Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

С.Энхтөр: Хотын төв рүү татвараа төлөөгүй, торгуультай, техникийн улсын үзлэгт тэнцээгүй машиныг нэвтрүүлэхгүй

С.Энхтөр: Хотын төв рүү татвараа төлөөгүй, торгуультай, техникийн улсын үзлэгт тэнцээгүй машиныг нэвтрүүлэхгүй
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 23
Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.  
Тодруулбал, хотын замыг гурван бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой бөгөөд энэ сард бэлтгэл ажлыг хийгээд, ирэх наймдугаар сараас эхлэн бүсчлэлээр авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулах юм байна. 
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Улаанбаатар хотод 530 гаруй мянган авто машин бүртгэлтэй байгаагаас 428 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5000-8000 автомашин бүртгүүлдэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо. Тухайлбал,  нийслэлийн авто замыг гурван бүсчлэлд хуваасан. А бүс нь бага талбайг хамрана. Үүнд, Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруугийн хэсэг орно.  В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг юм. Харин С бүс нь дээр дурдсанаас гадуур хотын зах хэсэг юм. Мөн орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгоох зохицуулалтыг хийж байгаа. Уг зохицуулалт ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 авто машины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.
А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах саналыг ярьж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Олон улсад түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой арга нь иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгох байдаг. Тиймээс нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулах, зарим авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, дугуйн зам, явган хүн зам бий болгох зэрэг ажил хийгдэнэ.  Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул  Бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэлээ.
Мөн А, В бүс рүү татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн машиныг нэвтрүүлэх юм байна. Мөн зогсоолын төлбөр нь 500, 1000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар төлөвлөжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн