Нээлт | 2 мин уншина

‘Twitter’-ын араас ‘Facebook’ цомхотгол хийх бололтой

‘Twitter’-ын араас ‘Facebook’ цомхотгол хийх бололтой
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 8
“Meta” компани түүхэндээ анх удаа том хэмжээний цомхотгол хийхээр төлөвлөж байгаа талаар “Wall Street Journal” мэдэллээ.
Технологийн томоохон компаниуд зах зээлийн уналтаас шалтгаалан ийнхүү ээлж дараалан ажлын байрны цомхотгол хийж эхлээд байна. Тухайлбал, Твиттер өнгөрсөн долоо хоногт нийт ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон бол онлайн такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч “Lyft” нийт ажилчдынхаа 13 хувь, дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Stripe” ажилчдынхаа 14 хувийг цомхотгосон. Харин цахим худалдааны аварга загас “Amazon” тодорхойгүй хугацаанд шинээр ажилтан нэмж авахгүй болсноо мэдэгдсэн.
Тэгвэл АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээллээр “Meta” компани нь 87 мянга гаруй ажилтантай аж. Компанийн нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээлснээр “Meta”-гийн удирдлагууд орлого буурч, зарлага нэмэгдэж байгаатай зэрэгцэн эдийн засагт уналтаас шалтгаалан хэдэн мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөсөн байна. Одоогоор цомхотголд оруулах ажилчдын тоо тодорхойгүй байгаа ч энэ долоо хоногоос халагдаж буй ажилтнуудад мэдэгдэл хүргүүлж эхлэх бололтой. “Meta” компанийн зүгээс одоогоор энэ асуудалд албан ёсны тодруулга өгөөгүй байна.
Гэвч Марк Зукерберг өнгөрсөн сард “Meta” оны төгсгөлд алдагдал хүлээж болзошгүй гэж мэдэгдсэн. Тухайлбал, эдийн засгийн уналтаас болж компаниуд маркетингийн зардлаа танах болсон нь “Facebook” болон “Instagram”-ын зар сурталчилгааны орлого буурах шалтгаан болсон. Мөн компани “Metaverse” төсөлд олон тэрбум доллар зарцуулж байгаа нь зардал нэмэгдэж, ашиг буурах шалтгаан болж буй.
Улмаар 2022 оны гуравдугаар улиралд “Meta” компанийн ашиг хоёр дахин буурч, орлогын үзүүлэлт хоёр улирал дараалан буурсан. Хамгийн гол нь, өнгөрсөн онд зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давж байсан тус компанийн үнэлгээ өнөөдөр дөрөв дахин буурч, 250 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн