ЭМЯ-аас ирэх аравдугаар сард коронавирус улирлын томуутай хавсран нөхцөл байдал улам хүндрэнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Үүнийг дагаад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, маскны хэрэгцээ улам нэмэгдэх хандлагатай байна. Аравдугаар сарын “хавсарга”-д манай улс хэр бэлтгэлтэй байгаа талаар “Мөнхийн тун” ХХК-ийн харьяа Тун Фарм эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аравдугаар сард коронавирустэй, улирлын томуу хамжин нөхцөл байдал хүндэрнэ хэмээн ЭМЯ-аас байнга сануулж байна. Танай компани дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг цөөхөн компаниудын нэг. Хүйтний улирал ирж байна. Маскны нөөц бололцоо хэр байгаа вэ?
-Хоёрдугаар сараас эхлээд зургаан сар хүртэлх хугацаанд амны хаалтны нөөц бүрдүүлэх ёстой юм байна шүү гэдэг сургамж авлаа. Бид өдөрт 40 мянган маск үйлдвэрлэдэг байсан бол дөрөвдүгээр сард шугамын өргөтгөл хийж өдөрт 150 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Зургадугаар сараас эхлээд хүмүүс их тайвширч, маскаа зүүхээ болилоо. Тэглээ гээд бид үйлдвэрлэлээ зогсоосонгүй. Харин ч аравдугаар сараас эхлэх улирлын томуу, коронавируст бэлтгээд боломжоороо нөөц бүрдүүлж байна.
-Дэлхийн зах зээл дээр маскны түүхий эдийн үнэ хэр байгаа вэ?
-Түүхий эдийн үнэ огт буухгүй байна. Манай улс дотооддоо халдвар алдаагүй байгаа болохоос бусад оронд дэгдэлт өндөр байгаа учир түүхий эдийн үнэ төдийлөн буухгүй байна. Хоёрдугаарт, зах зээл дээр зарагдаж байгаа маск, хамгаалах хувцасны хяналт сул байна. Энэ маш хор уршигтай. Бид маскандаа PP гээд 0.2 микроноос дээш хэмжээтэй тоосонцрыг шүүдэг филтер хийдэг. Гэтэл маскны гаднах материалыг гурав давхарлачхаад гурван давхар хамгаалалттай маск гээд зараад байна. Коронавирусийг үүсгэж байгаа вирус 0.5 микроны хэмжээтэй. Тэгэхээр зүгээр гурав давхарлачихсан филтергүй маскаар чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг юм.