Дэлхийн монгол | 17 мин уншина

Ш.Баатар: Монгол хэлтэй ч харь сэтгэлтэй хүмүүс олшрох вий гэдгээс л болгоомжилдог

Ш.Баатар: Монгол хэлтэй ч харь сэтгэлтэй хүмүүс олшрох вий гэдгээс л  болгоомжилдог
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 25

Цахиурын хөндийд программ хангамжийн ахлах инженерээр 16 дахь жилдээ ажиллаж буй компьютерийн ухааны доктор Ш.Баатарыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ буландаа урьж ярилцлаа.    

ОХУ-д программ хангамжийн мэргэжил эзэмшсэн тэрээр үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Япон, АНУ зэрэг орнуудад ажиллан олон талын туршлага хуримтлуулжээ. Түүнчлэн тэрээр Харвард, Массачуестийн технологийн дээд сургуулийн хамтарсан Анагаах ухаан, технолoгийн тэнхимд судалгаа хийж байсан замналтай.   

Ш.Баатар гуай мэдээллийн технологийн мэргэжилтэй ч түүх судлалаар олонд танигдсан төдийгүй Стэнфордын их сургуулийн Зүүн өмнөд Азийн хэл соёл судлалын тэнхимд, мөн Берклей дэх Калифорнийн их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд зочин эрдэмтнээр ажилласан туршлагатай.    

Хүн нэг зүйлээрээ дагнан хичээллэж амжилт гаргах боломжтой. Харин хоёрын хоёр карьер хөөж хоёуланд нь амжилтад хүрнэ гэдэг амаргүй.  Түүний амжилт, ажил амьдралынх нь карьерын тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн оронд өөрийн байр сууриа олж ажиллаж амьдарна гэдэг амаргүй шүү дээ. Хоёулаа таны ажил, мэргэжлийн карьерын талаар яриагаа эхлүүлье?   

-Хүмүүс намайг монгол хэл соёл, түүх археологийн талаар хэлж, бичдэг болохоор нийгмийн ухааны түүхийн мэргэжилтэй гэж боддог. Энэ бол миний сонирхол, сонирхолдоо дулдуйдсан хоёр дахь мэргэжил гэж хэлж болно. Үнэндээ миний үндсэн мэргэжил бол компьютерийн программ хангамж билээ. ЗХУ-д сурч байхдаа фортран хэлээр анх програм бичиж, перпо картаар тооцоолон бодох машинд уншуулснаар эхэлсэн, тэр цагаас үүдэлтэй. Түүнээс хойш 35 жилийн турш ажил төрлийн эрх үүргээс болж компьютерийн янз бүрийн хэлээр програм бичиж байна. Одоо ч би компьютерийн програмаа бичсээр, анх эзэмшсэн мэргэжлээрээ ажлаа бүтээж, Америкийн Цахиурын хөндийд амьдарч явна. Хүн аливаа ажилд нарийн мэргэшиж, тэр эзэмшсэн мэргэжилдээ тууштай байх нь маш чухал гэж би боддог. Орос оронд сурсан эрдэм минь суурь мэдлэг болдог. Оросын шинжлэх ухаан бол дэлхийд цартай, мөн тухайн үед ЗХУ дэлхийн хоёр супер хүчний нэг байсныг мэднэ байх. Тэгж сурсан суурь эрдмээ Японд очиж, технологи талаас нь улам чанаржуулж авсны үндсэн дээр Америкийн мэдээлэл технологийн салбарт 21 жилийн турш бусад орны залуустай мөр зэрэгцэн оюуныхаа хүчийг үзэж, чамлахааргүй амжилттай сайн явна. Технологийн фронтын галын шугам дээрх эгэл нэгэн цэрэг.

-Таны намтрыг харахад Японд “Хүний тархины цус алдалтыг мониторинг хийх” чиглэлээр эмнэлгийн компьютерийн ухаанаар докторын зэрэг /PhD/ хамгаалсан юм билээ. Тэгээд мөн энэ чиглэлээрээ Харвардын Анагаах ухааны их сургууль, Кеймбриж хотын Массачуестийн технологийн дээд сургуулийн хамтарсан Анагаах ухаан, технолoгийн тэнхимд пост-доктороор судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүн, ач холбогдлын талаар танилцуулахгүй юу?   

-Анагаах ухааны салбарын судалгааны ажил далайц их, хамрах хүрээ өргөн тул хувь хүний ганцаарчилсан тоглолт ач холбогдолгүй байдаг. Харин багийн тоглолт хийж, олны хүчээр амжилтад хүрдэг салбар.  Багийн тоглолтоор хийсэн их ажлын өчүүхэн хэсэг л миний оруулсан хувь нэмэр. Тодруулж хэлэхэд пост-доктор нь докторын зэрэг авсан хүмүүс аль нэгэн сургуулийн судалгаанд оролцож, 1-3 жил ажиллаж сурснаа баталгаажуулж, өөрийгөө хөгжүүлэхийн ялдамд ирээдүйн ажлаа сонгодог тийм нэгэн дамжлага юм. Миний хувьд тус хоёр их сургуулийн дундын хөтөлбөрт сонгон шалгаруулалтаар орсон явдал. Японд байхдаа тэр сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн. Америкт сурч, амьдрах зардлыг Японы Фүжицү компани даасан юм.  Судлаач эрдэмтний харьяалал маань Харвардын их сургуульд, судалгаандаа зориулан суралцах бааз нь Массачусетсийн технологийн дээд сургууль, байрлаж байсан тэнхим маань Харвардын анагаах ухааны их сургуулийн судалгааны бааз болдог Бригмийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн Радиологийн тэнхим байсан.       

Америк маягийн бүтэц бол үхрийн бөөр мэт олон зүйлийн цуглуулга байдагт ер гайхах хэрэггүй. Ингээд өөр хоорондоо чамгүй зайтай дээр нэр дурдсан гурван газрыг өдрийн нэг гороолдог ажилтай байлаа. Хийж байсан судалгааны төсөл бол Массачусетсийн ерөнхий эмнэлэг, Без израилийн хүүхдийн эмнэлэг, Нью Энгландийн анагаах ухааны төв, Бригмийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээллийн төвлөрсөн санг байгуулах нүсэр том ажил байв. Хэдэн зуун хүний олон жилийн их хөдөлмөрийг шингээсэн том төсөл байсан. Түүний зөвхөн нэг гишүүн нь болоод өөрт ногдсон ажлаа жил хагас орчим хийсэн юм. Би бол тийм сүрхий амьтан ер байгаагүй. Зөвхөн өөрт ногдсон ажлаа цаг тухайд нь хийдэг нарийн мэргэжилтэн байв. Шаардлагатай сэдвээрээ МИТ-д хичээл авч байсан. Номын санд бол их удаан цагаар чилтлээ суусан. Их мэдлэгтэй хүмүүсийн бөөрөнд наалдаж, эрдэм мэдлэгээс нь чадал чинээгээрээ л халбагадсан даа.  

Харвардад жилд 300 орчим гадаад оюутнаас ярилцлага авдаг, түүнд тэнцсэн 50 гадаад пост-докторын нэг нь байв

undefined

-Америкт сурч, амьдрах зардлыг Японы Фүжицү компани даасан гэж байна. Япон хүмүүсийн итгэлийг олж, компаниасаа тэтгэлэг хүртэл авчээ?

-Тухайн үед Харвардад жилд 300 орчим гадаад оюутнаас ярилцлага авдаг, түүнд тэнцсэн 50 гадаад пост-докторын нэг нь би байв. 18 сарын хугацаатай сургах зардлыг Харвардын их сургууль даахаар болж, харин би амьдрах зардлаа өөрөө олох шаардлагатай болсон юм. Тэгсэн манай япон багш “Харвардад хүссэн болгон нь тэнцээд байдаггүй юм. Хэрвээ чиний ажиллаж буй компаниас тэтгэлэг олж өгч чадахгүй бол би чамд сар бүр 3000 $ өгч байна” гэж хэлж байсан.  Хүсэлт гаргасан ёсоор компани ч надад тэтгэлэг олгохоор болсон.

Ер нь сайн хүнтэй таарах эсэх нь хувь заяанаас, бусдын итгэлийг олох нь хувь хүний мэдлэг чадвар, мэдрэмж, зан авираас нь хамаарна гэж боддог. Японд сурахад надтай дандаа сайн багш нар таарсан. Тиймд би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг. Багштайгаа таарахгүй зовж яваа гадаад оюутантай бишгүй л таарч явлаа. Буурай орноос ирсэн молхи оюутан намайг зөв үзэж, зөөлөн харж явсан япон багш нартаа өнөөг хүртэл баярлаж явдаг. 

Харвард ч бай, MIT ч бай тэдний шалгуурт “нийцүүлэх” албагүй, өөрийн зарчмаа хадгалж үлд   

-Харвард, Массачуестад пост-доктороор сурахад өндөр шалгууртай байв уу?

-Харвард, Массачуестад пост-докторын орон тоо нээгдэх зарлалыг олж хараад, "Монгол хүн зорилгоо өндөр тавих хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол тэр зорилгоосоо нэг шатаар бууна" гэсэн тэмүүллээр анкетыг нь бөглөсөн. Тэгээд намайг тоож, сонирхсон профессор нь Токиогийн Анагаах ухааны шүдний эмнэлгийн (Икашика) их сургууль дээр ярилцлагад урьсан. Ярилцлагад бэлдээд орлоо. Хэдэн сарын дараа Харвардаас тэнцсэн гээд хариу ирсэн. Энэ бол 21 жилийн өмнө болсон үйл явдал. Одоо постдокторт сурах зарчим хэрхэн өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Ганц пост-докторын хуваарь дээр олон зуун хүн өрсөлддөг, сонгон шалгаруулалт нь профессорын тааллаар болдог. Миний давуу тал бол нэгд, англи хэлээр өөрийгөө илэрхийлэх чадвар, хоёрт, илтгэх урлагийг эрт эзэмшсэн тул ярилцлагаа сайн өгсөн. Гуравт, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэлүүд хэвлүүлсэн, дөрөвт, Японы боловсролыг Америкт өндрөөр үнэлдэг, тавд үнэн сэтгэлээсээ ярилцлагын асуултад хариулсан зэрэг байсан болов уу.   

Миний хувьд англи хэлийг Орост оюутан байхдаа эхэлж үзээд, 1990 онд Америкт сурахын тулд TOEFL өгч байсан. Мөн Новосибирскийн цахилгаан техникийн дээд сургуульд (НЭТИ) сурч байхдаа оройн цагаар илтгэх урлагийн хичээлд суудаг байсан.  

Ярилцлага өгөхдөө гулгаж тэшээд, эсвэл хүний ам дагуулаад навталзаад байхгүй, Өөрийн хүсэл мөрөөдлөө товч тодорхой, цэх шулуун, өөртөө бүрэн итгэлтэй илэрхийлэх нь чухал юм билээ.  Харвард ч бай, MIT ч бай тэдний шалгуурт “нийцүүлэх” албагүй, өөрийн зарчим болох хүсэл зорилго мөрөөдөл, өөрийн сайн зан чанараа хадгалж үлдэх хэрэгтэй гэсэн санаа юм.            

Сайн хүнтэй таарах, эсэх нь хувь заяанаас, бусдын итгэлийг олох нь хувь хүнээс хамаарна

undefined

-Ер нь Япон хүмүүсийн ажлын арга барил, гол зарчим юу байдаг вэ. Та Японд ажиллаж, сурч байх хугацаандаа мэргэжлийн академик чадвараас гадна хувь хүн талаасаа юуг сурч, мэдсэн бэ?    

-Япон хүний зан чанар нь цэцэрлэгт байхаасаа төлөвшдөг гэж боддог. Японд хүүхдээ өсгөсөн болохоор үүнийг баттай хэлж чадна. Бас нэгэн сайн тал нь япончууд шинто (бөө талдаа) ч бай хотокэ (бага хөлгөн талдаа) ч бай хооронд нь ялгахын аргагүй холилдсон, бурханы шашинтай хүмүүс. Япон хүний аливаад тэвчээр хүлээцтэй, зорьсондоо тууштай, насан туршдаа хөдөлмөрч зэрэг нандин чанаруудаас нь сурахыг чармайсан. Одоо ч чармайсаар л явна. Би урд өмнө Монголын түүх соёлдоо тийм ч сүрхий анхаарал тавьдаг хүн байсангүй. Япончуудаас сурсан нэг нандин зүйл бол төрөлх хэл соёлоо нүдний цөцгий мэт хайрлах, түүхээ мэдэж, соёлын өвөө хайрлаж, хамгаалж, улмаар дэлгэрүүлэх, уламжлал тэмүүлэлтэй болсон. Япон хүн гэж хэн бэ гэдгийг олж мэдээд чухам монгол хүн гэж хэн бэ, монгол соёл гэж юу юм бэ зэргийг эргэцүүлэн бодож, өөрийгөө олж, ухамсарлах боломж надад олдсон юм. Аливаад хандах хандлагыг япончуудаас л сайн сурсан, сурсаар ч байгаа гэж боддог. Үнэндээ Японд сураад миний оюуны ертөнц тэлж, ухаан минь задарч хөгжсөн шүү.

-Цахиурын хөндийд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Постдоктор хийсний дараа академик хэвээр үлдэх үү, аль нэгэн хувийн салбарт мэргэжлээрээ ажиллах уу гэсэн хоёр сонголтын нэгийг сонгох шаардлага тулгарсан юм. Миний хувьд академик сонголт хийх нөхцөл  олон талаараа хараахан бүрдээгүй байсан тул МТ-ийн салбарт гарч, өөрийн мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн. Тэгээд саналаа удирдагч профессортоо хэлэхэд, миний саналыг ихэд хүндэтгэлтэй хүлээн авч, хэрхэн хувийн компаниудад орох талаар надад зөвлөсөн. МИТ кампус дээр ирж, компаниа танилцуулдаг боловсон хүчний ажилчдын илтгэлийнх нь дараа уулзаад, анкетаа тэдэнд өгч эхэлсэн. Тэр үед миний гол тавьсан болзол бол гадаадын иргэдэд ажлын виз олгодог компанийг олох явдал байлаа. Цалингийн санал бол тийм чухал биш санагдсан хэрэг. Тэгээд хэд хэдэн компанид ярилцлага өгөөд, мэдээллийн сангийн программ хангамж хийдэг Оракл компанийн охин компани болох Кийтекс хэмээх старт аппд орох боллоо. Энэ компанийг Ораклын Америк дахь СЕО байсан Гарри Кенниди, СТО байсан Жефф Вокер гэдэг хоёр хүн байгуулсан, удалгүй нэр нь Тэнфолд болж солигдсон. Энэ компанид дотком крашийн үеэр дампууртал нь дөрвөн жил ажиллав.  2001 оны Есдүгээр сарын 11-ний хэрэг /АНУ-ын Нью Йорк ба Вашингтон хотууд руу Аль Кайда террорист байгууллагын гишүүд халдлага хийж дөрвөн зорчигч тээврийн онгоцыг булаан эзэлж Дэлхийн худалдааны төв өндөр барилга ба Пентагоны төв байрыг мөргөж нураасан/ гарах үед Америкт их зүйл өөрчлөгдсөн, олон мянган пүүс, компани үүдээ барьсан.  Манай компани ч мөн бизнесээ алдаж эцэстээ дампуурсан юм. Компани маань 1200 хүнээ зургаан удаагийн цомхтголоор дамжин халсаар ердөө 30 хүнтэй үлдээд, эцэстээ хаалгаа барих тэр мөчид манай нэгэн үйлчлүүлэгч болох Оолстэйт даатгалын компани бизнесээ хамгаалахын тулд биднийг ажилд авч, Цахиурын Хөндийд шинэ салбараа нээсэн юм. Одоо энэ компанийнхаа МТ салбарт програм хангамжийн ахлах инженерээр 16 дахь жилдээ ажиллаж байна. Өрсөлдөөний энэ хүнд нийгэмд өдий болтол амь зууж ирэхэд, эмээгийн маань олгосон ясны хөдөлмөрч зуршил, шинжлэх ухаанд суурилсан орос боловсрол, Японд олсон туйлбартай, тэвчээртэй зан чанарууд мэдээж тус нэмэр болсон. Америкт ажиллаж хөдөлмөрлөж буй тул англи хэл сайтар сурах нь амжилтын үндэс болно. Үүнтэй нэгэн адил Монголд амьдрах хүнд бол монгол хэлээ хичээнгүйлж сурах нь амжилт гаргахын эхний алхам шүү.      

-Одоо Оолстэйт даатгалын програм хамгамжийн компанид зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байгаа гэсэн. Яг ямар чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Тэнфолд компаниасаа уламжилж авсан технологио улам хөгжүүлж, цаг ямагт сайжруулж, шаардлагатай зүйлсийг нь сэлбэн шинэчилж, орчин үеийн технологийн хөгжилтэй алхаа нийлүүлнэ. Энэ л бидний гол ажил юм. Цаг ямагт шинэ юм сурч, шинэ дэвшилтэй зүйлийг уламжилт технологидоо нэмж сайжруулна гэсэн үг. Миний ажлын онцлог гэвэл дарга болоод дээш дэвших дургүй, төслөөс төсөлд ажиллаж шинээр сурч шинийг бүтээгээд явж байна. Хийж бүтээснийхээ хэрээр л цалин хөлсөө авна. Дарга болоод дэвшсэн хүмүүс технологиос холдоод мэргэжлээрээ амархан зэвэрчихдэг юм.  Эвэртэн туруутантай хэт ойртож сул талаа амархан таниулах тул ажлын байраа алдах осолтой. Нэгэнт энэ орны хөрсөн дээр ургаж цэцэглээгүй хүн тул технологио л барьсан нь аминд өлзийтэй гэж боддог юм.     

-Манай мэдээллийн технологийн инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаад зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд МТ-гийн салбарыг хөгжүүлэхэд ямар гаргалгаа байна вэ?   

-Энэ талаар надад тэгж, ингэж чадна гэсэн ямар нэгэн төсөөлөл алга байна. Миний бодлоор манайд гадаадын зах зээлд гарч өрсөлдөх хэмжээний технологи эзэмшин мэргэжилтэн тийм олон биш, тэднийг гаргаж ирэх лоббины групп бүрэлдээгүй, тэгээд энэ салбар улс төрчдөөс хамаарч байгаа өнөөгийн нөхцөлд тийм амар бүтэхгүй л байх. Монгол бичгийн тэгийг дэлхийн стандартад оруулах гэхэд өөрийнхөө хүмүүсийг дэмжихгүй, төр засгийн хэмжээнд Хятадын боловсруулсан хувилбарыг хүлээн авах янзтай болсон байна. Ийм аар саар зүйлээ улс орон дотроо хамтраад шийдэж чадахгүй байхад дэлхийд гарна, гаргана гэж юу байх билээ дээ. МТ салбарыг хөгжүүлэх эсэх нь тус бодлогыг Монголд барьж буй хүмүүсээс шууд хамаарна.

-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлж өөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?    

-Монгол хүн төлөвшиж хүн болох систем нь доголдолтой байгаа учраас улс төрчид бүхнийг мэддэг, хийдэг, чаддаг дүрд тоглодог болсон юм шиг ээ. Улс төрчид ичих булчирхайгүй болж, мэднэ, чадна гэж аль ч салбарт сэлж ороод, самардаг болсноос болж манай улсад мэргэжлийн салбарууд сэхээ авахын аргагүй элгээрээ хэвтжээ гэж би харж байна. Энэ бол улс төрд орж ирсэн хүмүүсийн боловсрол, мэдлэг чадвар, жудаг хэт их унасантай шууд холбоотой. 30-аад жилийн турш боловсролын салбарыг хэн дуртай нь хутгаж самарсантай энэ бүхэн шууд холбоотой гэж би бодож байна. Боловсролын системийг эхлээд эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Эх хэлээ монгол хүн нэн түрүүн сайн сурах хэрэгтэй. Эх хэл нь төлөвшиж байж сая монгол хүн болж төлөвшинө. Төлөвшсөн монгол хүн нийгэмд гарахаараа сурч боловсроод, хийж бүтээгээд, цааш бие даагаад явчихна. Америкийн К14 (цэцэрлэгийн 2 жил, дээр нь сургуулийн 12 жил) хэмээх дунд боловсролын бүтэн систем нь хувь хүнийг хөрөнгөтний өрсөлдөөнт нийгэмд бие даан амьдрахад дасгаж төлөвшүүлэхийн тулд эх хэлээ нягт нямбай, урт удаан хугацаагаар заадаг. Эх хэлээрээ чадмаг уншиж, бүрэн ойлгож, төгс сайн бичиж, чөлөөтэй ярьж, бусдад өөрийгөө бүрэн ойлгуулж, бусдыг төгс ойлгодог болгосны дараа сургуулийнхаа сүүлийн хэдэн жилд ерөнхий эрдмээ шахаж үзээд, амжилт гаргасан нь их дээд сургуульд орж, их сургуулийн эхний хоёр жил ерөнхий эрдмээ хоёр жил гүйцээж сураад, үлдсэн хоёр жилдээ мэргэжлээ үзээд төгсдөг. Цаашид амжилттай сурах боломжтой нь дээшээ шигшигдээд явдаг. Манайд сургалтын систем буруу тавилттай байгаагаас болоод сурах ёстой зүйлээ цаг тухайд нь сураагүй залуус их дээд сургуульд ороод үр дүнгүй төгсөөд, ажлын зах зээлд гараад, аль ч талаараа гологдож байна. Үүнийг нэн даруй өөрчилж эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж сая цааш хөгжлийн тухай ярих болно. Монгол орны хөгжлийн анхны алхам нь эхлээд монгол хүн болж төлөвшин тогтнох явдал юм.

-Салбарын хүний хувьд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ямар бодлого чухал вэ. Монголд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ямар боломж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн Монголд аль ч салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн хүмүүс л тухайн салбараа удирдах хэрэгтэй байна. Харин одоо улс төрчид томилогдож очоод мэргэжлийн байлгууллагыг самрах, намын харьяаллаар мэргэжлийн боловсон хүчнийг халах сэлгэх асуудлыг эцэслэх шаардлагатай байна. Монгол бол маш жижиг орон, ямагт боловсон хүчний хомсдол дутагдалтай байдаг. Америк маягийн хэт том ардчилал манайд огт зохихгүй байна. Таарсан таараагүй бусдаас хуулдгаа одоо болимоор байна. Хөгшид маань хэзээнээс "хэрээ мэдэж яв, бяраа мэдэж өргө" гэдэг дээ. Энэ л зөвхөн шинжлэх ухаан гэлтгүй бүх салбарыг хөгжүүлэх гол зарчим байх ёстой.

undefined

Монгол хэлтэй ч харь сэтгэлтэй хүмүүс олшрох вий гэдгээс л болгоомжилдог

-Мэргэжлийн карьерын хажуугаар, өөрийн сонирхол болох түүхийн ухааныг судалдаг. Энэ хоёр чухал ажлыг хооронд нь цалгардуулалгүй хэрхэн амжуулж, ажил амьдралын балансаа хэрхэн зохицуулж ямар төлөвлөгөөгаар ажилладаг вэ?   

 -Монгол хэлэнд хос морьтон хол явдаг гэдэг. Цөөн хүн амтай манай улсад хэрвээ чадвал хүн хоёроос дээш мэргэжилтэй байвал нэн сайн. Америкт хос мэргэжлийг "double major” гэдэг. Эхний мэргэжлээрээ чөлөөнд суухаараа хоёр дахь мэргэжлээ хобби болгон сэргээдэг нь олон бий. Тэр замаар л явж байна. Чөлөөнд суутлаа хоёр дахь мэргэжлээ бэдэрч олохын тулд одоо заваараа сураад л явж байна. Амралтын цагаасаа хэмлэн байж шинийг сурч хийж явна. Энэ нь мөн тархиа амраах, нэгэн хэвийн амьдралын давтамжаа өөрчлөх сайхан боломжийг надад олгодог.    

-Станфорд, Бэркелей дэх Калифорнын их сургуулиудад түүх судлаач, эрдэмтнээр ажилласан замналаасаа хуваалцахгүй юу?

 -Олон жил сургууль соёлоор явсан хүний хувьд ийм нэртэй хоёр том сургууль саахалтын зайнд байхад ядаж номын санг нь ашиглах, цаашлаад хичээл авах хэрэгтэйг ойлгосон. Америкт бол сурахад сэтгэлийн хязгаар байна уу гэхээс насны хязгаар үгүй. Тэгээд сурч боловсрох боломж олохоор өөрт буй лоббигоо хэрэглэсэн дээ. Харвардад танилцсан монгол хэл шинжээч, профессор Жэймс Боссон багштай уулзаад, өвөг монголчуудын талаар судалгаа хиймээр байна, та намайг Бэркли дэх Калифорнийн их сургуулийн хөтөлбөрт оруулж туслаач гэж гуйсан юм. Ингээд Боссон багш намайг тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнгийн захирал Роберт Скалапино гуайтай танилцуулахад, хүрээлэндээ судлаач эрдэмтнээр бүртгэж авсан. Тэгж би тус сургуулийн номын сангуудыг ухах, хичээл лекцэд суух боломжтой болсон доо. Тэр судлаач эрдэмтний статусыг жил бүр сунгадаг, хүрээлэн маань надаас олон юм шаарддаггүй байсаар дөрвөн жил явлаа. Скалапино гуай өөд болсноос хойш статусаа сунгуулж чадсангүй. Эргээд чөлөөнд гарсан Боссон багштай яриад, түүнтэй хамт 1960-аад онд Бэрклид Монгол толь бичгийн төсөл дээр хамт ажиллаж байсан, Стэнфордын их сургуулийн Зүүн Азийн хэл соёл судлалын тэнхмийн профессор, нэрт хятадч эрдэмтэн Алберт Дийн багштай танилцуулав. Түүний эрдэм шинжилгээний туслах (proxy) гэсэн статустай, ахиад дөрвөн жил явж, номын санг нь сайтар ашиглаж авлаа. Дийн багш маань тэнхимдээ ажиллахаа байсан тул дахиад тэр статусаа алдав. Гэвч дотор нь ороод олон жил явж ирсэн тул Стэнфордод дэлхийн соёл иргэншлийн ангийг оройгоор төлбөртэй авч бас дахин дөрвөн жил сурсан.

-Түүх судлалын чиглэлээр хийсэн томоохон судалгаа, тэднээс онцлон дурьдвал?

 -Юань гүрнээр судалж эхэлж байгаад, Д.Наваан багш тэргүүтэй монгол эрдэмтдийн санал болгосны дагуу өвөр монгол хятан нарын талаар судалгаагаа шилжин хийж байна. Нэг ном гаргах санаатай ч сэдэв хүнд тул гараас мөд гарахгүй шинжтэй сууна. Дийн багшид хэлэхээр болоогүй байна, сайн судал гэх юм. Багш маань "Зургаан төр" номоо 18 жил бичсэн гэж хэлээд санааг минь амраачихсан. Онгорхойн дотор уужуу гэдэг л болоод байна. Харин орчуулгын чанартай Да Ламын намтар, Уянгын хүрээний түүх гэсэн хоёр ном маань хэвлэхэд бараг бэлэн болсон доо. Тодруулах л жаахан юм бий. Эрдэм шинжилгээний цувралуудад нийтлүүлсэн хэдэн өгүүллэг бий.  

-Монгол ухаан, монгол зан заншлын тухай “Миний өссөн монгол ахуй” ном бичсэн юм билээ. Энэ номынхоо гол санааг, яагаад бичих болсон түүх, номд ишилсэн сонирхолтой түүх, сургаалаас хуваалцахгүй юу.  Бидэнд монгол ахуй соёл яагаад чухал вэ, ирээдүй хойч болсон бид сэтгэлдээ юуг бодож, санаж, тунгаж явах учиртай вэ?  

 -Буурай ээжийг өөд болсны хойно энэ номыг гурван жилийн турш сайтар тунгаан бодож бичсэн, миний оюуны охь байгаа юм. Учир нь ахуй бол хүнээ дагаад өөрчлөгддөг, 40 жилийн тэртээх нүүдэлчдийн ахуй эзнээ дагаад балран алга болж, түүнийг дагаад тэр үед хэрэглэж байсан үг хэл мартагдаж буйг анзаараад, мэдэх бүхнээ хожимдсон ч гэсэн номд бичээд, дэвтэрлэн үдэж хойч үедээ үлдээхийг зорьсон юм. Зарим зүйлийг тайлбарлахдаа угсаатны зүй, зан үйлийн талаас шигтгээ хийсэн. Ном маань олон хүнд хүрсэнд баяртай байгаа. Монгол хэлний эрдэмтэн, ардын багш Ш.Чоймаа, нэрт зохиолч, МУСГЗ До. Цэнджав гуай зэрэг алдар нэртэй хүмүүс урам хайрласанд бүр их баяртай байна. Монгол нутагт монгол хүн оршин буй өнөө цагт монгол хэл, монгол соёл бидэнд хамгаас хэрэгтэй байна. Хүн бүр л эх хэл, үндэсний соёлоо хайрлаж дэлгэрүүлэхийг хичээх нь чухал. Номынхоо арын хавтсанд Хувилай сэцэн хааны захиасыг би зориуд оруулсан. Сэтгэл зарахгүй бол аливаа зүйл бүтэхгүй гэдэг үг байдаг. Сэтгэлийг нь захирвал бие хаа холдох вэ гэсэн санаа. Тэр сургаалаар бол сэтгэл байваас монгол хүн Монгол Улсаа мандуулна. Монгол хэлтэй ч харь сэтгэлтэй хүмүүс олшрох вий гэдгээс л би болгоомжилдог.

-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?

-Эх оронч үзлийг Б.Ринчен доктороос, эх хэл соёлоо хайрлахыг Ц.Дамдинсүрэн академичаас, Монголын археологийн нууцсыг тайлах хүслийг Д.Наваан багшаасаа, Бурханы шашныг дээдлэх ухааныг Банжаагаасаа, бусдыг хайрлах сэтгэлийг буурайгаасаа гээд л хөвөрнө дөө. Монголчууд бидний цээжинд Чингис хаан гэдэг нэгэн шүтээн байдагт бат итгэдэг.    

Сурахад насны хязгаар үгүй, харин сэтгэлийн хязгаар буй

-Таны хувьд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ?

 -Буурай ээж минь байлаа. Тэгээд ээж минь байв. Одоо хань минь л байна даа.

-Амьдралдаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?

-Түүхч болох хүсэлдээ хүрээгүй тул одоо хүртэл түүх судалсаар чардайж явна. Өөрийнхөө хүслийнхээ хар гэрт хорьсон. Энэ л миний амьдралын хамгийн том сургамж.  

-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ? Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?

-Мэдээллийн энэ зуунд аль болохоор сатаарч, төөрөхгүй зөв мэдээллийг цаг алдалгүй олж авах, түүндээ тулгуурлаж өөрийгөө өдөр тутам бага багаар хөгжүүлэх тийм мэдрэмжтэй байх явдал юм. Би өдөр бүр нэг шинэ зүйлийг заавал сурах замаар өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Сурна гэдэг сэтгэлийнх байдаг. Насны хязгаар чухал биш.

-Таны алсын хараа, цаашдын зорилго төлөвлөгөө юу байна вэ. Монголдоо ирэх бодол байна уу. Ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

-Би нэг их холын бодол төлөвлөсөнгүй. Монгол уламжлалаар бол би тэгнэ, ингэнэ гээд байдаггүй. Дотроо бодолтой, дороо суурьтай явахыг хичээдэг. Өвчин зовлонгүй, эрүүл мэнд явбал бусад нь болно доо гэж боддог юм. Хүүхдүүддээ боловсрол олгох гэсээр яваад харьд удлаа. Эндээ хэсэг байх нь судалгаа хийх боломжийг олгох юм даа.

 -Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?

 -Шударга, тусч нинжин сэтгэлтэй, сурах мэдэхийн төлөө өөдрөг тэмүүлэлтэй, туйлбартай бас тэвчээр хатуужилтай байх нь чухал. Залуу насанд эрдэм сурах, сурах аргаа эрт эзэмших нь хойчид улам ашигтай болдог. Хүн аливаа зүйлийг нэг дор сурдаггүй, бага багаар ахиж сурдаг гэдгийг бүрэн ойлгож сайн санаж явах хэрэгтэй. Одоо ч би сурсаар л явна. Эцэст нь залуустаа аминчлан хэлэхэд "Бусдын гар хөл бүү бол. Өөртөө бүрэн итгэлтэй бай" гэж хэлмээр байна. Ардын гэсэн тодотголтой болгонд анхааралтай хандаж байгаарай. Олон зууныг дамжиж шалгарч үлдсэн эрдэнэ байдаг юм шүү.   

-Сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн