Open iToim app
Парламент | 7 мин уншина

Сайжруулсан түлшний асуудлаар нэгдсэн чуулган дээр танилцуулга хийж байна

Сайжруулсан түлшний асуудлаар нэгдсэн чуулган дээр танилцуулга хийж байна
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 11
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсож байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт сайжруулсан түлшний асуудлаар асуулга тавиад байсан юм. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшний асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. 
Тэрээр "Нийслэлийн 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоолуудыг баталж, хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалга чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ногоон зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хэмжээ 8-9 хувь бөгөөд хүүгийн татааст гурван тэрбум төгрөг олгохоор байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн  төвлөрсөн дулаанд холбох, дэд станцын барилгын ажил хийснээр 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулсан. Амгалан ДЦС-ын хэрэглээг нэмж, 2018-2019 онд жирийн болон нам даралтын 171 зуухыг зогсоож, 24,6 Кватт цахилгаан, 210 нэгжийн барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбосон. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд 11,5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт явж буй 937 орчим автобуснаас 2020 он гэхэд 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг 70 автобус, автобусанд хөө тортог бууруулдаг шүүлтүүр суулгах ажлын эхлүүлсэн. Шахмал түлшний найман үйлдвэрт шалгалт хийж, бүтээгдэхүүнийг шинжлүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага "Тавантолгой" түлш компанийн бүтээгдэхүүнийг есөн удаа шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаагүй дүн гараагүй. Улаанбаатар хотод тодорхой шалтгаануур иргэд нас барсантай холбоотойгоор Улсын онцгой комисс  хуралдаж, нийслэлийн төрийн өмчийн байгууллагууд өнөдөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Угаарын хийнд хордсон 73 хүүхэд 96 насанд хүрсэн иргэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ өдрүүдэд зургаан хүн нас барсан. Үүний шалтгаан нөхцөлийг яаралтай тогтоох ёстой гэж үзэж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн таван хувьд нь есдүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь арваннэгдүгээр сард жилийн хэрэгцээинй нүүрсээ худалдан авдаг бол 21 хувь нь хэрэгцээний нүүрсээ жижиглэнгээр авдаг байна. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт байрлуулсан 332 борлуулалтын цэгт 66328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25 мянган тонн нүүрс борлуулаад байна. "Тавантолгой түлш" ХХК 64.1 мянган тонн  түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байна. Сайжруулсан нүүрсийг худалдан авах 210 мянган картыг тарааж, хяналт тавин ажиллаж байна" гэлээ. Танилцуулгын үеэр гишүүд асуулт, асууж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сүүлийн хэдэн хоногуудын огцом хүйтрэлтээр сайжруулсан түлшийг ашигласнаар 214 хүн хордож, 6 хүн амиа алдлаа. Энэ бол сайжруулсан түлшийг ашиглахад гарсан ноцой үр дагавар. Улаанбаатар хотод онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хүний амь эрсдлээ гэдэг хамгийн ноцтой үйлдэл. Үүн дээр хэн нэгийг өмгөөлөх хамгаалах шалтгаан биш. Өнөөдөр Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдарч байна. Гэр бүлээрээ амь насаа алдах айдастай байна. Хөгшид, хүүхдүүд үүнд эрсдэж байна. Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлшинд сонгосон бэ? Энэ өндөр илчлэгийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэж яаж үзэв. 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Шахмал түлш хортой гэдэг асуудалтай санал нийлэхгүй. Шахмал түлшний стандартыг сайжруулан өнгөрсөн тавдугаар сард батлаад хамгийн боломжийн стандартыг гаргасан. Одоогийн гаргаж байгаа түлш яг энэ стандартаар хийж байгаа. Утаанаас ангижрах чиглэлд шахмал түлшийг олон орон ашиглаж байсан. Европод, Япон, Солонгост бүгд ашигласан. Дараагийн ээлж нь газ. Бид ч энэ л дарааллаар явна. Өнгөрсөн шөнө -20 градус байсан. Өглөө -5 градус байлаа. Дийлэнх айл хэрэглэж байна. Ингэхэд зуух дэлбэрсэн асуудал гараагүй. Нэг зуух дэлбэрсэн. Энэ бол зуух биш байсан. Энэ жил бороо их орсонтой холбоотойгоор ханын пийшинтэй айлуудад асуудал байна. Шахмал түлш хоёр дахин илчлэгтэй учраас удаан шахдаг. Тэгэхээр яндангийн хоолойг хааснаар угаартаж байна. Ханын пийшингийн бохирдлыг цэвэрлэх их төвөгтэй юм байна. Нэг пийшинг цэвэрлэхэд хоёр шуудай үнс гарсан гэж байна. Тиймээс дохиолол зайлшгүй байх ёстой. Шахмал түлшнээс болоод бид иргэдээ анхаарч эхэллээ. Жил бүр ийм асуудал гардаг байсан юм билээ. 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Асуулгад улс төржилгүй хариулмаар байна. Зарим нэг хүний тархины утааг арилгаж байж, утаатай тэмцэнэ гээд байх юм. Ерөнхийлөгчийг хэлээд байгаа юм уу, эсвэл ус цасанд ордоггүй гэж гэр хорооллынхныг хэлээд байгаа юм уу. Хэнийг хэлээ, хэнийг доромжлоод байгаа юм. Асуудалд маазралгүй ханд л даа. Баавгайнд хүн бариуллаа гэсэн шоолоод л инээгээд байсан. Энэ Шадар сайдыг огцруулаач. Арваннэгдүгээр сард зам ашиглалтад орохгүй бол огцорно гээд байсан нөхөр хажууд сууж байна. Зургаан хүн амиа алдсан хэрэгт хэн хариуцлага хүлээх юм, эрүүгийн хэрэг үүсгэсэн үү. Бид утаатай тэмцэхгүй гээгүй, угаартаад байна гэж ярьж байна. 150 гаруй хүн угаартсан гээд байхад ингэж хандаж болохгүй. Солонгос руу явуулсан хариу чинь хэзээ ирэх юм. Асуудалтай гэж бодоод гадагш нь шинжилгээнд явуулсан юм биш үү. Эцсийн хариу ирээгүй байхад ямар ч асуудалгүй гэж юу яриад байгаа юм бэ. 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Өнгөрсөн жил 12 хүн угаартаж амиа алдсан юм билээ. Угаартаж амиа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Үүсгэсэн байх. Өмнө жил угаартаад өнгөрч байхад яагаад дуугүй байсан юм бэ, хариулж өгөөрэй. Олны анхаарлыг хандуулж эхэлсэн нь сайн байна. Олон улсын лабораторид өгсөн, олон улсаас илүү үндэсний лабораторидоо итгэх ёстой. Тусгаар тогтносон улс учраас өөрийн дөрвөн лабораторид итгэж байна. Баталгаажуулах үүднээс гадагш нь өгсөн. 
Хими, хүнд үйлдвэрийн зөвлөх инженер: "Таван толгой түлш" ХХК-ийн хэрэглэж буй нүүрсний нь чийглэг 10 дахин бага, илчлэг 6100 ккал буюу Багануураас 2 дахин илүү, дэгдэмхий бодисын гарц Багануурын нүүрсээс 20 хувь бага. Тиймээс утаа багатай ангилалд ордог. Утаагүй нүүрсний гурван орд байдаг ч хувийн компанийнх учраас боломжгүй байсан. 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хэднээс дохиоллоо айлуудад тавьж эхлэх вэ?
Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Батбаясгалан: Зөвлөмж 91.4 хувьд нь хүргээд байна. 72 цагийн дотор 100 хувьд хүргэх үүрэг өгөөд ажиллаж байна. Ирэх сарын 1-ны дотор угаарын хийн дохиолол өрхүүдэд өгөх үүрэг өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Баруун европт гудманд явж байгаад иргэд нь угаартаж байсан гэж байна. Манайд яг ийм нөхцөл байдал бий болоод байна. Шахмал түлш хийж байх үед нь ч хэлж байсан. 176 хүн шахмал түлшинд хордож зургаан хүн нас барлаа. Ийм байхад ердийн зүйл болсон юм шиг ярьж болохгүй. Өнгөрсөн хойно нь баахан орон руу шинжилгээнд явуулсан гэх юм. Яагаад өмнө нь ингэж болоогүй юм. Ингээд зүтгүүлээд байвал дахиж хэчнээн иргэнийг амийг авах юм бэ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Бид өөрсдийнхөө лабораторид итгэх ёстой. Гэхдээ улс төржүүлээд байгаа учраас ингэхээс өөр аргагүй байна. Манай лабораториуд олон улсад итгэмжлэгдсэн шүү. Бид итгэх ёстой.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Түлшний хэрэглээнээс болж хоёр хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн үгийг дамжуулъя. Энэ хоёр хүүхдийн өвөө миний үгийг дамжуулж өгөхийг хүссэн. Аюулгүй байдлын баталгаа хангаагүй түлшийг яагаад бидэнд тараагаад өгсөн юм бэ. Үүнд төр засгийн хүмүүс хариуцлага хүлээхгүй юм уу гэж асууж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин: Туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан юм уу гэж асууж байна. Гэтэл их олон жил туршсан гэж ажил хариуцсан хүмүүс ярьж байгаа. Бидний яриа дундын маргаан болоод байна. Энэ дунд ажил хохироод байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс нь олон нийтэд сайн мэдээлэл өг. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, буцаагаад нүүрсийг нь түлүүл гэж байна. Энэ хүмүүсийг тархиндаа утаа униартай гэж хэлсэн юм. Шинэ юм хийх гэхээр дандаа эсэргүүцэж байдаг хүмүүс байна. Ийм байгаагүй бол утаанаас болж олон хүн амь нас эрсдэхгүй.
Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Батбаясгалан: 2017 онд ҮАБЗ хуралдаад өргөтгөсөн зөвлөмж гаргасан. Үүнээс хойш маш олон төрлөөр туршилт хийсэн. Бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн цагаас хойш СХД-ын ууланд байдаг найман хороонд туршсан. Тэр айлууд хоёр дахь жилдээ шахмал түлшийг хэрэглэж байна.
Уул уурхай газрын тосны төв лабораторийн эрхлэгч Булгамаа: Манай лаборатори 20 дээжид шинжилгээ хийхэд техникийн шаардлага хангасан байсан. Шинжилгээний дүнг МХГ-т хүлээлгэж өгсөн.
НМХГ-ын дарга Эрдэнэчулуун: “Тавантолгой” түлш компани байгуулагдсан цагаас эхлээд тасралтгүй дээжээ шинжлүүлж эхэлсэн. 2018 оны 10 сард анхны дээжээ шинжлүүлж байсан. Өдий хүртэл 41 дээж шинжлүүлсэн. Энэ хугацаанд гарч байгаа хариу стандартын шаардлага хангасан гэж гарсан. Гаалийн ерөнхий газрын лабарторит барьцалдуулагчийг шинжлүүлэхэд цардуулгүй шавар эрдэс гэж
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гарч байгаа нөхцөл байдалтай хамаатай таван асуудал байна. Нэгд, зуухны асуудал. Муудсан зуухнаас болж асуудал гарсан. Хоёрт, яндан. Гуравт, сойлтуур. Гал асч байхад сойлтуураа хаадаг. Дөрөвт, ханан пийшин. Тавд, үнсэн дээрээ нэмээд хийчихдэг. Зуух нь үнсээр дүүрээд утаа гарсан байна гэсэн дүгнэлтийг цагдаагийн байгууллага гаргасан байналээ. Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Цаашдаа ийм асуудал гаргахгүй байх үүднээс Засгийн газар ажиллах ёстой. Сүүлийн хоёр хоногт нас барсан хүн байхгүй. Гэхдээ угаартсан хүн байгаа.
Эрчим хүчний сайд Л.Болд: Бид түлшний хувьсгал хийж байна. Бүх улс орон үүнийг дамжсан. Харамсалтай нь бид буцаад түүхий нүүрсээ түлэх үү гэдэг сонголт дээр ирсэн байна. Энэ бол улс төржих сэдэв биш. Үүнд иргэдийн оролцоо ч маш чухал. Энэ төсөл зогсох эрсдэл бий болоод байна. 2010 онд бид анх шахмал түлшний үйлдвэр бий болгож байсан. Хувийн хэвшлийнхэн ч хийх гэж оролдоод бүтээгүй. Тиймээс энэ төслөө цааш нь явуулах хэрэгтэй. 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Сайжруулсан түлшинд Тавантолгойн угаасан нүүрсийг ашигласан. Үнэтэй нүүрс. MCS-д хүсэлт тавьсан. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд MCS нүүрсээ үнэгүй өгсөн. Гэтэл гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор энэ ажлаа зогсооно гэж байгаа. Бид “та бүхэн үүнийгээ битгий зогсоо” гэдэг асуудлыг ярьж байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн