Open iToim app
Дэлхийн монгол | 10 мин уншина

Apple,Tesla зэрэг том компаниудад стратегийн зөвлөгөө өгдөг монгол залуу Г.Батжин

Apple,Tesla зэрэг том компаниудад стратегийн зөвлөгөө өгдөг монгол залуу Г.Батжин
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 5
170 гаруй жилийн түүхтэй Deloitte Consulting компанид ажилладаг монгол залуу Гоцбаярын Батжинг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ буландаа урьж ярилцлаа.
Тэрээр IT-гийн чиглэлээр дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгд багтдаг Мьюнхен хотын Технологийн их сургуулийг эдийн засгийг компьютер технологитой хослуулсан мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө Deloitte Consulting компанийн нэрийн өмнөөс томоохон бизнес эрхлэгчдэд бизнес стратегийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ дэлхийд алдартай Apple, Тесла зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг бизнест хэрхэн амжилттай ашиглах, бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулахад нь зөвлөгөө өгч, хэдэн тэрбумын төслүүд дээр ажилладаг. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.    
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны ажил, мэргэжлийн карьерын талаар эхлүүлье.  Таны хувьд Deloitte Consulting компанид ажиллан дэлхийн томоохон компаниудад IT-ийн асуудлаа шийдэхэд тусалж, түүний зэрэгцээ бизнес стратегийн зөвлөгөө өгдөг гэсэн. Өнөөдрийг хүртэл ажиллаж байсан томоохон төслүүд, тэдгээрийн үр дүнгээс танилцуулбал?  
-Сайн байна уу. ДЭЛХИЙН МОНГОЛ булангийнхаа энэ удаагийн зочноор урьж оролцуулсанд баярлалаа.  Миний хувьд Германы Deloitte компанид консалтинг дээр ажилладаг. Ерөнхийдөө компаниудад бизнес, стратегийн чиглэлд зөвлөгөө өгдөг.  Нөгөөтэйгээр компаниудын үр өгөөжийн дээшлүүлэхэд тустай IT талын шийдлүүдийг хийж, зөвлөдөг байгаа.
Deloitte-d ажиллахаас өмнө Европын тэргүүлэх дижитал үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг болох “SinnerSchrader”-д програмистаар ажиллаж байсан.
Тэнд ажиллаж байхдаа нэлээдгүй хэдэн том төслүүд дээр амжилттай ажилласан болохоор Deloitte-иос ажлын санал тавьсан юм.
Одоог хүртэл ажилласан томоохон төслүүд маань Аllianz болон BMW-д ашиглагдаад явж байгаа. Тэр дундаас BIG DATA программийн төслөө сонирхуулахад, машин үйлдвэрлэхэд роботууд үйлдвэрлэж угсардаг бөгөөд ихэвчлэн урсгал зам дээр ажилладаг. Манай үйлчлүүлэгчийн нэг л үйлдвэрт гэхэд 2000 гаруй роботтой. Минут, секундээр уралдаж байгаа өнөө үед үйлдвэрийн явцад нэг роботод эвдрэл доголдол үүсэхэд, тэр урсгал замыг зогсооход хүрдэг.
Энэ асуудлыг шийдэхийн тулд манайд хандсан юм. Тэгээд бидний зүгээс роботууд нь хэзээ эвдэрч болохыг урьдчилсан таамаглаж, эрсдэлээс сэргийлж болох BIG Data-д суурилсан программ бичиж, асуудлыг нь шийдэж өгсөн. Ингэснээр аль робот, үйлдвэрлэлийн аль хэсэгт эвдрэл, саатал гарах гэж буйг урьдчилан мэдэж, арга хэмжээ авснаар үйлдвэрлэлийн урсгал зогсохгүй байх боломж бүрдсэн.  Ингэж хожсон минут болгонд л нэмэлт машин үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Одоо Тесла компанийн нэг прожект дээр ажиллаж байна. Германы автомашины зах зээлд хамгийн том байр суурийг эзэлж, зээлийн үйлчилгээ үзүүлдэг томоохон банк бий. Тус банкаар дамжуулан иргэд машины зээл авдаг. Гэтэл зээлийн үйлчилгээ үзүүлдэг процесс нь нэлээд цаг зарцуулсан, хүний хөдөлмөр шаардсан, төвөгтэй байсан. Түүнийг нь бидний зүгээс өөрчлөөд банк, машины диллер болон худалдан авагчийг нэгтгэсэн үндсэн нэг платформ үүсгэж, зээлийн бүх процессийг автоматжуулсан юм.
Машины зээл авахын тулд заавал банкин дээр болон машины диллер дээр очих шаардлагагүй, вэбээр нь орж танилцаад л зээлийн үйлчилгээг 11 төрлийн нэгж мэдээллээ буюу нэр, овог гэх зэрэг мэдээллээ өгөөд л авах боломжтой болсон гэсэн үг.
Хүний оролцоог багасгасан, автоматжуулсан, тухайн компаниудын хувьд үр ашигтай шийдлүүдийг хийж өгч байгаа болохоор хөрөнгө оруулалт нэлээд өндөр байдаг.
Ер нь олон улсын зах зээл дээр томоохон компаниуд хамтран ажилласнаар илүү үр дүнтэй байдаг. Энэ нь зөвхөн компанийн хэмжээнд ч бус улс орон, хувь хүний хэмжээнд яригдах асуудал. Багийн хамтын ажиллагаа маш чухал нөлөөтэй байдаг. Хамтарч чадвал илүү их зүйлийг хийх, бүтээх боломжтой гэдгээ мэдчихсэн, ойлгочихсон байдаг.   
Тийм болохоор Apple компани өнгөрсөн жилээс манай Deloitte-д хамтын ажиллагааны санал тавьсан. Apple-ийн бүтээгдэхүүнийг компаниудад, бизнест зориулж өөрчлөх, нэвтрүүлэх ажлыг манай компани хариуцан ажиллаж байна.
Apple бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна, харин бид тэр бүтээгдэхүүнийг бизнес процесс-д хэрхэн үр өгөөжтэй болгох чиглэлд ажиллаж байна. Миний хувьд Apple-ийн консалтинийн багт нь сонгогдон ажиллаж байгаа. 
undefined
-Бизнесээ амжилттай болгож олон улсын зах зээл дээр өрсөлдөхөд юу хамгийн чухал байна вэ. Томоохон компаниудад зөвлөгөө өгч, IT-ийн чиглэлийн шийдлүүдийг гаргаж өгдөг мэргэжлийн хүний хувьд харж ажигладаг зүйлсээсээ хуваалцахгүй юу?  
-Бизнес бол ямар нэг асуудлыг шийдэж, хэн нэгний хэрэгцээг нөхөж байх ёстой. Түүнийг хэн хамгийн хямд болон үр өгөөжтэй зохицуулж чадаж байна. Тэр компани амжилттай бас ашигтай ажилладаг.
Тэгвэл тухайн асуудлыг хамгийн хямд, үр өгөөжтэй байдлаар шийдэхийн тулд яах аргагүй IT тэр тусмаа хиймэл оюун ухаан, Machine learning-ийг ашиглах шаардлага үүсч байгаа юм. Барууны улсад нэг талаараа хүн машин роботоос илүү үнэтэй болохоор хүний ажлыг хөнгөвчилж автоматжуулдаг. Нөгөө талаараа хүний алдаа эндэгдлийг ч бас багасгаж тогтвортой чанараа барих боломжийг олгож байдаг юм.
Харин маркетингийн хувь бол энэ нь өөрөө дор хаяад бүтээгдэхүүнтэйгээ ижилхэн чухал юм. Бүтээгдэхүүн хөгжүүлэх үеэс дагуулаад маркетингийн төлөвлөгөө гаргаад явах хэрэгтэй. Хэчнээн сайн бүтээгдэхүүн хийсэн ч гэсэн тэрийгээ яаж үйлчлүүлэгчдээ хүргэхээ мэдэхгүй бол тухайн компани амжилттай ажиллаж чадахгүй.
Үүнд тохирох жишээ гэвэл, Германы SAP -гийн ERP гээд хэдэн саяын үнэтэй системийг зүгээр л дэлгүүрт, эсвэл онлайнаар зарах ямар ч боломжгүй. Учир нь энэ систем нь тухайн компанип зориулж тохируулан суулгах ёстой байдаг болохоор тэр юм. Тиймдээ SAP хэдэн мянган компаниудтай хамтарч, тухайн компаниудаар дамжуулж өөрийн системийн лицензээ зардаг.
Тэгэхээр бүтээгдэхүүн бүрийн онцлогоос шалтгаалаад борлуулах, зах зээлд нийлүүлэх, хэрэглэгчдэд хүргэх замууд нь өөр, өөр байх ёстой гэсэн үг л дээ.  
-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?    
-Үлгэр дууриал авдаг хүмүүс цаг үеэ, хүний хөгжлөө дагаад өөрчлөгдөөд явдаг. Аав, ээжээсээ эхлээд л үлгэр дууриал авдаг хүн олон бий.
Амжилтад хүрэх хамгийн хялбар арга гэвэл миний хийхийг хүсэж байгаа зүйлийг хийчихсэн, миний тэмүүлсэн зорилгод хүрчихсэн тухайн хүнээс туршлага хуримтлуулж, суралцах юм болов уу гэж боддог. Азаар Монголын анхны сүлжээ зочид буудал Corporate-ийг үүсгэн байгуулсан, бизнесийн арвин туршлагатай Ганболд ах яг энэ өнцгөөс харж, өөрийнхөө туршлагаасаа надтай хуваалцаж, санаа бодлоо солилцдог юм.
Өөр нэг үлгэр дуурайл авч, хүндэлж явдаг нэг хүн бол Питер Тиел. Тиел нь Paypal компанийг үндэслэн байгуулагчдын нэг, Facebook компанид анх хөрөнгө оруулж байсан гэдгээрээ алдартай, хүмүүс танина байх. Тэр хүний онцлог юу гэхээр компани өрсөлдөх гэж бус монополь болох гэж бий болсон гэдэг өнцгөөс хардаг. Тэгэхээр монополь болохоор эдийн засагт аюултай гэдэг талаас бус хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр үйлчлүүлэгчдэд хүргэх боломжтой гэдэг өнцгөөс нь харж тайлбарладаг.   
Компаниудын амжилтыг үнэлэх хялбар арга бол яахын аргагүй хөрөнгийн бирж дээрх үнэлгээг харах юм. Тэнд дээгүүр жагсдаг Майкрософт, Alphabet (Google), Амазон, Фэйсбүүк бүгд монополь шахуу байдаг. Амазон гэхэд зах зээлийг хангалттай эзэмшдэг ч гэсэн, онол дээр заадаг шиг үнээ нэмж, инновацийг боомилдоггүй. Харин ч илүү их мөнгө болон хүний хүчээ инноваци хийхэд зарцуулдаг.
-Таны хувьд амьдралдаа авч хамгийн том сургамж юу байсан бэ?  
-Монголд арван жилд байхдаа найзуудтайгаа хамтраад вэб хөгжүүлдэг компани байгуулж, томоохон компаниудад вэб хийж өгдөг байсан. Тухайн үед хэдий амжилттай явж байсан ч найзууд маань арван жилээ төгсөөд АНУ руу сурахаар яваад өгсөн. Ганцаараа үлдсэн болохоор бүхнийг өөрөө хийх гээд чадаагүй. Тухайн үед юуг ойлгосон гэхээр хэрвээ тухайн үед шинэ баг бүрдүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадсан бол компани маань одоог хүртэл амжилттай байх боломжтой байсан гэж боддог. Нэг зүйл рүү тэмүүлж байгаа бол ганцаараа явахад хэцүү баг хамт олноороо тэмүүлэх ёстой гэдгийг ухаарсан. Багаараа ажиллахад, бие биеэ нөхөж ажлын үр дүнг хэд дахин өсгөхөөс гадна чанартай болгодог юм.
Тухайн үед бүх зүйлээ өөрөө хийх гээд зүтгээд байсан нь буруу байсан. Энэ талаар Германы Philip Rosenthal гээд бизнесмэний хэлсэн үг байдаг даа. Сайн менежер гэдэг бол өөрийнхөө яг юуг хийж чадахгүйг мэдээд, тэрийг нь хийж чадах зөв хүнээ олж чаддаг хүн” гэж хэлсэн байдаг.
-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ.Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Өнгөрснийг харах юм бол нэг зүйл сурсан бол насаараа түүнийгээ хийж, үр ашгийг нь хүртэх боломжтой цаг үе байсан. Харин бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бол залуу хүний хувьд хөрвөх чадвар, шинэ зүйлийг хурдан хугцаанд сурч хэрэгжүүлэх чадвар хамгийн чухал юм болов уу гэж харж байна.  Хөрвөх чадвар гэдэг нь өөрийгөө хөгжүүлж, шинээр суралцах чадвар юм.
Миний хувьд ч гэсэн бусдаас түрүүлж алхаж, бусдын асуудлыг шийдэж өгөхийн тулд тэндээс нэг юм уу хоёр алхам өмнө явах шаардлагатай болдог. Мөнгө төлөөд асуудлаас шийдүүлэх гэж байгаа хүний өмнөөс мэргэжлийн төвшинд хариулт өгч, хамтран ажиллах шаардлагатай байдаг. Тиймдээ ч өөрийгөө бие даан хөгжүүлэх чадвар чухал нөлөөтэй санагддаг.
-Таны ажлын онцлох арга барил юу вэ, цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Аливаа ажлыг хийж, эхлүүлэхээс өмнө маш сайн төлөвлөдөг зуршилтай. Тухайн ажлыг хэрхэн яаж хийх ямар үр дүн гаргах ёстойгоо эхлээд маш сайн ойлгохыг хичээдэг. Дараа нь түүндээ төлөвлөгөө гаргаад ажилдаа ордог.  Миний хувьд хийж буй зүйлээ улам илүү төгс төгөлдөр болгох гээд байдаг нь зарим талаар сул тал болох нь бий. Үүнийгээ засахын тулд ажлаа хийхдээ хэдэн арга барилыг хэрэгжүүлж сурсан юм.  Pareto-гийн 20/80 дүрмийнг дагуу бол аливаа ажлын 100 хувийн өгөөжийн төлөө 100 хувийн хөдөлмөр гаргах ёстой боловч 20-хон хувийн хөдөлмөрөөр 80 хувийн өгөөжийг гаргах боломжтой байдаг юм. Үлдсэн 80 хувийн хөдөлмөр нь зөвхөн 20 хувийн өгөөжид нөлөөдөг гэсэн үг юм. Тэгэхээр төлөвлөгөөнд тусгагдсан зүйлсээ чухал болон яаралтайгаар нь Eisenhower-ийн аргаар эрэмблээд хийж эхэлдэг юм. Ингээд болж өгвөл бага цагаар чухал зүйлсээ их хийхийг хичээдэг.
undefined
-Арвин туршлагатай дэлхийн томоохон компанийн нэг эд, эс болж мэргэжлээрээ туршлага хуримтлуулж, эргээд түүнийгээ эх орондоо нутагшуулах хүсэлтэй залуус олон болсон. Таны хувьд эх орондоо ирж өөрийн хувь нэмрээ оруулах хэтийн төлөвлөгөө бий юү?
-170 жилийн түүхтэй дэлхийн хэмжээний том компанид туршлага хуримтлуулаад явж байна. Хангалттай хэмжээний туршлага хуримтуулсныхаа дараа Монголдоо очно. Мэдээллийн технологи дээр суурилж Монголын бизнесүүдийн үр өгөөжийг нэмэх чиглэлд ажиллана гэсэн зорилготой явдаг.
-Гаднын өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүн эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх, өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?
-Түрүүнд хувь хүн болон компанийн хувьд багийн хамтын ажиллагаа ямар чухал нөлөөлтэй байдаг талаар хэлж байсан. Улс орны хувьд ч мөн ялгаагүй. Монголоос амжилт гаргаж байгаа спортууд гэхэд дандаа ганцаарчилсан спортын амжилтууд байдаг. Үндэсний маань спортууд бөх барилдахаас шагай харвах хүртэл дандаа нэг л хүн ороод түрүүлдэг төрлүүд. Иймдээ бид жаахан хоорондоо ганцаарчилж өрсөлдөх хэт дуртай юм шиг санагддаг. 
Түүнээсээ болоод Монголд хүн өөрийнхөө байр суурийг хамгаалах хүсэл эрмэлзэл хэт өндөр болохоор өөрөөс нь илүүг чаддаг, мэддэг хүнийг дээшээ гаргах дургүй байдаг.  Бусдадаа гомдоллож, атаархахаа больж эсрэгээрээ нэгдэж, хүчээ нэгтгэсэн үед улс орон ч тэр хувь хүн ч хөгждөг гэж боддог. Компани ч ялгаагүй. 
Бид олон улсын зах зээлд дээр өрсөлдөхийн тулд өөр хоорондоо хагаралдах бус, нийлээд хамтраад гадагшаагаа өрсөлдөх нь чухал.
Deloitte компани яагаад дэлхийн хэмжээний хамгийн том консалтингийн компани болж чадсан бэ. Үүнийн нэг нууц биенээ маш сайн дэмжиж, хамтарч чаддагт байгаа юм. Хэн нэгэн намайг дэмжих үед би өөрөөсөө илүү их хөдөлмөр хичээл зүтгэл гаргадаг.  
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?  
-Залуустаа хандаж хэлэхийг хүссэн нэг зүйл бий. Манай залуусын дийлэнх нь АНУ-руу явах сонирхолтой болохоор өндөр төлбөрийг нь төлөөд сурахаар явдаг. Гэтэл Герман бол суралцахад бол орчин маш сайн бүрдүүлсэн байдаг. Тэгээд зогсохгүй улсын сургуулиуд нь үнэ төлбөргүй. Ингээд сургалтын төлбөргүйгээр дэлхийд үндсэн үзүүлэлтээрээ эхний 50-д багтдаг сургуульд сурах боломжтой байтал  заавал АНУ явж, дэлхийн 500,600-д орж байгаа сургуульд өндөр төлбөрөөр сурах шаардлагагүй гэж боддог. Сурах орчин, нөөц боломж, бололцоо хаана байгаа вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Дэлхийд үнэлэгдэж буй боловсролыг үнэ төлбөргүй олж авах боломжтой юм.
-Улсын томоохон их сургуулиудын босгыг өндөрсгөж, шалгарсан, потенициалтай цөөн тооны оюутныг сургавал чанартай боловсон хүчин төрж, үүнийг дагаад ажлын байр ч хүртээмжтэй байдаг байх?
-Тийм. Excellence гэх тодотголтой их сургуулийн шалгалтууд нь маш хүнд, төгсөж байгаа хүмүүс их цөөн байдаг. Манай их сургуулийн ангид гэхэд 70-аас дээш орчим хувь нь шалгалтад тэнцэж чадаагүй, сургуулиасаа гарсан. Тэр хэрээрээ шалгалтыг давж гарсан чанартай боловсон хүчнүүд төгсдөг. Ажлын байран дээр гарахад томоохон улсын их сургууль төгссөн хүнийг бол шууд авдаг. Тэгэхээр ажлын байр олдохгүй байна гэсэн асуудал ч бага гарна.    
Германы боловсролын системээс суралцах зүйл маш олон бий. Шалгалтаа авахдаа хүртэл тестээр бус дандаа бичгээр авдаг. Зарим нэг шалгалтан дээр электрон биш бол ном дэвтэр бүх зүйлээ бариад орж болдог. Энэ нь тухайн хүүхэд зөвхөн онол цээжилсэн байна уу, эсвэл амьдрал дээр түүнийг хэр сайн хэрэглэж сурсан бэ гэдгийг шалгаж байгаа нэг үзүүлэлт гэж хэлж болно.  
-Ярилцсанд баярлалаа.   
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн