УИХ яг одоо цахимаар хуралдаж, жагсаал цуглаантай холбоотой асуудал болон авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн байдлыг танилцуулж, мэдээлэл өгчээ. Жагсагчдын нөхцөл байдал хурцдах, үймээн самуун дэгдэх эрсдэл өндөр байгаа учраас Засгийн газраас ОНЦ БАЙДАЛ зарлах саналыг гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь заасан ёсоор дор дурдсан онцгой нөхцөл бий болсон үед онц байдал зарлаж болно:
1. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон.
2. Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
1. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол Улсын Их Хурал Онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
2. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана.
3. Ерөнхийлөгч энэ зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу онц байдал зарласан бол Улсын Их Хурал уул зарлигийг гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзвэл уул шийдвэр гарсан өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно.
Онц байдал үргэлжлэх хугацааг Улсын Их Хурал тогтооно.
Онц байдал зарлахад хүргэсэн нөхцөл бүрэн арилаагүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлын үргэлжлэх хугацааг сунгаж болно.