УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилж буйгаа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Н.Учрал: Т.Аюурсайхан гишүүнийг дэмжиж байна. Тэрээр байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа олон хууль тогтоомжийн ахалж, батлуулж байсан туршлагатай. Одоо УИХ дээр Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдэхгүй удаж байна. Тэгэхээр энэ хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулахаас ажлаа эхлээсэй гэж хүсье. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Т.Аюурсайхан дарга хүндхэн цаг мөчид ХНХ-ын сайдаар томилогдлоо. Нийгмийн даатгалын багц хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хууль, Гэр бүлийн тухай хууль, Саадгүй байдал хүртээмжийн тухай хууль гээд олон хууль биднийг хүлээж байна. Эдгээр хуулийн хүрээнд нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэхээр хүлээж буй олон мянган хүмүүс бий. Ийм асуудлыг шийдвэрлэхэд та сайдаар томилогдож байгаа гэдгийг хэлье. ХНХ-ын сайдын төсөв маш хүнд орж ирсэн. УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төсвийн асуудалд онцгойлон чиглэл өгч байгааг хүлээн авахыг хүсэж байна. Ганцхан жишээ дурдахад, хүүхэд хамгааллын багц 2.7 тэрбумаар хасагдаж орж ирсэн шүү. Хүн амын 37.3 хувийг эзэлж буй хүүхдүүдийн асуудал ямар хэмжээнд байгаа билээ. Бид дөмөгхөн төсвөөр хүүхэд хамгааллын ажлыг хийж эхэлж байсан боловч дахиад төсөв хасагдсан. Энэ бүхэн зөвхөн урсгал зардлаар шийдэгдэхгүй. Тиймээс таныг үүнд онцгойлон анхаарахыг хүсэж байна.