Анализ | 5 мин уншина

Хийн хоолойн хэлэлцээр: Монгол Улс хоёр дахь Украин болж болзошгүй

Хийн хоолойн хэлэлцээр: Монгол Улс хоёр дахь Украин болж болзошгүй
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 27

ОХУ-ын Буриадын ARD сайтад “Хэлэлцээр хийх арга: Монгол Улс хоёр дахь Украин болж болзошгүй” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлд, БНХАУ, ОХУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улс өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхийг хүсч байгаа. Гэвч БНХАУ-д зуучлагч шаардлагагүй, бодит байдал дээр ОХУ-ын сонирхол ч тэс өөр байгааг онцолсон энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монгол Улс өөрийн нутгаар дамжуулан барих талаар хамтран ажиллахад бэлэн байгаа тухай Дорнын эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэн. Тэрээр “Бидний саналыг дэмжиж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархлаа илэрхийлж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин бас түүнийг дэмжинэ гэдэгт итгэж байна. Бид энэ төслийг хэрэгжүүлэх найдвартай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бэлэн” хэмээн хэлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай хийсэн уулзалтын үеэр Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрээр “Бид ерөнхийдөө дэмжиж байна, сайхан санаа байна. Гэхдээ, мэдээж ийм тохиолдолд техник эдийн засгийн үндэслэлийг сайтар судлах шаардлагатай” гэсэн юм.

Хийн хоолойг Монголоор дамжуулах “домог” ба амилах боломжгүй хувилбар

Тэгвэл энэ төсөлд ирээдүй бий юү. Бидний мэдэж байгаачлан ОХУ одоог хүртэл байгалийн хийгээ БНХАУ руу ямар нэг дундын зуучлагчгүйгээр нийлүүлсээр байна. 2014 онд Москва зүүн чиглэлд гэж нэрлэгддэг “Сибирийн хүч” дамжуулах хоолойгоор Хятад руу байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу Дорнод Сибирийн газар нутгаар буюу Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас ОХУ-ын дотоод зах зээлд байгалийн хий нийлүүлж, улмаар БНХАУ руу экспортлох юм. Энэхүү хий дамжуулах хоолойн барилгын ажил бараг дуусч байгаа бөгөөд дамжуулах хоолойн шугамын ажлын 40 км-ийн цооногийг гагнах ажил л үлдээд байгаа аж.

Эхний хийн нийлүүлэлтийг 2019 оны эцсээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрээнд жилдээ 38 тэрбум куб метр хийг 30 жилийн хугацаатайгаар, 400 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр нийлүүлэхээр заажээ.

Үүний дараахан баруун чиглэлд Хятад руу хий дамжуулах "Сибирийн хүч-2" гэх хийн хоолойн хоёрдахь чиглэлийн талаарх яриа гарч ирсэн юм. Тодруулбал, Хятадын баруун хойд хэсэг рүү Ямало-Ненецкийн автономит тойргоос Алтайн хязгаар нутгаар дамжуулан жилд 30 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх тухай ярьж эхэлсэн юм. Гэвч одоогоор хий нийлүүлэх ерөнхий хэлцлүүдийг тохиролцох ажил удаашраад буйгаас болж гэрээг хараахан үзэглээгүй байна. ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэх мэргэжилтэн Игорь Юшков "Бээжингийн зүгээс хий нийлүүлэх үнийн талаар хэлцлийг наймаалцсаар л байна. Одоогоор  хэлэлцээр бэлэн болоход шаардлагатай байгаа цорын ганц ажил нь хийн түлшний үнийн асуудал л болоод байна. Үнэндээ Монголын газар нутгаар дамжуулан хийн хоолой барих домог үлгэр мэт төсөл “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэх бас нэгэн хувилбар байх боломжтой” хэмээн ярьсан юм.

Тэрээр “Владимир Путин хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг дэмжсэн нь “хэрэв та нар манай баруун хилээр дамжуулан хийн хоолой барихыг хүсэхгүй байвал Монголоор дайруулж барья. Энэ  тохиолдолд чиглэл илүү дөт болно. Хятадын зүүн эргийн бүс нутагт хийн хэрэгцээ шаардлагатай байгаа” гэдэг санааг Хятадад далдхан илэрхийлж буй хэрэг” хэмээн ярьжээ.

Өөр нэгэн бодит шалтгаан бол Монголоор дамжуулан хий нийлүүлж авах шаардлага Хятадад байхгүй. Замын дөтийг бодон Монголоор хий дамжуулах нь хялбар ч, өмнө нь Украинд болж байсантай адил Монгол Улс ч бас хийн хоолойн хавхлагыг хаана эрсдэлтэй хэмээн Москва Бээжинг сүрдүүлж, байгалийн хийн дайн дэгдээх магадлалтай юм. Ийм байдлаар дураараа аашлаад эхэлбэл үүнийг зохицуулах, эсэргүүцэх хэцүү болно. Тиймээс Оросын тал Монголын нутгаар дамжуулан хийн хоолой барих саналыг дэмжиж байгаа нь “Газпром” компанитай хийх хэлэлцээрт Хятадыг шахаж байгаа Москвагийн түлхэц төдий гэж ч болох юм.

Учир нь, Хятадын тал Оросын хийн үнийг бууруулахыг эрмэлзэж байгаа ч “Газпром” буулт хийхгүй хэвээр байгаа юм. "Газпром Хятадын зах зээлд нийлүүлэх хийнээс олох ашгаа Европт нийлүүлэхэд олдог ашигтайгаа ижил түвшинд байлгахыг хүсч байгаа. Яагаад гэвэл Европ, Хятад руу нийлүүлэх түүхий эд бүгд адил баруун Сибирийнх” хэмээн Юшков тайлбарласан юм.

"Сибирийн хүч-2" хэлэлцээр саяхан Владивостокт болсон эдийн засгийн форумын үеэр шинэ эрчийг авлаа. Путинтэй хийсэн хэлэлцээнийхээ өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин баруун чиглэлд хий дамжуулах гэрээг ойрын хугацаанд ажил хэрэг болгон зохион байгуулах зорилт тавьснаа илэрхийлсэн юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Техникийн бүх нөхцөлүүдийг аль хэдийнэ тохирсон байгаа. Одоо зөвхөн  бага зэргийн тохиролцож, ярих ажил л үлдээд байна” хэмээн өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн юм. Тэгэхээр хэрэв энэ гэрээг үзэглэвэл Монголын нутгаар дамжуулан хийн хоолой барих хувилбар ямар ч ач холбогдолгүй болох юм.

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэх мэргэжилтэн Игорь Юшков "Хэлэлцээрүүд удаан хугацаанд үргэлжилж байгаа боловч Хятад улс байгалийн хийн хэрэглээ рүү идэвхтэй шилжиж эхэлсэн, дээрээс нь Туркменистанд үүсээд буй байдалтай холбоотойгоор Хятадад руу дамжуулах хийн нийлүүлэлтэд тогтворгүй байдал үүссэн нь Бээжинг уг хэлэлцээрийг яаравчлах түлхэц болж байгаа” хэмээн хэлэв.

БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ өнгөрсөн жил 15 хувиар өсч, 237 тэрбум куб метр хүрч байсан бол энэ оны эхний хагаст 17.5 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ хийн хэрэглээ үйлдвэрлэлээс нь хамаагүй хурдан өссөөр байгаа юм. 2018 оны эхний хагасын байдлаар Хятад улс Японыг ардаа орхиж, дэлхийн хамгийн том байгалийн хийн импортлогч болоод байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Хятад руу нийлүүлэх хийн экспорт 35 хувиар өсч 58.4 тэрбум куб метрт хүрчээ.

“Мэдээж Монгол Улс дамжин өнгөрөх орон болсноор дамжин өнгөрөх төлбөрөөс ашиг олж, Оросын хийг шууд худалдан авах боломж бүрдэнэ. Гэхдээ Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Орос, Хятадын тал “Сибирийн хүч-2” хэлэлцээрийг бараг дуусгаснаа зарласнаар хийн хоойлойг Монголоор дамжуулах хувилбар “амилах” боломжгүйг илтгэж байна” хэмээн “Veta” группийн удирдах зөвлөлийн гишүүн Илья Жарский ярьсан юм.

Түүнчлэн Монгол Улс Сэлэнгэ мөрний эрэг дээр усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байсан ч экологичдын дүгнэлтээр энэ нь Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэж үзсэний улмаас хэрэгжих боломжгүй болоод байгаа юм. Хэрэв ОХУ усан цахилгаан станц барихыг нь зогсоож, дээрээс нь байгалийн хийн хоолой барихааргүй болбол Оросын зүгээс Монголд дахин өөр зүйл амлах хэрэгтэй болох нь ээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн