Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл мэдэгдэл хийлээ

“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл мэдэгдэл хийлээ
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 26
Шатахууны үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлаар “Петровис” компаний ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл мэдэгдэл хийжээ.
Тэрээр мэдэгдэлдээ “Петровис” гэдэг компаний шатахуун түгээх станц (ШТС) Улаанбаатар хотод байгаа 210 ШТС-ын 18 хувь юм шүү дээ. Шатахуун импортлох эрхтэй 90 гаруй компани байна. Тэгсэн мөртлөө цөөн хэдэн компани руу дайраад муулаад байх юм. Жижиг ШТС-ууд нь Улаанбаатарт үйлчлэхээ болиод, манай ачаалал 3-4 дахин нэмэгдсэн. 
Өнгөрсөн оны 10 сараас шатахууны үнийн талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад шийдэхгүй явсаар ийм байдал үүссэн. Шалгадаг судалдаг байгууллагууд нь хэдэн сар дараалан шалгаад үнэн байна л гэсэн.
Одоо “Шунхлай”, “М-Ойл” л ард түмнээ бодоод, бусад нь ард түмнээ бодохгүй байна гэсэн тархи угаалт байгаа нь бидний бизнесийг улс төрийн тоглоом болгох гэсэн оролдлого гэж бодож байна. Хямд шатахуунаар хангаж байгаа газраасаа бензинээ авах боломж нь нээлттэй байгаа.
Ерөнхий сайд шатахууны үнийг чөлөөлнө гэдгээ удаа дараа хэлсэн. Энэ бол чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн маш зөв бодлого гэж бодож байна. Манай компани сум болгонд хүрч үйлчилдэг 2000 гаруй хүн ажиллуулдаг. Ихэнх компаниуд зардал багатай, ашиг ихтэй газар ШТС барьчихаад үнэ нэмэгдэхээр ганцхан манайхыг муулаад байдаг жишиг тогтжээ.
Өнөөдөр нэгэн төрийн бус байгууллагаас фэйсбүүкээр лайв хийгээд, энэ бүхэнд “Петровис” буруутай, Оюунгэрэлийн хоолойг хэрчинэ гэсэн байх юм. Уул нь “Петровис” гэдэг компанийг би ганцаараа эзэмшдэггүй юмсан.
Миний хоолойг хэрчихээр манай улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудал шийдэгдэх юм байх даа. Ийм байдлаар бизнес эрхлэгчдэд хандахаар хийе бүтээе гэсэн сайхан бодлууд сарних юм даа.
“Петровис” компани шиг газрын тос олох хайгуулын ажилд 10 гаруй жил нөр их хөдөлмөр, хөрөнгөө зарж байгаа нэг ч шатахуун импортлогч байхгүй нь үнэн. Нефть боловсруулах үйлдвэрийн чинь түүхий эдийг олох санаатай ажиллаж байгаа.
Монголчууд цөөхүүлээ байж ингэж нэг нэгнээ үзэн ядах нь хамгийн эмгэнэлтэй юм. Гэхдээ манай ирээдүй болсон залуучууд огт өөр том мөрөөдөлтэй, тэдний үе удахгүй ирнэ” гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн