Технологи сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг “ICT EXPO 2020” үзэсгэлэн, арга хэмжээ аравдугаар сарын 9-11 өдрүүдэд уламжлал ёсоор Мишээл экспо төвийн олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд дэлгэгдлээ. Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том энэхүү арга хэмжээний үеэр технологийн компаниуд жил бүр төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд шинэ технологи, үйлчилгээгээ танилцуулдаг. Манай улсын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд салбарын хөгжилд боловсон хүчин болон хөрөнгө оруулалтын орчин хамгийн ихээр дутагдаж байгааг онцолдог.Харамсалтай нь, Монгол Улсын мэдээллийн технологийн инженерүүд бэлддэг хамгийн том институц болох ШУТИС энэ удаагийн төдийгүй сүүлийн жилүүдийн “ICP EXPO”-д маш хангалтгүй оролцож байгааг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, энэ онд ШУТИС улиг болсон “Цагаас зураас дагадаг робот”, өнгөрөгч онд “iTools” компани танилцуулж байсан “шалгалтын хариултын хуудас боловсруулах систем” болон “Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар захиалгын систем”-ыг танилцуулжээ. Энэ бол ШУТИС-ийн хувьд маш чамлалттай үр дүн юм. Мөн сүүлийн жилүүдэд “ICT EXPO” үзэсгэлэнд “Fintech”-д суурилсан бичил зээлийн үйлчилгээнүүд томоохон байр суурийг эзлэх болсон. Нэг талдаа энэ нь нэг үе ээ бодоход хөрөнгө оруулагчид дотоодын технологийн компаниудад итгэл хүлээлгэх болсны илрэл ч гэлээ нөгөө талдаа зөвхөн ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт олдож байгаа нь харамсалтай. Тиймээс ирэх жилүүдэд зөвхөн “ICT EXPO”-г зохион байгуулагчид гэлтгүй төр болон хөрөнгө оруулагчдын зүгээс хиймэл оюунд суурилсан дараагийн төвшний “High Tech” хөгжүүлэгчид болон залуу инженерүүдийг бодлогоор дэмжих шаардлагатай харагдаж байна.