Open iToim app
Нийгэм | 8 мин уншина

Сурвалжлага: Түгжрэл дундуур минут, секундтай уралдах ‘103’-ын амь аврагчид

Сурвалжлага: Түгжрэл дундуур минут, секундтай уралдах ‘103’-ын амь аврагчид
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 4
Нэг амь, нэг минут гэх үг түргэн тусламжийн эмч, эмнэлгийнхэнд зориулсан мэт. Түргэн туламж/103/-ийн эмч нарыг “удлаа, хайхрамжгүй хандлаа” гэцгээх иргэд бий. Гэхдээ мөн чанартаа өвчтөн дээр очих хүртэл ямархуу үйл явц өрнөж,  ямар бартаа саадыг туулж иргэдэд үйлчилдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, ажилчидтай хамтран бэлтгэлээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний дуудлагыг авч их эмч А.Мандах-Эрдэнэ болон жолооч Б.Мижидсондонтой хамт эмнэлгийн машиндаа суулаа. Эмнэлгийн хашаанаас гараад л Багшийн дээд буюу МУБИС-ийн автобусны буудал дээр хэсэг гацав. Жолооч “баруун тийшээ шахаад аль өг” гэсээр дуут дохиогоо ойр ойрхон асаана. Ийнхүү явсаар 19.31 цагт Нийслэлийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирэв. Тус хэлтсийн ажилтан 33 настай эмэгтэй ажлын байр нь дээрээ даралт ихссэн хэмээн дуудлага өгсөн байна. Эмч “Ямар зовуурь байна” гэсээр асуумж авна. Үүний дараагаар өвчтөнд тохирох эм өгч, яагаад даралт ихсэж байгаа, цаашдаа яах талаар нь зөвлөгөө өгөв. Тухайн өвчтөн жижүүрт гарч буй тул биеийн байдлыг нь харгалзан, гэртээ харьж амрах боломжгүй  юу ч гэсэн “Үүдэнд буй албан хаагчдад миний даралт их байна гэдгийг учирлаад өгөөч” гэв.
undefined
Ийнхүү үзлэг хийсний дараа эмч машиндаа орж ирж дараагийн өвчтөний гэрийн хаяг, утасны дугаар, ямар зовуурьтай хүн дээр очих гэж буйгаа лавлан дараагийн дуудлагын зүг хөдөлнө. Тухайн үед 19.41  цаг болж байсан тул иргэдийн хичээл, сургууль, ажил тарж, нийслэлийн түгжрэл “сайн уу” гэх янзтай зам дүүрэн машин угтана. Иймд жолооч болон эмч хоорондоо аль замаар, хэрхэн явбал цаг хэмнэх бол хэмээн ярилцан замаа сонгоно. Замын сонголт бол өвчтний амьдралыг шийдэж ч болох юм. Зам товчлон нэг минут ч болтугай хэмнэх нь эрдэнэт хүний амийг аврах чухал үр нөлөөтэй юмсанж. Дараагийн дуудлага 3, 4 дүгээр хороолол тул Тэнгис кино театрийн хажуугаар зам товчилж Баянбүрдийн тойргоор гарч ирэв. Гэтэл нэг түгжрээнээс зугтах гэж нөгөө түгжрээ рүү орчихов уу гэлтэй. Гандан руу өгсөхөд машин байтугай хүн зөрөхөдөд ч эргэлзээтэй хөдөлгөөн нягт харагдав. Азаар жолооч “Баруун гар тал руугаа шах” гэх захирангуй үгэнд дуулгавартай гэгч нь зам дээрх жолооч нар зай гарган, урагш ахиулна. Ингэж  30 минут явсаар дуудлагын газарт ирлээ. Дуудлагын оргил үе нь ажил тарах үетэй давхцдаг тул түгжрэлд хамаг цагаа үргүй өнгөрөөдөг аж. Энэ удаагийн өвчтөн бэртэл авсан тул түүнд өвчин намдаах тариа хийж, ГССҮТ-д үзүүлэхийг зөвлөв.
undefined
Түргэн тусламжинд явж буй эмч нар нэг газар тусламж үзүүлсний дараагаар ойр хавийн өвчтөнүүдийг дараалан үздэг байна. Бүтэн нэг шөнө хэсэг газартаа эргэлдэх үе ч байдаг аж. Дараагийн дуудлага руу явахад тийм ч их хугацаа шаардсангүй. Учир нь, тус бүсэд буюу хорооллын И-Мартын автобусны буудал дээр дуудлага өгсөн байна. Тус автобусны буудал дээр очиход 40 эргэм насны эр нимгэн саарал цамцтай дэлгүүрээс гарч ирэв. Уг эр “Дүүгийнхээ төрсөн өдөрт зориулан бэлэг авах гээд дэлгүүрт явж байтал толгой эргэж, даралт ихсэн, зүрх дэлсээд байна” гэх нэлээд зовуурилангуй цээж нь дээрээ дарсаар эмнэлгийн машинд суув. Үзлэгийг гадаа хийж болохгүй тул өвчтөнийг машины арын хэсэгт суулган үзлээ. “Дуудлага өгөхөд биеийн байдал хүндхэн байсан. Харин одоо арай дээр болсон” гэв. Энэ мэт түргэн тусламж дуудаж, эмч ирэхээс өмнө биеийнх нь байдал дээрдэх нь элбэг аж. Учир нь иргэд түр зуурын өвдөлт өгсний дараагаар хэсэг хугацаанд хүлээлгүй түргэн тусламж руу утас цохьдог байна. Хотын түгжрэлд дунджаар 10-15 км газар туулан очих хугацаанд биеийн байдал дээрдэж дуудлага цуцлагдах тохиолдол ч гардаг аж. Бидэнд ч мөн адил нэгэн дуудлагаар хашааных нь үүдэнд очиод “гараад ирэхгүй юу” гэхэд “Зүгээр болчихсон. Дуудлагаа цуцалъя” гэх тохиолдол ч гарсан юм.
                                         Орхиод явахаас өөр сонголт байсангүй...
undefined
20.57 цаг Баянгол дүүрэг 13-р хороо:
Дараагийн үзлэгийг 78 настай эмэгтэйд хийх аж. Гэрийнх нь үүдээр ороход охин нь бололтой эмэгтэй биеийн байдлыг эмчид учирлана. “Өдөр банштай цай идүүлсэн чинь тэрийгээ бөөлжөөд гаргачихсан” гэв. Настангийн биеийн байдал нэлээд муудсан тул эмч эмнэлэг рүү авч явахыг зөвлөв. Гэвч өвчтөн олон эмнэлгээр байнга явдаг учир энэ удаа эмнэлэг бус гэртээ байхыг илүүд үзэв. Тухайн өвчтөн Хавдар судлалын үндэсний төвд харьяалагддаг хүнд өвчтөн бөгөөд муугаар хэлэхэд бараг л хоног тоолон суугаа аж. Эмч хүүхэдтэй нь биеийн байдлын талаар зөөлөн шивнэлдэн ярина. Учир аваас өвчтөнд өөрийнх нь биеийн талаар сонсгохгүй гэж тэр. Хүнд өвчтөнүүд сонссон тохиолдолд хямарчихдаг гэдгийг учирлаж байлаа. Ийнхүү өвчтөний даралт нь орж ирэхгүй байгаа учир шингэн зүйл уухыг зөвлөх ч биеийн байдал сайнгүй тул шингэн зүйл уух нь тааруу. Тиймээс шингэн нөхөж өгөх зорилгоор натри, рингер багаар хийх аж. Ийн хүнд өвчтөнийг авч явах боломжгүй. Мөн эмч удаан сахин суух боломжгүй. Хүндхэн ч гэсэн дараагийн дуудлага руу явахын тулд хаалга татан “Эмээ би явлаа шүү” гэсээр гарав. A.Мандах-Эрдэнэ эмч лифтэнд явах зуураа “Энэ эмээ өнөө шөнө гайгүй л байгаасай” гэсээр явах аж. Хэт оройтсон, хүнд өвчтөн дээр очиж бүр мөсөн эмчлэх боломжгүй хэсэгхэн зуурын өвдөлтийг намдааж арга ядахдаа орхиод явахаас өөр сонголтгүй үлдэх л хамгийн хэцүү гэж эмч ярьсан юм.
Биднийг үзлэгээ дуусгасны дараагийн дуудлага зэргэлдээх гудманд ирэв. Зарим иргэнтүргэний машин ойрхон харагдвал тийм ч их зовуурьтай биш хэдий ч үзүүлчихье гэсэн бодолтойгоор дууддаг байна. Хашаа руу ороход тус айлын нохой уяанаасаа алдуурах нь холгүй байв. Иймд гэр рүү холуур тойрч “Нохойгоо барьж байгаарай” хэмээн орлоо. Зарим үед иргэдийн хайхрамжгүй “Санаа зоволтгүй ээ. Манай нохой дайрдаггүй юм” гэх байдлаас болж түргэн тусламжийн эмч, ажилчид нохойд уруулах тохиолдол бишгүй тохиодог байна. Саяхан буюу сар шинийн баярын өмнө нэгэн дуудлаганд явж буй эмч айлын нохойнд хазуулсан гэдгийг жолооч ярив.
undefined
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч А.Мандах-Эрдэнэ:  Түргэн тусламжийн эмч нарын хувьд өдөрт дунджаар 30-35 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ баярын өдрүүд болон зарим өдөр үүнээс их байх ч боломжтой. Улирлын шинж чанартай дуудлага их ирдэг. Жишээлбэл, өвөл ханиад томуу ихсэнэ. Зун ханиад, томуу багасдаг ч гэсэн халуунд даралт ихсэх тохиолдол их бий.  Сүүлийн үед удаж ирлээ гэж уцаарлах иргэдийн тоо цөөрсөн. Нийт дуудлаганы ганц, хоёр нь бухимддаг. Бид нэг айл руу явахдаа хамгийн багадаа 5-10 км туулдаг шүү дээ. Тиймээс тодорхой хугацаа шаардлагатай. Түгжрэлийн үед сүлжин барин очиж байхад насанд хүрсэн хүмүүс энгийн бөгөөд яаралтай дуудлага өгөх шаарлагагүй байж дууддаг. Нэгэнт дуудлага өгсөн учир үзэхээс өөр арга байхгүй. Тухайлбал 16,17 настай охин гараа зүсчихсэн гэх дуудлага өгсөн. Үнэн хэрэгтээ бага зэрэг л шалбарчихсан байсан. Энэ төрлийн дуудлаганд явж байхад шаардлагатай хүнд өвчтөн өөр нэг газар амь тэмцэж байгаа шүү дээ.
undefined
22.10 минут БГД 22-р хороо Зүүн наран
Удаах дуудлага мөн адил даралт ихсэж, нүд харанхуйлсан гэх шинж тэмдэгтэй 40 гаруй насны эмэгтэй байв. Биеийн байдлын хажуугаар сэтгэлийн хямралтай байх бөгөөд хүүхдүүддээ туниж уйлан суух аж. Өөрөө мэдэн хэд хэдэн эмийг давхарлан уусан ч одоог хүртэл даралт нь бууж, хэвийн болохгүй байна гэв. Эмчийн зүгээс ганц эм, тариа өгөхөөс илүүтэй сэтгэлзүйчийн ажлыг ч давхар гүйцэтгэж байх нь нүдэнд ил. Хэдий хүчтэй антибиотик, эм, тарилга хийсэн ч тухайн хүний сэтгэл санаа тогтворгүй байсан тохиолдол эм бүрэн үйлчлэхгүй биеийн байдал хүнд хэвээр байх аж. Иймд эмчийн зүгээс аль болох тайван байхыг дахин, дахин зөвлөнө. Уг эмэгтэй “Эм уугаад зүгээр болохгүй байна шүү дээ” гэж уйлан ярив. Уг нь эмчийн зааварт даралт нь 140-тэй байхад тариа тарих заалт байхгүй ч бага тунгаар арга ядан хийх нь тэр.
undefined
Эмчийг үзлэг хийхээр орох хооронд жолооч хэсэг зуур нүдний хороо гаргана. Жолооч Б.Мижидсондон нь өмнөх өдөр өөр чиглэлийн түргэн тусламжийн жолооч хийсэн учир дөрвөн цагийн л нойртой явж байгаа аж. Тэрээр түргэний жолоочоор дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Түргэн тусламжийн жолоочийн хамгийн хүндрэлтэй нь нэгдүгээрт, түгжрэл. Хоёрдугаарт, сүүлийн үед орон сууцнууд гадны машин оруулахгүй хэмээн хаалт хийх болсон. Энэ нь түргэний машин ороход хүндрэлийг бий болгодог. Ямар нэг байдлаар орсон ч буцаж гарахад асуудал үүсдэг. Заримдаа хаалттай орох боломжгүй тул эмч нар явган явж үзлэгээ хийдэг. Энэ үед эмнэлэг рүү авч явахаар бол өвчтөнийг холоос дамнуурга дээр хэвтүүлэн зөөдөг. Эмч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй дуудлаганд явдаг тул тухайн айлд өөр хүн байхгүй эсвэл эмэгтэй хүн байвал эмч, жолооч хоёр хамжиж зөөхөөс аргагүйд хүрнэ. Мөн иргэдийн хаягны асуудал. Гэрийн хаягаа буруу хэлэх, өөрийн байгаа барилга байгууламжийн хаалга, цонхны хаашаа харснаараа зүг чигээ хэлэх, иргэний үнэмлэх нь дээрээ буй хаягныхаа хажуу хашаанд байх гэх мэт асуудлууд бий” хэмээв.  Ийнхүү ярьж дуусалгүй уг асуудал тулгарав. Дуудлага өгсөн айл руу залгахад утсаа авахгүй хоёр бүр гурван ч удаа утас цохив. Зарим тохиолдолд иргэд “Эмчээ нэгж байхгүй байна. Та залгаарай” гэх нь ч олон аж.
                                                      Нэг эм ч гэсэн эмчилгээ
undefined
23.00 БГД 12-р хороо нийтийн хэлж заншсанаар Бичил
Өвчтөний биеийн байдал даралт ихэссэн, зүрх дэлссэн байна. Иймд бусдын адил эм өгч зөвлөгөөнүүдийг өгөв. Гэтэл уг эмэгтэй “Одоо яах уу, зүгээр болох уу, би шөнө унтаж чадахгүй байвал яах уу, өвдөөд байна шүү дээ” гэх мэтээр олон асуултаар “булах” маягтай. Эмчийн зүгээс дахин “Удахгүй намдана, эм шууд үйлчилнэ гэж байхгүй шүү дээ. Хэрэв та намдахгүй хүндрэхээс айж байна гэж үзвэл танд тариа хийж өгье” хэмээнэ. Уг хүний даралт нь тийм ч өндөр биш хэвийн байв. Угтаа тухайн хүний айдас, хямралаас үүдэн бие тавгүйтэж буй мэт санагддаг аж. Энэ үед нэг эм эсвэл зөвлөмж л авахад болох хүн тухайн тусламжийг хайхрамжгүй хандлаа гэх нь бий. Эмчилгээ гэдэгт дан ганц олон эм, тариа бус зөвлөмж сэтгэлийн дэмжлэг ч орох аж. Харин үүнийг иргэд ойлгох нь бага. Энэ мэтээр дараагийн дуудлага руу явах гэхэд эмчилгээ хийж, зөвлөгөө өгсний дараа шалгааж явуулахгүй уях олон хүн байдаг аж. Тэр тусмаа хөрөнгө чинээтэй айлуудад ороход нэг эсвэл хоёр цаг болох тохиолдол ч үүсдэг байна. Хэрэв явсан тохиолдолд гомдол гаргах нь тухайн эмчид нэг төрлийн дарамт бий болгоно.
undefined
undefined
00.13 минут БГД 13-р хороо 26-р байр
Төрөх хугацаа ойртсон эмэгтэй арван минутын зайтай өвдөлт өгөөд буй. Тус эмэгтэйг эргэлзээгүй харьяа эмнэлэг рүү хүргэж өгөх нь зүйтэй гэв. Учир нь төрөхийн өмнөх энэ үе маш осолтой аж. Өвдөлт ойртоогүй, төрөх хугацаа болоогүй хэмээн орхиход төрсөн тохиолдол гардаг байна. Иймд тухайн эмэгтэйн хувцсыг өмсгөж ЭХЭМҮТ-рүү хүргэж өгөв.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн