Эрүүл монгол | 3 мин уншина

Ц.Энх-Амгалан: Хөлийн хумс дахин шигдэж ургах эрсдэлийг бууруулах эмчилгээний аргыг нэвтрүүлээд байна

Ц.Энх-Амгалан: Хөлийн хумс дахин шигдэж ургах эрсдэлийг бууруулах эмчилгээний аргыг нэвтрүүлээд байна
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 20

 “Интермед” эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энх-Амгалангаас хумсны шигдэлт, түүнийг хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө авснаа хүргэж байна. Хумсны шигдэлт нь амбулаториор эмчлүүлэгчдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчний тоонд багтдаг байна.

-Интермед эмнэлэг хөлийн хумсны шигдэлтийг эмчлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ арга хэрэглэж эхэлсэн байна. Энэ эмчилгээний аргын давуу тал юу вэ?

-Карболын хүчил буюу фенол гэдэг бодис байдаг. Энэхүү бодисыг шигдсэн хумсны дахилтыг бууруулах зорилгоор хэрэглэж байна. Хамгийн гол нь хөлийн хумс дахин шигдэхээс сэргийлж байгаа эмчилгээний арга юм. Хумс шигдэлт үүсгэж байгаа гурван гол хүчин зүйл байна. Нэгд, бариу гутал өмсөх, хоёрт хумс гэмтэх, гуравт хумсаа авахдаа дугуйруулж, мах руу шигтгэж авдаг буруу зуршил. Хумсыг дугуйруулж авч огт болохгүй. Хумс нь арьсны ирмэгээс нэг миллиметр хэртэй илүү гарч байх ёстой. Уг нь хүн хөлийн хумсаа дөрвөлжилж авах нь зөв. Эсрэгээрээ хөлийн хумсаа дугуйруулж авснаар эргээд хумс ургахдаа хумсны хажуугийн зөөлөн эд, арьсанд шигдэж ургаад байгаа юм. Тиймээс иргэд бариу гутал өмсөхөөс аль болох зайлсхийж, хумсаа тулгаж авахгүй байх хэрэгтэй.

-Хөлийн хумс гүн шигдчихээр явж ч чадахаа больдог. Энэ тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийдэг юм бэ?

-Та их зөв ярьж, асууж байна. Хумс нь шигдсэн хүмүүс зовлонд унадаг гэж хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Манайд гарч байсан тохиолдол байна. Өмнөговь аймгаас ирсэн 20 гаруйхан насны залуу 2 хөлийн эрхий хурууны хумс нь аль аль тал руугаа шигдсэний улмаас хурууны зөөлөн эд үрэвсч идээлсэн, эвгүй үнэртэй, хавдаж томорсон, ямарваа нэгэн зүйлтэй эрхий хуруу нь хүрэлцэх л юм бол маш их өвддөг зэргээс болж гутлаа 2 размерээр томсгосноос гадна зөвхөн пүүз өмсдөг болсон байсан. Түүний хэлснээр бол хэн нэгэн санамсаргүйгээр хөл дээр нь гишгэвэл төсөөлөшгүйгээр өвддөг бас энэ өвдөлт нь тухайн өдөртөө намддаггүй гэж хэлж байсан.

Хумс нь шигдээд, орчны зөөлөн эд үрэвсээд идээлсэн тохиолдолд хумсыг бүтнээр авах эсвэл шигдсэн талыг хэсэгчлэн тайрах эмчилгээний арга байдаг. Хүний хумс 6 сарын хугацаанд бүрэн шинэчлэгдэн ургадаг. Энгийн байдлаар хумсыг бүтнээр эсвэл захаас нь хэсэгчлэн тайрч авсаны дараа хумс нь дахиад шигдэж ургах тохиолдол маш түгээмэл байдаг. Тиймээс шигдсэн хумсыг  мэс заслын аргаар эмчлэхдээ нэмээд карболын хүчлээр хумсны угийг “түлж”, дахин шигдэж ургах үйл явцыг зогсоож, бүрэн эмчлэх аргыг манай эмнэлэг нэвтрүүлээд байгаа юм.

Хумс ургадаг үндсийг нь химийн аргаар задалж, түлэх эмчилгээ гэсэн үг. Олон улсын судалгааны үр дүнгээс харахад энгийн аргаар хумсыг авсны дараа 75-95 хувь нь 1 жилийн дотор дахин шигдэх магадлалтай байдаг байна. Харин карболын хүчлийн эмчилгээний дараа 10 хүрэхгүй хувьд нь дахин шигдэлт үүсэх магадлалтай байгааг нотолсон. Карболын хүчлээр түлэх эмчилгээг манай Интермед эмнэлэг 2017 онд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ шинэ төрлийн эмчилгээг хийлгэсэн үйлчлүүлэгчдээс хумсны шигдэлт нь дахисан хүн одоогоор гараагүй. Ийм эмчилгээний арга хэрэглэхэд хөлийн хумс 1 жилийн дотор дахин шигдэж ургах магадлал маш бага байгаа нь энэ эмчилгээний аргын гол давуу тал юм.

-Энэхүү эмчилгээ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй эсэхийг хэрхэн баталгаажуулсан бэ?

-Энэ эмчилгээ нь олон улсын түвшинд хэрэглэгддэг. Шигдсэн хумсны угийг ”түлэх” эмчилгээнд хэрэглэдэг карболын хүчлийг ойролцоогоор 50-60 градусын дулаантай тусгай орчинд хадгалдаг. Мэдээж  карболын хүчил нь химийн бодис учраас хортой. Энэ бодисыг эмчилгээнд хэрэглэхдээ цэвэр хөвөнд шингээсэн байдлаар хөлийн хумсны шигдсэн талын уганд 30 секундийн хугацаатайгаар 3 удаа хэрэглэнэ. Маш бага хэмжээгээр буюу хөлийн  хумсны ёзоорын хэсэгхэн газарт нь хүрэлцүүлэх төдийхнөөр хэрэглэж байгаа тул химийн бодисын гаж нөлөө үүсэх магадлал байхгүй гэж хэлж болно. Энэ эмчилгээг жирэмсэн хүнд хийж болохгүй. Үүнээс гадна тухайн бодисоос хэт мэдрэг хүмүүс хариу урвал өгөх, зүрхний хэм алдагдах талтай. Өөрөөр ямар нэг гаж нөлөөгүй гэж мэргэжлийн хэвлэлүүдэд тэмдэглэсэн байдаг. Энэ аргын давуу талуудаас дурдвал дээр дурдсан дахилтын хувь онцгой багаас гадна хумсыг бүтнээр нь авах шаардлагагүй, өвдөлт маш бага, эдгэрэлт хурдан, удаан хугацаагаар боолт хийлгэх шаардлагагүй, косметик талаасаа эмчилгээний үр дүн сайн байгаа зэргийг дурдаж болно. Хөлийн хумс дахин шигдэх эрсдэлийг 90-ээс илүү хувиар багасгана. Дэлхийн дахинд хумсны шигдэлтийн эмчилгээний үр дүнтэй, нотлогдсон арга юм.

Эцэст нь хэлэхэд хумсны шигдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд хөлийн хумсыг ялангуяа эрхий хурууны хумсаа тултал нь дугуйруулж битгий авч байгаарай гэж захья. Бариу өөрт таараагүй гутал өмсөхөөс байнга зайлсхийж байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

-Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн