Open iToim app
Эрх зүй | 6 мин уншина

Д.Зүмбэрэллхам: Хөөн хэлэлцэх хугацаа ба ял завшуулах ажиллагаа

Д.Зүмбэрэллхам:  Хөөн хэлэлцэх хугацаа ба ял завшуулах ажиллагаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 5
Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхамын бичсэн нийтлэлийг хүргэж байна.
 Сүүлийн үед олон нийтийн анхааралд хүрсэн зарим ноцтой гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаар амтай болгоны ярианы сэдэв болов. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа гэх адармаатай сэдвийн талаар  олон нийтийн ойлголт дулимаг байх шиг санагдана. Хуулийн салбарын эрдэмтэд судлаачид ч энэ талаар тайлбар, мэтгэлцээн өрнүүлэх нь ховор байна.
Дэлхийн ихэнх улсад эрүүгийн гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэж болох тодорхой хугацааг тусгайлсан хуулиар эсхүл Эрүүгийн хуулиар зохицуулсан байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш тухайн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хуульд заасан хариуцлага хүлээхээс зориуд зайлсхийх үйлдэл хийгээгүй, түүнээс хойш хуульд тусгайлан заасан хугацааны дотор дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчимд үндэслэсэн ойлголт юм. Нөгөө талаас уг гэмт хэргийг илрүүлэн шийтгэх арга хэмжээг тухайн хугацаанд нь амжиж авч чадаагүйн төлөө төрийн хүлээх хариуцлагын хэлбэр гэж тайлбарлах нь ч бий. Аль ч онолын баримтлалаас авч үзсэн гэсэн эрүүгийн хариуцлагын “хөөн хэлэлцэх хугацаа” гэдэг ойлголтыг гэмт этгээдийг ял завшуулах хэрэгсэл болгож болохгүй гэсэн үзэл санаа энд давхар агуулагдаж явдаг. Энэ бол гэмт хэрэг үйлсэн л бол ял шийтгэл гарцаагүй байх тухай дэлхий даяар түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчимтай холбоотой юм.
 Гэтэл дөнгөж ирлүүлээд хуулийн дагуу нотлох ажиллагаа явуулж байгаа гэмт хэргүүдийг, ялангуяа цагаан захтны гэж нэрлэгддэг нийтийн өмч завшсан, эрх мэдлээ урвуулсан, улаан цайм авлигын бүрдэлтэй гэмт хэргүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа”-гаар халхавчлан хэрэгсэхгүй болгож ял завшуулах явдал эрээ цээрээгээ алдаж эхэллээ. Энэ бол хөөн хэлэлцэх хугацааны энэрэнгүй зорилгыг агуулж байгаа үйлдэл яав ч биш бөгөөд хуулиар халхавчлан ял завшуулах ёс бус ажиллагаа гэж харагдаж байна. Би энд “халхавчлах” гэдэг үгийг зориуд хэрэглэсэн нь “баримтлах” гэдэг үгийг зөвхөн хууль ёсны асуудалд хэрэглэх ёстой гэж үзсэнээ илэрхийлж байгаа хэрэг. 
Авлигатай тэмцэх газар удаа дараагийн ажиллагаагаар ой тойнд багтамгүй хэмжээний хахууль илрүүлсээр байгаагаа олон нийтэд тайлбарлахын тул нотлох баримтын нууцыг задалж нэгжлэгийн бичлэгийг нь хүртэл нийтэд  үзүүлдэг болов. Хуулийн өмнө хүчин мөхсдлөө гэдгээ олон нийтэд тайлбарлаж байгаа арга ядсан хэлбэр юм биз. Шударга ёс тогтоохын төлөө өдөр шөнөгүй, аюул эрсдэл сөрж гаргасан хамаг хүч хөдөлмөр нь салхинд хийсэж байхад өөр яалтай билээ.
Улсын Их Хурлаас 2002 онд баталсан Эрүүгийн хууль бол зарим судлаачдын шүүмжлэлтэй ханддаг цөөвтөр асуудлуудыг эс тооцвол онол, практикийн өмнөх уламжлал болоод одоогийн нийгмийн харилцааны онцлогийг уялдуулан чамбай боловсруулсан хууль байсан гэдгийг ганц би ч биш олон эрдэмтэн судлаачид, хуульчид хүлээн зөвшөөрдөг юм. Харин сүүлд шинэчлэн найруулж 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн  Эрүүгийн хууль бол өмнөх хуулийн онолын үзэл баримтлал, ойлголт, бүтцийг эвдсэн бөгөөд шинээр томъёолсон найруулга нь ойлгож хэрэглэхэд төвөгтэй байдлыг үүсгэсэн тухай энэ хуулийг хэрэглэж байгаа хуульчид, хичээл зааж байгаа багш нар, судалж байдаг эрдэмтэд гээд зөндөө олон хүнээс сонсож, тэр хэмжээгээр уг хуулийг сөхөж үзэж, эрэгцүүлж явна.
Энэ талаар нилээд зүйлийг өгүүлж болох боловч зөвхөн нэг сэдэв нь дээр дурдсан “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой. Өмнөх хуульд “72 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн гарчигтай зүйл байсан. Энд зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудал дурдагдаж байгааг анзаарч байгаа байх. Харин шинэчлэн найруулсан буюу одоогийн Эрүүгийн хуульд “1.10 дугаар зүйл.Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа” гэж нэрлэн томъёолоод дор нь “1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:” гэж заасан. Энд эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацаа гэдэг өмнөх ойлголтыг нь өөрчилж, уг хөөн хэлэлцэх хугацаанд гэмт хэргийг бүхэлд нь хамааруулаад зогсоогүй гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн гэм бурууг нь ч тогтоох боломж олгохгүйгээр зөвхөн хугацааг тоолоод л хэрэгсэхгүй болгох нөхцлийг бүрдүүлжээ.
Яасан ч богинохон хугацаа юм. Энэ байдлаар бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлож шалгах шаардлагагүй болж мэдэхээр байна. Яллагдагчаар татахгүй юм бол түүнийг шалгахын утга учир юу билээ. Хатуухан хэлбэл, мөрдөх ажиллагаанд зөвхөн гэмт хэрэг хэзээ үйлдсэнийг өөрөөс нь асуугаад түүнээс хойших хоног хугацааг нь тоолоход л хамаг ур чадвараа дайчлах хэрэгтэй болох юм байна. Хэрэг шалгахад цаашид хуулийн биш математикийн мэргэжил илүү зохилтой мэт.
Түүнээс гадна өмнөх хуульд гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж маш тодорхой ангилаад тэр болгонд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тогтоон хэрэглэж ирсэн. Үүнээс үүдсэн ял завших боломж гарч байсангүй. Гэтэл одоогийн хуулиар маш чухал ач холбогдол бүхий энэхүү ангиллыг байхгүй болгосноос ялын хүнд ба хөнгөний хэмжээг ялгавартай тогтоох цэгцэрсэн бодлого бодлого алдагдсан бөгөөд  түүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа тооцох арга  ихээхэн ойлгомжгүй, онолын үзэл баримтлал гэж барих юмгүй болжээ. Энэ нь чухамдаа хуулиар халхавчлан ял завшуулах ёс бус явдлын эх сурвалж болсон байна.
            Хөөн хэлэлцэх хугацааны талаар олон улсын хэмжээнд болоод олон улс орнууд бодлогоо шинээр авч үзэж байна. Ялангуяа хүний наймаа, мансууруулах бодис, алан хядах ажиллагаа, мөнгө угаах болон санхүүгийн холбогдолтой үйлдэл, авлига, насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг гэх мэт зарим төрөлд хамаарах илүү ноцтой гэмт хэргүүдэд мөн чанартай нь холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг сунгах, заримд нь хугацаа хөөн хэлэлцэхгүй байх өөрчлөлтүүдийг шинээр хийж эхэллээ. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн захын эх сурвалжуудаас харж, магадлах боломжтой.
Цаг хугацааны хувьд ойролцоогоор нь Францын жишээг авч үзье. 2017 оны 2 сарын 17-нд тус улсын парламент  хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх талаар хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан баталсан бөгөөд түүнийгээ 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрджээ. Энэ хууль болон манай Эрүүгийн хууль хоёрын дагаж мөрдөж эхэлсэн хугацаа нэг онд 4 сарын л зөрөөтэй байгаа. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн агуулга нь тэс эсрэгээр байгаа юм.
Францад гэмт хэргийг манай хуучин хуульд байсан шиг хүнд хөнгөнөөр нь 3 ангилаад хөөн хэлэлцэх хугацаа хамгийн хөнгөнд нь 1 жил байсныг 1 жил хэвээр нь үлдээж, дунд зэрэгт нь 3 жил байсныг 6 жил болгож, хамгийн хүндэд нь 10 жил байсныг 20 жил болгож нэг нугалан сунгасан байна. Насанд хүрээгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 10 жилээс доошгүй, насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт 20 жилээс доошгүй, мансууруулах бодис болон алах хядах ажиллагаа, дайны гэмт хэрэгт 10 жил байсныг 30 жилээс доошгүй болгож, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хугацаа хөөн хэлэлцэхгүй байхаар тогтоосон байх жишээтэй. Сүүлчийн хууль хүчин төгөлдөр болохын өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссанаас бусад тохиодолд уг хугацааг энэ хуулийнхаа дагуу тоолж шийдвэрлэгдэхээр хатуу тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн одоогийн өөрчлөлтийг хаацайлан хамгаалах гэсэн хүмүүс олон улсын жишиг, хүний эрх, хөгжсөн улсуудын туршлага гээд л ярих байх. Гэхдээ олон улсын хандлага, бодит байдал одоогийн цаг үе, нөхцөл байдалд ингэж л явж байна. Бэлээхэн жишээ, жишиг нь энэ байна.
 Одоогийн Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт энэ хэвээр байвал зохион байгуулалттай, онц ноцтой, нийгэмд хор хөнөөл ихтэй гэмт хэргүүдийг илрүүлэх, гүйцэд шалган нотлох, шүүхээр шийдвэрлэн ял шийтгэл оногдуулах цаг хугацааны ямар ч боломж үлдэхгүй. Ийм гэмт хэргүүдийг шалгах нотлоход хангалттай хугацаа шаардагддаг.
   Авлига, албан тушаал, мөнгө санхүүгийн  гэх мэт нийгэмд асар их хор хохирол учруулдаг гэмт явдалтай үнэхээр тэмцье гэвэл хөөн хэлэлцэх хугацааг яаралтай өөрчлөх нөхцөл байдал бүрдсэн байна. Энэ асуудал хөндөгдсөн тохиолдолд уг өөрчлөлтийн агуулгыг гэмт этгээдэд ял завшуулахгүй байх зарчим, орчин үеийн олон улсын хандлага, зарим төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж байдал, гэмт явдалтай тэмцэх тухай төрийн үндэсний бодлоготой  нягт уялдуулан онол, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх ёстой.
Хууль гэж нэрлэж баталсан болгон хууль биш, харин ёс суртахуун, шударга ёсонд үндэслэж гаргасан хууль л жинхэнэ хууль байдаг тухай их сэтгэгчид сануулсан байдаг билээ.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн