Дэлхий | 6 мин уншина

Билл Гейтсийг дундаж америкчуудтай харьцуулбал

Билл Гейтсийг дундаж америкчуудтай харьцуулбал
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 26
Майкрософт корпорацын үүсгэн байгуулагч III Вильям Хенри Гейтс буюу Билл Гейтс нь нэгэн цагт 86.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхий баячуудын жагсаалтыг тэргүүлж байв. Эцэг эх нь түүнийг багад нь “Трей” гэж өхөөрдөн дууддаг байжээ. Залуухан Билл Гейтс компьютерыг айл бүрийн хогшил болгох зорилгоо даган Харвардын их сургуулийг хаяж “Windows” үйлдлийн системийг зохион бүтээсэн нь түүнийг технологийн салбарын хамгийн нэр хүндтэй эрхмүүдийн нэг болгосон юм.
Компьютерын шинжлэх ухааны хэнээтнүүд түүнийг өнөөдөр амьд бурхан мэт хүлээн авдаг. Тэгвэл амьд бурхан мэт түүнийг дундаж америкчуудтай харьцуулбал ямар үр дүн гарах байх вэ. Тэр дундаж америкчуудын адил жирийн нэгэн хүн мөн үү?
Билл Гейтс 1955 оны аравдугаар сарын 28-нд АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод гурван хүүхэдтэй айлын дундах хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр харьцангуй том буюу 4.4 килограмм жинтэй төрсөн нь дундаж америкчуудтай харьцуулбал нэг килограмм илүү юм. Түүний эцэг мөн л Билл Гейтс гэх нэртэй бөгөөд хуульч нэгэн байсан бол ээж нь нэр хүндтэй бизнес эрхлэгч байжээ.
Тэдний өвөг дээдэс Герман, Ирланд, Шотланд цустай хүмүүс байсан нь АНУ-ын нийт цагаан арьст иргэдийн 72.4 хувьтай нь ижил аж. АНУ-ын нийт иргэдийн 17.1 хувь нь Герман, 12 хувь нь Ирланд гаралтай байдаг нь тус улсын хамгийн томд тооцогдох хоёр гарал угсаа юм.
Билл Гейтс 1.76 метр биеийн өндөртэй бөгөөд энэ нь дундаж америк эрэгтэй хүнээс үл ялиг өндөрт тооцогдоно. Дундаж америк эр хүний биеийн жин ойролцоогоор 76-84 килограмм байдаг бол тэрээр 64 килограмм жинтэй. Биеийн өндөр, жингийн харьцаагаар зохимжит буюу эрүүл биеийн харьцаатай хүнд тооцогдоно. АНУ-д цэнхэр нүдтэй хүмүүс хамгийн олон байдаг бол Билл Гейтс бор буюу хоёрт орох нийтлэг нүдний өнгөтэй. Үсний хувьд америкт хамгийн түгээмэл болох бор өнгийн үстэй. Америк эрчүүд дунджаар 10 размерын гутал өмсдөг бол тэрээр 9 размерын гутал өмсдөг. Хувийн амьдралынхаа талаар хэвлэл мэдээлэлд ярих бүрдээ эрүүл биед саруул ухаан оршино гэх Монгол зүйр үгтэй ижил утга бүхий үгс хэлдэг.
АНУ-ын “IQ”-ын дундаж төвшин 98 оноо юм. Хэдий Билл Гейтс өөрийн “IQ” оноогоо хэзээ ч олон нийтэд ил зарлаж байгаагүй ч хэд хэдэн эх сурвалж, ойрын харилцаатай хүмүүс түүний “IQ”-ын төвшин 160 оноо давдаг гэдэг. Энэ бол дундаж америк хүнээс хол давсан үзүүлэлт юм. Үүнийг батлах нэгэн баримт байдаг нь Олон улсын өндөр IQ-тэй хүмүүсийн нийгэмлэг түүнийг 99.99 хувийн өндөр оюуны бүтээмжтэй, гоц ухаантан гэж албан ёсоор бүртгэсэн байдаг.
Боловсролын хувьд тэрээр Вашингтон муждаа хамгийн шилдэгт тооцогдох “Lakeside prep” ахлах сургуулийг төгссөн юм. Ахлах ангид байхдаа “Tic-Tac-Toe” буюу бидний мэдэхээр “X-O” тоглоомын компьютер дээрх анхны хувилбарыг бүтээсэн нь сургуулийн захиргаанд өндрөөр үнэлэгдэж шаардлагагүй гэж үзсэн зарим хичээлдээ суулгүй код бичих зөвшөөрлийг түүнд олгожээ. Тухайн үед дундаж америк иргэд код, компьютер гэдэг зүйлийн талаар ч тодорхой ойлголтгүй байсан юм. АНУ-д өнөөдөр ч гэсэн ахлах сургуулийн хүүхэд код бичнэ, түүнийг сонирхоно гэдэг тийм ч түгээмэл үзэгдэл биш аж.
Билл Гейтс анхны программаа бичиж 4200 ам.долларын орлогоо олох үедээ ердөө 17 настай байжээ. Тухайн үед буюу 1972 онд АНУ-ын иргэдийн жилийн дундаж орлого 7.133 ам.доллар байсан юм. Ахлах сургуульд байхдаа тэрээр Майкрософтыг хамтран үүсгэн байгуулагч Паул Аллентай хамт суралцаж байсан бөгөөд тэд хэтэрхий их цагийг дэлгэцийн ард өнгөрөөж байснаасаа болж сургуулийн захиргаанаас компьютерын лабораторид орох эрхээ хасуулж байжээ.
Төгсөх жилээ Билл Гейтс конкурс буюу “SAT”-ын шалгалтдаа авах ёстой 1600 онооноос 1590 оноо авсан байна. Тухайн жил АНУ даяар “SAT” өгсөн нийт 1.67 сая хүүхдээс ердөө 1149 нь л түүнтэй ижил болон түүнээс өндөр оноо авч байжээ. Тэдний дунд түүний ирээдүйн бизнесийн хамтрагч Паул Аллен төгс 1600 оноо авсан хэдхэн хүүхдийн нэг болжээ.
Ингээд тэрээр хамгийн өндөр босготой их сургуулиудын нэг болох алдарт Харвардад суралцах урилга хүлээн авчээ. АНУ-ын хувьд 2013 оны байдлаар нийт ахлах сургууль төгсөгчдийн 65.9 хувь нь л их сургуульд тэнцэхүйц “SAT”-ын оноо авдаг байна. Харвардын хувьд энэ нь бүр ч хэцүү байх бөгөөд энэ жилийн хувьд тус сургууль суралцах хүсэлт гаргасан нийт хүүхдүүдийн ердөө 5.22 хувийг өндөр шалгуурын доор элсүүлжээ.
Гэвч Билл Гейтс компаниа байгуулахаар шийдэж Харвардын их сургуулийг дундаас нь хаясан юм. Түүний энэ үйлдэл технологийн салбарт халдварлаж Стив Жобс, Марк Цукерберг, Элон Маск тэргүүтэй олон ч хүн хүсэл мөрөөдлөө даган их сургуулиа хаясан нь өнөөдөр уламжлал ч гэж хэлж болохуйц зүйл болсон юм. Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар сүүлийн 20 жилийн турш АНУ-ын их сургуулиудад суралцаж буй нийт оюутнуудын талаас илүү хувь нь сургуулиа төгсөж, боловсролын зэргээ авалгүй сургуулиа дундаас нь хаяжээ.
Тэрээр Паул Аллентай хамтран Майкрософтыг үүсгэн байгуулах үедээ ердөө 20 настай байсан нь өнөөдөр ч компани байгуулахад залууд тооцогдож байна. Билл Гейтс сургуулиа хаяснаасаа хойш хоёр жилийн хугацаанд хурд хэтрүүлсэн, зогсох тэмдэгтэй газар түр зогсоогүй, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргээр дөрвөн удаа цагдаад саатуулагдаж байжээ. АНУ-ын нийт иргэдийн гуравны нэг нь түүнтэй ижил хэмжээний цагдаагийн бүртгэлтэй байдаг аж.   
Билл Гейтс 1980-аад оны эхэн үед “IBM” компанид ажиллаж байхдаа “MS-DOS” үйлдлийн системийг хөгжүүлсэн нь 50.000 ам.долларын үнэ хүрчээ. Тэрээр зохиогчийн эрхээ өөр дээрээ авснаар хожим “Windows” үйлдлийн системийн эхлэл болж, Майкрософтыг технологийн салбарын монополь компани болгосон юм. Тэд 1985 онд “Windows” үйлдлийн системийн анхны хувилбарыг танилцуулж, 99 ам.доллараар борлуулж эхлэх үед дэлхий дээрх нийт компьютерын 90 хувь нь тус үйлдлийн системийг ашиглаж байжээ. Мөн тухайн үед АНУ-ын нийт айл өрхийн ердөө найман хувь нь л гэртээ компьютертой байсан аж. Майкрософт компани 2016 онд “Windows 10” буюу  одоогоор гаргасан хамгийн сүүлийн үйлдлийн системээ танилцуулах хүртэлх хугацаандаа хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө бий болгожээ.
Тэрээр гэр бүлийн хамтаар өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг сайн үйлсэд хандивлах болсон нь америкийн бусад бизнесменүүдэд хүчтэй нөлөөлж, өнөөдөр баян хүн бүр л өөрийн гэсэн сайн үйлс бүтээдэг сантай болжээ.
Сэтгүүлчид нэгэн удаа түүнээс шашин шүтлэг болон амьдралын утга учрыг юу гэж боддог талаар асуухад тэрээр “дэлхий ертөнцийн нууцлаг байдал, гоо үзэсгэлэн үнэхээрийн гайхалтай бөгөөд энэ бүхэн хэрхэн бий болсон талаарх шинжлэх ухааны тайлбар байхгүй байна” гэж хариулж байжээ. Мөн тэрээр өөрийгөө дийлэнх америкчуудтай адил бурхан байдаг гэдэгт итгэдэггүй гэсэн бөгөөд гэвч бүх шашны мөн чанарыг хүндэлж, сүсэгтнүүдийг үгүйсгэдэггүй гэжээ. Харин дэлхийд алдартай “PEW” судалгааны байгууллагын 2014 онд хийсэн судалгааны үр дүнд америкчуудын 92 хувь нь бурхан байдаг гэдэгт итгэдэг гэсэн бол үүний 63 хувь нь бүр бурхан байдаг гэдгийг өөрөө мэдэрч байсан гэж хариулжээ.
Билл Гейтс секунд тутамд арван ам.долларын орлого олдог. Тэгэхээр тэрээр минутад 600, цагт 36000, өдөрт 86400, сард 26.784 сая, жилд 315.360 сая ам.доллар олдог гэсэн үг юм. Гэвч тэрээр мөнгө хүнийг аз жаргалтай болгодог хамгийн чухал зүйл гэх үзэл баримтлалын эсрэг байр суурьтай байдаг. Тэрээр өөрийн хөрөнгөнийхөө өчүүхэн хэсгийг буюу 10 сая ам.долларыг гурван хүүхдэдээ тус бүр өвлүүлнэ гэж нэгэн удаа хэлж байсан юм. Гэвч түүний хүүхдүүдэд энэ нь тун хангалттай аж. Учир нь АНУ-ын статистикийн хорооноос гаргасан судалгаагаар америкт дундаж цалин жилд 35000 ам.доллар болж байгаа юм. Хэрэв дундаж америк хүн ямар ч зарлаг гаргалгүй 40 жил ажиллаа гэхэд 1.400000 ам.доллартай тэтгэвэрт гарах аж.
Билл Гейтс “Ford Focus” загварын энгийн машин ихэвчлэн унадаг даруу тэрбумтан гэгддэг. Гэвч үнэн хэрэгтээ түүнийг шууд л үрэлгэн хүн биш гэж хэлж болохгүй юм. Учир нь тэрээр нийт 23 автомашин эзэмшдэгийн дунд 225.000 ам.долларын үнэтэй “Porsche 959” хүртэл байдаг. Харин 2013 онд хийсэн судалгаагаар америк гэр бүлүүд дунджаар 1.927 автомашин эзэмшдэг гэсэн тооцоо байдаг аж.
Мөн тэрээр хувийн онгоц, хувийн аралтай бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдийг нь авч үзвэл Вашингтон мужийн Кинг Каунти дахь хамгийн үнэтэй харш нь 120 сая ам.долларын үнэтэй. Харин 2014 оны байдлаар америк дахь дундаж орон сууцны үнэ 188.900 ам.доллар байсан юм.
Энэ бүхнээс харахад Билл Гейтсийн хөрөнгө, амжилт, өндөр оюуны чадамжийг нь эс тооцвол тэрээр жирийн л нэгэн хүн аж. Тэрээр “Weezer” америкийн рок хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд чөлөөт цагаараа баримтат кинонууд үзэх дуртай нэгэн юм.
Тэрээр “тодорхой зорилгод хүрэхийн тулд мөнгө хамгийн чухал зүйл биш. Хүн бүр л орой болгон хоол иддэг шүү дээ” гэж  байжээ. Үүгээрээ тэр өөрийгөө технологийн салбарын бурхан биш гэж хэлэхийг оролджээ.
Эх сурвалж: Facttracker, Biography.com  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн