УИХ-ын намрын чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг баталсан билээ. Өнөөдрөөс буюу 2021 оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай хуульд оруулсан шинэчлэлийн заалтууд хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой онцлох заалтуудаас хүргэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ зохион байгуулалтаар ажиллана
Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг анх удаа энэ хуульд оруулж өгчээ. Тодруулбал, ШЕЗ-ийн 10 гишүүнтэй байх бөгөөд тавыг дөрвөн жилд нэг удаа хуралдах Монгол Улсын нийт шүүгчдийн хурлаас нууц санал хураалтаар тодруулна. Үлдсэн тавыг нь УИХ нээлттэй сонсголоор танилцаж, томилно. Мэргэжлийн тусгай ажлын хэсэг ажиллаж, нээлттэй ил тод сонгон шалгаруулалт зарлаж тэдээс хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг УИХ-д оруулж ирнэ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн эрх зүйч мэргэжлээр 10-аас доош жил ажилласан, хууль зүйн өндөр мэдлэгтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн өндөр албан тушаал болоод улс төрийн намын албан тушаал эрхэлж байгаагүй, улс төрөөс ангид байх шаардлагыг хуульд тусгасан.
ШЕЗ нь багийн зарчмаар ажиллаж, мэргэжил, ур чадварын хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид гаргана.
Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байсан. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон. Тиймээс эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд задалсан нь шинэчлэлийн амин сүнс нь юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх шатны шүүхийн шүүгчийг томилох эрх мэдэл нь Үндсэн хуулиар хэвээр байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх нь хэвээр үлдээсэн билээ.