Open iToim app
Зочин | 7 мин уншина

Л.Баяртуул: Ерөнхийлөгч Х.Баттулга 'Майдар' төслийн санаачлагчдын нэг мөн

Л.Баяртуул: Ерөнхийлөгч Х.Баттулга 'Майдар' төслийн санаачлагчдын нэг мөн
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 11
Олон жил яригдсан “Майдар эко хот” төслийг Засгийн газар саяхан дэмжин 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаж, 2019 оноос хот байгуулалтын эхлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор “Майдар эко хот” төслийн удирдагч Л. Баяртуултай ярилцлаа.
-“Майдар эко хот” төслийг дэмжүүлэхээр өмнө нь  Засгийн газарт хандаж, хүсэлт гаргаж байсан уу?
-Майдар эко хотын төлөвлөлтийг хийж эхэлснээс хойшхи хугацаанд тав дахь Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл дагуул хот барьж, Улаанбаатарын ачааллыг багасгах ёстой гэсэн маш олон шийдвэр гарч байсан ч дорвитой алхам хийгдээгүй. Урьд нь төслийн ТЭЗҮ дуусаагүй байсан учраас Засгийн газраар хэлэлцүүлэхэд арай эрт байсан. Харин одоо Майдар хотын төлөвлөлтийг хийж дууссан учраас Засгийн газар болон хөрөнгө оруулагчдаас дэмжлэг хүсэх цаг нь ирсэн гэж Засгийн газарт хүсэлт гаргаж, дэмжигдлээ.
-Майдар хотын газрын хувьд танайхан анх 27 мянган га газар хүссэн гэсэн. Гэхдээ 12 мянган га газар олгосон. Тэгэхээр хот төлөвлөлт өөрчлөгдөх үү, Төслийн дахин боловсруулалт хийх үү?
-Хотын хэмжээнд төлөвлөгдсөн 27 мянган га газартай Хөшигийн хөндийн онгоцны буудлын 2000 га газар давхардсан учраас уг газрыг дахин тусгай хэрэгцээнд авах шаардлагагүй. Зөвшөөрсөн 12 мянган га газар нь нам дор газар буюу Майдар хотын барилга байгууламж барих боломжтой газрууд юм. Үлдсэн газар нь уулархаг газар байгаа. Үүнийг ногоон байгууламж барих үед тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын нөхцөл байдлаас сургамж авч, Майдар хотыг 27 мянган га газар байгуулах төлөвлөлт хийсэн. Улаанбаатар хот нь өөрөө анх тодорхой газарт 500 мянган оршин суугчдад зориулан төлөвлөгдсөн. Ингэхдээ хот тэлэхийг урьдчилан харж төлөвлөөгүй байсан. Төлөвлөлтгүй орхигдсон сул газарт газар олголт хийснээс гадна иргэд өөрсдийн дураар суурьшсанаас эмх замбараагүй байдал бий болсон. Энэ байдал давтагдахгүй байхаар төлөвлөсөн. Ирээдүйд Майдар хотыг өргөтгөх шаардлага гарвал төлөвлөлтийн дагуу өргөтгөж, тав тухтай орчинд амьдрах юм. Замбараагүй газар олголт явагдахгүй, төлөвлөлтөөс гадуур ямар нэг ажил хийх боломжгүй. Ер нь төслийн үндсэн зорилго, санааг алдагдуулахгүйгээр үйл ажиллагааны хуваарилалтад өөрчлөлт оруулж болно. Бид одоогийн байдлаар холимог ашиглалттай эко хот барихаар янз бүрийн үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. Үүнд тодорхой хэмжээний өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь төлөвлөсөн дэд бүтцийн зохион байгуулалтад захирагдаж явах болно.
-Газар дээр байгаа айл өрхийг яаж нүүлгэх юм бэ. Нүүлгэвэл тухайн айлд нөхөн төлбөр өгөх юм уу?
-Одоогийн байдлаар Майдар хот төлөвлөгдсөн газар ямар нэг айл өрх байхгүй. 2012 онд анх хот байгуулах газар дээр төлөвлөлт хийж байхад газар олголт хийгдээгүй байсан. Гурван малчин айлын өвөлжөө байсан. Тухайн айлуудтайгаа  бид өөрсдөө ярилцаж, ойлголцсон байдаг. Дараа нь хот барих сургаар маш олон хүмүүс газар авсан. Тухайн эзэмшүүлсэн газар олголт нь төлөвлөлтийн дагуу явагдаагүй. Уг хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан хэрнээ газар олголт хийсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Энэ тал дээр төр засгаас ямар нэг зохицуулалт хийх байх. Нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй. Яагаад гэвэл тухайн газар нутаг дээр одоогийн байдлаар барилга, байшин байхгүй.
-Ер нь Майдар хотыг байгуулахад хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардлагатай болж байгаа юм бэ?
-Майдар эко хот дөрвөн үе шаттай баригдахад ойролцоогоор 40 тэрбум долларын хөрөнгө шаардагдана. Эхний үе шат буюу ирэх таван жилийн байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг хийсэн. Үүнийг хийхэд ойролцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгө шаардагдахаар байгаа.
undefined
-Майдар хотыг дөрвөн үе шаттай байгуулна гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Майдар эко хот нь дөрвөн үе шаттай байхаар төлөвлөсөн. Эхний үе шат нь 80-100 мянган оршин суугчтай байхаар юм. Энэ хэсэг баригдаад дуусахад хотод байх ёстой бүх зүйл баригдсан байна. Тухайлбал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын газар гэх мэт бүх зүйл цогцоороо баригдана. Үүнийг 2030 он хүртэл хийхээр төлөвлөж байгаа. Эхний ээлжийн төлөвлөлтөд одоогийн байдлаар их, дээд сургууль, театр, мүзей, эмнэлэг гэх мэт үйлчилгээний газрууд болон ажлын байр бий болгох хөнгөн үйлдвэрүүд баригдана. Морин тойруулга, газар тариалангийн бүсүүд бас төлөвлөгдсөн байгаа. Хэрвээ 2030 он хүртэл хотоо барьж дуусгаад эрэлт ихтэй байвал хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлнэ.
-Улаанбаатарын иргэдийг Майдар эко хот юугаараа татах вэ?
-Майдар хот нь өөрөө эко хот байхаар төлөвлөгдсөн. Хүн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлсэн богино замын хот байх юм. Эко хот нь ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хот байх ёстой. Тиймээс Майдар хот нь хүний эрүүл мэндийг бодсон, түгжрэлгүй, эрүүл орчинтой байх болно. Нийтийн тээврийн хэрэгсэл хүртэл ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байхаар төлөвлөгдсөн. Мөн нийгмийн давхаргын эрх тэгш оролцоог хангасан буюу баян, ядуу гэсэн ялгаагүйгээр нэг дор амьдрах юм. Холимог байна гэсэн үг. Мөн маш сайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хот байх болно. Нэг их сургуулийг оюутны хотхонтой нь хамт Улаанбаатараас нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. 5000 оюутны хүчин чадалтай оюутны хотхонтой болно.
undefined
-Хот төлөвлөлтийн хувьд ямар байх вэ. Зохистой  төлөвлөлтийг яаж хийсэн бэ?
-Моно бүтэцтэй буюу нэг дүүрэгт аж үйлдвэрийн бүс, өөр дүүрэгт оршин суух хороолол, дараагийн дүүрэгт засаг, захиргааны нэгж гэх мэт төлөвлөлттэй хот бол Улаанбаатар. Улаанбаатар хотын авто замын түгжрэл нь нэг дүүрэгт нэг үйл ажиллагааг давамгайлан төлөвлөсөнтэй холбоотой. Тэгэхээр орчин цагийн хот нь заавал богино замын төлөвлөлттэй байх ёстой. Майдар хот нь иргэд гэртэйгээ ойрхон ажиллаж, өдөр тутмын хэрэгцээгээ ч мөн адил ойроос хангадаг холимог ашиглалттай хот байх юм. Тиймээс Майдарын хотын төвд нь хүний эрүүл мэндэд ямар нэг хор нөлөөгүй, дуу чимээ багатай аж үйлдвэрийн бүс хүртэл төлөвлөгдсөн байгаа. Тухайн үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс хол явж, замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй, мөн цаг их хэмнэх боломжтой.
-Тэгвэл олон улсыг хэрхэн татах ямар онцлогтой хот болох юм бэ?
-Хөшигийн хөндийн онгоцний буудал дээр түр зуур саатаад өнгөрөх зочид Майдар хотын бурхны хөшөө болон бусад соёлын үзмэрүүдийг үзэж, Монголын талаар сэтгэгдэл үлдээдэг хот болгохыг зорьж байгаа. Монголчууд нь нүүдэлчин соёлоороо дэлхийд танигдсан. Тиймээс Майдар хот нүүдэлчин соёлыг зарим зүйл дээр илэрхийлнэ. Тухайлбал, зарим нэг гудамж нь гэртэй байх болно. Мэдээж нүүрс түлдэггүй, орчин цагийн халаалттай байна. Мөн таван мүзей байхаар төлөвлөсөн.
-Гаднын улсаас хэчнээн төгрөгийн зээл тусламж авахаар төлөвлөж байгаа юм бэ. Ер нь гаднын улс Майдар хотыг хэр сонирхож байх юм?
-Майдар төсөл нь олон улсын байгаль орчныг хамгаалах, байгальд ээлтэй, хүлэмжийн хийг багасгах зэрэг шалгуурт тэнцсэн. Тиймээс олон улсын банкуудын зээлэх шаардлагыг хангасан. Мөн Герман болон Европын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаар инженер төлөвлөлтөө хийлгэсэн. ХБНГУ-ын Барилгажилтын тогтвортой хөгжлийн нийгэмлэгээс жинхэнэ эко хот байхаар төлөвлөгдсөн хот гэсэн платин гэрчилгээг ч авсан байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад том баталгаа болж байгаа юм. Тийм учраас хөрөнгө оруулагчид асар ихээр сонирхож байгаа. Үүнээс гадна эко хот нь эдийн засгийн маш их ач холбогдолтой байдаг. Майдар хотын урсгал зардал нь Улаанбаатар хотынхоос хамаагүй бага байна. Учир нь байшин барилгын цахилгаан, дулааны хэмнэлт нь 80 хувиар бага байх юм. Эрчим хүч зарцуулалт бага байх хэрээр байгаль орчинд ээлтэй, хэрэглэгч, оршин суугчдад эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлдэг.
-Майдар хотод зарцуулсан хөрөнгөө яаж олохоор төлөвлөж байгаа юм бэ?
-Бизнес төлөвлөгөөгөөр Майдар хот нь оршин суугчид, төр болон хөрөнгө оруулагчдад ашигтай байхаар гарсан. Заавал ашиглагдахгүй том хэмжээний дэд бүтцийг өндөр үнээр барих шаардлагагүй. Мөн өндөр технологи байх албагүй, гол нь найдвартай бас бүх талын үр өгөөжтэй байхаар төлөвлөсөн байгаа. Олон улсын банкны шалгуурыг хангаж байгаа тул хямд төсөр зээлүүд ч авах бүрэн боломжтой.
-Майдар хотыг тойроод иргэд өөрсдийн дураар газар эзэмшихгүй байх талаас хэрхэн анхаарч байгаа вэ?
-Хэн нэгэнд Майдар хотын газраас эзэмшүүлэхгүй гэж улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм. Улсаас Майдар хотын төлөвлөлтийн дагуу газар олголт хийж, хяналт тавина. Мөн дээр дурдсан ХБНГУ-ын гэрчилгээ олгосон байгууллагын өмнө бид төлөвлөлтийн дагуу төслөө хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа, эс тэгвээс олгосон гэрчилгээгээ хураалгадаг хатуу дүрэмтэй.
-Үүнээс гадна төрөөс ямар нэг дэмжлэг хүсэх үү?
-Том бүтээн байгуулалтын ажил төрийн оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Төрийн зүгээс шаардлагатай зөвшөөрөл, баримт бичгийг хүнд сурталгүйгээр авахад туслалцаа үзүүлэх байх. Учир нь Майдар хотод одоогийн манай улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжоос өндөр шаардлага, шалгууртай барилга байгууламж баригдах юм. Энэ нь Монгол улс бүх салбартаа Европ стандартыг нутагшуулах гэсэн Засгийн газрын тогтоолыг мөрдөж буйтай холбоотой юм. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллах тал бүрийн оролцоо хэрэгтэй.
-Майдар хотын шинэ зүйл нь юу байх вэ?
-Майдар эко хотод таваас дээш давхартай орон сууц баригдахгүй. Тухайн хотод амьдрах иргэдэд амины авто машины шаардлага байхгүй. Учир нь иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо 12 төрлийн үйлчилгээнээс сонгон үйлчлүүлэх боломжтой. Ер нь явган зорчигч, унадаг дугуйгаар зорчих иргэнд ээлтэй хот байна.
Барилга байгууламжууд нэг нэгнээ сүүдэрлэхгүй байхаар төлөвлөсөн. Айлууд дээвэр дээрээ нарны эрчим хүч суурилуулж, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Иргэд өвөл зун гадуур явган зорчиход зориулж зарим нэгэн зогсоол болон явган хүний замын дээд талаар дээвэр хийнэ. Мөн хотын уур амьсгалыг таатай болгох үүднээс хиймэл нуур хийхээр төлөвлөсөн байгаа.           
-Энэ төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгынх гэх нь бий. Ер нь Ерөнхийлөгчтэй ямар хамааралтай юм бэ?
-Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төслийн санаачлагчдын нэг. Тэрээр Барилга, хот байгуулалтын сайд байсан. Тухайн үед нь үндэсний аюулгүй байдлаас үүрэг өгч байсан юм билээ. Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд Улаанбаатар оршиж байна. Дагуул хотын ажлыг яаралтай эхлүүл гэсэн үүрэг өгсөн байдаг. Харин Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа эхлүүлж чадаагүй. Тиймээс 2012 онд Германы инженерийг урьж хот төлөвлөлт хийх ажлыг эхлүүлсэн.
-Иргэдээс хандив цуглуулаад нэлээд хугацаа өнгөрлөө. Одоогийн байдлаар хэр хэмжээний хөрөнгө цугларсан бэ?
-Их Майдар сан төрийн бус байгууллага бурхны хөшөө босгохын тулд хандив хуримтлуулдаг. Майдар эко хот төсөл нь тусдаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн