Монгол хүн | 7 мин уншина

Гучин жил мал малласан Улсын аварга малчин Б.Мөнхбатынд зочиллоо

Гучин жил мал малласан Улсын аварга малчин Б.Мөнхбатынд зочиллоо
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 31
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. iToim.mn агентлагийн сурвалжлах баг сар шинийн өмнө гучин жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Улсын аварга малчин цолоор шагнуулсан Б.Мөнхбатын гэр бүлд зочиллоо.
Сурвалжлах баг өглөөний наран мандахаас өмнө Улсын аварга малчин Б.Мөнхбатынд очихоор Төв сайхан нутгийн Баян-Өнжүүл сумыг зорив. Төвийн нутгаар бага зэргийн цастай бас жихүүн салхитай байв. Жихүүн салхи сэвэлзсэн хэрнээ дулаахан, тогтуун өдрийн бага үдэд аварга малчин Б.Мөнхбатынд ирлээ. Машинаас буухад л сэнгэнэсэн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, малын өтөг бууц үнэртэн цаанаа л сэтгэл тайвширч байв.
Аварга малчны мал өглөө эрт бэлчээрт гарсан учраас үхэр малынхаа хэвтэр, хашаа хороогоо аль хэдийн цэвэрлэн цэгцэлжээ. Морины уяан дээр шарга, хүрэн, бор зүсмийн дөрвөн морь уяатай байлаа. Гэрийн гадуур тод өнгийн дээл өмссөн ойролцоогоор 4-11 орчим насны хүүхдүүд тоглон гүйлдэнэ.
Өнгөрсөн зун хур бороо бага байснаас гадна Өнжүүл нутагт энэ жил бэлчээр талхлагч үлийн цагаан оготно олноор нүүдэллэсэн тул Б.Мөнхбатынх өвөлжөөнөөсөө холгүйхэн нутаг сэлгэн өвөлжиж байгаа аж. Б.Мөнхбатынх хоёр хүү, хоёр охинтой юм байна. Хүүхдүүд нь бүгд эрүүл саруул өсч, торнин өдгөө өрх тусгаарлажээ. Харин ууган хүү нь ижий аавдаа туслан адуун сүргээ малладаг юм байна.
Б.Мөнхбат гэргий М.Туултайгаа гэр бүл болохдоо 100 гаруй малтай байжээ. Тэд хаврын хавсрага, өвлийн тачигнасан хүйтэн, цасан шуурга, зуны аагим халуун, цахилгаан цахисан аадар бороотой өдрүүдэд ч хойш суулгүй хамтдаа зүтгэсээр өдгөө 1000 гаруй мал сүрэгтэй болжээ. Тэд туслах малчин авалгүй зөвхөн өөрсдийн хөлс хүчээр таван хошуу малаа маллан, үржүүлсэн байна.
Ингээд 2007 онд сумын сайн малчин, 2009 онд аймгийн сайн малчин, 2010 онд мянгат малчин болж, өдгөө Улсын аварга малчнаар тодорсон эгэл даруу, амьдралын төлөөх нэг л зорилгыг өвөртөлж, түүндээ хүрэхийн тулд хамтдаа тууштай зүтгэн үр шимийг нь хүртэж, нутаг усандаа "шаргуу хөдөлмөрч" гэдгээрээ хүндлэгддэг Б.Мөнхбат, түүний гэргий М.Туул нартай ярилцлаа.
-Та хоёрын хувьд хэдэн онд гэр бүл болж, өрх тусгаарлаж байв. Тухайн үед хэчнээн толгой малтай тусдаа гарч байсан бэ?
-Б.Мөнхбат: Миний хувьд аравдугаар ангиа төгсөөд, гурван жил цэргийн алба хааж ирээд ижий аавдаа туслахаар мал дээр гарсан. Бид хоёр 1989 онд гэр бүл болж, нэгдэлд маллаж байсан малаа нийлүүлээд тусдаа гарч байсан юм. Үүний дараа 1992 онд өмч хувьчлал явагдаж, манай гэр бүлд оногдсон 100 гаруй малтай үлдэж байлаа. Одоо мянга гаруй мал маллаж байна. Манай том хүү адуугаа маллаж, бид хоёр дунд хүүтэйгээ нийлээд хонь, үхрээ хариулчихдаг. Туслах малчин ажлуулдаггүй. Аль болох өөрсдөө хөдөлмөрлөхийг боддог. Хавар ямаа самнах үед л бусдад хөлс мөнгийг нь өгөөд самнуулах нь бий.
-Та хоёрын гучин жилийн хөдөлмөрийг төр засаг үнэлж, Улсын аварга малчин цолоор шагналаа. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Б.Мөнхбат: Төр засаг бид хоёрыг дэмжиж байгаад баярлаж байна. Энэхүү цолоор шагнагдахад үр хүүхдүүд, нутаг усныхны маань дэмжлэг их бий.
-Анх 100 гаруй малтай тусдаа гарч байсан ч өдгөө мянга гаруй малтай болжээ. Хорин жил малаа тогтмол өгсөж байж, мянгат болсон гэж сонссон. Ер нь мал маллахад өвлийн хүйтэн, зуны халуунаас эхлээд олон бэрхшээл тулгардаг. Энэ бүгдийг хэрхэн даван туулж, малаа тогтмол өсгөв өө. Мал маллах арга ухаанаас хуваалцахгүй юү?
-М.Туул: Мал турах, таргалах үе байна. Алдаатай нүүх ч үе байна. Тэр болгоныг засч, зөв тооцож л байж малаа өсгөж үржүүлнэ. Малчин хүн өөрөө байгаль цаг уураа туршиж, танин мэдэж байж л туршлага сууна.
Б.Мөнхбат: Зөв нүүдэл хийх нь малчдад маш чухал. Ногоо сайхан байна гээд нүүгээд байхаар ус хужир дутагддаг тал байдаг. Ус хужир нь болоод ирэхээр ногоо нь дутагддаг юм. Тэгэхээр үүнийг мэдрэмжээрээ л тохируулна. Мал их нүүснээрээ таргалдаг юм биш. Мөн нэг нутагт удаан сууснаараа ч турдаг юм биш. Малчин хүн өөрийнхөө малыг яаж байгааг нь байнга ажиглаж байж л малынхаа тарга, тэвээргийг тохируулж чадна.
-Танай  мал төллөж эхэлсэн үү. Энэ жил танайх хэдэн төл авах вэ?
-Б.Мөнхбат: Манай мал гуравдугаар сарын эхээр төллөж эхэлнэ. Энэ жил хониныхоо хагаст нь хуц, ухна тавьсан. Цаг ямар ч байх билээ гэж бодоод арай дээр тэвээрэгтэй гэсэн 300 гаруй малыг ялган хуц, ухна тавьсан.
-Малчдын өвлийн бэлтгэлд малын өвс тэжээл чухал байдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил зуншлага тааруу байна. Танайх намрын цагт өвс тэжээл худалдаж авч байна уу. Эсвэл өөрсдөө хадаж байна уу?
-Б.Мөнхбат: Зуншлага сайхан байхад өөрсдөө гар хадуураараа хадлангаа авчихдаг. Энэ жилийн хувьд зуншлага муу байсан учраас бэлэн өвс худалдаж авсан. Энэ жил хэдий өвс бэлдсэн ч цаг сайхан байсан болохоор өвс бараг хэрэглэсэнгүй. Бэлдсэн өвсөө дараа жилийн нөөц болгож хадгалах гэж байгаа. 
-Нийслэлд махны үнэ нэмэгдэж байгаа ч малчид махаа хямд үнээр борлуулдаг гэдэг. Үнэхээр малчдын гар дээрээс малын махыг хямдаар авч байна уу?
-Б.Мөнхбат: Мах худалдаж авдаг хүмүүс л биднийг хэдэн төгрөгтэй болгож өгдөг. Бид нар тэдний хэлсэн ханшаар нь л малаа зардаг өгдөг юм. Уг нь малын махаа борлуулж, иргэдийн махны хэрэгцээг хангаж байгаа малчдад махны урамшуулал олгодог болмоор санагддаг.
-Танайх малынхаа сүү, ноос, ноолуураа хэрхэн боловсруулж байна вэ. Түүгээр бүтээгдэхүүн хийж, нэмэлт орлого олох боломж нь хэр байдаг вэ?
-М.Туул: Манайх олуулаа болохоор сүү цагаан идээгээ боловсруулаад борлуулахаас илүү өөрсдийн хэрэгцээнд хэрэглэдэг. Зуншлага сайхан байвал үхэр, ямаа, гүүгээ сааж, цагаан идээгээ боловсруулна. Айраг цагаагаа ахиу бэлдэж чадвал өөрсдийн хэрэглээнээс илүүг зарж борлуулдаг. Боломж гарвал аймаг, нийслэлийн үзэсгэлэнд цагаан идээгээ тавьдаг юм. Манайх айргаа аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулахад сумын брэнд айргаар шалгарч байсан.
-Төр засгийн зүгээс малчдыг хэр дэмждэг юм бэ?
-Б.Мөнхбат: Ноосны урамшуулал байна. Дээрээс нь малын махыг гадаад руу экспортод гаргадаг нь л малчдыг дэмжиж байгаа хамгийн том зүйл юм. Махыг гадагш гаргах тусам бидний ашиг орлого нэмэгдэнэ. Үүнээс гадна малын тоо цөөрч, малын ашиглалт, хуваарилалтдаа ч хэрэгтэй.
-Монгол Улсын малын тоо толгой ихэсч, бэлчээрийн даац хэд дахин ихэссэн дүн мэдээ байдаг. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн хомстол үүсч байгаа юу?
-Б.Мөнхбат: Зуншлага оройтохоор ургац муудаж, сэргэсэн бэлчээрийн даац ихэсдэг. Тэгэхээр бэлчээрийн даац ихсэхэд байгаль цаг агаарын нөлөө ч байна. Малын тоо хэт олширсон. Үүний хажуугаар хүмүүс байгальтай буруу харьцаж, малын бэлчээргүй болгож байгаа юм. Манай энэ хавиар л гэхэд уул уурхайн олборлолт хийгээд  нөхөн сэргээлт хийхгүй, онгойсон нүх үлдээдэг. Ойр хавиар нь мал бэлчих боломжгүй. Үлдээсэн усанд нь мал живж үхэж байгаа юм.
-Танайх сүүлийн жилүүдэд хэр отор нүүдэл хийв?
-Б.Мөнхбат: Сүүлийн 7,8 жил отор нүүдэл гэж ярихгүй, цаг сайхан байсан. Өмнө жилээс эхлээд нүүлээ. Манай энд өмнө жил их цас орсон. Тэгээд урагшаа говь руугаа нүүсэн. Энэ жилийн хувьд манай өвөлжөө орчимд үлийн цагаан оготно их байгаагаас гадна өвс тэжээл муу байгаа учраас энд өвөлжиж байна. Хавар байгаль дэлхий хур чийгээ өгвөл өвс ногоо ургана байх гэж найдаж байна. Энэ өвөл өнтэй сайхан жил болж байна. Өвөл мал царигтай сайхан орж байгаа учраас хавар алзахгүй байх гэж бодож байна.
undefined
-Танай хойморт морины медалиуд эгнээтэй байна. Та хурдан хүлгүүдээ хаанахын наадамд сойж байв?
-Б.Мөнхбат: Миний хувьд 1994 оноос хойш морь уясан. Ихэвчлэн орон нутгийнхаа наадамд морио уралдуулдаг. Их насны мориноос бусад нь айрагдсан. Баяр наадамд морио уяж, уясан морь маань айрагдах хамгийн сайхан. Одоо хүүхдүүд маань морио уядаг болсон.
-Мал дагавал ам тосодно гэдэг. Тэгэхээр мал маллахын сайхан нь юу байдаг юм бэ?
-Б.Мөнхбат: Мал маллаад ашиг шимийг нь хүртээд явна гэдэг сайхан. Харин малаа хэрхэн өсгөж үржүүлэх нь малчнаас шалтгаална. Ямар малчин байх нь тухайн хүнээс хамаарна. Залхуу байвал мал сүргээ өсгөж чадахгүй.
-Малчин хүн өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл завгүй хөдөлмөрлөдөг. Гэсэн ч үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж чаддаг гайхалтай хүмүүс. Тэгэхээр та хоёрын хувьд хүүхдүүдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлэв. Хүүхэд хүмүүжүүлэх арга туршлагаасаа хуваалцахгүй юү?
-М.Туул: Манай хүүхдүүд багаасаа бие даагаад сурчихсан. Манай хоёр охин гэхэд гуравдугаар ангиасаа эхлэн аймаг дээрх гэртээ хоол ундаа хийж, хувцсаа угаан, хичээл номондоо явдаг байсан. Тэр болгон хүүхдүүдээ эргэж тойрч чадахгүй. Хааяа шөлний хонь явуулахад өөрсдөө зохицуулаад хоол ундаа хийчихдэг байсан. Ер нь өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөхийг л захидаг даа.
-Та хоёрын хувьд гэр бүл ямар байх ёстой вэ?
-Б.Мөнхбат: Гэр бүлийн хүмүүс нэг зорилготой байж, нэг зүйлийн төлөө хөдөлмөрлөх нь амттай амьдрал юм. Бид хоёр залуугаасаа эхлээд малаа малласан. Нэг л зорилготой өдийг хүртэл явсан. Гэр бүл болоод ханилж байгаа хоёр хоорондоо эвтэй байх нь эд хөрөнгөтэй байхаас илүү чухал. Мөн хоёр биедээ халамжтай байх хэрэгтэй. Сүүлийн үед залуу гэр бүл өөрсдөө хөдөлмөрлөхөөс илүү бэлэнчлэх сэтгэлгээтэй байгаад их учир байна. Хөдөлмөрлөхгүй бэлэнчлэх гээд байгаа хүмүүс амьдралыг ойлгодоггүй. Тухайлбал, өөрөө юм хийхгүй байж, эцэг, эхийгээ шулаад байгаа залуус их ажиглагдах болсон. Ажил голно. Өөрөө ажил хөдөлмөрийн төлөө зүтгэдэг хүн өөр байдаг.
undefined
-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Танай гэр бүл Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-М.Туул: Сар шинийн  баяраар гэр орноо сайхан цэвэрлэнэ. Шинийн нэгэнд гэртээ шинэлчихээд аав ээждээ очиж золгодог. Цагаан сар бол баяр наадмаас илүү өргөн тэмдэглэдэг хамгийн том баяр. Малчдын хамгийн их хүндэтгэдэг баяр.
-Сүүлийн үед хүний мөс чанар алдагдаж байна гэх болсон. Ер нь хүн хүнээрээ үлдэхийн тулд ямар байх ёстой гэж бодож байна вэ?
-М.Туул: Хүн байгаагаар байх шиг сайхан зүйл байхгүй. Хоёр нүүргүй, бялдууч зангүй байж, хэн нэгнийг дуурайх албагүй.
-Их түүхт монголчууд дэлхийн соёлтой уялдаж, үндэсний өв соёлоосоо юуг хамгийн ихээр алдагдуулж байна гэж хардаг вэ?
-Б.Мөнхбат: Үндэсний соёлоо алдаж байгаагийн нэг хэлбэр нь туслах авч байгаа юм. Гаднын улсууд гэртээ туслахтай байдаг шиг сүүлийн үед малчид туслах малчин ажлуулах болсон. Энэ өөрийгөө болоод өрөөлийг залхуу болгож буй хэрэг. Нэг талаас ажлын байрны нэмэгдүүлдэг гэж харж болно. Гэхдээ хүний хөдөлмөрөөр хүн урагшлахаас илүү хүн өөрөө хөдөлмөрлөж байж л үр дүнд хүрдэг. Тиймээс би хүн зарахыг боддоггүй. Хүүхдэдээ ч өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөхийг сургадаг. Өөрийн хийж бүтээсэн зүйлээ өөрөө хариуцахыг захидаг.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан шинэлээрэй.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн