Нээлт | 4 мин уншина

Инновацийн үзэсгэлэнгээс онцлох дөрвөн бүтээгдэхүүн

Инновацийн үзэсгэлэнгээс онцлох дөрвөн бүтээгдэхүүн
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 9
Монгол Улсын БСШУСЯ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацийн 7 хоног” энэ өдрүүдэд болж байна. Үзэсгэлэнд дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, инновацийн үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 80 гаруй байгууллага оролцож байна. Ингээд инновацийн үзэсгэлэнгээс онцлох дөрвөн бүтээгдэхүүн танилцуулъя.
1. “Тэмүүлэл” хиймэл дагуул
Тэмүүлэл амжилтын эх гэж сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хэлсэн байдаг. Манай улс 2017 онд “Мазаалай” гэх анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөсөн билээ. Тэгвэл тус хиймэл дагуулыг хийсэн туршлага дээрээ үндэслэн, МУИС-ийн багш, оюутны хамтарсан баг “Тэмүүлэл” гэх дараагийн хиймэл дагуулаа бүтээх  ажилдаа оржээ. Шинжлэх ухааны судалгаа, технологийн туршилтыг стандарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуулыг Монгол Улсад бүтээх замаар сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой хэрэгжиж буй төсөл юм. Тэмүүлэл хиймэл дагуул нь задгай сансарт гарснаар  эх орныхоо зургийг сансраас авч илгээх, алслагдсан газраас цаг уур, хөрс орчны мэдээллийг цуглуулах, өндөр хүчдэлийн хагас дамжуулагч төхөөрөмжийн сансрын цацрагт эвдрэх магадлалыг шалгах зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
“Тэмүүлэл” хиймэл дагуул нь техникийн үзүүлэлтийн хувьд, 10см * 10см * 10см хэмжээтэй,  1.3 кг жинтэй, UHF холбооны  давтамжтай, 400км, 56.1 0 , LEO орбит, орбитыг тойрох хугацаа нь 90 мин, задгай сансарт нэг жил орших чадвартай юм байна.  
Монгол инженер судлаачдын хийж бүтээх чадварыг харуулж, дотоодын инженер судлаачдад итгэх итгэл  үнэмшлийг дээшлүүлэх, хиймэл дагуулын даалгаврын төлөвлөгөөнөөс эхлээд хиймэл дагуул орбитоос гарах хүртэлх цогц процессыг дотоодын инженерүүд, оюутан залууст зааж, сургах, систем инженерчлэлийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд тус төслийн ач холбогдол оршиж байгаа юм.  Мөн Монгол Улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд академик болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад “Тэмүүлэл” төслөөр дамжуулан бодит хувь нэмэр оруулах, сансарт туршигдсан өөрийн гэсэн хиймэл дагуулын бааз систем, технологитой болох, цаашид өөр хиймэл дагуул хийхэд энэ төслийн хүрээнд нэгэнт туршигдаж, батлагдсан арга технологио ашиглана гэж төслийн багийнхан хэллээ.
2.ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Дизайн технологи” хичээлийн сургалтын багц хэрэглэгдэхүүн
Техникийн хөдөлгөөнт бүтээл нь ЕБС-ийн аравдугаар ангийн сурагчдад зориулсан багц хэрэглэгдэхүүн юм. Тус хэрэглэгдэхүүнийг ашигласнаар найман төрлийн “Техникийн хөдөлгөөнт бүтээл”-ийн дизайн шийдлийг загварчлан зурж, механик хөдөлгөөнийг тогтмол гүйдлийн бичил мотороор удирдан ажиллуулж, туршин, цаашид сайжруулан хөгжүүлэх мэдлэг чадвар эзэмшинэ.
Автомат робот нь ЕБС-ийн 11-р ангийн сурагчдад зориулагдсан. Хэрэглэгдэхүүнийг ашигласнаар “Техникийн автомат бүтээл”-ийн дизайн шийдлийг загварчлан зурж, механик болон электрон хийцийг зохион бүтээж, турших, роботууд нь өөр өөр үүрэгтэй, програмчлал хэрэглэхгүйгээр ажиллана.
Ухаалаг робот нт ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад зориулсан “Дизайн зураг зүй, технологийн хичээл”-ийн багц хэрэглэгдэхүүн юм. Хэрэглэгдэхүүнийг ашигласнаар “Техникийн ухаалаг бүтээл”-ийн дизайн шийдлийг загварчлан зурж, програмчлал, механик болон электрон хийцийг зохион бүтээж, туршин, цаашид сайжруулан хөгжүүлэх чадвар эзэмшинэ.
undefined
3.Ухаалаг үнэлгээний систем буюу UBT технологи
UBT нь сүүлийн үед олон улсад шинээр гарч ирж буй ухаалаг шалгалтын программ хангамж юм. Тус технологи нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахим шалгалтын орчинг бүрдүүлдэг ба мэдлэгийг бодитоор үнэлэх боломжийг олгодог байна. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг MEXIM компани нь 2014 оноос боловсролын салбарт ухаалаг сургалтын орчин бүрдүүлэх олон улсын төсөлд хамтран ажилласаар ирсэн бөгөөд олон улсын стандартад нийцсэн цахим сургалтын тоног төхөөрөмж, сургалтын программ хангамжийн зөвлөх болон суурилалтын үйлчилгээ үзүүлдэг байна.
Текст, зураг, бичлэг, аудио зэрэг мультимедиа өгөгдөлд суурилсан шалгалтын асуултын цоо шинэ хувилбар боловсруулах боломжтой. Өөрөөр хэлвэл, шалгалт боловсруулах, авах, засах зэрэгт цаг зарцуулдаггүй болсон. Мөн тус технологи нь хэвлэх, засах зардалгүй, үнэгүй, зориулалтын анги шаардлагагүй, хямд зөөвөрлөхөд хялбар, интернэт, тоггүй үед ажиллах боломжтой зэргээрээ шинэлэг юм.
Олон улсад UBT-гээр авч буй цахим шалгалтуудаас дурдвал  их сургуулийн элсэлтийн шалгалт, жолооны үнэмлэхний шалгалт, эмчлэх эрхийн шалгалт, ЕБС-ийн төгсөлтийн шалгалт зэрэг орно. Мөн бүх цаасан шалгалт тус технологи руу шилжих боломжтой.
undefined
4. G SMART CONTROLLER
Тус бүтээгдэхүүн нь ямар нэгэн объектыг /усан насосны станц, подстанц, зуслангийн байшин, гараж, агуулах гэх мэт/ GSM сүлжээ ашиглан гар утаснаасаа алсаас хянаж, удирдах зориулалттай микроконтроллерийн удирдлагат төхөөрөмж юм. Энэ төхөөрөмжийг ашигласнаар тухайн объект дээрх цахилгаан тоног төхөөрөмж \ус өргөх насос, вентилятор, дизель, генератор, солонгосын шалны халаалт, нам даралтын Dakon болон Орос, Хятадын бүх төрлийн цахилгаан зуух, цэвэр усны бойлер, гудамжны гэрэл\-ийг асааж унтраахаас гадна эдгээр төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны төлөв байдал, мөн тухайн объектын аюулгүй байдал, гал, хулгайн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бий болгоно.
G SMART CONTROLLER нь хоёр үндсэн үйлдлийг гүйцэтгэнэ. Хяналтын дохиоллын хэсэг нь тухайн обьект дээр гал болон хулгай гарсан тохиолдолд мэдээллийг мессежээр буюу SMS[u1]   илгээх, дуудлага хийх, дуут дохио өгнө. Алсын удирдлагын хэсэгт тухайн обьект дээрхий цахилгаан тоног төхөөрөмжийг тусгай SMS командын тусламжтайгаар асааж, унтрааж удирдах, мөн эдгээр төхөөрөмжүүдийн ажиллагааны төлөв байдлын талаарх мэдээ, бусад мэдээллүүдийг /тог тасарсан эсэх, температур, чийгшил даралт, ус болон цахилгаан тоолуурын заалт гэх мэт/ SMS-ээр авна.
Та тус төхөөрөмжийг ашигласнаар бага зардлаар өөрийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөө гадны халдлагаас хамгаалах, хүссэх цагтаа хянаж, мөн байрныхаа дулааныг удирдаж, санаа амар тайван байж, өөрийн үнэт цаг заваа хэмнэх боломжтой юм байна.
Дашрамд хэлэхэд, олны таашаал хүртсэн инновацийн бүтээгдэхүүн шалгаруулахад та ч гэсэн саналаа өгөх боломжтой.  Эхлээд www.sli.do тус хаяг руу нэвтэрч орно. Дараа нь search хэсэгт “fair” гэж бичээд, join хийж нэгдэнэ. Сонголт хийх хэсэгт тухайн бүтээгдэхүүний нэрийг бичээд саналаа өгнө.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн