Эрүүл монгол | 6 мин уншина

П.Долгормаа: Залхуу амьдрал, хоолны шунал, буруу дадал нь зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг

П.Долгормаа: Залхуу амьдрал, хоолны шунал, буруу дадал нь зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 13
Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд өөх тос цугларч, судасны дотор хананд бөөгнөрөл үүсэж, судас нарийсаж, судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулдаг. Үүнээс үүдэн судасны хөндий хэт нарийсаж, зүрхний үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч дутагдана. Бид хүнд юм өргөхөд гарын булчин өвддөг, эсвэл удаан алхахад хөл өвддөг гэдгийг мэднэ. Үүнтэй адил зүрхэнд хангалттай цус очихгүй байвал зүрх өвдөж эхэлдэг байна. Энэ утгаараа, зүрх судасны өвчлөл нь манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм.
 Ингээд зүрх судасны өвчлөлийг үүсгэж байгаа үндсэн шалтгаан болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч, анагаах ухааны магистр П.Долгормаатай ярилцлаа.  
-Монголчуудын дунд юунаас болоод зүрх судасны өвчлөл ихсээд байна вэ? 
-Амьдралын буруу хэв маягаас болоод зүрх судасны өвчлөл нэмэгдэж байна. Мөн тухайн хүний зан үйлийн дадал, хоол хүнсэндээ юу хэрэглэж байна вэ, ямар орчинд амьдарч байгаа вэ зэрэг нь эрүүл амьдрахад маш их хамаатай. Сүүлийн үед нийгмийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, гаднын янз бүрийн соёл нэвтэрч, хүмүүсийн хооллох хэв маяг нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Дээр үед, бор цайгаа уугаад, хонины сүүл, шар тосоо байнга хэрэглэдэг байхад ард иргэд зүрх судасны өвчлөлөөр өвдсөн гэж төдийлөн хэлдэггүй байлаа. Гэтэл одоо манай улсын хүнсний аюулгүй байдал ямар төвшинд байгаа билээ. Тиймээс идэж, уух зүйлийн хувьд эрүүл амьдрах уу, үгүй юү гэдэг нь хувь хүнээс 80 хувь нь шалтгаална. Манайханд хэд хэдэн төрлийн шунал байна. Үүнээсээ болоод янз бүрийн өвчин тусаад байна. Тухайлбал, эдийн шунал, мөнгөний шунал, идэхийн шунал байна. Үүнээс идэхийн шунал бол өвчлөх үндэс юм. Хоол идэж байхдаа цадах мэдрэмж төрсөн л бол ходоодныхоо гуравны нэгийг хоосон үлдээх хэрэгтэй. Манайд “хоолыг харсан бол идсэнд тооц, идсэн бол цадсанд тооц” гэсэн үг байдаг шүү дээ. Идэх шуналаа дарж чадаагүйгээсээ болоод таргалалт нэмэгдэж байна. Таргалалт бол зүрх судасны өвчлөлд шууд нөлөөтэй. Маш их өөх тостой, чихрийн агууламж өндөртэй зүйл болон хагас боловсруулсан хүнс хэрэглэх нь таргалуулдаг. Жишээлбэл, “E-mart”-ийн пиццанд дарааллан  зогсож байгаа хүмүүс хор худалдаж авч байна гэсэн үг. Мөн манайхан генийн өөрчлөлттэй тахиа маш их хэрэглэж байна. Хоол идсэнийхээ дараа шууд хэвтээд өгдөг нь хүртэл таргалалтын нэг шалтгаан болдог.
Ялангуяа элдвийн сургалт, семинар дээр харж байхад, хүмүүс таваг дүүрэн идэх зүйл овоолоод ирдэг. Тэгээд талыг нь үлдээгээд хаячихна. Энэ бол идэх соёлд суралцаагүйн шинж. Харж байгаад, өөртөө хэрэгтэй, шим тэжээл болохуйц зүйлээ сонгоод идэх хэрэгтэй.
-Хүмүүсийн буруу дадал хэвшил нь зүрх судасны өвчлөлд хүргээд байна гэж та хэллээ. Буруу зан үйл гэдгийг тухайлбал юуг хэлэх вэ?  
-Жишээлбэл, энэ хоолны бүтцээс аль нь надад тохирох вэ гээд ялгаад идэх хэрэгтэй.
Би 1982-1988 онд дөрөвдүгээр курст суралцаж байхдаа, булчирхай судлал буюу дотоод шүүрлийнхээ хичээл дээр сахарын диабиттай хүний өвчний түүхийг нь бичиж байлаа. Тухайн үед сахрын шижинтэй хүн төдийлөн олдохгүй, арай гэж хайж олж байсан юм. Гэтэл өнөөдөр захаасаа авахуулаад, тодруулбал айл бүрт нэг сахарын өвчтэй хүн байна. Энэ ерөөсөө буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой.  Манайхан үүнийг мэддэг мөртлөө хязгаарлаж чаддаггүй. Тамхинд л гэхэд, никотин буюу 4000 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг. Нэг тамхи татаад 15 минутын дараа хүний захын цусанд нь хүчилтөрөгч байхгүй болж, SO2 дүүрсэн байдаг.
-Ер нь иргэд зүрх судасны өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ихэнх хүмүүс “турах юмсан, таргалаад байна” гэдэг. Түүнийхээ оронд, миний жин буурсан байна эсвэл өссөн байна, би өнөөдөр хэдий хэмжээний зүйл идлээ гэдгээ тооцоолоод, эрүүл мэндийн анхан шатны боловсролтой байх хэрэгтэй. Мөн эрүүл аж төрөх ёсонд хүүхдээ сургах нь зөв. “Чи өнөөдөр өглөө ийм юм идэх ёстой, сургууль дээрээ энийг идээрэй, орой ирээд хоолоо иднэ шүү” зэргээр хүүхдэд багаас нь зөв дадал суулгах хэрэгтэй байна. Дэлгүүрт ороод гарч байгаа хүмүүсийг харахад түмэн хор хүүхэддээ худалдаж авч өгдөг. “Энэ шүдийг чинь хорхойтуулаад, яваандаа чи өвдөнө” гэдгийг тайлбарлаж, ойлгуулдаг нь цөөн. Зүрх судасны өвчин бол хэдхэн зүйл дээр тодорхойлогдоод байна. Тиймээс хүмүүс архины хэрэглээгээ багасгах, тамхиа болих, өөх тосоо хязгаарлах, усаа сайн уух хэрэгтэй. Шингэн зүйл бага уудгаас болоод залуусын цус өтгөрөөд байна.  Хоол идээд араас нь кола их ууна. Кола бол толбо, зэв зэргийг арилгадаг. Тэгэхээр хүний ходоодыг яаж устгах нь ойлгомжтой. Шингэхгүй хоолны араас уувал болох байх. Түүнээс биш цул сахар шүү дээ.
-Зүрх судасны өвчлөл дундаа ямар өвчин зонхилдог вэ?
-Зүрх судасны өвчлөл дундаа цусны даралт ихсэх өвчин ихсэж байна. Энэ нь хагас дутуу нойртой явах, компьютерийн ард удаан суух, утсаа их оролдох, мөн давсны хэрэглээг хэтрүүлэх зэргээс үүдэлтэй юм. Ер нь монголчууд давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Мөн эрүүл байхын тулд илүү их хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрлөнө гэдэг нь хоолоо зохицуулна, дасгалаа хийнэ, хамгийн наад зах нь зөв хөдлөөд гарын булчингуудаа тогтмол суллаж байх хэрэгтэй. Зүрхний эмч дээр ирж байгаа ихэнх өвчтөнүүд ихэвчлэн “миний зүрх өвдөөд байна, эм бичээд өгөөч” гэдэг. Яг нарийн үзлэг явуулаад ирэхээр нь энэ нь ихэвчлэн  буруу суусан, хөдөлгөөнгүйгээс цээж хэсгийнх нь булчин өвдсөн, буруу унтаад булчингууд нь чангараад цээжний мэдрэл үрэвсэн зэрэг байдаг.
-Зүрх судасны өвчлөлийн үед ямар ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
-Хамгийн эхний шинж тэмдэг нь даралт ихэснэ. Хоёрдугаарт,  зүрх нь дэлсэнэ, зүрхээр хатгуулна, амьсгаадна, хавагнана. Мөн хоолойн мах, шүдний цооролт зэрэг нь зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг. Хорхойтсон шүдтэй удаан явбал амны хөндийн нян нь хоолойн мах, үендээ орно. Аажмаар зүрхэнд ордог. Тухайлбал, амны хөндийн нян нь зүрхний хавхлагуудаа гэмтээж, үенүүдийг болон бөөрийг гэмтээдэг. “Бөөрний дутагдалд ороод байгаа хүмүүсийн ихэнх хувь нь шүдээ угаадаггүй хүмүүс байдаг” гэж  нэг бөөрний эмч хэлж байсан шүү.
-Зүрх өвдлөө гээд хүмүүс эмийн сангаас валидол ч юм уу, нэг эм аваад уучихдаг хүмүүс олон байдаг. Зүрхний өвчлөлийн үед эмчийн зааваргүйгээр эм уувал яах вэ?
-Эмчийн зааваргүйгээр хэзээ ч эм ууж болохгүй. Эмч хүн ч өөрийгөө эмчилж байна гээд дураараа эм уудаггүй. Эмчилгээ хийнэ, оношилгооны аппаратаар хянана. Зүрхний өвчний оношлоход, зүрхнийх нь цохилтыг тоолно зэргээр биеийн ерөнхий байдлыг ажигласны дараа эм бичиж өгдөг. Тухайн өвчтөний өөх тосны хэмжээ, цусны өтгөрөлт, үрэвслийн хэмжээ, чихэнд үрэвсэл байна уу үгүй юү зэргийг үзээд дараа нь зүрхний бичлэг, зүрхний эхо гэх мэт нарийн шинжилгээнд хамруулна. Энэ бүхэнд үндэслэн, оношилж зөв эмчилгээ хийнэ. Тааж нэг ширхэг ч эм ууж болохгүй. Толгой өвдлөө гээд эм ууж болохгүй. Үсээ гарынхаа хэдэн хуруугаар арагш нь хэд илээд тархиныхаа цусан хангамжийг сайжруулах эсвэл цэвэр агаарт гарах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.  Залхуу амьдрал, хоолны шунал, буруу дадал нь зүрх судасны өвчлөлд хүргэнэ гэж ойлгоход болно.  Судасны хатуурах өвчин бол ихэвчлэн настай хүмүүст ихэнхдээ тохиолддог. Гэхдээ залуужаад байна. Зүрхний шигдээсээр залуу хүн өвдөх тохиолдол цөөн биш. Цусан дахь сахар, өөх тос нь ихсээд өтгөрөөд байна. Ийм байдалтай удаан явбал зүрхний судсаа бөглөхөд хүргэж байгаа юм.
-Та зүрх судасны өвчнөөс сэргийлэх тухайд, юуг анхааруулж, зөвлөх вэ?
-Өөх тос нь өөх идсэнээр үүсдэггүй. Иддэг цэвэр өөхнүүд байна. Жишээлбэл, хонины сүүл, шар тос зэрэг. Хар талхан дээр сүүлээ нимгэн тавьж идчихээд гарахад бол өдөржин өег байна. Ханаагүй өөх тос учраас хүний биед хор болж, хуримтлагдахгүй. Дээр нь хонины сүүлэнд тэжээлийн олон бодис байдаг. Монгол шар тосыг жижгийг аваад үмхэхэд, ходоодыг бүрхээд, ходоодонд өнгөр тогтоож, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Дотор гэдэсний өөхийг бид нээх иддэггүй. Тахиа, гахайн өөх бол бараг хор юм. Сануулаад хэлэхэд, тахианы махыг бол идэх хэрэггүй. Монгол малынхаа махыг идээд, хар цай, ногоон цай зэргийг уугаад явж байхад зүрх судас нь өвдлөө гэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн