УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан хууль санаачлагч болон Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ цагаас эзэнтэй шүүгч гэж байх ёсгүй, шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй
-УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг салаа мөчир нь. Шүүхийн тухай хууль хуулийн засаглал, шударга ёсны суурь үндэс юм. Шүүхийн хуулийн багц хуулийг баталснаар хамгийн гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүлж чадлаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн зарчим энэ хуулиар хэрэгжих боломж бүрдэж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх илүү нээлттэй, шударга боллоо. Шүүх, шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй. Энэ цагаас эзэнтэй шүүгч, эрх мэдэл, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүй. Үүнийг хуулиар хааж, хязгаарласан. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болно. Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэдэг асуудал энэ цагаас зогсоно. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тусгасан. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо ажиллах болно. Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг анх удаа хуульд оруулж өгсөн. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг нь шүүгчид дотроосоо, үлдсэн тавыг нь УИХ нээлттэй сонсголоор танилцаж, томилно. ШЕЗ-ийн гишүүн эрх зүйч мэргэжлээр 10-аас доош жил ажилласан, хууль зүй өндөр мэдлэгтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн өндөр албан тушаал болоод улс төрийн намын албан тушаал эрхэлж байгаагүй, улс төрөөс ангид байх шаардлагыг хуульд тусгасан.
Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг нь тасдах алдааг гаргаж болохгүй гэдгийг шүүгч нартаа сануулъя. Одоо энэ хуулийн хувь заяа шүүгч нарын гарт ирлээ. Сайн хууль байх эсэх нь шүүгч нараас ихээхэн хамаарна.
Ерөнхийлөгч хоёр асуудлаар л шүүхийн асуудалд оролцох бүрэн эрхтэй
-УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: 1992 оны шинэ Үндсэн хуулийг эх баригч, гавьяат хуульч агсан Б.Чимид багш маань"Сайн төрийн дээр хууль ноёлж байг" гэж хэлсэн байдаг. 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн. Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг. Хүнээс, ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг ард иргэд ч, шийдвэр гаргах УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь гашуун боловч үнэн юм. Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд, тос түрхээд арилгахгүйгээр хүндэрсэн байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тиймээс хүнд хэлбэрийн хагалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь өөрчилж, шинэчиллээ. Тиймээс энэ хуулийг шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хуулиар засварлах алхмыг хийлээ. Гэхдээ энэ бол зөвхөн гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн. Бид өнгөрсөн рүүгээ биш, ирээдүйг харж хуулиа бичсэн. Одоо байгаадаа сайн дүгнэлт хийж, ирээдүйдээ цагаан жин татуулж, шударга ёсыг манлайлахыг зорьж энэ хуулийн шинэчлэлийг хийлээ. Энэ шаардлагад шүүгчид маань нийцэж, өөрсдийгөө засаж, нийцүүлж ажиллах үүрэг хүлээж байгаа. Ингэж чадахгүй, өнөөдөртэйгөө байхыг хүсч, эрх мэдэлтэй зууралдаж, авлигажин, хонгилдон, муу муухайтай эвлэрч, сайн бүхнийг үгүйсгэж ажиллабал тухайн шүүгч шаардлага хангахгүй гэсэн үг. Шаардлага хангахгүй хүнтэй хариуцлага тооцох эрх ард түмнийг төлөөлдөг УИХ-д байгаа. Энэ утгаараа гараа гэж хэлж байгаа юм. Хууль хэрэгжих явцдаа олон саад бэрхшээлийг туулах болно. Учир нь олон хүний эрх ашгийг хөндөж байгаа. Тэдгээр хүмүүс янз бүрийн байдлаар энэ хуулийн үзэл санааг үгүйсгэх, таслан зогсоохыг оролдсон үйлдлээ зогсоохгүй, хийх болно гэдгийг мэдэж байгаа. Үүнийг улдан дарж, шударга ёсны манлайлал, түчээ болох хүч УИХ-д байгаа гэдгийг сануулъя. Учир нь, УИХ-д суудалтай бүх улс төрийн намууд, бие даагчид шүүхийн шинэтгэлийг хийх ёстой, шударга ёсыг хуулиар тогтоох ёстой гэдэг дээр цул хүч болж, Шүүхийн тухай багц хуулийг 96.2 хувийг саналаар дэмжигдэн баталсан гэдгийг онцолье гэлээ.
Дараа нь Ажлын хэсгийн ахлагч асуултад хариулав.
-Хууль батлагдсанаар Сахилгын хороо гэсэн шинэ бүтэц ажиллаж эхэлнэ. Энэ байгууллагын гол чиг үүрэг юу байх вэ?
-Шүүхийн сахилгын хороо бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цоо шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн байгууллага. Яг Улсын дээд шүүхтэй адилхан байгууллага. Сахилгын хороог шүүгчийг огцруулах, түдгэлзүүлэх хариуцлага тооцох эрх бүхий байгууллага гэж заасан. Өөрөөр хэлбэл, Сахилгын хорооны шүүгчийг огцруулсан тэр шийдвэр эцсийнх байна. Улсын дээд шүүх урьд нь, одоо шүүхийн ёс зүйн хорооны бүх шийдвэрүүдийг давж заалдах шатны журмаар хянаж авч үздэг. Энэ байдал нь өөрөө шүүгчид нь шүүгчдээ хаацайлдаг, хамгаалдаг, хариуцлагаас зугтдаг байдалтай явж ирсэн. Шүүгчид өөрсөддөө давуу байдлыг бий болгож ирсэн. Тиймээс шүүгчдэд хариуцлага тооцдог шүүхийн бие даасан байгууллага нь шүүхээсээ тусдаа байх ёстой гэдгийг өнгөрсөн онд УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдсэн. Энэ үзэл санааны дагуу Сахилгын хорооны шийдвэр эцсийн байх асуудлыг хуульчилсан. Улсын дээд шүүх Сахилгын хорооны шийдвэрийг ганцхан үндэслэлээр хянана. Энэ нь сахилгын хэрэг үүсгэгдсэн, сахилгын шийтгэл хүлээсэн тэр шүүгчийн Үндсэн хуульд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хангаж өгөөгүйгээр шийдвэр гаргасан тохиолдолд л хянана. Бусад үндэслэлээр, агуулгаар нь тухайн шүүгчийг огцруулсан уу, тухайн шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан уу гэдэг асуудал руу орохгүй. Шүүхийн багц хууль батлагдсанаар шүүгчдэд хариуцлага тооцох, хяналт тавих хөндлөнгийн хараат бус, Үндсэн хуулийн бус байгууллага ажиллах боломж бүрдсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулсан ямар, ямар санал дэмжигдсэн бэ?
-Ерөнхийлөгчөөс 35 хуудас, 100 гаруй саналыг Ажлын хэсэгт ирүүлсэн. Эдгээр саналын 98 хувийг нь хүлээж авсан буюу хуульд тусгагдсан. Ямар саналыг хүлээж аваагүй вэ гэдгийг нь хэлчихвэл илүү тодорхой байх. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бие дааж ажиллуулах асуудлыг илүү дэлгэрүүлж хуульчилсан. Энэ дотроо ШЕЗ-ийн 10 гишүүний тав нь шүүгч байна гэж Үндсэн хуулийн өөрчлөлтөд тодорхой заасан. Нөгөө талаар Ерөнхийлөгчид Үндсэн хуульд зааснаас бусад бүрэн эрхийг хуулиар олгохгүй гэдэг өөрчлөлт орсон. Энэ утгаараа Ерөнхийлөгчийг ШЕЗ, Шүүхийн Сахилгын хорооны гишүүний томилгоонд оролцох боломж нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хаагдсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр асуудлаар шүүхийн асуудалд оролцохыг бүрэн эрхэд нь хуульчилсан. Нэгд, бүх шатны шүүгчдийг томилох. Хоёрт, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрхтэй. Үүнээс бусад шүүх эрх мэдлийн салбарт оролцох бүрэн эрхийг Үндсэн хуулиар хязгаарлагдаж байгаа учраас ердийн хууль Үндсэн хуулийг давж, зөрчиж онцгой эрх олгох эрх УИХ-д байхгүй.