Зочин | 5 мин уншина

Ж.Оюунбилэг: Коронавирусийн эсрэг Монголын анхны эм бэлдмэл ирэх намар бэлэн болно

Ж.Оюунбилэг: Коронавирусийн эсрэг Монголын анхны  эм бэлдмэл ирэх намар бэлэн болно
Нийтэлсэн 2021 оны 6 сарын 7
Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэгтэй Монгол Улсад илэрсэн "SARS-CoV-2" вирусийн мутацийн талаар ярилцлаа.
-Монгол Улсад мутацилагдсан вирусийн омог үүссэн гэх мэдээлэл яваад байгаа, энэ үнэн үү. Яг ямар үндэслэлээр ингэж үзэж байна вэ?
-Таны асуултад үнэн гэж хариулна. Мэдээллийг зөв авсан байна. Вирус бол тухайн улсын үндэстэн угсаатны генд дасан зохицож, хувиран бие махбодид халдвар үүсгэгч юм. Генийн код өөрчлөгдөхийг мутаци гэнэ. Энэ бол вирусийн мөн чанар. Мутацигүй вирус гэж хаа ч байхгүй. Тогтмол мутаци үүсэж байдаг. Тэгэхээр монгол омог, нутгийн омог үүссэн гэдэг нь мутацийн үр дүнд үүсчихлээ гэсэн үг.
Коронавирусийн мутаци манайд хувирч өөрчлөгдөж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Тодруулбал, Монголд үүссэн гэх коронавирусийн 20 омгийг манай мэргэжилтэн Япон руу авч явж, судалсан. Ингэхэд тухайн 20 омгийн нэг нь л Хятадын Уханий омог байсан бөгөөд дөрөв нь дэлхий дахинд тарсан омог, харин үлдсэн 15 нь мутацид орж хувирсан монгол омог байсан нь тогтоогдсон. Энэ нь нэг ёсондоо вирусийн өөр нэг шинж чанар буюу тухайн улсын үндэстэн, угсаатанд хувирч дасан өөрчлөгдөж байгааг харуулж байна.
Мөн вирус ийнхүү улам хүн амд дасан зохицож, өөрчлөгдсөнөөр халдварлуулах болон өвчлүүлэх эрсдлийг улам өндөр болгож байгаа юм.
-Энэ омгууд дээр манай эрдэмтэн судлаачид дахин судлагаа, шинжилгээ хийсэн үү?
-Бид дахин нарийвчлан судлах шаардлагатай. Ингэхийн тулд Монгол Улс лабораторийн чадавхаа сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, судалгаа, шинжилгээ хийх багаж тоног төхөөрөмжүүд авах хэрэгтэй байна. Монголын судлаач эрдэмтэд аргачлалыг нь бүгдийг мэдэж байгаа. Мөн бид ийм лабораторитой болчиход дараа нь бид нарт л хэрэгтэй.  Одоохондоо дэлхий дахинд тарсан омгуудад вакцин тодорхой хэмжээгээр үйлчилж, дархлаа үүсгэж байна. Бидний тооцооллоор зургадугаар сард вирусийн халдвар намжих ёстой. Хүн амын дархлаа 75 хувьд хүрэхэд л халдварын тархалт баригдах ёстой. Гэтэл өнөөдөр ахмад болон эрсдэлтэй иргэдээ дархлаажуулж байгаа ч хүүхдүүдийн дунд халдвар идэвхжиж байх жишээтэй. Мөн вакцин хийлгэхгүй гээд эсэргүүцээд байгаа, бүрэн тунгаа аваагүй буюу хоёрдугаар тунгаа хийлгээгүй хүмүүс дотор халдвар авах байдал ихэсч байна.
-Манайд илэрсэн эдгээр омгууд нь ямар шинж чанар, онцлогтой вэ. Мөн хэр аюултай вэ? 
-Энэ омгууд нь дэлхийн хаана ч үүсээгүй хувирсан мутациуд юм. Цаашдаа коронавирус улам хувирч өөрчлөгдөөд дасан зохицох болно. Ингээд дэлхий дахины омогт суурилсан вакцины үр дүн улам буурах юм. Тэгэхээр вакцин одоо үйлчилж байгаа ч ингэж цаашаа хувираад байвал вакцинаа өөрсдөө хийж түүнээс урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй байна. Дээр хэлсэнчлэн бидний тооцооллоор халдвар зургадугаар сардаа тодорхой түвшинд буурч, наймдугаар сараас хойш хяналтад орно. Гэхдээ вирус өөрөө бүрмөсөн устахгүй, үлдэх болно.
Одоохондоо эдгээр омгийг аюулыг тогтоож чадахгүй байдалд байна. Лабораторийн хүчин чадал хомс байна. Өнөөдөр яагаад нас баралт өндөр байна, халдварлалт өргөн хүрээнд идэвхтэй явж байна гэдэг нь монгол омог үүссэний л үр дагавар юм. Түүнээс биш гаднаас орж ирсэн омог ийм хурдан тарах нь харьцангуй бага. Монгол хүнд дасан зохицох цаг хугацаа гэж байна.
-Бид үүнтэй хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ. Юуг анхаарах хэрэгтэй бол?
-Мэдээж нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ буюу тусгаарлах, олон хүнтэй газраар явахгүй байх, гараа угаах амны хаалт зүүх зэрэг өмнө нь авч байсан арга хэмжээнүүдээ авна. Мөн цар тахлыг хяналтад авах цорын ганц арга бол вакцин. Тодруулбал, монголчууд өөрсдөө вакцин бэлдмэлээ хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Үүнийг бид Засгийн газарт танилцуулсан. Улмаар Засгийн газар маш чухал арга хэмжээ авч эрдэмтдийн саналыг дэмжих тогтоол гаргасан. Тус тогтоолд:
Нэгд, Монголын эрдэмтдийн гаргасан загвар, эмчилгээний бэлдмэл болох коронавирусийн өвөрмөц иммуноглобулинийг намар гэхэд бид эмчилгээнд шилжүүлэх боломжтой боллоо. Засгийн газраас үйлдвэрлэл явуулахын тулд үүнд 284 сая төгрөг шийдсэн.
Хоёрт, бүх вакцины үр дүн, сөрөг нөлөөг харьцуулан судалдаг. Вакцин био бэлдмэлийн улсын хяналтын лабораторийг НЭМҮТ дээр сэргээн байгуулах шийдвэрийг гаргасан. 
Гуравт, монгол омог үүсэж байгаа учир вакцинжуулалтыг улам идэвхтэй, үр дүнтэй болгохын тулд манай улс өөрийн гэсэн үндэсний вакцинтай болъё гэх шийдвэр.
Цаашид ямар ч вирус гарч болно. Гэхдээ гол нь бидний таамаглаж байгаагаар цар тахал буюу дэлхий дахинд тарж байгаа вирус амьсгалын замаар л халдварлана. Үүнтэй үр дүнтэй тэмцэхийн тулд тухайн улсын үндэсний чадавхи сайн байх ёстой. Үндэсний хяналтын лаборатори ажиллах ёстой гэсэн үг. Тус лабораториор гадна дотнын бэлдмэлийг хянаж аль нь хэрэгтэй, аль нь чанартайг тогтоон үндэсний түвшинд шийдвэр гаргаж зөвшөөрөх ийм системтэй болох юм. Түүнчлэн өөрсдийн гэсэн вакцинтай болно. Цагаан цэцэг өвчнийг бид өөрсдөө вакцин үйлдвэрлэж, хүн амаа дархлаажуулалтад хамруулан 1940 онд бүрмөсөн устгасан. Халдварт сааг мөн устгаснаас хойш 20 жил боллоо. Өмнө нь цагаан цэцэг, халдварт сааг устгасан шиг бид ч мөн коронавирусийг хяналтдаа авах болно.
-Манай улсад үйлдвэрлэх эм бэлдмэл мөн вакцин хэдийгээр бэлэн болох тооцоотой байна вэ?
-Бид өвөрмөц иммуноглобулиний загварыг гаргасан. Үүнийг үйлдвэрлэхийн тулд Засгийн газраас төсөв баталж, дээрх санхүүжилтийг олголооо. Одоо санхүүжилтаа авсан учир коронавирусийн эсрэг эм бэлдмэл гуравдугаар улирал гэхэд бэлэн болчихно. Ингээд коронавирусийн эсрэг Монголын эмчилгээний анхны урьдчилан сэргийлэх бэлдмэл гараад ирнэ. Одоо эм бэлдмэлийн судалгаа, дархлаажуулалт, мутаци яаж хувирч байгааг судалж байна, энэ болгон өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд их чухал үүрэгтэй. Халдвартай үр нөлөөтэй тэмцэх ажлыг бид өөрсдөө хийх ёстой. Монголд хүний нөөц байна. Үүнийг Засгийн газар дэмжих шийдвэр гаргалаа бид баяртай байна. Үндэсний бэлдмэл бол гарна. Үүнд бүрэн итгэлтэй байна.
Дээрээс нь хэрвээ Засгийн газраас бидний тооцоо судалгааг үндэслэн вакцин үйлдвэрлэх боломжтой гэж үзэн санхүүжилт олговол бид тоног төхөөрөмжөө худалдаж авна. Вакцины хяналтын үндэсний лабораторио байгуулж, вакцин хийх ажилдаа орно. Тэнд бүхий л шинжилгээг хийж харьцуулж гаргах юм.  Ингээд 1-2 жилийн дотор вакцины технологийг боловсруулж үйлдвэрт нь нэвтрүүлнэ.
Цаашид тус лаборатори нь ямар ч цар тахлын үед шилжиж ажиллана. Бид өөрсдийн гэсэн лабораторитой болно оо гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн