Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

В.Баярмаа: Сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдийн ихэнх нь цахим донтолтод өртсөн байна

В.Баярмаа: Сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдийн ихэнх нь цахим донтолтод өртсөн байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 28
Монголын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр мэргэжилтнүүд цуглажээ. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монголын хүн ам өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар мэргэжлийн болон холбогдох бусад байгууллага хамтран хэлэлцэж шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлж байна.
Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн \СЭМҮТ\ ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр тавилаа. Илтгэлд дурдагдсанаар сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй 20913 хүн байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр эмгэгийн шалтгаанд  архи, тамхи хамгийн өндөр нөлөөтэй байна. Манай улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг. Харин 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй байгаа судалгааны дүн гарчээ. Мөн нийт насанд хүрэгчдийн 47 хувь нь тамхи байнга татдаг бөгөөд  Монгол Улс дэлхий тамхидалтаараа тэргүүлэх 10 оронд багтсан харамсалтай байна.  
Дараагийн илтгэлийг СЭМҮТ-ийн  дэд захирал докторант В.Баярмаа “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйл судалгаа” сэдвээр  илтгэл тавьсан. Судалгааны гол зорилго нь өсвөр насанд түгээмэл тохиолддог сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлүүд, тэдгээрийн тархалт, нийцэл эмгэгт өртөх эрсдэлт хүчин зүйлс, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн үед илрэх шинжийг судалжээ. Түүнтэй судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.
undefined
-Өсвөр үеийнхний дунд сэтгэл хөдлөл зан үйлийн байдал нэлээд тулгамдсан асуудал болж байгаа Та итгэлтдээ дурдлаа. Энэхүү асуудлаарх судалгааны үр дүнгээсээ  танилцуулбал?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) 2013 онд өсвөр үеийнхний дунд сэтгэл хөдлөл зан үйлийн судалгааг хийсэн. Үндэсний хэмжээнд буюу хөдөөгийн 11 аймаг, хотын таван дүүрэг нийтдээ 2250 хүүхэд 2250 эцэг эх 72 багшийг хамруулсан байгаа.
Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд өсвөр насны хүүхдүүдийн 60 хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн хувьд хэвийн, 18 хувь нь зааг завсрын үе дээрээ, 12,8 хувийн нь хэвийн бус, 8,9 хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгтэй байна. Уг судалгааг 2017 онд Улаанбаатар хотын хэмжээнд дахин хийсэн бөгөөд 2013 оныхтой харьцуулахад сэтгэл зүйн хэв шинж байдал нь  60-70 хувьд нь тогтвортой хэвээрээ байна үр дүн гарсан. Эдгээр асуудалд өртсөн өсвөр насны хүүхдүүдийн 30-40 хувийг нь засах, сайжруулах боломж нээлттэй байгаа. Болж өгвөл өсвөр наснаас нь өмнө хүүхдүүдийг эдгээр эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн зүйтэй арга.
-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас эдгээр хүүхдүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай болоод байна вэ?
-Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Жишээ нь, эцэг эхийн архидалтын байдал, гэр бүлийн салалт, гэр бүл эцэг эхээсээ хол амьдарч байгаа байдал нь сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлтэй байгаа хэмээн үзэж байгаа.
- Сэтгэл хөдлөл зан үйлийн асуудал гэж яг юуг хэлээд байна вэ?
-Хүний сэтгэл зүйн байдал дотоод, гадаад гэсэн хоёр шинжээр илэрч байдаг. Түүний дотоод шинжээр нь илэрч байгаа байдал нь сэтгэл хөдлөл, гадаад шинжийн илрэлийг нь төрөх үйл гэж нэрлээд байгаа. Төрөх үйл зан үйл нь хүмүүст харагдаж байгаа байдал гэдэг утгаараа хүмүүсийн анхаарлын төвд нэлээд өртдөг. Тэгэхээр архи уугаад, тамхи татаад, мансууруулах бодис хэрэглээд, цахим тоглоомд донтоод, гэмт хэрэгт орооцолдоод, хүчирхийлэл үйлдээд байгаа зэрэг нь зан үйлийн байдлаар илэрч байгаа байдлыг гэж хэлнэ. Сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, айдсаар илэрнэ. Хүүхдүүдийн хувьд сэтгэл гутралаас үүдэлтэй амиа хорлолт ихэсч байгаа нь сэтгэл хөдлөл зан үйлийн илрэл.
-Энэ эрсдлээс сэргийлэхийн тулд ямар зөвлөмж өгч байгаа вэ?
-Сэтгэцийн эмгэгийн талаар хэд хэдэн чиглэлээр зөвлөж гаргаж байна. Бодлого боловсруулагчийн түвшинд Сэтгэцийн эрүүл мэнд II хөтөлбөр байдаг. Хөтөлбөрийн санхүүжилт гэж байдаггүй учир энэ хөтөлбөр сайн хэрэгжиж чадахгүй байгаа тийм учраас энэхүү үйл ажиллагааг дэмжихийг Засгийн газар, бодлого боловсруулагч нараас хүссэн. СЭМҮТ энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа, суурь судалгаануудыг үе шаттайгаар тав таван жилийн давтамжтайгаар хийх шаардлагатай гэсэн зөвлөмжүүд гарч байгаа. Дээр нь хүүхэд өсвөр насныхны гол асуудал гэр бүл рүү чиглэсэн байдаг учраас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтрах, гэр бүл рүү чиглэх ажлуудыг хийх шаардлагатай байна.
-СЭМҮТ-д он гарснаас хойш сэтгэл хөдлөл зан үйлийн асуудалтай хэчнээн хүүхдүүд эмчлүүлсэн бэ. Эмчлүүлэхээр ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь ямар шалтгааны улмаас эмчлүүлж байна вэ?
-СЭМҮТ-д өсвөр насныхний сэтгэцийн эмгэгийг эмчлэх 30 ортой клиник ажилладаг. Түүний 80 хувьд нь сэтгэл хөдлөл зан үйлийн хүрээний асуудалтай буюу ихэвчлэн цахим донтолтын асуудалтай хүүхдүүд хэвтэж байгаа. Өсвөр насны хүүхдүүд 70-80 хувийг нь эзэлдгээс дийлэнх хувь нь эрэгтэй хүүхдүүд байна. 2013 оноос хойш ийм асуудалтай хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа өгөөд 2017 оны мэдээгээр 195 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байдаг.
-Сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл юу вэ?
-Мэдээж хамгийн түрүүнд нөлөөлөх хүчин зүйл бол гэр бүл болон сургуулийн орчин. Судалгаагаар гэр бүлийн салалт, эцэг эхийн архидалт зэрэг асуудлууд нь зан үйлийн эмгэгт өртөхөд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болж буй нь харагдсан. Тиймээс бага наснаас нь хүүхдүүддээ цаг гаргах, найз нөхдийн харилцаанд нь анхаарлаа хандуулах мөн гэр бүл өөрөө зөв байх хэрэгтэй. Гэр бүл салдаггүй, хүүхдүүдтэйгээ хамт байх, гэр бүлдээ архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй сөрөг зан үйлүүдийг гаргадаггүй баймаар байна. Тэгэх юм бол аав ээжийг харж өсч хүмүүжиж байгаа хүүхэд анхнаасаа эерэг зөв суурьтай, зөв зан үйлтэй хүүхэд болон төлөвшинө. Тэрнээс биш заавал өсвөр насанд нь тусгайлан өөр нэг арга зүйгээр ажиллаад байх шаардлага байхгүй. Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж өсгөх нь хамгийн зөв арга гэж ойлгож болно.
Бэлтгэсэн: А.Хулан, Т.Номин-Эрдэнэ
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн