Өнгөрсөн долоо хоногийн их үйл явдлын хажуугаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөвийг шинэчлэн танилцуулсан. Дээрх хоёр байгууллагаас Монгол Улсын эдийн засаг хямрал руу орсныг анхааруулж, өсөлтийн төлөвийг сааруулав. Цаашид эдийн засагт үүссэн шокоос хүндрэл багатай гарах бодлогын зөвлөмжийг өгсөн юм.
Дэлхийн банк оны өмнө 2022 онд Монголын эдийн засаг 5.2 хувь өснө гэсэн таамаглалаа хоёр дахин бууруулж, суурь төсөөллөө 2.5, нөхцөл байдал төсөөлснөөс муудвал 0.7 хувь өснө гэж таамаглажээ.
Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн банкны тайланд дүгнэжээ. Нэн ялангуяа шатахууныхаа дийлэнх хэсгийг импортолдог Монгол Улс болон Тайландын Хаант улс, мөн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байгааг анхааруулжээ. Түүнчлэн, их хэмжээний өртэй Лаос, Монгол зэрэг улс нь эдийн засгийн цочролд илүү өртөмтгий байхыг сануулсан байна.
Иймд төсөв, санхүү болон худалдааны бодлогын оновчтой хослолыг авч хэрэгжүүлснээр эрсдэлийг бууруулж, өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах боломжтойг онцлов.
Дэлхийн банк дөрвөн төрлийн бодлогын арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. Үнийн хяналт болон хавтгайрсан халамж тусламжийг халж, айл өрх болон компаниас зорилтот бүлгийг тодорхойлон дэмжлэг үзүүлэх нь цочролоос үүдэлтэй хор уршгийг хязгаарлаж, өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын орон зайг бий болгоно. Үүнээс гадна, санхүүгийн байгууллагуудын стрессийг үнэлэх нь активын ангиллын хөнгөлөлттэй холбоотой нуугдмал эрсдэлийг ил болгох боломжууд гарна гэдгийг тодотгожээ.
Азийн хөгжлийн банк 2022 онд Монголын эдийн засаг 2.3 хувиар өснө, инфляц 12.4 хувь, урсгал тэнцэл 16 хувийн алдагдалтай байна гэж таамагласан байна. Мөн Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван улирал дараалан саарсан учраас хямрал руу орж байна гэж дүгнэсэн юм.
Эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн ганц зүйл нь хөрөнгө оруулалт. Улсын, хувийн хэвшлийн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хуримтлал эдийн засгийг дэмжсэн. Харин цэвэр экспорт, өрхийн хэрэглээ бүгд агшжээ. Өрхийн хэрэглээ буурч байгаа нь өндөр инфляцтай холбоотой ч 1994 оноос хойш Монгол Улсын ажиллах хүчний оролцоо хамгийн доод түвшинд хүрсэн нь голлон нөлөөлж байгааг анхааруулсан. Ажиллах хүчний оролцоо уналтад орж байгаа нь тогтвортой дундаж давхарга ганхахад нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр хийх хүний тоо буурч, өрхийн хэрэглээ улам бүр хумигдаж байгаа аж. Иймд 2022 онд өрхийн хэрэглээ төдийлөн өсөхгүй гэж таамагласан байна.
Монгол Улсын инфляцын түвшин бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байгаа. Монгол Улс инфляцын түвшингөөрөө Шри Ланкагийн дараа хоёрт бичигдэж байна. Инфляц өсөж байгаа гол шалтгаан нь нийлүүлэлтийн шок, импортын барааны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлтөөс үүдсэн тасалдал голчлон нөлөөлж байна гэж үзжээ.
Инфляцыг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг ярих боломжгүйг сануулсан. Цаашлаад 2022 онд инфляцын өсөлт үргэлжилж, оргил түвшинд хүрнэ гэж таамаглаж байгаа аж.
Дэлхийн дахинд санхүүжилтийн нөхцөл чангарч байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмж байгаа учраас гаднаас татах хөрөнгийн санхүүжилт, бондын хүү өндөр байх магадлалтай байгааг анхааруулсан.
Монгол Улсын хувьд 2022 онд эдийн засгийн нам өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн стресс, өндөр инфляц, гадаад тэнцлийн алдагдлыг онилсон бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
2023 онд экспорт нэмэгдвэл эргээд эдийн засаг сэргэх өөдрөг төсөөлөл бий. Гэхдээ төсөөлөлд “Тэг-Хятад” бодлого, Орос-Украины дайн, санхүүгийн тогтвортой байдал, активын чанарын асуудлаас ихээхэн хамаарна.