Иргэд нүүрсний хулгайчидтай тэмцэхийг шаардсан жагсаал өчигдөр болж өнгөрлөө. Жагсагчид тайван жагсаж байсан ч орой 18.00 цагийн үед Төрийн ордон руу нэвтэрсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулах аж.Учир нь, Төрийн ордны тухай хуульд зааснаар Төрийн ордон нь халдашгүй дархан байна. Энэ хуульд Төрийн ордонд хэрхэн нэвтрэх тухайн мөн зааж өгсөн байдаг юм. Жагсагчид тус хуулийг зөрчиж, зөвшөөрөлгүй нэвтэрч, үүгээр зогсохгүй хамгаалагчдыг гэмтээсэн тул шалгах юм байна. ЦЕГ-аас уг үйл явдал нь зөрчлийн хэрэг үү, эрүүгийн хэрэг үү гэдгийг тогтоох зорилготой. Жагсаалын үеэр цагдаагаас нэг ч хүнийг саатуулаагүй гэж мэдээллээ. Харин өнөөдөр холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах аж. Түүнчлэн Төрийн ордонд хэчнээн хүн нэвтэрсэн, хэдэн төгрөгийн хохирол учирсан, нэвтэрсэн иргэд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх нь шалгалтаар тодорхой болох юм. Шалгаж дууссаны дараа бид энэ талаар эргэн мэдээлэх болно.