Open iToim app
Дэлхийн монгол | 8 мин уншина

Rokit Bay: Залуучуудын сэтгэхүй массаараа өөр төвшинд очсон учраас юм хийхэд урамтай байна

Rokit Bay: Залуучуудын сэтгэхүй массаараа өөр төвшинд очсон учраас юм хийхэд урамтай байна
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 31
Монголоос хамгийн анх “Steam”-д орж байгаа “FRAGILE” тоглоомын бүтээгч Пуужин Баяраа буюу Rokit Bay нэрээр олон танигдсан рэппэр, жүжигчин, продюсер О.Баярсайханыг "ДЭЛХИЙН МОНГОЛ" буландаа урьж, ярилцлаа. Түүний хувьд “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан. Үүний дараагаар багаараа “ОННЦ ДҮМД” цувралыг амжилттай хийжээ. Одоо тэдний баг “FRAGILE” тоглоомын бүрэн хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
-Сайн байна уу. Та  уран бүтээлийн хувьд “Хариуцлага” цомгоос хойш төдийлөн том зүйл хийсэнгүй. Ер нь сүүлийн үед ямархуу уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Хариуцлага цомгийг гаргасны дараа хөгжим дээр ажиллахгүй удаж байна. Энэ хугацаанд 2D бүрэн хэмжээний цуврал хийж үзье гээд бүх цаг заваа тийшээ зарцуулаад, судлаад, суралцаад тэгээс нь хийгээд “ОННЦ ДҮМД” анимешнийг хоёр жил амжилттай хийлээ. Яг үүнийг хийж байх дундуураа “өөр зүйл хийе дээ” гэсэн бодолтой байсан. Тэр лүүгээ орж чадахгүй, цаг зав гарахгүй бүтэн жил ажилтай байсан. Одоо л тэрийгээ эхлүүлээд явж байна. Тэр нь видео тоглоом. Манай студийнхэн тоглох дуртай. Студиэсээ хамгийн их тоглодог нь би. Ер нь миний хамгийн том хобби гэж хэлж болно. Хоёр гурван жилийн өмнөөс өөрөө тоглоом хийхийг бодож эхэлсэн. Хэрвээ надад цаг зав гарвал дараагийн ажил нь тоглоом байна гэж бодож байсан.
-Та бүхний бүтээсэн тоглоом  Монголоос анх удаа “Steam”-д орж байна. Туршилтын хувилбарыг нь сонирхоход нийгмийн асуудлуудыг их хөндсөн байсан. Та тоглоомоороо юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Тоглоомын нэр нь “Fragile” буюу хэврэг гэдэг утгатай. Манай багийн Анхаа (ОННЦ ДҮМД цувралын туслах найруулагч) надад хоёр жилийн өмнө иймэрхүү охины дүртэй юм байвал яах уу гээд ерөнхий нэг хар зургийг хэлж байсан. Тэгээд 2019 оны дундуур эхэлсэн. Сэдэв нь хүүхдүүд алга болоод байгаатай холбоотой. Хүүхдүүд их хэврэг. Тэдний тархи, оюун ухаан хэврэг гэдэг утгаараа хэврэг гэдэг нэртэй. Тоглоомыг бага насныхан тоглохгүй. Ер нь өсвөр наснаас дээш л тоглох болов уу гэж бодож байна. Аймшгийн тоглоом гэдэг утгаараа сэтгэл зүйн тал руу илүү чиглэсэн. Тоглоомын зах зээл маш том. Нэг кино үзэхэд есөн доллар. Гэтэл нэг тоглоом жаран доллар гээд бодоход энэ маш өөр ертөнц. Жишээлбэл “DOTA”-ын тэмцээнүүдийн шагналыг харахад ямар ч спортын тэмцээний шагналаас давсан байна. Дараагийн үед бол тоглоомын эрин зуун ирж байгаа гэж харж байна. Энтертаймент төрлийн хамгийн дээд хувилбар бол кино, дуу биш тоглоом. Тоглоомонд ороод номоо уншчихна, дүрийг нь амилуулчихна, өөрөө удирдаад явчихна. Кино үзэж байгаа юм шиг хараад баясаж байгаа ч хамгийн сонирхолтой нь тэр дүрийг чи өөрөө удирдаж, хувь заяаг нь өөрчилж  байна. Өнөөдөр гэхэд Steam дээр байгаа 1800 гаруй туршилтын хувилбар (Demo) байгаагаас манай тоглоом үүний эхний хуудсанд хамгийн их хандалттай байгаа тоглоомуудтай зэрэгцсэн байна. Энэ нь бас бидэнд маш их урам өгч байгаа.
undefined
-Танай багийнханд баяр хүргэе. Нээлтээ хэзээ хийх төлөвтэй байна?
-Бид нар гуравдугаар сарын сүүлээр эсвэл дөрөвдүгээр сарын эхээр гаргана гэж төлөвлөсөн. Гэхдээ хүмүүс нэлээд сонирхоод эхэлж байгаа болохоор улам гоё болгоё гэсэн бодол байна. Тиймээс жаахан хойшилж магадгүй. Дөрөвдүгээр сардаа багтаагаад нээлтээ хийнэ. Зөвхөн захиалга (wishlist) дарсан, Монголоос холбогдож байгаа тоглогчид бүрэн хувилбар гарсны дараа үнэгүй тоглох боломжтой. Бид нар санхүүжилтээ гаднаас авах бодолтой байна. Гэхдээ биднийг дэмжих сонирхолтой хүмүүс байвал дэмжиж болно шүү гэж хэлье.
-Дуунуудын клипний ажил, “ОННЦ ДҮМД”, одоо “Fragile” видео тоглоом гээд энэ бүхнийг амжилттай хийхэд танай баг маш их хүч хөдөлмөр зарцуулсан байх. Багийнхныхаа талаар яривал...?
-Уран бүтээлч хүмүүст баг хамгийн чухал. Хэчнээн мундаг байгаад бүгдийг ганцаараа хийнэ гэж байхгүй. Угаасаа барахгүй. Баг нь маш нягт, нэгнийхээ ар гэрийн амьдрал бүх зүйлийг нь ойлгодог, мэддэг, нөхцөл байдлыг нь ойлгодог баг бүрдэх ёстой. Ийм баг бүрдэж чадвал багаараа амжилтад хүрнэ. Тэгэхгүй энд тэндээс дандуу мундаг гээд цуглуулчих юм бол нөгөө хүмүүсийн дунд янз бүрийн зөрчил үүснэ л дээ. Хамгийн наад зах нь цалин мөнгөний асуудал. Монголын нөхцөл байдалд уран бүтээл хийж буй багууд маш их тардаг. Нэг нь юм сураад л гардаг. Анх манай багийнхан 18-19 насны маш жаахан хүүхдүүд байсан. Хамгийн анх “Эвдэрхий хүн” дууны клип дээр ажиллаж байсан баг. Над руу “Ахаа манай студи клип хийх гэсэн юм. Таны клипийг хийж өгье, хамтарч ажилламаар байна” гээд анх холбогдож байсан. Тэгээд би очиж уулзаад, хийсэн юмнуудыг нь хараад хамтарч ажиллахаар болсон. Ингээд бид “Эвдэрхий хүн” дууны клипийг амжилттай гаргасан. “UBS Music awards”-ийн ихэнх шагналыг авч, Монголд хамгийн анх Youtube дээр нэг сая хандалт авсан бичлэг болж маш амжилттай явсан. Бид үүнээс хойш нэг студи болж ажиллажээ. “Бор арьст Гаамп”, “ОННЦ ДҮМД”-ийг хийж, одоо энэ тоглоом хийх ажилдаа орсон байгаа. Яг анх эхэлж байсан тэр багаараа л байна. Мэдээж зарим мэргэжлийн хүмүүс дутагдаж байсан учраас хүн нэмж авсан. Программыг бол шууд сурчихна гэж байхгүй шүү дээ. 2-3 сар судлаад л сурна гэж худлаа. Тиймээс мэргэжлийн хүмүүс нэмж авсан. Анх дөрвүүлээ байсан бол одоо долуулаа болсон байна. Үндсэн баг гэдэг бол маш олон жил болоход атгасан гар шиг байж л байдаг. Хүн хийж байгаа юмнаасаа хийсэн хэмжээгээрээ цалин авах ёстой. Би Америкт зөөгч хийдэг байхад хүмүүс цайны мөнгө гэж өгдөг байсан. Цалин гэдэг яг л цайны мөнгө шиг. Хүн яаж үйлчилгээ үзүүлнэ тэрийгээрээ цайны мөнгө авдаг шиг ямар ажил хийсэн түүнийхээ хэмжээгээр хүн цалингаа авах юм бол хэнтэй ч хэрэлдэх шаардлагагүй. Тэр тогтолцоо манай студид байдаг. Энэ Монголд бол маш ховор байх гэж боддог. Монголд багууд яаж ажилладаг вэ гэхээр нэг хүн өөр юм хийж байхад “за чи ерөөсөө энийг ингэчих тэгэх үү” гээд ороод ирдэг. Манай багийнхан бол анхнаасаа тэр энийг нь хийнэ шүү гэдгийг тохирчихсон байдаг. Яг л үйлдвэрийн дамжлага шиг эргэж байдаг. Тэр дунд нь гацах юм бол ажил зогсчихдог. Гэхдээ манай багийнхан бол хэзээ ч зогсохгүй, бүгдээрээ хариуцлагатай. Багт маркетингийн ч хүн байна, сэтгүүлч, сургуулиа төгсөөгүй ч хүн байна. Яг дипломынхоо мэргэжлээр биш өөрсдийнхөө зүрх сэтгэлээр, сонирхлоороо ажиллаж байгаа. Ингэж ажиллаад илүү сайн болоод мэргэжлийн гэж хэлж болохоор тийм л төвшинд очихын төлөө ажиллаж байгаа залуучууд. Бид нар 2019 оны нэгдүгээр сараас хойш цалингүй ажиллаж байна. Бүгд сэтгэл зүрхээрээ ажиллаж, үр дүнг нь амсчих юм сан гэсэн бодолтой. Шинэлэг, өөр юм хийгээд ирэхээр залуус хэчнээн ар гэрийн амьдрал хэцүү байлаа ч урагшаа явдаг. Тэр байдлаар ингээд зүтгэж л байна даа.
-Танаас гарч байгаа уран бүтээлүүдийг харахад илүү нийгэм рүү чиглэсэн нь анзаарагдах юм. Харин нийгэм таны уран бүтээлүүдийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Миний хоёр дахь цомог болох “Эвдэрхий хүн”-д илүү нийгэм лүү чиглэсэн дуу хийж байсан. Цомгийн бүх дуу хүрээлэн буй орчин, нийгмээс болж нь эвдэрсэн хүмүүсийн талаар гардаг. Тэр дунд янз бүрийн сэдэвтэй дуу бий. Цомогт багтсан “Бэртэгчин” гээд дуу байна. Тухайн хүний бодол, төсөөлж байсан муу төсөөллийг нь тэр дуугаар амьдруулаад, түүнийг нь мэдрүүлээд эцэст нь тэр муу зүйл болоод өнгөрчихсөн юм шиг мэдрэмж авахад тэр хүний амиа хорлох бодол нь бага ч болов багасах юм уу гэх мэтчилэн шууд хэлэхгүй ч гэсэн иймэрхүү маягаар нөлөөлье гэсэн зүйлүүд их байдаг. Мэддэг хүмүүс нь бол мэдэж байгаа. Тухайн хүн болгон гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байдаггүй ч тэрийг сонссон хүн бол ойлгосон гэж найдаж байна. “ОННЦ ДҮМД”-ийг нийгэм маш сайн хүлээж авч, нас насны хүмүүс үзсэн. Гэхдээ хүүхдүүд бол үзээгүй. Яахав эхний ганц хоёр ангийг нууцаар үзэж хараал энэ тэрийг нь сонсож баясчихаад л хаясан байх. Ер нь залуучуудаас дээш насныхан үзсэн байна лээ. Сүүл рүүгээ дээд хүмүүсийн дургүйг хүргээд бас асуудал үүссэн. Хэтэрхий бодитой болчихсон юм шиг байна лээ. Би улс төр мэдэхгүй л дээ. Гэхдээ ийм байвал “новшийн” юм байна гээд л хийсэн. Тэгсэн чинь тийм хүмүүс нь өөрсдийгөө олж харсан л юм шиг байна лээ. Энэ бол амжилт. (инээв). Гэхдээ тоглоомыг бол бүр илүү хүлээж авч байна. Залуучуудын сэтгэхүй хоёр жилийн өмнөхөөс шал ондоо болсон байна. Биднийг дэмжиж, урам өгч байгаа байдал, хэлж ярьж байгаа бүгд их өөрчлөгдсөн байна. Залуучууд массаараа өөр төвшинд очсон байна. Ингээд байхаар юм хийхэд үнэхээр урамтай байдаг юм байна.
undefined
-Сүүлийн үед хийж бүтээе гэсэн залуус их болж. Та тэдэнд зориулж юу гэж хэлэх вэ?
-Юм боддог, мөрөөддөг хүмүүс зөндөө л байгаа байх. Нэг хичээл заагаад тэрийг нь сурснаараа мундаг болохгүй. Тэрийгээ яг галзуу хүн шиг ухаад, судлаад, өдөрт илүү цаг гаргаад, ажлаасаа илүү хандаж байж мундаг болно. Зүгээр суугаад л байвал хэн ч гэсэн бодоод л суугаад байна шүү дээ. Хамгийн гол нь тэрийгээ бодитой болгох ёстой. Бодитой болгохын тулд боломжгүй юм шиг санагдвал ядаж л эхлүүлээд үзчих хэрэгтэй. Хийж үзэж байж л чадах чадахгүйгээ мэднэ. Би бол сэтгэлд багтаад л байвал хийчихдэг. Хүн дуртай юмаа л хийх хэрэгтэй. Дургүй юмаа хийвэл залхуу хүрнэ биз дээ. Дургүй юмаа хийгээд л байвал “Нэг өдрийн хаан” гэдэг дуу шиг л болно.
-“Хариуцлага” цомгоос хойш хөгжим хийсэнгүй шүү дээ. Цаашдаа хөгжим хийх бодол байна уу?
-Энэ жил ямар ч байсан хөгжмийн ямар нэгэн зүйл хийнэ. Гэхдээ цомог хийхгүй. Тоглоом гэдэг том ажлын ард нь гаръя гэсэн бодолтой байна. Заавал надаар хөгжим хийлгэх хэрэггүй шүү дээ (инээв). Би өөрөө урлагийн ямар нэг салбарт байгаадаа л баяртай байна. Энтертаймент хийж байна. Тэрнээс биш улс төр хийгээгүй. Өөр, өөр салбар хөгжүүлээд, өөрөө тэндээ байгаа, тэрийгээрээ уран бүтээлээ хүргэж байгаа учраас хувьдаа бол аз жаргалтай байгаа. Сонсогчид бас жаахан дуу нэхээд байх шиг байна.
-Монголд соёлоороо эсвэл хийж байгаа зүйлээрээ “Дэлхийд гаръя” гэдэг трэнд гарчээ. Таны хувьд ямар нэгэн уран бүтээлээрээ дэлхийд гарах бодол байна уу. Та тоглоомоо дуусгаад юу хийнэ гэж бодож байна?
-Хөгжмийн салбарт бол дэлхийд гаръя гэсэн бодол байхгүй. Харин одоо хийж байгаа зүйлээрээ дэлхийд гаръя гэсэн бодол байна. Гэхдээ дөнгөж л эхлүүлж байна шүү дээ. Улс үндэстнийхээ онцлог, өвөрмөц байдлыг бүх юман дээр түрий бариад байх нь онцгүй. Тодорхой хэмжээгээр бол оруулж өгнө. Жишээлбэл, тоглоомын туршилтын хувилбар дээр шагай хаядаг хэсэг оруулж өгсөн. Дэлхий үзээгүй өвөрмөц зүйлүүдийг оруулахад зүгээр. Бүрэн хувилбар дээр соёлоосоо оруулах нь оруулж байгаа. Гэхдээ тэрийгээрээ түрий барих нь зохимжтой биш. Цааш бодсон юм бол байна. Ардаа хийх юмтай байна гэдэг сайхан. Одоо бол урдах ажлаа дуусгах хэрэгтэй байна. Дуусгахын тулд бидэнд сайжруулах зүйлс хийх байх. Ер нь нэлээд сайн л юм хийнэ гэсэн бодолтой байна. Миний сэтгэлд бол багтаад байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн