Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “МИК Холдинг” ХК" нэгдэж, нэг сая мод тарихаар боллоо.
Тодруулбал, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулан гарын үсэг зурсан юм.
Батламжид талууд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл нар оролцов.
Эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна. Үүнд:
“Монголын банкны холбоо” /Арилжааны 11 банк/ – 50, 000, 000
“Хургатай хайрхан” ХХК – 10, 000, 000
“Нью прогресс групп” ХХК – 10, 000, 000
Даатгалын мэргэжлийн холбоод /”Монголын даатгалын холбоо”, “Албан журмын даатгалын холбоо”, “Даатгалын зуучлагчдын холбоо”, “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”/ – 5, 000, 000
“Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” – 2, 750, 000
“Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо” – 1, 250, 000
“Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” – 1, 000, 000
“Ард санхүүгийн нэгдэл” ХК – 1, 000, 000
“МИК Холдинг” ХК – 1, 000, 000
“Эрдэнэ ресурс девелопмент” ХК – 1, 000, 000
“Эрхэт монгол групп” ХХК – 1, 000, 000
“Грийнпинус” ХХК – 1, 000, 000
“Инвескор ББСБ” ХХК – 1, 000, 000
“Бичил глобус финанс” ББСБ – 500, 000
Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн “Дээвэр” нэгдсэн холбоо – 300, 000
“Ханбогд кашимер” ХХК – 300, 000
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.