ОХУ-ын Краснодар мужийг Крымийн хойгтой холбодог Керч гүүрэн дээр дэлбэрэлт болж, их хэмжээний түймэр гарсан талаар “RIA Novosti” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, орон нутгийн цагаар бямба гаригийн өглөөний 06:00 цагийн орчимд Керч гүүрээр Крымийн чиглэлд зорчиж байсан ачааны автомашин дэлбэрсэн байна. Улмаар гал төмөр зам дээрх шатахууны цистернд хүрч, том хэмжээний дэлбэрэлт үүсчээ.
Оросын төрийн мэдлийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас төмөр замын хоёр ч шугам нурсан бөгөөд автозамын нэг урсгал бүхэлдээ нурж, далайд унасан байна. Харин гүүрний нуман тулгуурт гэмтэл гараагүй гэжээ. Одоогоор автозам болон төмөр замын гүүрэн гарцын хөдөлгөөнийг түр зогсоосон бөгөөд Крымийн Засаг захиргааны зүгээс ослын үеэр ямар нэгэн хүний амь нас эрсдээгүй гэж мэдээллээ.
Кремль одоогоор ослын шалтгааны талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хорооноос ачааны автомашиныг санаатай дэлбэлсэн гэж мэдээлсэн юм.
Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өөрийн твиттер хаягаар дамжуулан “Крымийн гүүр бол дөнгөж эхлэл. Бид хууль бус бүхнийг устгаж, Украинаас хулгайлсан бүхнийг эргүүлэн авч, Оросын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах болно” гэж мэдэгджээ.
Улмаар уг осол нь Украины хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэх таамаг гараад байна. Учир нь, ослын газрын гэрэл зураг болон дүрс бичлэгээс харахад нурсан автозамын зорчих хэсэгт пуужингийн цохилт өгсөн ямар нэгэн ул мөр харагдахгүй байгаа юм. Харин эсрэгээрээ яг төмөр замын шатахууны цистерний дэргэд дэлбэрэлт болсон нь зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэх таамгийг улам өдөөж байна.
Керчийн хоолойг дамнасан 19 километр урт үргэлжлэх уг гүүр нь 2018 онд ашиглалтад орсон. Крымийг ОХУ-тай холбодог, тээвэр логистик, цэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий Керчийн гүүр нь тус улсын хамгийн урт гүүрт тооцогддог. Мөн уг гүүр нь ОХУ 2014 онд Крымийн хойгийг эзлэн түрэмгийлж, бүрэлдэхүүндээ нэгтгэсний бэлгэдэл болдог бөгөөд Кремлийн тэргүүн Владимир Путин өөрийн биеэр нээлтийн тууз хайчилж байв.
Эх сурвалж: RIA Novosti, The Guardian, Reuters