Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Нэгд, орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор зарим аймгийн иргэдийн төлөөлөгчдийг эгүүлэн татах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Энэ асуудлаар бүлэг хаалттай хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэрийг МАН хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сонгуулийн дүнд шүүх санаатайгаар нөлөөлөх гэж оролдож, сонгогчдын өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр засах гэж оролдожн байна. Жишээ нь, баасан гаригт Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гурван хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүх гаргасан нь шүүхийн байгууллага сонгуулийн дүнд санаатай нөлөөлөх оролдлого гэж үзсэн байна. Төлөөлөгчтэй холбоотой гомдлыг Цагдаа болон прокурорын байгууллага шалгаж дуусаагүй, дөнгөж хэрэг нээж байхад шүүх шууд төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шүүх сонгуулийн дүнд нөлөөлөх оролдлого гэж МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн хэлэв.
Хоёрт, Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцсэн байна. УИХ-д Шүүхийн тухай хоёр хууль өргөн мэдүүлсэн байгаа. Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ дээр уг хуулийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч уг төслийг байнгын хороон дээр хэлэлцээд буцаах шийдвэр гаргасан. Эдгээр хуулийг төслийг яах вэ гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлаар ярьжээ.
Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр илүү өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзсэн байна. Энэ хууль Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд явах учраас шүүх болон шүүхийн зохион байгуулалтын асуудлыг хуулиар нэг мөр болгох шаардлагатай байгаа аж. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг арваннэгдүгээр сардаа багтаан батлах нь зүйтэй гэж үзжээ.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг Засгийн газрын хуультай концепцын хувьд нийцэхгүй байгаа учраас нэгтгэх боломжгүй учраас хууль санаачлагчдад буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2019 оны эхээр баталсан хуулийн хүрээнд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг болсон. Энэ зөвлөмжүүдийг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан байна. Үүнийг хэлэлцэх эсэхийг шийдээд Шүүхийн тухай хуультай хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзжээ.
Түүнчлэн УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирээгүй гэдгийг энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.