Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Монгол Улс гадаад өрийн дарамтаасаа болж Шри Ланкагийн араас дефолт зарлах эрсдэлтэй

Монгол Улс гадаад өрийн дарамтаасаа болж  Шри Ланкагийн араас дефолт зарлах эрсдэлтэй
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 18
Монгол Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 33.3 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь гурван сарын хоцрогдолтой буюу 2021 оны есдүгээр сарын эцсийн байдлаар нэгтгэсэн дүн аж.
Нийт гадаад өрийн статистикийг задлаад харвал:
undefined
-Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар /Оны эцэст Засгийн газрын өр 300 саяар нэмэгдсэн дүн ороогүй/
-Төв банкны өр 2.2 тэрбум ам.доллар
-Хадгаламжийн байгууллагын өр 1.6 тэрбум ам.доллар
-Компани хоорондын зээллэг 12.1 тэрбум ам.доллар /Оюу Толгойн төслийн зээл орсон/
-Бусад салбаруудын өр 8.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Нийт гадаад өр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 250 хувь, экспортын орлогын 400 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ нь манайхтай ижил төстэй улс орнуудтай харьцуулахад өндөр, эдийн засгийн аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрснийг ҮСХ-оос анхааруулж байна. Улс орнуудын гадаад өрийн эрсдэлийг тодорхойлдог бүх түвшингээр авч үзэхэд, Монгол Улсын гадаад өр эрсдэл дагуулах хэмжээнд хүрчээ. Тухайлбал, уул уурхайн түүхийн эдийн үнийн өсөлтөөс хамааралтай Монгол Улсын хувьд экспорт хэдхэн сар зогсоход өрийн хямралд орж, дефолт зарлах өндөр эрсдэлтэй оронд багтаж буй.
undefined
Гадаад өр үр үүсгэж байгаа хамгийн том шалтгаан нь төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал. Айл өрхөөр яривал Монгол Улс жил болгон орлогоосоо давсан зардалтай, илүү гаргасан зардлаа зээл авч нөхдөг гэсэн үг. Жишээ нь, сүүлийн 13 жилийн улсын төсвийг авч үзвэл 10 жилийнх нь төсөв дандаа алдагдалтай. Уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхтэй уралдан төсвийн орлого, зарлагаа нэмж ирсэн. Эсрэгээрээ түүхий эдийн үнэ буурах үед төсвийн орлого, зарлагаа бууруулдаггүй урвуу бодлоготой явжээ. Энэ жил гэхэд хил гааль ложистикийн хямралаас болж экспорт үлэмж саарсан байхад хамгийн өндөр орлого, зардлагатай төсөв баталсан. Алдагдал нь 1.7 их наяд төгрөг бөгөөд мөн л зээлээр нөхнө.
Энэ жилийн хувьд гадаадын өрийн эргэн төлөлтийн дарамт байхгүй ч ирэх 2023 онд өнөөдрийн үүсээд буй 33.3 тэрбум ам.долларын өрийн тэн хагасыг эргэн төлөх хуваарьтай. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, хувийн хэвшлийнхэн 2023 онд нийт эдийн засгийнхаа 65 хувьтай тэнцэх буюу 10 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх тооцоо гарчээ. Эдийн засагч Н.Энхбаяр "2023 он Монгол Улсын хувьд хамгийн хүнд жил байна" гэж тодорхойлсон нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой.
Хэрвээ манай улс зээлээ хугацаанд төлж, эсвэл дахин санхүүжүүлж чадахгүй бол өнөөдрийн Шри Ланка улсын түүхийг давтана. Өнгөрсөн долоо хоногт олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог "S&P Global"-аас Шри Ланка улсын бондын зэрэглэлийг бууруулж, энэ онд дефолт зарлаж болзошгүйг анхааруулсан юм. Тус улс  2022 онд нийт 7.3 тэрбум ам.долларын өрийг эргэн төлөх хуваарьтай бөгөөд энэ сард 500 сая ам.долларын гадаад өрийн эргэлт төлөлт хийх хуваарьтай. Гэтэл тус улсын гадаад валютын нөөц ердөө 1.6 тэрбум ам.доллар байгаа юм. Шри Ланкагийн Төв банк гадаад өрөө төлөх зорилгоор их хэмжээний мөнгө хэвлэсэн ч энэ нь эргээд инфляц өсч, түүхэн дээд хэмжээнд хүрэх шалтгаан болоод байна. Дэлхийн банк, ОУВС-аас Шри Ланкагийн араас Гана, Эль Сальвадор, Тунис болон гадаад өрийн өндөр эрсдэлтэй бусад улсуудад санаа зовж байгааг өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн эдийн засгийн таамаглалдаа дурджээ. 
Монгол Улс 2023 онд Шри Ланкагаас бараг хоёр дахин их, 10 тэрбум ам.долларын өр төлнө гэдгээ эрх баригчид өглөө бүр санаж, хэрхэн төлж, барагдуулахаа бүх түвшинд ярьж, анхаарч байгаа гэж найдъя! 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн