Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Банкны 1 хувийн шимтгэлтэй холбогдуулан ББСБ-уудыг шалгаж байна
Арилжааны банкууд зээл олгохдоо зээл судалсны шимтгэл гэж 1 хувийг нь авдаг. Уг асуудалд ШӨХТГ шалгалт хийж, 9 арилжааны банкийг 20 сая төгрөгөөр торгосон. Үүнтэй холбогдуулан иргэдээс ББСБ-уудыг шалгаж өгөх хүсэлт ирүүлж, нийт 527 ББСБ-ыг шалгаж байна. Шалгалтыг 50 ББСБ-д хийж 26 ББСБ-ын зөрчлийг илрүүлжээ. Ингэхдээ зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан гэх зөрчил гарсан аж. Зөрчил хэрэг нээн хянан шалгаж байна.
Эмийн сурталчилгаа хийхдээ хууль зөрчсөн ААН-үүдийг 5 саяар торгов
ШӨХТГ-аас эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зар сурталчилгаанд шалгалт хийж, Медизон эмнэлэг, Денкфармыг тус бүр таван сая төгрөгөөр торгов. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зар сурталчилгааг хийхдээ жоргүй олгодог эмийг сурталчлахыг зөвшөөрдөг аж. Мөн эмийн үйлчилгээний талаар зар сурталчилгааг хийхдээ үр дүн амлахыг хориглодог байна. Гэтэл дээрх байгууллагууд эмийн сурталчлахдаа үүнийг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын тухай хууль, Эмийн тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болсон байна. Мөн уг сурталчилгааг түгээсэн, бүтээсэн, захиалсан бүх этгээдэд хариуцлага тооцох ажээ.
"Номин" сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй хямд бараа бүтээгдэхүүн борлуулахгүй гэж гэрээ байгуулдаг
"Номин" сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэсэн уриагаар маркетинг хийдэг. Гэвч бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг хэмээн ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ.
Тодруулбал, "Оргил" супермаркетад 3650 гэж байсан ундаа "Номин" сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлжээ. Харин "Номин" сүлжээ дэлгүүр "Оргил" худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас "Номин" сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон гэлээ. Тиймээс "Номин" сүлжээ дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Зургаан хувь нь 6,9 тэрбум болж буй юм.