Боловсрол | 14 мин уншина

Б.Батжин: Төгсөгчид пифагорын томьёог цээжээр мэддэг, харин зорилгоо цээжээрээ мэддэггүй

Б.Батжин: Төгсөгчид пифагорын томьёог цээжээр мэддэг, харин зорилгоо цээжээрээ мэддэггүй
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 29

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцснаа, дэлхийн топ толгой компаниудад ажиллаж олж авсан туршлагаа Монголдоо зориулах, эх орондоо нутагшуулах чин хүсэлтэй монгол залуус олон болжээ. Тэдний нэг бол Томүжин академийн үүсгэн байгуулагч Болдбатын Батжин.    

17 настайдаа Хобби сургуулийг төгсч, АНУ-ын Виллямс либерал артс коллежийг төгссөн тэрээр АНУ-н Норт-Адамс хотын гарааны бизнесийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байсан ч улс эх орныхоо төлөө ямар нэг зүйлийг хийж, бүтээе гэсэн сэтгэл нь  Монгол руу хөтөлжээ. 

Б.Батжинд АНУ-д эсвэл Францад ажиллаж, амьдрах сонголт байсан ч амжилттай өрнөж байсан карьераа орхин эх орондоо ирсэн түүний ажил, амьдралын зорилго, алсын хараа, амжилт бүтээлийн талаар ярилцсанаа хүргэж байна.     

Тэрээр “Хаана ч ямар ч улсад очсон тэр бол Монгол биш. Эх орон минь учраас хаана ч очсон надад өгч чадахааргүй мэдрэмж байдаг. Эх орондоо үнэ цэнийг бүтээж, боловсролын салбарт хувь нэмрээ оруулна гэдэг монгол хүнийхээ хувьд мэдрэмж талаасаа тэс өөр зүйл” гэснээр бидний яриа эхэлсэн юм.   

Б.Батжин улсын сургуулиас Харвардад тэнцсэн Э.Нарангаравын багш бөгөөд тэрээр Э.Нарангаравтай адилхан олон шавиа гадаадын шилдэг их сургуульд тэтгэлгээр сургахад бэлдэж, тэдний “арын алба”-нд зүтгэжээ.

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Монголдоо ирж Томүжин боловсролын төрийн бус байгууллагыг байгуулсан шалтгаан тань юу байсан бэ. Амжилттай өрнөж байсан карьераа орхиод Монголдоо ирэх болсон түүхээр яриагаа эхлүүлье?  

-Анх 17 настайдаа АНУ-руу суралцахаар явахдаа олон улсын хуульч болоод эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулан улс эх орноо өөрчилнө гэх зорилготой явж байсан.  Монголоо өөрчилнө гэсэн багын мөрөөдөл маань үргэлж бодогддог байсан тул хаанаас нь эхэлж өөрчлөлт хийх вэ гэж их боддог байсан. Тэгээд миний хувьд  боловсролын салбарт хувь нэмрээ оруулах юм бол Монголын нийгэмд бага ч болов өөрчлөлтийг бий болгох боломжтой гэдгийг олж харсан. Учир нь 40 настай хүний бодол, хандлагыг өөрчлөхөөс илүү 15, 16 настай хүүхдүүдэд их биш ч гэсэн тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлж чадах юм шиг санагдсан. Тийм болохоор АНУ-д суралцаж байхдаа зуны амралтаараа Монголд ирж хүүхдүүдэд зөвлөгөө өгч, дэлхийн шилдэг их сургуульд сургах хөтөлбөрийн хүрээнд хичээл заадаг байсан.

Их сургуулиа төгсөөд АНУ-ын Нортадамс хотын нэгэн бизнес инкубаторт ажиллах санал авч дөрвөн сар ажилласан.  Хар тамхи, ядууралтай Нортадамс хотын эдийн засгийн хөгжлийг өсгөнө гэсэн зорилттой ажиллаж байсан. Мэдээж тэр хотын хөгжилд хувь нэмрээ оруулах нь сайхан. Гэхдээ Улаанбаатарынхаа төлөө юу ч хийгээгүй байж Нортадамс гэх хотын төлөө шөнийн 2 цаг хүртэл ажиллана гэдэг мэдрэмж талаасаа утгагүй санагдсан. Нортадамст байх Батжингийн импакт, Улаанбаатарт байх Батжингийн импакт хэр байх тухай, хэр нөлөөлөл үзүүлэх талаар их бодсон. Тэгээд Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, бага ч болов нөлөө үзүүлье гэж бодоод Монголд боловсролын төрийн бус байгууллага байгуулъя гэж шийдсэн. Энэ нь  амжилттай ч, эсрэгээ амжилтгүй байсан  мэдрэмж талаасаа илүү үнэ цэнэтэй санагдсан.    Олон зүйлийг хийх гэж оролдохын оронд ганц зүйлийг чанартай сайн хийгээд түүгээрээ дамжуулан өөрчлөлт бий болгохыг хүссэн. Тэр нь боловсрол.  

Ер нь хүн ажил дээрээ ариун цэврийн өрөөнд хэр их цаг зарцуулж байгаагаар нь ажилдаа хэр их хайртай хүн бэ гэдгийг үнэлж болдог гэдэг дээ. Би Нортадамдс байхдаа бие засах өрөөнд маш их цаг зарцуулдаг байсан. Яагаад вэ, мэдээж ажлаа сайн хийж байгаа ч мэдрэмж талаасаа сэтгэл хангалуун бус байсан. Одоо бол Томүжин дээр 1-2 минутыг нь ариун цэврийн өрөөнд зарцуулдаг болсон. /инээв/

Хоёрт, АНУ-аас Монголд ирэх болсон шалтгаан  гэр бүл, хүүхэдтэй маань холбоотой. АНУ-ын нийгэм маш ганцаардмал, их хүйтэн нийгэм. Хүүгээ Монголдоо өсгөж, Монголынхоо соёл, уламжлалаар хүмүүжүүлэхийг хүссэн.      

Төгсөгчид пифагорын томьёог цээжээр мэддэг, харин зорилгоо цээжээрээ мэддэггүй 

-Танайх GAP хөтөлбөртөө арван жилийн сурагчдыг хамруулан гадаадын шилдэг их сургуульд суралцахад бэлтгэдэг. Арван жил төгсөж байгаа хүүхдүүд сурах ёстой зүйлээ сурч төгсөж байна уу, төгсөгчдийн чанар ямар төвшинд байна вэ. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд илүү ойроос харж, дүгнэж байгаа байх?       

-Томүжин академи 2015 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш дэлхийн шилдэг их сургуулиудад монгол залуусыг сурахад чиглүүлж, зөвлөгөө өгсөн байна. Өнөөдрийг хүртэл 500-аад сурагчтай ажиллаж, түүнээс 60 орчим оюутан 7-8 сая долларын тэтгэлэг гадаадын их сургуулиас авсан. Энэ жил гэхэд гадаадын сургуульд тэнцсэн хүүхдүүд нийт 3-4 сая долларын тэтгэлгээр сургаж байна. Гэхдээ манайх зүгээр нэг гадаадад сургадаг зуучлалын байгууллага биш, шалгарсан сайн хүүхдүүдийг бэлтгэж, Монголын боловсролын салбарын дутууг нөхөж яваа юм. 

Ингэхдээ АНУ-н шилдэг их дээд сургуулиудад элсэн суралцах зорилготой ахлах сургуулиа төгссөн шилдэг 12 сурагчдыг Томүжин академи болон Монгол дахь Америкийн их сургуулийн хамтарсан GAP программд хамруулж, зургаан сарын турш бэлтгэдэг. Ингэхдээ хүүхдүүдээ маш өндөр шалгуураар сонгож аваад АНУ-ын шилдэг их сургуулиудын шалгуурт тэнцэхүйц хэмжээнд бэлтгэдэг.  Энэ хугацаанд арван жилийн боловсролын системийн дутагдалтай, сул  талуудад маш их байгаа нь бидэнд ажиглагдсан юм.

Хүмүүс бусдын алдаа дутагдлыг хараад шууд шүүмжилдэг. Харин тэр алдаа дутагдлыг хэрхэн өөрчилж, засаж залруулж болох шийдлийг хэлдэг нь цөөхөн байдаг юм шиг санагддаг. Энэ ярилцлагаар дамжуулан Монголын боловсролын салбарт юу дутагдалтай байгаа, түүнийг хэрхэн өөрчилж, сайжруулж болох тухай хэдэн санаа хэлье гэж бодлоо.

Бие даах чадваргүй, өөртөө итгэлгүй, тэвчээргүй, тууштай биш мөртлөө маш их зүйл цээжилсэн хүүхдүүдийг  Монголын боловсролын систем төрүүлдэг.  Сонсоод автоматаар цээжилдэг, эсвэл багшийн хэлсэн бэлэн зүйлийг хуулчихдаг болохоор ямар ч санаачлагагүй, идэвхигүй, бие даах чадварыг эзэмшээгүй гарч ирж байна.  Академик зүйлээр маш их нүддэг. Одоогийн арван жилийн төгсөгчид пифагорын томьёог цээжээр мэддэг, харин зорилгоо цээжээрээ мэддэггүй. Уг нь бол уншаад цээжилдэг бус уншаад, логиктой сэтгэж,  боддог, судалдаг, судалсан зүйлээ харьцуулаад дүгнэлт хийж, бичих чадварыг арван жилийн боловсролын систем олгож байх ёстой юм болов уу.   

GAP хөтөлбөрт шалгарч орж ирсэн шилдэг 12 хүүхдэд албаар АНУ-ын сургуулиудыг өөрсдөө судал, хэрхэн, яаж суралцах төлөвлөгөөгөө гарга гээд даалгавар өгөхөөр маш хүндээр хүлээж авдаг. Яагаад гэхээр бие дааж сураагүй, арван жилийн турш багш нар яг юуг хэзээ хэрхэн хийхийг зааж өгөөд ирчихсэн болохоор тэр юм.         

Хүүхдүүдийн тэр бодол, хандлагыг өөрчлөхийн тулд Томужингийн зуны сургалтаараа 9-11 дүгээр ангийн хүүхдүүдэд 500 мянган төгрөг өгөөд төсөл санаачлах ажлыг хийлгэдэг. Хуучин хувцас цуглуулаад гуталны хайрцагт хийгээд хэрэгтэй хүнд өгөх, ундааны сав зарж мөнгө олоод түүгээрээ сандал хийгээд зардаг. Энэ нь толгой дотор байсан бодлоо цаасан дээр буулгаж, түүнийгээ хэрэгжүүлээд, үр дүнг нь нүдээр харж буй хүүхдэд маш том урам зоригийг өгдөг. Үүний үр дүнд хүүхдүүд бага багаар өөртөө итгэлтэй, санаачлагатай болж эхэлдэг.     

Өөрөө туршиж, хийж үзээгүй, санаачлагагүй  хүүхэд сэтгэхүйн хувьд алдахаас айдаг болчихдог. Нэг үгээр хэлбэл, өөртөө эрсдэл авах дургүй, аливаад оролдого хийхээс хойш суудаг болчихдог.    

Хоёрт, юунд дуртай, юу хиймээр байгааг нь хэзээ ч асуудаггүй болохоор өөрийгөө хэн гэдгээ мэддэггүй.  Юунд дуртайгаа мэдээгүй, өөрийгөө хэн бэ гэдгийг танихгүй мөртлөө есдүгээр ангиас мэргэжил сонгох тухай яриад эхэлдэг. Уг нь бол тухайн хүүхэд ямар мэргэжилтэй болохоос илүү юунд дуртай гэдэг нь илүү чухал юм.  АНУ-д бол бакалаврын төвшинд ч мэргэжлийн талаар ярьдаггүй. Өнөөдрийг хүртэл надтай уулзаж зөвлөгөө авсан 1000 хүүхдээс гарын хуруунд багтах цөөхөн хэд нь яагаад тухайн мэргэжлээ сонгож байгаа шалтгаанаа тайлбарласан. Бусад нь аав, ээж энэ мэргэжлээр суралц гэсэн, эсвэл гоё болохоор ч юм уу, би багаасаа л “Эмч болно гэж боддог байсан. Зарим нь манай аав, ээж тийм мэргэжилтэй. Тийм болохоор би тэр мэргэжлийг сонгоно гэж хариулдаг.   

Нөгөөтэйгээр мэргэжил сонголтын хувьд ирээдүйд юу хийх тухайгаа бодитойгоор төсөөлөх нь хамгийн чухал. Тиймд  мэргэжлээ сонгохоос өмнө дадлага хийж үзээд, ирээдүйн ажлын байртайгаа танилцах нь маш том давуу талтай.   Ажлын байраа бодитойгоо төсөөлөөд түүндээ өөрийгөө бэлдэж, суралцана гэдэг ирээдүйд мэргэжлээрээ ажиллах, цаашлаад ажилгүйдлыг төвшинг бууруулахад ч чухал нөлөөтэй. 10 жилийн системд мэргэжлээ бодитойгоор төсөөлж, өөрийгөө таньж мэдэх хөтөлбөр, сургалт, дадлагыг оруулж өгөх нь маш чухал, мөн тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа юм.     

undefined

-Өндөр шалгуураар GAP хөтөлбөрт тэнцсэн 12 хүүхдийг үнэ төлбөргүй бэлтгэж, гадаадын их сургуульд сурахад нь бэлддэг үү. 200 хүүхдээс 12-ийг нь тэнцүүлдэг гэсэн. Хүүхдээ яг  ямар шалгуураар сонгож авдаг вэ?

-Манай GAP программ дээр дурдсанаар Монгол дахь Америкийн их сургуультай хамтран санхүүжилттэй явагддаг. 200 гаруй хүүхдээс 12-хоныг нь сонгож авна гэдэг маш хэцүү байдаг.

Харвард, Принтсон, Иел зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд яагаад шалгуур өндөртэй байдаг вэ. Гоё ширээ сандалтай,  сайн номтой, сайн багш, профессортой, сайн сургалтын хөтөлбөрөөс гадна хүүхдэд хамгийн чухал зүйл хүрээлэл байдаг.  Тиймдээ ч чи өөрийгөө хүрээлсэн таван хүний дундаж нь гэж хэлдэг шүү дээ.   200 хүүхдээс шалгаруулж авсан 12 хүүхэд бие биенийгээ хурцалж, хамтдаа хөгжүүлж эхэлдэг. Эхний жилд гэхэд 12 хүүхдийн тав нь АНУ-ын шилдэг их сургуульд тэнцэж байна. Түүнд  миний оролцооноос илүү бусдынх нь нөлөөлөл, хүрээлэл чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тиймдээ ч 12 хүүхдийг маш өндөр шалгуураар, АНУ-ын шилдэг их сургуулиудын шалгуурыг бүрдүүлж чадах потенциал байгаа юу гэдгийг харж авдаг.   

Харвардад тэнцэхийн тулд хамгийн багадаа таван чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй

undefined

АНУ-ын шилдэг их сургуулиуд хэн нэгэнд тэтгэлэг олгож, хөрөнгө оруулалт хийхдээ хүнийг хэн бэ гэдгийг үнэлэхийн тулд зөвхөн академик чадварын шалгуур хангалтгүй гэж үздэг. Тийм болохоор дараахь шалгуурыг хангасан хүүхдэд тэтгэлэг олгож, хөрөнгө оруулдаг.   

Нэгд,толгой буюу академик чадварыг чадварыг 10 жилийн дүн буюу SAT-ийн оноогоор шалгаж, тодорхойлдог.

Хоёрт, зүрх буюу хүсэл эрмэлзлийг нь хардаг. Тухай хүүхэд аливаа нэг зүйлийг хийх чин хүсэл эрмэлзэлтэйг хардаг.  Тэр нь юу ч байж болно. Хүсэл мөрөөдөлтэй юу гэдэг чухал  шалгуур байдаг.  АНУ-д  манай сургууль гэхэд 130 орчим клубтай. Оюутнууд нь өөрсдөө клубээ байгуулаад ТУЗ-ийн гишүүнээр нь сонгогдоод явдаг. Энэ зүйлийг хөл, зүрхтэй хүүхдүүд хийж байгаа юм. Тийм болохоор сургууль нь ийм хүүхдийг хайж байдаг.

Гуравт, хөлийг нь хардаг. Хөл нь хайртай, дуртай зүйлийнхээ төлөө хэр санаачлагатайг илтгэдэг. Нэг үгээр хэлбэл, дуртай зүйлийнхээ төлөө хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөж чадах уу гэдэг шалгуур юм.

Америкийн сургуулиуд каталог сонгож байгаа юм шиг хичээлээ өөрөө сонгож,судлах шаардлагатай байдаг. Хэний ч заавар, зөвөлгөөгүйгээр өөрөө бие дааж суралцах чадвар чухал байдаг гэсэн үг. Тийм болохоор тухайн хүүхэд сурч мэдэхийн төлөө хэр санаачлагатай, түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаж чаддаг вэ гэдгийг гол шалгуур болгодог.

Дөрөвт, баруун гар. АНУ-ын их сургуулийн маш том үнэлдэг зүйл баруун гарын чадвар байдаг. Энэ нь нийгэмдээ хэр сайн өгч чадах хүн бэ, цагаа, мөнгөө бусдын төлөө зориулж чадах уу гэдэг шалгуур байдаг.    

Манай сургуулиас гэхэд сар бүр надад манай ангийн төгсөгчийн зураг, хэлсэн үгтэй захидал явуулаад хандив өгөөч гэдэг.  Шилдэг оюутнуудыг тэтгэлгээр сургаад дараа нь буцаагаад хандив байдлаар хөрөнгө оруулалтаа буцаагаад авах бодлого бас бий. Манай сургууль гэхэд 1,7 тэрбумын активтай. Би хүртэл сард 5 доллар, заримдаа бүр 50 доллар хандив болгож өгдөг. Баруун гарын өгөх чадварыг харж буйн цаана ийм бодлого бас бий.   

Тавдугаарт, зүүн гар буюу дадлага хийсэн эсэх.  Түрүүнд хэлсэнчлэн мөрөөдлөө илүү бодитойгоор төсөөлөхөд сургадаг зүйл бол зүүн гарны чадвар байдаг.

Энэ таван чадвар нийлж байж амжилттай хүнийг бүрдүүлдэг.  GAP хөтөлбөр энэ нөхцлүүдийг бүрдүүлж чадах потенциалтай хүүхдэд мөн үү гэдгээр гол шалгуураа болгодог. Түүнээс биш зүгээр нэг хүүхэд аваад ир Харвардад сургаад өгье гэж байгаа юм биш.  Буруу системээр бэлтгэгдээд гараад ирчихсэн хүүхдүүдэд дутагдсан зүйлийг нь нөхөж, дэмжиж өгч байгаа юм. 

Түүнээс гадна аав, ээжийн хүслээр бус өөрөө зорилго, мөрөөдөлтэй байх нь чухал шалгуур байдаг.

-Арван жил төгссөн хүүхдүүдийн эссэ бичих чадвар сул, энэ нь улмаар хүүхдийн логиктой сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхгүй байна гэдэг. Эссэ хэрхэн бичих тухай зөвлөгөө өгөхгүй юү?

-Ганцхан ярилцлагаар дамжуулаад эссэ сайн бичих зөвлөгөө өгнө гэдэг хэцүү байх болов уу. Эссэ бичихэд юу хамгийн чухал болох тухай өөрийн туршлагаасаа мэдсэн ганц, хоёр зүйлийг хэлье.

Сагсан бөмбөг тоглож сурах гэж байгаа хүнд Майкл Жордан хүрч ирээд бөмбөг яаж шидэхийг, байрлалаа хэрхэн авах тухай бүтэн цаг хичээл зааж өгчихөөд зааланд очоод шууд тогло гэвэл Майкл Жордан шиг шидэж чадахгүй. Харин Майкл Жордан шиг бөмбөг шиддэг болохын тулд өглөө бүр 200 удаа, өдөр 200 удаа, орой 200 удаа бөмбөг шидэх дасгалыг тасралтгүй хийх шаардлагатай болно.  Өөрөөр хэлбэл, тасралтгүй бэлтгэл, сургуулилт дасгал хийх хэрэгтэй.        

 Би хүүхдүүдэд эссэний хичээл заахаас өмнө “нэгдүгээр ангид суралцаж эхэлснээс хойш хэдэн эссэ бичсэн бэ” гэж асуудаг. Гэтэл арван жил сурчихаад хамгийн ихдээ 10 хуудас эссэ л бичсэн байдаг. Тэгэхээр эссэ бичиж чадахгүй, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй, логиктой илэрхийлж чадахгүй байх нь аргагүй юм.  Тиймд эссэ сайн бичихэд тустай эхний зөвлөгөө бол өдрийн тэмдэглэл ч байна уу, өөрийнхөө үзэл бодол ч байна уу, комент ч байна уу бичиж байх нь чухал юм.  Эссэ сайн бичих арга бол бичих, засварлах, бичих, засварлах...  зарчмаар явагддаг.

Хоёрт, Нэг эссэ бол нэг санааг илэрхийлж, тэр санаагаа дэлгэрүүлэх ёстой. Монгол хүүхдүүдийн эссэг харахаар толгойд орж ирж байгаа бодлоо урсгаж байгаа юм шиг биччихдэг. Зурагчны ажил амарх уу, хэцүү юу гэдгийг илэрхийлэх эссэ бичлээ гэхэд “Зурагчны ажил хэцүү...тэгээд би явж байсан чинь нээрээ манай ах зурагчин, ахыгаа хараад зурагчин болбол гоё гэж бодсон. Ер нь тэгээд би Монгол Улсаа хөгжүүлнэ” гээд дуусгачихдаг. Ямар ч логик холбоос, бататгах, нотлох зүйлгүйгээр зөвхөн өөрийнхөө бодлыг урсгаад биччихдэг. Уг нь хүүхэд бага сургуульд байхаад монгол хэлний хичээлээр дамжуулан эссэ бичих, нарийн хэлэх юм бол өөрийнхөө үзэл болдлыг зөв, эмх цэгцтэй илэрхийлэхийг сурах ёстой юм л даа.

Нөгөөтэйгээр эссэ сайн бичихэд чанартай сайн сэтгүүл, ном, бичвэр унших нь чухал байдаг. Уншаад байх тусам хуулж дуурайж  эхэлнэ. Бичсээр байгаад үндсэн зүйлээ хийж чаддаг болчихоор чөлөөтэй бичиж чаддаг болно.  

-Таны хувьд англи, франц хэлтэй. Гадаад хэл сурсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Гадаад хэлийг маш сайн сурах хоёр арга бий. Нэгдүгээрт, гадаад хэл бол дүрэм, тогтолцоо биш ёс заншил.  Хэрвээ танд боломж, бололцоо байгаа бол ёс заншил дээр нь очиж сурвал илүү үр дүнтэй, хурдан сурна. Гэхдээ хүн бүрт тийм боломж гарахгүй. Парис руу явж чадахгүй бол Парисаас ирж байгаа хүнд хөтөч хийгээд хэл сурч болно. Нөгөө нэг зүйл нь тухайн гадаад хэл дээр их хэмжээний ном унш гэж зөвлөмөөр байна.       

-XXI зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ.Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?

-Монгол хүнд хамтдаа хийж бүтээе гэсэн сэтгэлгээ дутагдалтай байдаг. Бусадтай хамтраад хийх бус бусдаас хоцорчих вий, бусдын ард гарчих вий гэсэн омгийн сэтгэхүйтэй.  Уг нь хоёр жижигхэн омгийн атаман байснаас нийлээд хүчээ нэгтгэн том омгийг байгуулах илүү чухал.  

Жишээ нь, монгол залуусыг дэлхийн шилдэг их сургуульд сургах ижил зорилготой хоёр төрийн бус байгууллага пепси кола шиг өрсөлдөх шаарддага байхгүй л дээ. Тэдний зорилго биелж байгаа бол түүнтэй хамт манай зорилго ч давхар биелж байгаа юм. Амжилттай яваа хүмүүсийн нийтлэг сайн тал бол яаж хамтдаа хожиж чадах вэ гэдгийг харж чаддаг. Нийлээд, хамтраад хожлоо харж чаддаг гэсэн үг. Тиймд залуу үеийнхэн хэрхэн хамтарч, өөрийн хожлыг бий болгох вэ гэж хардаг сэтгэхүй маш чухал.

Нөгөө нэг зүйл нь миний хувьд долоо хэмжиж нэг огтлохоос маш сайн нэг хэмжээнд маш хурдан зоригтойгоор огтлох, оролдлого хийх ухаан илүү чухал санагддаг.  Огтлоод алдаа гарсан ч түүнээс суралцаж, дүгнэлт хийгээд дараагийн огтлолоо хурдан хийгээд явах нь чухал. Тууштай огтлоод дүгнэлт хийгээд явж байхад хэзээ нэгэн цагт супер огтлолыг хийдэг. Тиймд хүнд оролдлого хийх, түүнээс суралцах чадвар маш чухал гэж боддог.    

Мөн зарим талаар монголчууд тууштай, тэвчээртэй ажиллаж сурах хэрэгтэй гэж санагддаг. Зоригтой эхлүүлдэг ч үр дүн гарахгүй болохоор шантарчихдаг. Зоригтой мөртлөө тууштай биш байдаг.

Үнэхээр супер баян амьдармаар байгаа мөртлөө өглөөний 9 цагаас 17.00 цаг хүртэл ажиллачихаад яагаад тэр мөрөөдлөө биелнэ гэж бодоод байгааг ойлгодоггүй юм. Манай нэг танил ах энэ тухай “Монголчууд юу ч хийдэггүй мөртлөө яаж баяжих вэ гэж яриад байдаг” гэж хэлж байсан. Амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь тууштай байдал, хөдөлмөрч занд оршдог юм. Өөр онцгой зүйл байдаггүй.

undefined

-Тэгвэл тууштай байдлыг өөртөө хэрхэн бий болгох вэ?  

-Урт хугацааны тууштай байдлыг мөрөөдөл, зорилго бий болгодог гэж боддог. Би бусдын л адил амьдралтай дундаж айлын хүүхэд байсан. Ээж минь намайг боловсролтой болгохын тулд байраа зарж жижигрүүлээд илүү гарсан мөнгөөр нь намайг хувийн сургуульд сургадаг байсан. Хэдийгээр би хувийн сургуульд сурдаг байсан ч бусад найзууд шигээ дуртай зүйлээ хүссэн үедээ авч чаддаггүй байсан. Мэдээж хоол унд, өмсөх зүүхээр дутдаггүй байсан ч бусад найзууд шигээ хүссэн бүхнээ авч чадахгүй өссөн. Тэр дутагдалтай, элбэг хангалуун бус байдал нь намайг сайн сурах хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, зорилготой болгосон.   

Тууштай, үнэнч байдлын тухай нэг жишээ хэлье. Манай Томүжин академид багшилдаг Мөнхбат гээд залуу бий. АНУ-ын шилдэг их сургуульд сурдаг мөртлөө, монгол хүүхдүүдэд тусална гээд сургуулиасаа чөлөө аваад багшилж байна.  Өглөөний 9-өөс шөнийн 01.00  цаг хүртэл чин сэтгэлээсээ ажилладаг. Нэг удаа 23.00 цагт ажлаасаа гарахдаа “ямар эрт гарч байна аа” гэж бодсон гэж байгаа юм. Багш хүний хийж байгаа ажлын үр дүн урт хугацаагаар хэмжигддэг шүү дээ. Урт хугацааны дараа үр дүн нь харагдана. Тэгвэл энэ хүнийг ямар зүйл ингэж тууштай байлгаж байна вэ.  30 минут хүүхдэд хичээл заагаад тэр нь тухай хүүхдийн амьдралд ямар том үнэ цэнийг бүтээж болохыг мэддэг болохоор, өнөөдрийн золиос болгосон энэ цаг нь ирээдүйд асар том үнэ цэнийг бий болгоно гэдэг итгэдэг. Магадгүй 10 жилийн дараа Монголын боловсролын салбарт маш том өөрчлөлтийг авч ирнэ гэдэгтээ итгэдэг, түүнд хандсан баттай зорилго, мөрөөдөлтэй болохоор тууштай, хөдөлмөрлөж, уйгагүй хичээл зүтгэл гаргаж байгаа юм.  Ганцхан Мөнхбат гэлтгүй, зорилго мөрөөдөлтэй түүндээ тууштай, хөдөлмөрлөж зүтгэж чаддаг  багш нар манай академи дээр олон бий.

- Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Бид дэлхийд байхгүй алтернатив, сурагч төвтэй ахлах сургуулийг Монголдоо үүсгэн байгуулах том мөрөөдөл, төлөвлөгөөтэй түүнийгээ зорилгоо болгоод явж байгаа. Алтернатив сургуульдаа дэлхийн шилдэг багш нарыг багшлуулж ганц Монгол Улсын боловсролд дутагдаж байгаа зүйл биш дэлхийд хүртэл дутагдаж байгаа хоосон орон зайш нөхөж чадах тийм сургууль байгуулна. Мөн бидний сурагч дэлхийн хаана ч дутагдахааргүй, дутагдахгүй байтугай дэлхийн шилдэг их дээд сургуульд өрсөлдөж явдаг хүчтэй боловсон хүчин болж бэлтгэгдэх том мөрөөдөлтэйгээр ирээдүйгээ харж байгаа. 

Төгсгөлд нь Монголын ирээдүйд хувь нэмэр оруулж, боловсролыг дээдэлж  буй Монгол дах Америкийн Сургуулийн хамтарсан GAP программын санхүүжүүлэгч Walt Jenkins захиралд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Танд ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа   

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн