Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 14-нд өчигдөр эх орноосоо мордсон. Өмнө нь 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байсан юм билээ.
Өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилтын корпорациас Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь Компакт гэрээг баталгаажуулж гарын үзэг зуржээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэх юм. Эдгээр албан уулзалтаас гадна АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/-аас Монгол Улстай байгуулах хоёр дахь Компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үзэг зурах ёслолд оролцоно.
МСК-аас Монгол Улстай Компакт гэрээ байгуулах мэдэгдлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Конгресст хүргүүлж, дэмжигдсэн.
Өнгөрсөн долдугаар сард хүчин төгөлдөр болох хүлээлттэй байсан Компакт гэрээ Ерөнхий сайдын айлчлал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан хойшилсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айчлалын үеэр сүүлийн дөрвөн жилийн турш хоёр парламент, гурван Засгийн газар дамжиж яригдсан Мянганы сорилтын корпорацийн төслийн хоёр дахь ээлж Монголд хэрэгжих хугацаа тодорхой болж байна.