаг. Гэхдээ хамгийн сайхан зүйл нь тэд зуны амралтаараа хөтөлбөрийн хүрээнд дараагийн сурагч нарт хичээл зааж хөтөлбөрийг зохион байгуулж авч явдаг болсон.

undefined

-Та цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү?

-Өдийг хүртэл бизнесийн салбарт ажилласаар ирсэн, хийж байгаа ажил маань их таалагддаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл хийсэн зүйлүүдээс маань “Монголын залуу оюутан хөтөлбөр миний хамгийн бахархалтай зүйл байдаг. Энэ хөтөлбөрийг зохион байгуулах хугацаанд боловсролын салбар улсын хөгжилд хамгийн нөлөө бүхий салбар гэдгийг бага ч гэсэн мэдэрч, цаашид боловсролын салбарт илүү хувь нэмэр оруулахыг хүсдэг. Үүнийг биелүүлэхийн тулд сурсан сургууль, ажиллаж байгаа газраасаа туршлага судалж, мэдлэг чадвараа дээшлүүлж байна.

-Зорилго, мөрөөдөлтэй хүн илүү урагшилдаг юм шиг санагддаг. Та мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу. Түүндээ хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Миний хувьд би өөрөө ийм тийм байранд амьдарч, ийм тийм брэндийн хувцас өмсөнө гэхээс илүү монгол ийм болвол гоё гэж төсөөлдөг. Тэгэхээр монгол улсад бүх хүүхэд эрх тэгш сурах боломжтойгоос гадна боловсрол нь тодорхой төвшинд, хүүхэд бүр дуртай зүйлээ хөгжүүлээд явах боломж, эрх чөлөөтэй байгаасай гэж хүсдэг. Үүнд би өөрийн чадахаар хувь нэмэр оруулахыг хүсч хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал зүйлсийн нэг нь өөрийгөө мундаг хүмүүсээр хүрээлүүлэх юм. Хүрээлэл сайтай хүн шинэ зүйл олж мэддэг, ахиж дэвшдэг жишээг Харвардад сурч байхдаа маш тод харж байсан. Ер нь иргэн хүн өөртөө хөрөнгө оруулж, боловсрол мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байж, улсдаа хувь нэмрээ оруулна гэж боддог.

-Ер нь таны бодлоор залуу хүн зорьсон зорилгоо биелүүлэхэд өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

-Хүн мөрөөдөлдөө хүрэхэд гурван чухал алхам байдаг гэж боддог. Нэгд, тодорхой зорилготой байх юм. Хоёрт, зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргаж, хийх алхмаа тодорхой болгоно. Аливаа зүйлийг хийхдээ бага багаар тогтмол хугацаанд хийж байхаар хуваарь гаргах нь төлөвлөсөн ажил илүү үр дүнтэй болоход тусалдаг. Гуравт, хөдөлмөрлөн гүйцэтгэх хэрэгтэй. Энэ гурвын аль нэгийг орхигдуулалгүй биелүүлбэл, зорилгодоо хүрнэ. Хамгийн чухал нь өөртэйгөө тулж ажиллах юм. Өөрийгөө хуурахгүй, өөрийгөө ялан дийлж, аливаа зүйлийг тууштай хийж сурах нь зорилгодоо хүрэх нэг алхам юм. 

-Эрүүл саруул, үр бүтээлтэй ажиллаж амьдрахад хүн бүр тодорхой баримталдаг зарчим бий болгосон байдаг. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Ажил амьдралаа тэнцвэртэй байлгахын тулд миний баримталдаг зүйл бол аливаа хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа хандуулж, юуг ч хийсэн шиг хийх. Ажиллавал ажилласан шиг ажиллаж, амарвал амарсан шиг амрах. Сүүлийн үед би өөрт зайлшгүй чухал зүйлүүдээ улам оновчтой тодорхойлж баримталж байгаа. Жишээ нь хангалттай сайн унтаж амрах учир нь миний эрүүл мэндэд болоод үр бүтээлтэй ажиллахад маш тустай байдаг. Ер нь л өөртөө үнэнч, хийж байгаа юмаа 100 хувь хийх л хамгийн чухал. Хичээл юм уу, ажил хийнэ гэж хоёр цаг суугаад тэрний талаас илүүд нь интернэтээр дэмий зугаалсан байдаг явдал хүн болгонд л тохиолддог байх. Гол нь тэрийг эргүүлээд дүгнэхэд урдах ажлаа ч хангалттай хийгээгүй, бас интернэтээр ч тухтай сайхан зугаалаагүй байдаг. Тэрний оронд нэг цаг яг ажил хийнэ гэж сууж хийгээд, нэг цаг нь яг дуртай юмаа хийж амарна гэвэл адилхан хугацаанд илүү үр бүтээлтэй, өөртөө гэмшихгүй сайхан байна.

-Чөлөөт цагаараа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Одоо хийж буй ажил маань өөр өөр улсад тодорхой хугацаанд ажилладаг учраас амралтын өдрөөр эргэн тойрноороо аялаж, шинэ газар үзэж, боломжтой бол энд тэнд амьдарч байгаа найзуудтайгаа уулзахыг хичээдэг. Ер нь чөлөөт цагаараа дотны хүмүүстэйгээ ярих, боломжтой бол уулзах дуртай. Гэр бүл болон найзуудын харилцаагаа тогтмол идэвхтэй хөгжүүлж байх нь чухал гэдгийг улам их ойлгож байгаа.

-Та гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Таны аав, ээж хоёр хүүхдүүдээ хүмүүжүүлэх гол арга барил нь юу гэж боддог вэ?

-Аав, ээж маань хэчнээн ажил ихтэй байсан ч гэр бүлдээ цаг зарцуулахыг чухалчилдаг, хамтдаа дурсамжтай цагийг өнгөрүүлэхийг хичээдэг байсан нь сайхан санагддаг. Би дээрээ нэг ахтай. Манайх гэр бүлээрээ олон жил гадаадад амьдарсан болохоор бүгд аялах, шинэ газар үзэх дуртай. Мөн аав, ээж маань боловсролыг эрхэмлэн чухалчилдаг. Бага байхаас л ном их авч өгч, номтой ойр өсгөсөн. Ингэснээр сониуч сэтгэхүйг хөгжүүлж, амьдралыг зөвхөн дөрвөн хананы дунд эргэлддэг биш гэдгийг ойлгуулж, илүү өргөн хүрээнд сэтгэх суурийг тавьсан юм шиг санагддаг.

-Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн