Н.Ганжигүүр: Казахстан улсын ерөнхийлөгч манай технологийн шийдлийг өндрөөр үнэлсэн

Н.Ганжигүүр: Казахстан улсын ерөнхийлөгч манай технологийн шийдлийг өндрөөр үнэлсэн
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 4
Монгол залуус Төв Азидаа хамгийн том дата төвтэй Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны номер нэг “Транстелеком”-ын “Tier-III” стандартын 10 дата төвд клауд үйлчилгээ үзүүлэхээр гарын үсэг зураад байгаа билээ. Энэ талаар Монголын анхны клауд инноватр компани болох "Фибо Клауд" компанийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүртэй ярилцлаа. Энэхүү хамтран ажиллах гэрээ нь Монголын технологийн компани Төв Азид технологи экспортолж буй анхны томоохон гэрээ болж буйгаараа онцлогтой.
undefined
-Төв Азид өөрсдийн технологийн үйлчилгээг экспортлох болсонд баяр хүргэе. Ярилцлагын эхэнд энэхүү гэрээний талаар уншигчдад товчхон тайлбарлахгүй юу?
-Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны тэргүүлэгч компани “Транстелеком” ХК нь шинээр клауд систем зах зээлдээ нийлүүлэхээр болсон. Ингэхдээ манай компанийн шийдлийг ашиглахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад байна. Энэ том зах зээлд өөрсдийн технологио гаргах болсондоо маш их баяртай байна.
-"Фибо Клауд" компани 2018 оноос IT салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм байна. Яагаад энэ төрлийн үйлчилгээг гаргах болсон вэ?
-Бидний хэрэглэдэг бүхий л аппликэйшн, программ, системүүд нь цаанаа хаа нэгтээ сервер дээр байршин ажиллаж, өгөгдлийг хадгалдаг. Ингэхдээ олон серверүүдийг холбосон виртуалчлал буюу зөөлөн дэд бүтэц хэмээх давхарга дээр суурилдаг бөгөөд үүнийг инженерүүд янз бүрийн аргаар шийддэг. Клауд систем гэдэг нь олон серверүүдийг холбосон үйлдлийн систем гэж энгийнээр ойлгож болно. Ингэснээр серверийн ашигтай ажиллагаа болоод найдвартай байдал хамгийн дээд түвшиндээ очдог юм. Энгийнээр хэлэхэд, сервер байгаа цагт клауд систем зайлшгүй хэрэгтэй юм. Монголчуудын хувьд гаднын клауд шийдлүүд хэрэглэдэг бөгөөд үнийн хувьд ч тийм хямд биш. Тийм учраас бид 2018 оноос өөрсдийн клауд шийдлийг хөгжүүлж, 2019 онд анхны үндэсний клауд системийг “Айтүүлс ХК”-тай хамтран хөгжүүлж олон нийтэд танилцуулж байсан. 
Одоогийн байдлаар манай бүтээгдэхүүн мянга гаруй дотоодын байгууллагуудын цахим платформын найдвартай ажиллагааг хангадаг. Манай байгууллагын хувьд энэ жилээс эхлээд үйл ажиллагаагаа тэлж Төв Азийн зах зээл рүү орж байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулах болсон өөр нэг шалтгаан бол Монгол Улсаа гадаадад таниулах, өрсөлдөх чадамжийг нь нэгээр нэмэгдүүлж дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг зорьсон. Түүнчлэн дотоодын зах зээлээ гаднын компаниудаас хамгаалах, цаашлаад технологийн экспортыг бий болгоохоор зорьж ирсэн.
-Олон улсад бүтээгдэхүүнээ гаргахад нөлөөлсөн гүүр юу байсан вэ?
-Энэ оны VII сард “Google for Startups” хөтөлбөрийн дагуу Төв Азийн шилдэг 15 стартап компаниудын дунд зохион байгуулсан “Silkway Accelerator” хэмээх хурдасгуур хөтөлбөрт бид эх орноо төлөөлөл явах боломж тохиосон юм. Эдгээр компаниуд Казахстан улсын нийслэл Астана хотод биетээр цуглаж 3 сарын турш бүтээгдэхүүн болон бизнес загвараа сайжруулсан. Энэ хугацаанд Төв азийн томоохон дата төвүүдтэй холбоо тогтоож улмаар “Транстелеком” ХК-тай хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ хүрээнд бүтээгдэхүүний бэлэн байдал, харагдац, ажиллагааны хурд, нууцлал аюулгүй байдал цаашлаад үүсгэн байгуулагчдын замнал, багийн бүтэц, ажиллах арга барил гээд бүхий л түвшинд “шалгуулдаг”. 
Бидэнд давуу тал байгаагаа мэдэж байсан ч гадаад компанитай хийж буй өндөр хариуцлагатай гэрээ учраас маш хянуур болгоомжтой хандах шаардлагатай байсан.
-Одоогийн байдлаар Монголдоо клауд үйлчилгээ үзүүлдэг анхны компани юм байна. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулаад бэрхшээлтэй зүйлс юу вэ?
-Бидэнтэй ижил үйл ажиллагаатай компани Монголд төдийгүй төв азид тийм олон байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл дата төв дээр тулгуурласан шийдэл хөгжүүлэх нь маш их нөөц хэрэг болдог учраас ном дээр гардаг шиг “гараж”-с бизнесээ эхлүүлнэ гэж байхгүй. Бидний хувьд цаг үе, зөв түнштэй хамтарсан нь давуу тал болсон гэж үздэг. Одоогийн байдлаар бид Монгол Улсын клауд зах зээлийн 60% хангаж байна.
Энэ төрлийн бизнесийн үйл ажиллагааг өөрсдөө хөгжүүлэхгүйгээр гаднын шийдэл худалдаж авч болох ч үүний лицензийн зардал нь тухайн бизнесийн орлогоосоо илүү байдаг нь бас нэг бодох нөхцөл. Энэ нь өөрөө хүнд технологийн шийдэлд тооцогдох бөгөөд өндөр ур чадвартай мэргэжилтнүүд бүхий баг бий болгох шаардлагатай.
-Багаа яаж бүрдүүлдэг вэ?
-IT салбарт сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд бүгд клауд системүүд дээр суурилсан архитектур лүү шилжиж байна. “Үүлэн дээр төрсөн компаниуд” гэдэг мэддэг Netflix, Uber, Dropbox гэх дэлхийн томоохон бизнесүүдийн суурь архитектур өнөөх л үүлэн технологийн суурь ойлголтууд дээр бүтээгдсэн.
Монголд төдийгүй дэлхийд IT салбарт ажиллах хүчний хомсдол, ур чадварын дутмаг байдал түгээмэл үзэгдэл боллоо. Бидний хувьд инженерийн багаа өөрсдөө сургаж бэлтгэдэг. Монголд IT-н үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд мөн адил гэж бодож байна. Юу үнэн бэ гэвэл бидний ашигладаг технологиудыг их сургуульд огт заадаггүй юм байна лээ. Бид олон нийтэд зориулсан дэлхийд ашиглагддаг өндөр технологиудын сургалтыг мөн явуулдаг.
undefined
-Казахстан улс гарааны бизнесүүдээ дэмжиж байгаа нь анзаарагдлаа. Манай улсын хувьд гарааны бизнесүүдээ хэрхэн хэмждэг гэж та хардаг вэ? Саяхан Засгийн газраас гарааны бизнесүүдийн орлогын албан татварыг 5 жилээр хөнгөлөх санал гаргасан байна. Энэ нь гарааны бизнест хэр оновчтой дэмжлэг болно гэж харж байгаа вэ?
-Засгийн газраас гарааны бизнесийн орлогын татвараас хөнгөлнө гэж байгаа. Гэтэл дөнгөж эхлээд хөлөө олох гээд явж байгаа гарааны компанийн хувьд эхний таван жил орлоготой байна гэж бараг байхгүй. Мөн Монгол шиг цөөн хүн амтай газар тендер эсвэл том гэрээтэй ажил авахгүй л бол үндсэн ажлын хажуугаар давхар төслүүд хийж “амь зуудаг” онцлогтой зах зээл. Бид ч бас олон ажил зэрэг хийх зарчмаар л ажилладаг.
Өндөр хөгжсөн орнуудыг ярихгүйгээр зөвхөн хөрш Казахстан улсыг авч үзэхэд л энд гарааны бизнесийн экосистемийг дэмжих бүхэл бүтэн цогц орчин бүрэлдэж байна. Гоц ухаантай 2 залуу coworking space дээр сууж байгаад сая доллар босгоод улсаа хөгжүүлчихдэг юм гэж байхгүй. Инкубатор, хөрөнгө оруулалтын сан, хурдасгуур, татвар болон нийгмийн даатгалын тааламжтай нөхцөл, хөнгөлөлттэй зээл, туршлагатай менторууд, бизнес эрхлэхэд таатай бодлого зохицуулалт гээд цогц зүйлээс бүрдэнэ. Нөгөөтээгүүр бидний амьдралд ашигладаг бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нэгэн цагт стартап байсан гэдгийг санах хэрэгтэй байх.
Өнгөрсөн 7 хоногт Казахстан улсын нийслэл Астана хотод Digital Bridge 2022 нэртэй технологийн хамгийн том арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ хүрээнд төв азийн 200 гаруй стартапууд болон технологийн бүхий л том корпорацууд цуглаж өөрсдийн бүхээгээ зассан. Төв ази болон Турк гээд 5 улсын IT park хамтын ажиллагааны санамж бичгийг зурсан. Ерөнхийлөгч К.Ж Токаев өөрийн биеэр хүрэлцэн ирж нээж үг хэлсэн. 2 өдөр үргэлжилсэн арга хэмжээнд салбар хариуцсан сайд бүтэн оролцсон. Гарааны бизнес төдийгүй технологитой холбоотой бүхий хүмүүс энд цугласан гэсэн үг. Манай компанийн хувьд төв азийн 200 гаруй томоохон бизнесменүүдийн өмнө илтгэл тавих боломж олгогдсон. Үүнээс улбаалсан хэлэлцээрүүд үргэлжлээд явж байна. 
Сонирхуулахад бид шилдэг шийдлүүдийн нэгээр шалгарч ерөнхийлөгч К.Ж Токаевт өөрсдийн бүтээгдэхүүн шийдлээ танилцуулсан бөгөөд бидний шийдэл болон амжилтыг машид сайшаасан.  
undefined
-Цаашдын зорилго юу вэ. Мэдээж зөвхөн Төв Азиар зогсохгүй байх, тийм үү?
-Эхний зорилго бол Казахстан улсад хамгийн анхны байдлаар клауд үйлчилгээгээ нээнэ. Цаашлаад Төв Азийн бусад орнуудад хэрэглэгчдэд зориулж технологио шинээр өөрчилж хөгжүүлэх зорилготой. Түүнчлэн Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй ажиллана.
-Ярилцсанд баярлалаа, та бүхэнд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн