Улс төр | 5 мин уншина

Ч.Сайханбилэг: Л.Оюун-Эрдэнэ PR-аа бага хий, урагшаа харж ажилла

Ч.Сайханбилэг: Л.Оюун-Эрдэнэ PR-аа бага хий, урагшаа харж ажилла
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 29
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн сошиал хуудсаар дамжуулан Оюу толгой төсөл болон Дубайн гэрээний хүрээнд хөрөнгө оруулагч талуудын хооронд өрнөж буй яриа хэлэлцээний талаар байр сууриа илэрхийлсэн.
Тэрээр “Оюутолгойн гэрээ хэлэлцээ явагдаж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулан өөрийн байр сууриа маш товчхон илэрхийлье гэж бодлоо. Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн төсөл хөтөлбөртэй холбогдуулж, өөр өөрсдийн холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гаргаж ирсэн байдаг.
Тухайлбал, 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг батлах, байгуулах, ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэсэн асуудлуудыг шийдсэн байдаг. С.Батболдын Засгийн газар 2011 онд Засгийн газрын  үр өгөөжийг нэг тэрбум ам.доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. Манай Засгийн газрын үед 2015 онд та бидний нэрлэж заншсанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан.
Хэдийгээр тэр үед эдийн засгийн хүндрэл бэрхшээл маш ихтэй, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт эрс огцом буурсан ийм нөхцөл байдалд бид бүхэн Дубайн гэрээг хийж байсан. Мөн Рио Тинто компани хоёр жил байтугай хэсэг хугацаанд бид нар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй. Ил уурхайгаа үргэлжлүүлнэ гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ бид ийм хүнд хэцүү нөхцөлд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг тухайн үед байгуулж чадсан.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол юу юм бэ гэдгийг хоёрхон өгүүлбэрээр хэлэхэд. Та бидний сайн мэдэх Тавантолгойн нүүрсний уурхай өнөөдөр автомашинаар өөрийнхөө экспортыг хийж байгаа. Хэрэв бид цаг хугацаанд нь төмөр замыг зөв царигаар хийж чадсан бол Тавантолгойн бүтээн байгуулалт, нүүрсний экспорт хэд дахин нэмэгдэх байсан. Үүнтэй адил далд уурхайн бүтээн байгуулалт бол өөрөө Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа. Тиймээс далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр хуучин зөвхөн ил уурхайгаас экспортолж байсан үеэс 3-4 дахин их хэрэгжээд явах бололцоотой.
Дээр нь далд уурхай 2023 онд ашиглалтад орно гэж байгаа. Өөрөөр хэлбэл Дубайн гэрээг байгуулснаас хойш бүтээн байгуулалтад 8 жил зарцуулагдаж байна. Хэрэв манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаагүй бол өнөөдөр 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ашгаа өөрөө алдах байсан бэ гэдэг нь харагдаж байгаа юм.  
Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Яагаад гэхээр Рио Тинто 2015 онд хоёр байтугай хэсэг хугацаанд хүлээнэ гэж байсан асуудал байхгүй болсон. Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк санхүүгийн 15 байгууллага өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын зээлийг өгсөн учир Рио Тинто өмнөх шиг цаг хугацаа хойш тавьж, хүлээж суух бололцоо байхгүй болсон. Тэдний хувьд цагийн тоолуур ижилхэн ажиллаж байгаа учир гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр аргагүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээний үед энэ нөхцөл байдал, хөзрөө ашиглах хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын хувьд асуудлыг 50-70 хувь шийдэхэд том амжилт болно. Гэхдээ ард чинь популист улстөрчид хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл яагаад заавал 50-70 хувиар шийдэж байгаа юм бэ. Яагаад 80-100 хувь шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улстөржилт байнга явагдана.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд том төслүүд цаг хугацааны эрхэнд байнга сайжирч, шинэчлэгдээд явж байдаг. Жишээ нь, Монгол Улс 1973 онд нийгмийн өөр байгуулалттай байх үедээ Эрдэнэт үйлдвэрийг байгуулах гэрээ хэлэлцээр байгуулж байсан. Тухайн үед ЗХУ Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум шилжих рублиэр үнэлж, үүний тал хувь буюу 500 сая шилжих рублийг Монгол Улс гаргана. Энэ хөрөнгийг Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалаас төлнө гэдэг гэрээг хийж байсан. Гэхдээ ЗХУ маш олон жил дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур буюу өөрсдийн хийсвэрээр тогтоосон хамгийн бага үнээр Эрдэнэтийн зэс баяжмалыг авч байсан. Монгол Улс 1973 оноос хойш 1991 онд анх Эрдэнэтийн олонхи хувь буюу 51 хувийг авах шийдвэр гаргаж байсан. Мөн дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 1300 ам.доллараас доош унаж байсан 1998-1999 оны үед Эрдэнэт үйлдвэр татвар, ашиг өгөх байтугай улсын төсвөөс ямар татаас мөнгө өгөх вэ гэдэг хүртэл асуудалд хүрч байсан үе байдаг. Энэ үйлдвэр 1973 оноос гэхээсээ илүүтэй 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан түүхтэй. Манай Засгийн газар 2016 онд харь улсад байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчирж, 100 хувь Монгол Улсын өмч болох түүхэн шийдвэрийг гаргаж байсан.
Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр том төсөл хөтөлбөр гэдэг бол цаг хугацааны явцад сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам нэмэгдэж байдаг ийм учиртай. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар биш. Бас эцсийн Засгийн газар биш гэдгийг өөрсдөө ойлгох учиртай болов уу гэж бодож байна. Дараа дараагийн Засгийн газрууд мөн Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах энэ асуудлыг өөрийнхөө цаг хугацаа, бүрэн эрхийн хугацаанд хийгээд явах нь дамжиггүй.
Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг үнэхээр маш сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Юу вэ гэхлээр олон улсын ийм том үндэстэн дамнасан компанитай хэлэлцээ хийж байх үед ямар нэгэн авлига авч, өгөх тухай эсвэл хууль бус ямар нэгэн асуудал байдаггүй. 2009 онд ч ийм байсан. 2015 онд ч ийм байсан. Өнөөдөр 2021 онд ч ийм байгаа болов уу гэж бодож байна.
Мэдээж УИХ дээр асуудлууд үүснэ. Олон популист улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэрээ хэлэлцээр байгуулаад дараагийн шатанд орлоо гэхэд л яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад энэ асуудлыг орхисон юм бэ гэдэг улстөржилт байнга явагдана. Тиймээс Засгийн газар урагшаа харж юмаа шийдэж явдаг. Өмнөх Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд, улс төрийн хилс хэрэг үүсгээд, Оюу толгойн асуудалд холбогдож байсан Засгийн газрын удирдлага, тэр үеийн хүмүүсийг улс төрийн хэрэгт холбогдуулах нь утгагүй. Тиймээс улс төр, PR-аа бага хий. Урагшаа харж ажилла. Тэртээ тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно. Гэхдээ Засгийн газрын Үндсэн хуулиар олгогдсон гүйцэтгэх засаглалын том үүрэг, ажил бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдээд явах ёстой. Улс төр хийх цаг хугацаа бол хэзээд олдоно.
Манай Засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээг байгуулсны дараа итгэл хүлээлгэх үү, үгүй юү гэдэг асуудал тухайн үеийн УИХ-аар орж ирж байсан. Тэр үед АН УИХ-д олонхи биш байсан ч Дубайн гэрээ эсвэл Оюу толгойн төслөөс болж Засгийн газраа огцруулахгүй гэдэг улс төрийн шийдвэрийг гаргаад явж байсан түүхтэй. Тиймээс та бүхэн ч байсан тэгэх байх.
Оюу толгойн төсөл хөтөлбөр  өөр өөрийнхөө цаг хугацаанд өөр өөрийнхөө нөхцөл байдалд Монгол Улсад ирэх үр өгөөж нь цааш цаашдаа улам сайжирч явна гэдэгт би эргэлздэггүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урагшаа харсан шийдвэрийг гаргаж яваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Амаргүй хүнд хэцүү гэрээ хэлэлцээний ажилд та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн