Open iToim app
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 28
iToim агентлагийн редакцаас 2020 оны онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна.
1. УИХ-ын сонгууль ба У.Хүрэлсүхийн дөрвөн хамгийн, хамгийн…  
undefined
Улс төрийн хүрээнд хамгийн онцлох үйл явдал нь мэдээж УИХ-ын сонгууль. Товчхондоо, уг сонгууль ковидын хориг, бас айдас дор ерөнхийдөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сонгууль болов.  Сонгуулиар МАН парламентад 62 суудал авсан ч, үнэн хэрэгтээ тэдний олонхи нь “оймсонд хавчуулагдсан” гэдэг шиг  олон нийтийн У.Хүрэлсүхэд найдсан итгэлд хавчуулагдаж сонгогдсон нь бас үнэн юм. Эндээс, энэ ялалтаас хувь улстөрч У.Хүрэлсүхийн, мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамгийн, хамгийн гэх шинэ түүх бичигдэнэ.  Тухайлбал,
  1. 1992 оны ардчилсан Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдын нэгэн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Өнгөрсөн 30 жилд дөрвөн жилийн бүрэн эрхээ гүйцээсэн Ерөнхий сайд гэвэл П.Жасрай, Н.Энхбаяр хоёр. Бусад нь бүгд хугацаанаасаа өмнө огцорчээ. Хэрвээ хамгийн олон жил Ерөнхий сайдаар ажилласнаар нь  эрэмбэлбэл дээрх хоёр эрхмийн араас одоогоор У.Хүрэлсүх багтана. Тэрбээр 2017 оны аравдугаар сараас хойш гурван жилийн бүрэн эрхийн хугацаа үдэж, дөрөв дэх жил рүүгээ орж явна.   
  2. Мөн 1992 оноос тоолбол Ерөнхий сайдар хоёр удаа томилогдсон гурван эрхмийн нэг нь У.Хүрэлсүх болов. Түүнээс өмнө Ц.Элбэгдорж, С.Баяр нар хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож байв. Одоогоор дараалан Ерөнхий сайдаар томилогдсон хоёр хүн байгаагийн нэг нь У.Хүрэлсүх, нөгөө нь С.Баяр.
  3.  Монгол Улс 20 жил ярьж байж, 2019 онд ардчилсан Үндсэн хуульдаа хоёр дахь нэмэлт, өөрчлөлтөө орууллаа. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд анх удаа Засгийн газрын гишүүн-сайд нараа өөрөө томилох, чөлөөлөх онцгой эрхтэй болов. Ийм эрхтэй анхны Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх болж таарав.  
  4. 1992 оноос эхтэй УИХ-ын долоон удаагийн сонгуульд нэг нам дангаараа засаглаж байгаад дахин ялж байсан түүх байхгүй. Харин МАН дангаараа засаглаж байхдаа 2020 онд УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд ялж, дараалан найман жил дангаараа засаг барих эрхтэй болов. Энэ нь сүүлийн 30 жилийн Монголын улс төрд тохиож буй анхны бөгөөд содон үйл явдал юм.  
2. Аварсан зүрх зогсохгүй, аврагдсан зүрх мартахгүй
undefined
Хүний зүрх минутад 75-80 цохилдог бөгөөд цохилох бүртээ 300-350 грамм цусыг түгээж, мөн хураадаг онцгой эрхтэн. Энэ онцгой эрхтэнд мэс хүргэх онцгой эрхийг аавын хамтаар эзэмшсэн шиг эзэмшсэн хүн бол Бундангийн Болдсайхан эмч. Олны танил түүний тухай хэт нуршиж танилцуулах нь илүүц юм. Харин Б.Болдсайхан эмч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийнхэнтэйгээ хамтран 2020 оны тавдугаар сараас “Зүрх мартахгүй” төсөл хэрэгжүүлж, олон зуун бяцхан зүрхийг аварсан бөгөөд зөвхөн мэс заслын тоо нь 85 болжээ.
Хамгийн гол нь уг төслийнхөн өөрөө явж, Монгол орноо тойрон зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, эмгэгтэй хүүхдүүдийг үзэж оношлон эмчилдэг, мөн мэс засал хийж эдгээдэг юм.
Зүрхний төрөлхийн гажигтай дөнгөж эхээс төрсөн нярайгаас эхлээд дөрөв, таван настай хүүхдүүдэд шинэ амьдрал бэлэглэж, зогсоож байгаад цохилуулсан зүрх бүхэн мартахгүй байх гайхамшгийг Б.Болдсайхан эмчтэй “Зүрх мартахгүй” төслийнхөн бүтээж байна.   
“Зүрх мартахгүй” төслийнхөн 2020 онд Монгол орны хамгийн алсмагдмал 10 гаруй аймгийн сумдад амьдарч байгаа иргэдийг өөрсдөө зорин очиж, 1000 гаруй хүүхдэд үнэгүй үзлэг шинжилгээ хийжээ. Тэд  2021 онд 100 хүүхэд, 2027 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх зорилго тавин ажиллаж байна.  Төслийнхний аварсан зүрх зогсохгүй, аврагдсан зүрх Б.Болдсайхан эмч ба төслийн багийнхнийг мартахгүй.
3. Энэ цагийн эгэлгүй баатрууд ба ХӨСҮТ
undefined
Дэлхийн дахинд коронавирусийн аюулт цар тахал дэгдээд нэг жил болж байна. Энэхүү халдвар өвчин дэхийн хүн амын аж амьдралыг орвонгоор нь эргүүлэв. Үхлийн аюултай энэ өвчин Монгол Улсыг тойрч гарсангүй. Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Анхны тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн буюу франц иргэнээс илэрч, Монголчуудыг сандаргаж байсан цаг саяхан мэт. Тухайн үед ХӨСҮТ болон Шуурхай штабын албан хаагчид хариу арга хэмжээг яаралтай зохион байгуулж 24 цагийн дотор 200 гаруй хавьтлыг тогтоож, хариу арга хэмжээг авсан. Хамгийн гол нь бүх хавьтлаас коронавирус илрээгүй бөгөөд Монгол Улс арваннэгдүгээр сарын 10 хүртэл зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн тохиолдлуудыг илрүүлж, эмчилж байв. Манай улс нэгдүгээр сараас хойш бүтэн арваннэгэн сарын турш коронавирусийн халдварыг дотооддоо халдаагүй, нэг ч хүн халдвараас болж эндээгүй, зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг эмчилж, эдгээж чадсан юм. Энэ бол цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, эмч эмнэлгийн ажилтнуудын 11 сар өдөр, шөнөгүй ажилласны хамтын амжилт байв. Тэдэн дундаас халдвар авсан хүмүүстэй нүүр тулан, голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олныг онцлох нь зүйн хэрэг. 
2020 оны гуравдугаар сарын 10-нд анхны зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдахад ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ц.Чинбаяраар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг франц иргэнийг 47 хоногийн хугацаанд эмчилж, эмнэлгээс гаргасан билээ. Ц.Чинбаяр эмч нь сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн эмч нарын нэг бөгөөд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг гардан авч эмчилж, эдгээсэн ачтан. Тэрээр өвчтөнийхөө биеийг эмчлэхээс гадна сэтгэл зүйн урам зориг өгч үргэлж итгэл найдварыг бэлэглэж чаддаг хүн гэдгийг эмчлүүлээд эдгэрээд гарч ирсэн франц иргэн онцолж байв. ХӨСҮТ-ийнхэн яг л ийм зарчмаар ажиллаж, халдвар авсан олон иргэнээ эмчилж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт халдвар авсан хүний 60 гаруй хувийг бүрэн эдгээж, гэрт нь гаргасан. 
Ил гарч, танигдсан нь Д.Нямхүү, А.Амбасэлмаа, Ц.Чинбаяр эмч боловч цаана нь олон, олон Нямхүү, Чинбаяр нар голомтод ажиллаж байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ариутгагч, лаборант нар гээд бүгдэд нь Монголын ард түмэн талархаж буй нь гарцаагүй. Хэдий Монгол Улсад дотоодод халдварыг алдаж, нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч өнөөдөр өөрийнхөө амийг үл хайхран халдвартай нүүр тулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид бол жинхэнэ ачтан, эгэлгүй баатрууд мөн.
4. Үндсэн хууль зөрчсөн их баривчилгаа
undefined
Б.Чимид агсны хэлснээр Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс мөн. Монгол Улсад болж буй бүх үйл явдал, хэм хэмжээ бүгд Үндсэн хуульд багтана гэсэн санаа. Тэгвэл Үндсэн хуулийн байгуулал болох, хууль хийгээд шударга ёсны манаач байх үүрэгтэй шүүх нь Үндсэн хуулиа зөрчсөн нь 2020 оны онцлох үйл явдлын нэг мөнөөс мөн байлаа. Шүүх нэр бүхий улстөрчид, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг баривчилж хорихдоо Үндсэн хуулийн ноцтой бөгөөд илэрхий зөрчил гаргасан нь одоо эхнээсээ Монгол Улсыг олон улсын байгууллагын өмнө муугаар дуудуулах, цоллуулж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үед шүүгчийн захирамжаар баривчилж хорьсон. Ингэхдээ нэгд, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан. Үндсэн хуульд зааснаар бол УИХ-ын гишүүнийг баривчлах, цагдан хорихдоо тулбал заавал УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой. Өмнөх жишиг ч ийм процедуртай. Гэтэл Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний халдашгүй эрхтэй нь аваачаад хорьчихсон шүүх нь, ийм захирамж гаргасан шүүгч нь өөрөө Үндсэн хууль дээрээ гишгэснээс ялгаагүй явдал болов. Асуудал, агуулга нь Ж.Эрдэнэбат гэдэг хувь хүндээ бус, парламентын гишүүний халдашгүй эрх гэдгийг Үндсэн хуулиар хамгаалсан хэрэг. Одоо шүүхийн энэ алдаанаас болж ОУПХ-ноос Ж.Эрдэнэбатын кейс дээр хэрэг үүсгэж, Монголд ирэхээр зэхэж байна.
Хоёрт, түүнийг баривчлахдаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй. Зүй нь, УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар бол сонгуульд нэр дэвшигчийг баривчилж, цагдан хорихдоо заавал Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж зөвшөөрөл авах хуулийн заалттай. Шүүх яг ийм зарчмаар, яг адилхан хуулийн хамгаалалт бүхий УИХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Баярцогт, Н.Номтойбаяр, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг СЕХ-ны зөвшөөрөлгүй баривчилсан юм.  Задалж тайлбарлабал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дээрх  заалтыг үл тоож баривчилгаа явуулсан нь  “хууль дээдлэх” Үндсэн хуулийн зарчмыг шүүх өөрөө нулимснаас ялгаагүй юм. Тийм болохыг нь баталсан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц хэдхэн өдрийн өмнө гаргалаа. Цэцээс “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих болбол СЕХ-нд мэдэгдэж зөвшөөрөл авах” УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргав. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг Цэц хянадаггүй л дээ. Тэгэхдээ Цэцийн дээрх дүгнэлт нь “…шүүх УИХ-ын сонгуульд нэр дэвшигч  нэр бүхий улстөрчдийг баривчлах тогтоол гаргахдаа СЕХ-нд мэдэгдэж,  зөвшөөрөл аваагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна…” гэсэнтэй агаар нэг юм. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг байх аа.  Гуравт, Ж.Эрдэнэбатыг анх шүүхдээ өмгөөлөгчгүйгээр шүүсэн нь хүний эрхийн зөрчилд тооцогдон манай Үндсэн хуулиас ч томорч олон улсын байгууллага, Европын холбооны хүний эрхийн комиссын анхааралд өртөж эхлээд байна. Европын холбооны хүний эрхийн хороо шийдвэрээ гаргахдаа ОУПХ-ныхоо дүгнэлтийг нотлох баримтын төвшинд авч үздэг эсэхийг мэдэхгүй. Мөн Ж.Эрдэнэбатад өмгөөлүүлэх эрхийг нь олгохгүйгээр шүүснийг хүний эрхийн зөрчилд тооцох эсэхийг ч мэдэхгүй. Харин “хүний эрхийн зөрчил гаргасан” гэж үзвэл Европын холбооноос тус улсад үзүүлэх эдийн засгийн зээл, тусламжид хориг тавих, хүний эрхийг зөрчих шийдвэр гаргасан албан тушаалтнууд, тэдний ойрын хамаарал бүхий этгээдүүдийг Европын холбооны улс орнуудад зорчиход визийн хориг тавих шийдвэр гаргадаг. Ийм хоригт ОХУ-ын олон улстөрч, шүүгч, прокурор, төрийн өмчит компанийн захирлууд багтсан даа.
Жич: Энд дээрх нэр бүхий улстөрчдийн гэм буруугийн асуудлыг хөндөөгүй, хөндөхгүй бөгөөд шүүхийн өмнөөс шүүх эрх хэнд ч байхгүй болно.
5. “E-Mongolia” ба төрийн үйлчилгээ танай гэрт очдог болсон
undefined
Монгол Улсад  төрийн нэг үйлчилгээг авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Үүнд замын түгжрэл, дараалалд зогсох хугацаа багтаж буй.
Эстони улс цахим шилжилтийг 20 жилийн турш хийж, сайжруулсны үндсэн дээр төрийн бүх үйлчилгээг нэг платформд багтааж чадсан түүхтэй. Тэгвэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформыг ердөө нэгхэн жилийн дотор хөгжүүлж, 2020 оны аравдугаар сарын 1-нд албан ёсоор олон нийтэд танилцуулсан. Ингэснээр иргэд www.e-mongolia.mn болон “e-Mongolia’ гар утасны аппликейшны тусламжтай төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран, оочер, стресс, хүнд сурталгүйгээр гэрээсээ, гар утсаараа авах боломжтой болсон. Ирэх онд төрийн 492 үйлчилгээг “E-Mongolia” платформд нэгтгэх бөгөөд цаашид хиймэл оюунд суурилсан “Чимэгэ” системийг нэвтрүүлэн дуу хоолойгоор төрийн үйлчилгээг хүргэх юм.
Технологи хөгжихийн хэрээр гар утаснаасаа төрийн бүх үйлчилгээг авахаас илүү хурдан, үр дүнтэй шийдлийг шаардах болжээ. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ таныг хайж очдог байх хэрэгцээ үүссэн.
Харин тун удахгүй “E-Mongolia” платформ таны гадаад паспортын хугацаа дуусах гэж байгааг сануулж, “Нэгхэн үйлдлээр” шинэ паспортоо захиалж, гэртээ хүргүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хэрэв та Солонгосын визэнд материал бүрдүүлж байгаа бол, цагдаагийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт авах бол, орлогын нотолгоо зэргийг танд бүрдүүлж авахыг санал болгож, цахимаар авах боломжийг олгох юм. Хамгийн энгийн жишээгээр залуус цэргийн үзлэгээр орохдоо шаардлагтай бичиг баримтуудаа хавтсанд хийж, биедээ авч явах шаардлагагүй болох ирээдүй ойртсоор. Энэ бол шинэхэн, цогц цахим шилжилт юм. Мөн үүрэн холбооны үндэсний оператор компаниуд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж, “e-Mongolia”-д хандахад дата унахгүй байх зохицуулалт хийсэн.
Технологийн ийм шийдэл нь төрийн хүнд суртал, хэт данхар бүтэц, орон тооны давхцал, авлигалыг хумих боломжийг олгож буй. Харин энэ бүхнийг бодит болгох ажлыг хэрэгжүүлж буй шинэ үеийн манлайлал Б.Болор-Эрдэнэ болон “E-Mongolia” төслийн хамт олныг манай редакцын зүгээс 2020 оны онцлох тавын нэгээр нэрлэж байна. “E-Mongolia” платформыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн Оксфордын их сургуультай хамтран хийсэн “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааг үндэслэн хэрэгжүүлсэн юм.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн