Анализ | 8 мин уншина

Цайны замаас нүүрсний зам хүрсэн тэмдэглэл

Цайны замаас нүүрсний зам хүрсэн тэмдэглэл
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 28
Нарны аймгийн хамгийн том гарагууд болох Бархасбадь болон Санчир гарагийн давхцал тохиов. Дөрвөн зуун жилд ганц тохиох сансар огторгуйн энэхүү гайхамшигт үзэгдлийг нүдээр харахгүй ч, тухайн цаг үеийнхээ  гэрч болно гэдэг маш том аз завшаан билээ.
Удтал хүлээж, сайтар дулаалсны эцэст шөнийн 01:00 цагийг дөхүүлэн гэрээсээ гарч, тэнгэр өөд ширтэв. Бархасбадь, Санчир байтугай шинийн 7-ны сар арай чүү үзэгдэх аж. Бүтэн хоёр долоо хоног догдлон хүлээсэн гайхамшгийг харах мөч талаар болох нь тэр. Тэнгэрт ядаж нэг ч од үл харагдах шалтгааныг утаанаас хайлаа. Ингээд “Сайжруулсан түлшний хоёр үйлдвэр барьсан хайран мөнгө. Ер нь манай төрд толгой байна уу?” гэхчлэн баахан стресстсээр гэрийн зүг алхав.
Өглөө нь ажилдаа явахаар машинаа халаах зуур цас хаялж эхлэв. Уучлаарай, урд шөнө гайхамшгийг харах завшаан үгүй болсон нь утаанаас бус цас хаях гээд үүл хуралдсаных байжээ. Унтахаасаа өмнө “утаа дэндлээ!” гэж пост оруулснаа санаж, ичсэндээ эргэж устгав. Үнэхээр “орк” үйлдэл. Гэхдээ хамгийн гол нь миний тухайн үеийн сэтгэл хөдлөл, өнгөц дүгнэлтээрээ бичсэн пост хэчнээн олон хүнийг бухимдуулж, хэр олон хүнд буруу сэтгэгдэл төрүүлсэн бол гэдгийг бодох тусам өдөржин гэмшив. Залуу хүний хувьд үнэтэй бөгөөд том сургамж авлаа. Алдаагаа давтахгүй байх нь чухал. Гэхдээ л энэ өвөл утаа арай жаахан нэмэгдсэн үү, үгүй юү? Нийслэлчүүд хөл хорионд гэртээ суухаар галлагаа нэмэгдэж, утаа ихсэв үү гэчихвэл дахиад л өнгөц дүгнэлт болчих гээд байна. Болих минь...
Хөл хорио, нүүрс гэснээс карантинлахаас өмнө Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн төв болсон Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, тэндэхийн уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, иргэдийн аж байдалтай нүдээр танилцах завшаан олдсон юм.
Товч статистик: Монгол Улсын ДНБ-ийн 25 хувь, нийт экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Харин нийт нүүрсний экспортын 90 хувийг зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудаар гаргадаг. Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараараа мөн л уул уурхайн аймаг болох Орхон аймгийн ард хоёрт, улсын төсөвт оруулдаг хувь нэмрээрээ нийслэлийн ард хоёрт бичигддэг.
Бидний хэдэн сэтгүүлч эхний өдрөө Даланзадгад хотын “Gobi Sands” зочид буудалд байрлалаа. Аймгийн төвдөө хамгийн өндөр зэрэглэлийн хоёр буудлын нэг шүү гэж рекламдав.
Ингээд Даланзадгад хотоор сити тур хийж хотын хөгжил, шинэ бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Тэнд элснээс өөр юм байх уу гэх төсөөлөлтэй очсон миний хувьд үргэлж хэл аманд ордог угтах хаалга нь хүртэл алга ташмаар эхлэл байв. Харин хөтөч маань хотын зохион байгуулалт, ирээдүйн төлөвлөлтүүд нэлээд нарийн явагдаж байгаа гэх ойлголтыг өгсөн юм. Дараа өдөр нь Даланзадгадын хоёр мундаг зочид буудлын нэг гэгдэх “Хан-Уул” зочид буудалд аймгийн удирдлагуудтай томилолтын баг оройн зоог барилаа. Орон нутгийн сонгуулиар аймгийн төвийн гэр хорооллын хашааг тэр чигт нь улаан өнгөөр будаж, цар тахлын үед үр ашиггүй зардал гаргасан нь сонгогчдын дургүйцлийг ихээр төрүүлж, сонгуулийн үр дүнд Өмнөговьд өнгө эргэсэн гэдгийг нутгийн иргэд хуучилж байв. Эндээс Өмнөговийн сонгогчид хэрэгцээнээс хэтэрсэн үргүй зардал хүсэхээ нэгэнт больж, хэрсүүжжээ гэх сэтгэгдэл төрсөн юм.
Оройн хоолны үеэр аймгийн удирдлагууд Өмнөговийн хөгжилд уул уурхай хамгийн том түлхэц өгч байгааг онцолж байв. Хамгийн гол нь аймгийн төвийн гэр хорооллын бүх гудамжинд төвийн шугам хүрсэн бөгөөд одоо өрхүүдэд урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох байдлаар хаус хорооллууд бий болгохоор төлөвлөж байгаа аж.
Мөн уул уурхай бол шавхагдах нөөц. Тиймээс өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас олсон орлогоороо аялал жуулчлалын салбараа дэмжиж, тогтвортой хөгжлийн чиглэлүүдэд хөрөнгө оруулалтууд хийсэн талаар бидэнд ярив. Нотолгоо болгож дараа өдөр нь Даланзадгадаас 100 километрийн зайд, Булган сумын нутагт орших Баянзаг буюу Улалзах цонжийг үзэж сонирхлоо. Түүх, соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газруудыг тордон, хамгаалах талдаа Монголдоо л хамгийн сайн жишиг болжээ. Улалзах цонж наран жаргах үеийн байгалийн үзэсгэлэн, үлэг гүрвэл өндөглөдөг гэх анхны нотолгоо олдсон гэдгээрээ дэлхийд алдаршсан бөгөөд яг дэргэдүүр нь  өнгөрөх, нэгэн цагт Ази-Европын соёл иргэншлийг холбож байсан Цайны зам өнөөг хэрнэ хадгалагдан үлдсэн байх аж.
Товч түүх: Транс-Сибирийн төмөр зам бий болж, ач холбогдол нь буурах хүртэл Хятадын Ухань хотоос Москва хүртэлх 9000 орчим километр үргэлжлэх цайны зам нь 300 жилийн турш Ази-Европын худалдааны нэгэн томоохон урсгалуудын нэг байсаар иржээ. Энэ замаар голцуу хятад худалдаачид цай тээдэг байсан учир цайны зам гэх нэрээр түүхэнд үлдсэн аж. Түүхэн ач холбогдлын хувьд цайны зам нь XIX зууны Монголын нийгэм, эдийн засагт онцгой нөлөө үзүүлж байв. Тухайлбал, цайны замын голд орших Монголын их хүрээ барууны аялагч, судлаач, худалдаа наймаа эрхлэгчид цуглардаг их хөлийн газар болж, Хятад, Оросын пүүсүүд байгуулагдан, малчин монгол ард жинчин, худалдаачин гэх цоо шинэ талбарт хүч сорин, олон улсын зах зээлд өрсөлдөх болсон байна. Жинчид буудалласан агуйн хананд ар гэр, эхнэр хүүхдээ санасан сэтгэгдэл, бүтэлгүй хайрын түүх, хээрийн дээрэмчин, тонуулчидтай таарч амь өрсөн яваа зэрэг тухайгаа бичин үлдээсэн байдаг гэх.
Өнөөдрийн хувьд Өмнөговьд уул уурхайн салбар бий болсноор, гадаад хөрөнгө оруулалтууд энд төвлөрч, монгол залуус дэлхийн хэмжээнд өрсөлдөн, нүүрсний зам бий болжээ. Тэрхүү амь өрссөн замаар Ханбогд сумыг зорьсон юм. Гэгээ тасрах дөхөж,  Ханбогд орохоос хэдхэн километрийн зайд ноцтой осол гарчээ. Цагдаагийн машин ирсэн байх бөгөөд байдлыг ажвал аз болж хүний амь эрстээгүй бололтой. Нэг эгнээ давчуу зам дээр нүүрс ачсан нэг машины дугуй хагарахад л хэдэн арван километр үргэлжлэх бөглөрөл үүсдэг аж. Замын хажуу руу дарж, бөглөрөл өнгөрмөгцөө гэнэт зам руу үсрэн орох том машинууд энэ замыг үхлийн аюултай болгодог талаар энэ замаар хэдэн жил нүүрс зөөсөн жолооч хуучилсан юм. Замын турш хаа нэг зөрөн өнгөрсөн “Яараад яахав дээ” гэх ээлжит самбарыг өнгөрч Ханбогд руу салав. Төмөр зам хурдан ашиглалтад орж нүүрсний зам цайны зам мэт түүх болон үлдээсэй...
Мэдээж аймгийн төв, сум хоёр хөгжлийн хувьд том ялгаатай. Гэхдээ маш сонирхолтой нэг зүйл ажиглагдсан нь Ханбогд сумын зочид буудал, ресторан, дэлгүүрийн худалдагчдын харилцаа, үйлчилгээ аймгийн төвөөс илүү байгаа нь анхаарал татав. Учир нь Даланзадгадын хамгийн өндөр зэрэглэлийн гэх зочид буудлууд, ресторануудын үйлчилгээ биднийг гурав хоногт үнэхээр хэлэх үггүй болгож чадсан юм. Монголчууд хэр баргийн юмыг тоохгүй. Гэхдээ рестораны зөөгч “Би завгүй байна. Та өөрөө авчих” гэдэг үгийг бол Даланзадгадад сонссон шүү. Хамт явсан олон хүн гэрчилнэ. Нээрээ аймгийн удирдлагуудтай уулзах үеэр “үйлчилгээний соёл үнэхээр ийм муу байхад аялал жуулчлал яг хөгжих үү” гэх асуултыг сэтгүүлчдийн дундаас асуусан юм. Үйлчилгээ муу гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хамаг боломжийн залуусыг нь уул уурхайн компаниуд шүүрчихдэг зовлон байдгийг учирласан билээ.
Хэдий хамаг чадварлаг боловсон хүчнийг сордог гэх шүүмжлэлд байнга өртдөг ч яг өнөөдрийн хувьд уул уурхайн салбар залуусын өсөж дэвжих, санхүүгийн хувьд дараагийн шатанд гарах хамгийн том боломж юм. Угаас өнөөдөр Монголд уул уурхайн компаниудаас өөр өндөр цалин санал болгох компаниуд хэд байгаа билээ. Цөөхөн шүү дээ. Тиймээс шилдэг залуус бүгд уул уурхайн салбарт тэмүүлж байгааг буруутгах аргагүй. Хамгийн гол нь уул уурхайгаас олсон орлогоороо технологи, санхүү, боловсрол, эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан зэрэг дараагийн бие даасан том салбаруудыг бий болгож, уул уурхайн компаниудтай ижил цалин санал болгох бизнесүүд хөгжих зах зээлийн таатай орчныг бий болгох нь чухал билээ. Учир нь байгалийн баялаг бол зөвхөн өнөөдөр амьдарч байгаа бидний өмч биш. Баялгаас олсон орлогоо ирээдүйдээ өвлүүлэн үлдээх нь бидний хувьд хойч үеийнхээ өмнө хүлээсэн том үүрэг, хариуцлага юм.
Тэмдэглэлийн эхэнд би нэг муухай “орк” үйлдэл гаргасан талаараа дурдсан. Өнгөц дүгнэлт, буруу ойлголтоос болж нийгэмд хамгийн их алдагддаг бизнес бол уул уурхай юм шиг ээ. Эдийн засгийн ачааны хамаг хүндийг нь үүрдэг ч байнга ташуурдуулдаг салбар. Гэхдээ нэг үеэ бодоход уул уурхайг өөр өнцгөөр хардаг хүмүүс их болж. Саяхны нэгэн жишээ, Засгийн газраас эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж, иргэд болон тодорхой ААН-үүдийн суурь зардлыг найман сарын турш төрөөс даах, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр танилцуулсан. Үүний дараа нийгэм бараг тэр чигтээ төр засаг, тэр дундаа Ерөнхий сайдад талархал дэвшүүлсэн. Харин төсөөлснөөс олон хүн үүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гаргахаар болсон төрийн өмчит уул уурхайн компаниуддаа талархал илэрхийлж байв.
Ард түмэн уул уурхайн орлогоосоо хангалттай хүртэж байгаа юу гэх асуулт үргэлж гарч ирдэг. Учир мэдэх гадна дотнын хүмүүс энэ асуудал улс төрийн популимзыг ургуулж, өсгөн торниулагч үржил шимтэй хөрс болж байгааг анхааруулдаг. Энэ онд иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа анх удаа хүртсэн, Эрдэнэт үйлдвэр тог, ус, дулаан, хогны мөнгө чөлөөлөх, Эрдэнэс-Тавантолгой сайжруулсан түлшний үнийг хөнгөлөх санхүүжилтийг бүхэлд нь дааж байгаа нь манай улсын нийт өрх уул уурхайн өгөөжийг шууд байдлаар хүртэж байгаа нэг хэлбэр юм. Оюутолгой болон хувийн хэвшлийн томоохон уул уурхайн компаниуд улсад төлсөн татвар, бий болгосон ажлын байр, тэдгээрийн төлсөн татвар, дотоодын туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний дүн, дотоодоос хийсэн худалдан авалт, ханган нийлүүлэлт, залуусыг орчин үеийн техноли, мэргэжлийн уур уурхайд суралцуулсан, нийгмийн хариуцлагын элдэв төслүүд хэрэгжүүллээ гэх зэргийг дурдсан уртаас урт жагсаалт харуулж энэ бол бидний эдийн засагт шууд бусаар оруулж буй үнэ цэнэ гэдэг. Үнэхээр ч Оюутолгой 2010 оноос хойш улсад нийт 11 тэрбум ам.долларын татвар, НӨАТ, рояалтигийн төлбөр төлж, нэг бус туслан гүйцэтгэгч монгол компани нь Казахстан, Өмнөд Солонгост томоохон уул уурхайн төслүүдэд боловсон хүчин экспортолж эхэлсэн гэдгээс харахад гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт, ирээдүйд үлдэх үнэ цэнэ хоёр ялгаатай мэт. Монгол залуус дэлхийн уул уурхайн ноу-хауг эзэмшсэнээр дараагийн Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг бид хэл амгүй, зуун хувь дотоодын нөөц бололцоогоор, өөрийн хүчээр хөдөлгөх ч юм билүү...
Сурталчилгаа биш шүү. Гэхдээ л Өмнөговьд очвол тэр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар нэг орж сонирхоорой. Оюутолгой компанийн санаачилгаар уул уурхайн орлогыг нутгийн иргэдэд нь хөрөнгө оруулах зорилгоор байгуулагдсан юм билээ. Анх 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш Өмнөговь аймагт 46 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн аж. Эхэндээ ч баахан цэцэрлэг, сургууль барьсан нь ирэх хэдэн жилд аймгийн хүн ам өсөх төсөөллийг хангачихсан гэж ойлгосон. Харин хамгийн сүүлд музей, мах бэлтгэх үйлдвэрт хөрөнгө оруулсан аж. Эрдэнэс-Тавантолгой ч Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн жишгээр Өмнөговьд жил бүр 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх сан байгуулах санаачилга гаргаад явж байгаа гэсэн. Ямартай ч аймгийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан юм билээ. Ер нь Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүх компанитай ийм гэрээ хийх юм гэсэн. Угаасаа сүйтгэсэн байгаль, эзгүй шахуу талыг олон жил амьтай байлгасан нутгийн хүн ард, малын ундаалах усны нөөцийг ашиглаж байгаагаас хойш хуулиараа төлөх ёстой татвараасаа гадна нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарласан нь нийгмийн дэмжлэгийг илүү авч, ажил, орлого нь ч тогтвортой урагшилдаг жишээ уул уурхай хөгжсөн Австрали, Канад, Чилийн туршлагаар нотлогддог. Ер нь ямар ч бизнесийн суурь нь харилцаа, тэр дундаа итгэл дээр л тогтдог. Харин Ханбогдод очвол “Говь” зочид буудлын ресторан их сайхан хоолтой, сайн үйлчилгээтэй газар байна лээ гэж зөвлөе.  
Эцэст нь, цайны замаас нүүрсний зам хүртэлх хөгжлийн замыг бий болгохын тулд нийгмийн зөв оролцоо л дутаад байх шиг. Мэдээж буруугийн жишээ бол нөгөө минийх шиг бидний нийтлэг “орк” үйлдэл юм. Харин нь зүй нь тулгамдсан асуудлуудад нэг алсын хараатай шийдэл хөндсөн илүү хэлэлцүүлэг, мэтгэлцээн байх ёстой гэдгийг өөрийн хүндэлдэг олон мундаг хүний амнаас сонсож байв. Угаас монголчууд бид өөр хоорондоо талцан, нэгдмэл үзэл санаанаасаа холдох тусам бусдад хэмлүүлсээр ирсэн түүх бий...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн