Анализ | 7 мин уншина

EXPLAINER: COP27-оос Монголчууд бид юу хүлээх ёстой вэ

EXPLAINER: COP27-оос Монголчууд бид юу хүлээх ёстой вэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 9

Уур амьсгалын өөрчлөлтөөр эдгээр өдрүүдэд бид дэлхий нийтээрээ “амьсгалж” байна. Дэлхийн 180 гаруй улсын 45 мянган төлөөлөгч Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шэйх хотод цуглаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Суурь конвенцэд нэгдсэн талуудын 27-р бага хурал буюу COP27-д оролцож байна. Хоёр долоо хоног үргэлжлэх тус хурлын эхний хоёр өдөр дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь удаагаа энэхүү хуралд оролцож буй. Үүнээс гадна Монгол Улсаас түүхэнд байгаагүй олон буюу нийт 60 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон арван жилийн яриа хэлэлцээний үр дүнд олон тооны товчлол, үг хэллэг бий болсон. Энд уур амьсгалын талаар ухаж судлах сонирхолтой хэн бүхэнд зориулаад товч ойлголт өгөх зарим мэдээллийг тоймлон хүргэж байна. 

undefined

COP27 гэж юу вэ? Бидэнд яагаад чухал вэ?

COP гэдэг нь Conference of the Parties буюу “Талуудын бага хурал” гэсэн үгний товчлол. 1992 онд НҮБ-ын Уур амьсгалын анхны хэлэлцээрт гарын үсэг зурсан оролцогч орнуудыг нэрлэж байгаа юм. Монгол Улсын хувьд 1999 онд Киотогийн протоколд, 2016 онд Парисын хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. 1992 онд Рио Де Жанера хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурлаар биологийн олон янз байдал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван конвенц, үндсэн сэдвийг тодорхойлж, энэ дагуу дэд хуралдаануудыг зохион байгуулсаар ирсэн. 

Монгол Улсын хувьд 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвецын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

COP27-ын гол онцлог нь юу вэ?

Энэ удаагийн COP27-ын үеэр #Loss&Damage буюу алдагдал, хохирлын санхүүжилтийн асуудлыг хөтөлбөрт шингээж өгснөөрөө онцлогтой. Тус хурлаар энэ чиглэлд тодорхой үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Алдагдал, хохирлын санхүүжилт нь байгалийн гамшиг, уур амьсгалын хямралаас үүдэлтэй эдийн засгийн шууд хохирол, алдагдлыг нөхөн төлөх санхүүжилтийн механизм гэж ойлгож болно. 

Цар тахлын дараа улс орнуудын эдийн засаг сорилттой тулгарч, инфляц ядуурлын түвшин нэмэгдэж байгаа үед энэ хэвээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол хөгжиж буй улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс 2030 он гэхэд 290-580 тэрбум ам.доллар, 2050 он гэхэд 1-1.8 их наяд ам.долларын алдагдал хохирол хүлээх тооцоо гарчээ. 

 Монгол Улс 2009-2019 оны хооронд 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохиролтой учирсан талаарх мэдээллийг ОБЕГ-аас танилцуулсан. Мөн 2016 онд болсон зудыг жишээлж үзэхэд, уур амьсгалын өөрчлөлтөд 960,000 гаруй малчин өрх нэрвэгдсэн гэх тооцоо байна. Энэ мэт ган, зуд, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож, түүний гол хохирогч болж буй Өмнөд Ази, Латин Америк болон арлын улс орнууд, хөгжиж буй орнуудад хөгжингүй улс орнууд, мөн байгаль орчныг бохирдуулагч чулуужсан түлшний дэлхийн томоохон компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хохирлын татвар төлдөг байх тухай асуудлыг ч хөндөв. Мөн цаашид байгальд хөнөөлттэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, төлөөлөгчдийг уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын хуралд оруулахгүй байх тухай ярьсан юм.

undefined

Уур амьсгалын өөрчлөлтөөр “амьсгалах”-ын ус, агаар шиг яригддаг үндсэн ойлголтуудын тухай товчхон хүргэхэд: 

Киотогийн Протокол гэж юу вэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

Киотогийн протокол нь агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд улс орны Засгийн газрууд нэгдэж, соёрхон баталсан олон улсын гэрээ юм. 1992 онд анх яригдаж эхлээд, 1997 онд баталж, 2004 он хүчин төгөлдөр болсон тус протоколоор дэлхийн дулаарлыг 2 хэмд барих хязгаарлах зорилт дэвшүүлж, дэлхийн 150 гаруй улс нэгдсэн байдаг. Гэвч АНУ, БНХАУ зэрэг томоохон хүлэмжийн хий ялгаруулагчид энэ протоколд нэгдээгүй. Хангалттай үр дүнд хүрээгүй гэж шүүмжилдэг тус протоколоор хүлэмжийн хийн ялгаралыг 2015 оныг хүртэлх хугацаанд 12 хувиар бууруулж чадсан гэж үздэг юм.  Киотогийн протокол 2020 онд хэрэгжиж дууссан гэж үздэг бөгөөд түүнийг орлох бичиг баримт нь Парисын хэлэлцээр юм. 

Парисын хэлэлцээр гэж юу вэ? Хэрхэн хэрэгждэг вэ?

Парисын хэлэлцээрээр дэлхийн 190 гаруй улс орнууд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулж, дэлхийн дулаарлын 2 хэмд, боломжтой бол 1.5 хэмд барих үүрэг амлалт хүлээсэн. Ингэхдээ Nationally Determined Contributions (NDC) буюу “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ улс орон бүр тодорхойлж, хүлэмжийн хийн ялгаралаа хэрхэн бууруулах боломжтой талаар зорилт дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах зэрэг процессыг тодорхой болгож өгсөн юм.

Даян Дэлхийн Метаны амлалт гэж юу вэ?

Шотландын Глазков хотод 2021 онд болсон COP26 талуудын бага хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд дан ганц нүүрсхүчлийн хийн ялгарлын тухай ярих нь хангалттай бус гэж үзэн, оролцогч талууд 2030 он гэхэд метаны ялгарлыг 2020 оны түвшнээс 30 хувиар бууруулах амлалт өгсөн. Энэ метаны ялгарлыг бууруулах даян дэлхийн амлалтад Монгол Улс саяхан нэгдэн орсон тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч COP27-ийн үеэр дэлхийн удирдлагуудад танилцууллаа. Мөн Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болсон юм. 

Монгол Улс хэдий хэмжээний хүлэмжийн хийн ялгаруулдаг вэ?

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа орны нэг. Манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг боловч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин их буюу дэлхийн 23-рт бичигдэж байна. 

 Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтын үзүүлэлт, бусад улстай харьцуулсан нь, 1750 оноос хойш

НҮБ-ын суурь конвенцийн дагуу хоёр жилд нэг удаа гаргадаг уур амьсгалын өөрчлөлт”-ийн анхны тайланд Монгол Улс 2014 онд нийт 34.4 сая тонн CO2-экв буюу нүүрсхүчлийн хий ялгаруулсан. Үүний талыг нь эрчим хүч, 48 хувийг нь хөдөө аж ахуйн салбараас ялгарсан нүүрсхүчлийн хий, метан хий зэрэг байжээ. 2030 он гэхэд 74 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулах тооцоо байдаг. Улмаар 2025 онд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувиар, 2030 онд  26.1 хувиар бууруулах боломжтой гэдгийг Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт тусгасан байдаг юм.

 Уур амьсгалын ногоон санхүүжилт хэрхэн ажилладаг вэ?

Товчхондоо, хөгжингүй улс орнууд хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход зориулан олгож буй мөнгөн тусламжийг ногоон санхүүжилт гэж нэрлэдэг. 

2009 онд Копенгаген болсон талуудын бага хурлаар хөгжингүй улс орнууд жил бүр 100 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийг хөгжиж буй улс орнуудад олгохоор амласан боловч энэ зорилтоо төдийлөн хүрч чадахгүй байсаар байгаа. Тухайлбал, уул уурхай, энэ дундаа байгалийн гаралтай түлшнээс их хэмжээний орлого олдог Австрали улсын хувьд өнгөрсөн хугацаанд өөрсдөд ногдсон хувиа шударгаар нөхөж санхүүжүүлэхийн тулд 10 дахин их ногоон санхүүжилт олгох хэрэгтэй байгаа гэдгийг тус улсын төлөөлөгчид онцолсон. Тиймээс улс орнуудыг дутуу санхүүжилтээ нөхөж өгөхийг 2021 онд Шотланд Глазков хотод болсон  COP26 хурлын үеэр хэлэлцэн тохирч, Глазков пактыг гаргасан юм. 

Саяхан нийтлэгдсэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн "Хүлэмжийн хийн ялгаралтын зөрүү” тайланд ган ганчиг, далайн усны түвшин нэмэгдэх, хүчтэй шуурга зэрэг уур амьсгалын өөрчлөлт, хохирлыг даван туулахад дэлхий дахинд 2030 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.долларын ногоон санхүүжилт шаардлагатай болно гэсэн тооцоолол гаргасан байна. Тиймээс энэ удаагийн COP27-ын үеэр ч бас ногоон санхүүжилтийн механизмийг яаралтай тодорхой болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа юм.

Ногоон санхүүжилтийн “бялуу” Монгол Улсад хэр хэрэгтэй вэ?

2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд 30.3 их наяд буюу 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байдаг. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх шаардлага тун өндөр байгааг ч НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Үндэсний зохицуулагч З.Батжаргал онцолж байсан юм.

 Сааруулахаас илүүтэй дасан зохицъё 

Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй хямралд дасан зохицох нь хөгжиж буй орнуудын хувьд онцгой хүнд дарамт болж буйг энэ удаагийн талуудын бага хурлаар онцолж байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд дасан зохицох гэхээсээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүд рүү анхаарч ирсэн. Одоогоор Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 18.2 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангаж буй. 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. 

СOP27-ын оролцогч талууд дэлхийн дулаарлыг 2 хэмд тогтоон барьж чадахгүй, хамгийн боломжит байдлаар тооцоход 2.7 хэмд л барих боломжтой гэж үзэж байна. Тиймээс сааруулна хэмээн ярьж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжихээс илүүтэй, байгаль орчин бохирдуулагчид ногдуулах татвараа нэмэгдүүлж, дасан зохицох, байгалийн гамшиг, уур амьсгалын хямралаас үүдэлтэй алдагдал, хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 27 дугаар бага хурал буюу COP27-г Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шэйх хотоос сэтгүүлч Э.НАРАНТУНГАЛАГ мэдээллээ.

www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн