Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлаар хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож төсөл, саналаа танилцуулсан юм. Мөн УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлснээс гадна Д.Лүндээжанцан нарын 32 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хууль хууль санаачлагчид нь танилцууллаа.
УИХ дахь АН-ын зөвлөлийн нэгдсэн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрээр “УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ямар хуулиар хэлэлцэх нь тодорхойгүй байсан учир АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороогүй. Мөн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан төсөл Ерөнхийлөгчийн саналыг аваагүй байсан. Түүнчлэн энэ УИХ дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёсзүйн үндэслэлгүй гэж үзэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болж байна. Ерөнхийлөгч саналаа өргөн барьсан байгаа. АН-ын зөвлөл "давхар дээл"-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй гэж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд заасан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг АН дэмжиж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох гэсэн саналыг дэмжиж байна. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгч төсөлдөө сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналыг АН дэмжиж байгаа" гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр зарим намын төлөөлөл, улс төр судлаачдын байр суурийг сонирхлоо.