Open iToim app
Зочин | 10 мин уншина

Д.Рэгдэл: Шинжлэх ухаан ганцхан тохиолдолд сайжруулсан түлшийг аюулгүй гэж хэлнэ

Д.Рэгдэл: Шинжлэх ухаан ганцхан тохиолдолд сайжруулсан түлшийг аюулгүй гэж хэлнэ
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 29
Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа. Бидний яриа сайжруулсан түлш утааг бууруулах шийдэл мөн үү, хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ сэдвийн хүрээнд өрнөлөө.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамж хэрэгжиж Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Галлагааны үе эхэлж иргэд сайжруулсан шахмал түлшээ хэрэглэж байна. Утаа мэдэгдэхүйц төвшинд буурч байна. Харамсалтай нь олон иргэн угаарын хийд хордож амь насаа алдлаа. Ер нь сайжруулсан шахмал түлш шинжлэх ухаанаар батлагдсан утааг бууруулах зөв шийдэл мөн үү?
-Утааг бууруулах хэд хэдэн арга бий. Ер нь утааг бууруулах ерөнхий аргуудыг эрдэмтэд нь, төр засгийн удирдлагууд, иргэд ч мэдэж байна. Утааг бууруулах гурван төвшний шийдэл байна гэж үзэж байгаа. Нэгд, түлш, зуухаа байнга сайжруулах. Хоёрт, төгс шийдэл буюу орон сууцжуулах. Гуравт гэр орон сууцыг цахилгаан халаагуураар халаах, хангах гэж тодорхойлсон. Энэ гурван үндсэн аргыг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулж шийдэх учиртай. Орон сууцжуулах ажил бага багаар ахиж, 30, 40 жилийн дараа Улаанбаатар хот гэр хороололгүй болно. Хийн түлш, газ хэрэглэе гэхээр биднээс хамаарал багатай байна. Хийн хоолой тавьж, хий дамжуулах дэд бүтцийг орон сууц, хорооллуудтай холбох ажил байдаг. Энэ дэд бүтцийг байгуулах нь амаргүй. Өнөөгийн нөхцөлд боломжтой арга нь түлш, зуухаа сайжруулах юм. Энэ замаа барьж авсан. Бодитой байдлыг харж, өнөөгийн эдийн засгийн боломжоороо хийж болох арга мөн. Тиймээс түлшээ сайжруулна гэдэг нь шийдлийн хувьд зөв зам гэж эрдэмтэд харж байгаа.
Энэ шийдлийн асуудлаар 2016 оны сүүлээр Ерөнхий сайдаас даалгавар авч 2017 оны гуравдугаар сарын сүүлээр саналаа боловсруулж, Ерөнхий сайдад биечлэн танилцуулсан. Танилцуулгад дээр дурдсан гурван зүйлийг бүгдийг нь дурдаж, хамгийн гол нь түлшээ сайжруулах ёстой гэдгийг тайлбарласан. Түлшээ сайжруулахын тулд хамгийн гол нь дэлхийн бусад улсын сайн жишиг, туршлага дээр суурилах нь зүйтэй гэж зөвлөсөн. Түүнээс бүгдийг өөрсдөө хийнэ, шинээр нэвтрүүлнэ гэвэл цаг, мөнгө их орно. Үүнээс өмнө шийдэх хамгийн суурь асуудал нь дулаалга шүү гэдгийг танилцуулсан. Харамсалтай нь, дулаалгын асуудлыг анзаараагүй. Гэр хорооллын 210 гаруй мянган өрх, амины орон сууцыг цахилгаанаар халаадаг больё гэхээр өнөөгийн манай цахилгаан эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй. Хоёрт, дулаан алдалт маш ихтэй.  Дулаалгагүй гэрийг халаахад хамгийн багадаа 4-4.5 кВт эрчим хүч шаардагдана. Зах зээлд байгаа материалаар гэрээ дулаалаад халаахад 2 кВт эрчим хүчээр гэрийг 20 градус орчим байлгах боломжтой гэж тогтоосон. Өнөөдөр гэр хороолол болон амины орон сууц дулаан алдалт ихтэй. Нийслэлийн удирдлагууд дулаалгын асуудлыг ярьсан боловч дорвитой ажил хийсэнгүй. Дулаалгын асуудлыг байнга хийж, дараа нь түлшээ сайжруулбал илүү үр дүнтэй юм. Энэ хоёр гол багана дээр утааг багасгана гэж тооцвол нэг багана нь байхгүй байна гэсэн үг. Хүмүүс бодохдоо, дулаалгыг Улаанбаатарт амьдарч байгаа 210 өрхийн асуудал гэж харьдаг. Гэтэл энэ чинь Улаанбаатарт байгаа бүх барилгатай холбоотой, бүгдийг нь дулаалах ёстой. Ингэвэл  нэмэлт цахилгаан станц барихгүйгээр гэр хорооллыг цахилгаанаар халааж болно.
-Одоо бол дулаалга биш, түлш сайжруулах аргыг шийдэл гэж харж байгаа шүү дээ?
-Түлшээ сайжруулна гэхээр монгол хүн зуухан дотроо юу дуртайгаа хийгээд шатаахыг боддог. Монголчууд хэдэн зуун жил тулгандаа ил гал түлж амьдарсан. 1950-иад оны сүүлээс зууханд галладаг болсон. Зуухандаа түлдэг түлш нь дандаа экологийн түлш байв. Мод, бут, аргал чинь дотроо агаар хадгалсан түлш учраас хүн хордох нь бага. Дараа нь нүүрс түлж эхэлснээс зуухны асуудал гарч байна. Сайжруулсан түлшний шинж чанараас хамаарч түүнд таарсан зууханд түлэх нь гарцаагүй зөв. Монголд хийсэн сайжруулсан түлш бүх төрлийн зууханд таарна гэж бичиж, ярьж байгаа бол том алдаа. Компани бүтээгдэхүүнээ борлуулах гэж тэгж бичсэн байлаа ч ард түмэн бол түлш өөртөө тохирсон зуухтай байх ёстой гэдгийг ойлгож байвал маш сайн.
Урд шөнө гэхэд хасах 15, 16 хэмийн хүйтэн хоносон ч өглөө босоод ирэхэд нүдэнд харагдах хар утаа байхгүй байна. Энэ нь түлшээ сайжруулснаас үүдэлтэй юм байна гэдгийг олон хүн хэлж байна. Нөгөө талд эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна. Тэр хүмүүсийг буруутгах аргагүй. “Хүйтрээгүй учраас утаа алга. Өвлийн ид хүйтэн, хасах 30, 40 градусын үед байдал өөр болно шүү” гэж байна. Миний хувьд үүнийг тэр цаг үед нь харъя гэж бодож байгаа. Гэхдээ үнэн зөвийг цаг хугацаа харуулна. Цаг хугацаанаас өмнө хэний зөв бэ гэдгийг эрдэмтэд тайлж өгөх ёстой юм.
-Энэ эргэлзээг шинжлэх ухаанчид, эрдэмтэд хэрхэн тайлсан юм бэ?
-Шинжлэх ухааны байр сууринаас тайлбарлахад сайжруулсан түлшийг түлж байхад нүүгэлсэн хар утаа бий болохгүй. Их түлсэн ч бий болохгүй шүү. Өвөл шөнөдөө хасах 40, өдөртөө хасаг 30 хүрсэн ч Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг түлж байхад саарал утаа бий болохгүй. Сая Улаанбаатар хотын захирагч түүхий нүүрс түлэхгүй, оруулахгүй байх захирамж гаргасныг зөв гэж харж байна. Ард түмэн нүүрс түлэхгүй, түлбэл ийм хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж, хариуцлагатай байх ёстой.
-Үндэслэлээ тайлбарлавал...?
-Хоёр зүйлээр тайлбарлая. Нэгд, нийслэлийн агаарын чанарын харуулуудын гаргаж байгаа мэдээллээр рм 10-аас дээших хэсгүүд байхгүй болж байгаа учраас агаар харлаж, бараантаж харагдахгүй байна. Бид хуучин нүүрсээ дутуу шатааж дулааныг авч байснаас гадна нүүрсэн дотор байдаг хөө, тордог бүгд яндангаараа гарч байсан. Харин сайжруулсан түлш хэрэглэснээр хөө тортог байхгүй болсон. Тортог байхгүй учраас агаар харлаж харагдахгүй гэсэн үг. Агаар харлаж харагдахгүй байхад хоёр сайн тал бий. Нэгд,  иргэд тэнгэр тунгалаг, утаагүй байвал сэтгэл тайван, амар байна. Хоёрт, агаар харлахгүй бол хүмүүсийн хувцас эд хэрэгсэлд нүүрсний муухай өмхий үнэр шингэхгүй болно.
 Хамгийн гол зүйл бол агаарын чанарт ямар өөрчлөлт гарав гэдэг асуудал. Шинжлэх ухааны үүднээс хэлэхэд, сайжруулсан түлш нь 6000-6200 ккал илчлэгтэй. Бидний өмнө нь түлж байсан Багануурын нүүрс 3000-3200 ккал илчлэгтэй байдаг. Тэгэхээр түүхийн нүүрснээс хоёр дахин илчлэгтэй энэ нүүрс шатахдаа хоёр дахин их хүчилтөрөгч ашиглах ёстой. Ингэж байж бүрэн шатна. Жишээгээр тайлбарлавал, Багануурын нэг шуудай нүүрсийг түлхэд 100 литр хүчилтөрөгч хэрэглэж байсан бол  сайжруулсан нэг шуудай түлшийг хэрэглэхэд 200 литр хүчилтөрөгч хэрэглэнэ гэсэн үг/нарийн тооцоололтой тоо биш/. Тиймээс зуухан доторх агаарын солилцоо өмнөхөөсөө дор хаяж хоёр дахин сайн байж угаарын хий гарахгүй. Хүчилтөрөгч хүрэлцээгүй болохоор дутуу шаталт явагдаж угаарын хий ялгардаг. Дээр нь угаарын хийг маш сайн таталттай яндангаар соруулахгүй бол гэрт тархаж угаартана. Хамгийн аюултай нь угаарын хийд гүн хордвол хэзээч дахин сэргэж чадахгүй. Шинжлэх ухаан үүнийг шийдэж чадахгүй байгаа. Тиймээс гүн хордлогод орсон хүн  нас барна, хамгийн аюултай энэ. Хангалттай хүчилтөрөгч орж, яндан зуух нь сайн татдаг, түлшээ бүрэн шатааж чаддаг болбол хүн хордохгүй. Иргэд өдөрт телевизээр өгч байгаа мэдээлэл бүрийг  анхаарч, зөв галлах, хүчилтөрөгчөө сайжруулж байх ёстой. Уг энэ зунаас эхлээд иргэдээ мэдээллээр хангасан олон хүн амь алдахгүй байсан болов уу. Түлшний муугаас биш мэдээллээ урьдчилж өгөөгүйн гай. Иргэд байнга зуух яндангаа хөөлж агаарын солилцоог сайжруулах хэрэгтэй. Зуухны бүхээгний хэсэгт маш олон цоорхой үүсдэг. Энэ цоорхойг нөхөж, ханан пийшингийнхээ худаг бүрийг шалгаж, хуримтлагдсан утаа тортгоо цэвэрлэж байх ёстой.
-Бүрэн шаталт явагдаж, агаарын чанар сайжирч байгааг ямар үзүүлэлтээр илэрхийлэх вэ?
-Агаарт шатаж дуусныг нүүрс хүчил, азотын исэл, хүхрийн исэлтээр хэмжинэ. Дээр нь рм 2.5, рм 10-ыг хэмжинэ. Энэ таван элементийн хэмжилтээс агаарын чанар хэрхэн сайжирч байгаа нь харагдана. СО2 буюу нүүрс хүчлийн хэмжээ хэвийн төвшинд байгаа. Түүхий ч байсан, сайжруулсан байсан ч нүүрсэн дэх нүүрс хүчлийн хэмжээ адилхан. Түлшний хэмжээ нь багассан ч нүүрсний хэмжээ их байна гэсэн үг. Энэ исэлдэж гарч байгаа учраас нүүрс хүчлийн хэмжээ хэвэндээ байна гэж  эрдэмтэд тооцсон, тэрэндээ ч байгаа. Хоёрт тодорхой хэмжээгээр баяжуулсан учраас хүхрийн хэмжээ өөрчлөгдөж болно. Хүхрийн ислийн хэмжээ нэмэгдэж гарч болно. Агаарын чанарын мэдээг харахад бага зэрэг нэмэгдсэн гарч ирээд байна. Энэ хүний амьдралд шууд хортой биш, хүн хордохгүй. Гуравт азотын ислийн хэмжээ хэвэндээ байх ёстой гэж тооцсон. Зарим үед буурч, заримдаа нэмэгдсэн байдалтай байгаа. Энэ ч мөн хүнийг хортуулдаг эд биш. Энэ гурван хий хүний биед сөрөг нөлөө багатай ч агаар мандалд агаар орчны дулаарал буюу хүлэмжийн хий үүсгэх, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Харин рм 2.5, рм 10-ыг стандартад заасан хэмжээнээс нэмэгдүүлж болохгүй. Учир нь хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг юм. Хэрвээ энэ хоёрын хэмжээ стандартаас нэмэгдэх юм бол Тавантолгой түлш компани түлшнийхээ чанарыг сайжруулах ажлыг л хийх ёстой. Судлаач хүний харж байгаа энэ түлшийг сайжруулах шаардлага бий. Энэ түлш бол эцсийн сайн бүтээгдэхүүн биш. Учир галлалтын нөхцөлөөс болж зуухны үнсээ унагадаг ширмэн дээр коксжих процесс буюу ширмэлэх үйл явц явагддаг. Бөөгнөрөөд коксжих байдал үүсдэг. Ингэж бөөгнөрснөөс болж дахин агаарын солилцоо муудах аюултай. Иргэд ч мөн үүнээс сэргийлж үе үе нүүрсээ хутгаж байх хэрэгтэй. Хутгах нь хүнд биш ч онгойлгож, хутгах бүрт агаар дахь рм-ын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс яваандаа ширмэлэдэггүй шахмал түлш үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэр технологио сайжруулах ёстой гэсэн санаа юм.
-Гэхдээ иргэд айдастай, сайжруулсан шахмал түлш түлэхээс зайлсхийх хандлагатай байна. Гэтэл шинжлэх ухаан сайжруулсан түлшийг аюулгүй гээд баталсан юм байна гэж ойлголоо, зөв үү?
-Аюулгүй гэдгийг шууд батлах хэцүү. Иргэдийн дунд айдас байгаа нь үнэн.  Галлагааны улирал эхлэнгүүд л 6, 7 хүн нас барлаа. Угаарлалтын тохиолдол хоногтоо 40, 50 хүрч байхад иргэд айлгүй яах вэ.  Энэ айдсыг арилгах зүйл бол зөв мэдээлэл. Шинжлэх ухаан бол энэ түлш аюулгүй гэдгийг ганцхан тохиолдолд л хэлнэ. Тэр нь зөв түлж чадвал аюулгүй. Галлагааны заавар зааварчилгааны дагуу зөв түл. Хоёрт, зуух яндангийнхаа системийг сайн болгох ёстой. Энэ тохиолдолд сайжруулсан түлш бол аюулгүй. Бусад тохиолдолд ганцхан сайжруулсан түлш битгий хэл,  мод ч аюултай. Модны дутуу шаталтаас болж хүн угаартаж нас барьсан тохиолдлууд бий. Зуух, яндан чинь муу сорвол угаартах аюултай. Тэгэхээр дахиад хэлэхэд зөв л түлж чадвал аюулгүй.
-Сайжруулсан түлшний найрлагад орсон химийн бодис нь хүний эрүүл мэнд болон агаарт дэгдвэл ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу. Зарим иргэн бол зуухандаа түлэхээр толгой нь өвдөж, дотор муухай болдог гэж ярьж байсан шүү?
-Хүн сэтгэлийн амьтан. Толгойд нь ямар итгэл үнэмшил их байна, тэрэндээ илүү итгэдэг талтай. Зарим иргэн сайжруулсан түлш түлэхээр хүчиллэг сонин үнэр гардаг гэж телевизээр ярьсан. Гэтэл сайжруулсан түлшний шаталтаас огт тийм үнэр гарахгүй. Энэ бол  худлаа гэдгийг 100 хувь хэлж чадна. Харин угаарын хийд мэдрэг хүмүүст нөлөөлж, толгой эргэдэг байж болно. Сайжруулсан түлшинд химийн бодис орсон учраас эрүүл мэндэд хортой байна уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Учир нь, энэ түлшний найрлагыг Монголд байдаг дөрвөн гол лабораториудад  шинжлүүлсэн. Бүгдийнх нь мэдээлэл зөрүүгүй гарсан. Мөн дөрвөн гадаад улсын лабораторид шинжлүүлэхээр явуулсан байгаа. Баталгаатай хэлэхэд, гадаадад шинжлүүлсэн дүн Монголын лабораториудад хийсэн шинжилгээний дүнтэй хол зөрөхгүй. Багаж хэрэгсэл, технологи, мэргэжлийн ур чадвар ойролцоо учраас тэгж бодож байгаа. Иргэд барьцалдуулагч бодист эргэлздэг. Эргэлзэх эрх бүгдэд бий. Техникийн цардуул, хүнсний үйлдвэрүүдийн шүүлтүүр болгож ашигладаг колений төрлийн шавартай холиод шахмал түлшинд барьцалдуулагч болгож ашиглаж байгаа. Энэ хоёрын шаталтаас бол хүн хордоно гэсэн ойлголт огт байхгүй.
Иргэдийг айдсаа арилгаж гэрийнхээ галлагааны системийг сайжруулж, номын дагуу түлхээс битгий айгаарай гэж зөвлөе дөө.
-Сайжруулсан шахмал түлшийг хийхэд шинжлэх ухаанчид, эрдэмтдийн саналыг авсан юм байна гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно. Эрдэмтдийн хийсэн технологиудыг нэгтгэж Тавантолгой түлш компани ажиллаж байна. Эхний ээлжит нэг стандартаар том үйлдвэртэй байх нь зөв юм байна гэж харж сууна. Ингэхгүй бол үйлдвэр болгох өөр өөр стандартаар бүтээгдэхүүн хийвэл аюултай.
Одоо судлаачид хэд хэдэн асуудал анхаарах ёстой гэдгийг холбогдох хүмүүст хэлж байгаа. Нэгд, шахмал түлшний хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Учир нь бөөрөнхий байгаа нь хамгийн их массыг хамгийн бага эзлэхүүнд хийдэг арга учраас шаталт муу байдаг. Хэрвээ бөөрөнхий хийнэ гэвэл дундуураа нүхнүүдтэй хий, эсвэл дөрвөлжин хий. Дөрвөлжин нь хамгийн их гадаргуутай учраас удаан шатна. Хоёрт, шаталтыг сайжруулахын тулд яндангийн таталтыг сайжруулах ёстой. Яндан өндөр байх тусам сайн татдаг. Харин зуухны хэлбэрийн хувьд дугуй зууханд түлбэл шаталт сайжирна гэдгийг олон улсын байгууллагаас манайд  зөвлөж байгаа. Уг нь бүх зүйл номоороо явж ирсэн бол Улаанбаатар хотын 145 мянган өрх сайжруулсан зуухтай болсон байх ёстой. Гэтэл сая явуулсан тооллогоор Улаанбаатарт 20 мянган өрх л сайжруулсан зуухтай, бусад нь бүгд хотоос гараад хөдөө орон нутаг руу гарсан.  Улсаас дийлэнхийг нь дааж 40, 50 мянгаар өгсөн зуухаа 400, 500 мянгаар зараад хөдөө явуулчихсан байна шүү дээ.
Сүүлийн арав жил утааг бууруулахад 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч шууд үр дүнг Улаанбаатарчууд амсаагүй. Үүний нэг нь зуухаа худалдах боломж олгосон шалтгаан мөн.
Нэмж хэлэхэд, өнөөдөр Улаанбаатар хотын 210 мянган өрхийн 10-15 хувь маш ядуу хүмүүс байгаа. Сайжруулсан түлшний үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд энэ ядуу өрхүүдэд эхний ээлжит үнэгүй түлш өгөх хэрэгтэй. Түлшээ хямд зарж, өөр зүйл түлэх гэж оролдвол хотоос хөөж гаргана гэдийг нь ч анхааруулах хэрэгтэй. Ингэж байж агаарын чанар сайн болно, энэ түлшийг хэрэглэж чаддаг хүний тоо олон болно. Зууханд юу ч хийгээд түлж болно гэдэг хүний тоо олон байвал угаартаж ам насаа алдах хүний тоо буурахгүй. Хүний амь настай холбоотой учраас ядуу эмзэг бүлгийнхэнд үнэгүй тараах шаардлага бий, төрийнхөнд ч ийм бодол байгаа байх гэж итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн