УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс эрчим хүчний хомсдолын талаар болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Энэ өвөл Улаанбаатарчууд хөлдөх эрсдэл өндөр байна. Ямар арга хэмжээ авах вэ. Таны хувьд ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцоод ирсэн. Энэ үеэр эрчим хүчний асуудлаар ямар хэлэлцээр хийсэн бэ?
-Эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгье. Эрчим хүчний салбарын гол хоёр бүтээгдэхүүн бол цахилгаан, дулаан. Төвийн бүс дулааны ч, цахилгааны ч дутагдалд орсон. Уг бүсэд суурилагдсан хүчин чадал нь 1150 орчим мВт байдаг. Өвлийн их ачааллын үе буюу арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар гартал хугацаанд 1422 мВт болтлоо нэмэгдэж байсан тохиолдол бий. Оргил ачааллын үед дутагдах эх үүсвэрийг ОХУ-аас импортоор худалдаж авахаас өөр гарц одоохондоо алга. Тус асуудлыг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үедээ шийдсэн. Энэ бол аргагүйдээ хийж буй алхам. Яагаад гэвэл, 2023, 2024 онуудад ашиглалтад орох эх үүсвэр байхгүй.
-Эрчим хүчний салбар алдагдалтай байгаа тул цахилгааны үнийг 30 орчим хувиар нэмэх шаардлагатай байгаа. Энэ жил суурь тарифаа нэмэх үү?
-Тариф нэмэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо болон манай яам судалж байна. Өөрөөр хэлбэл, ямар хэрэглэгч дээр хэр хэмжээгээр нэмэх үү гэдгийг судалж байгаа юм. Бараг л бэлэн болж байгаа даа. Судалж дуусаад энэ талаар мэдээлэл өгч, нэг талдаа шийднэ. Хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо тарифыг бие даан шийдвэрлэх эрхтэй байгууллага. Тэгэхээр уг шийдвэр гарахаас өмнө олон нийтэд мэдэгдээд, сарын дараагаас үнийг нь нэмнэ.
-Гэр хороололд шөнийн тарифыг тэглэдэг. Үүнийг үргэлжлүүлэх үү. Эсвэл салбарын нөхцөл байдал хүнд байгаа гээд цуцлах уу?
-Ямар ч байсан энэхүү татаасыг үргэлжлүүлэх бодолтой байгаа. 2023 оны Улсын нэгдсэн төсөв удахгүй өргөн баригдана. Энэ хооронд Сангийн яам болон бусад холбогдох байгууллагатай энэ асуудлыг ярилцана.
-Ганц л гэмтэл, саатал гарвал цахилгаан, дулаан хязгаарлана гэж байсан. Энэ хэвээрээ юу?
-Ер ийм, бидний монгол зан гэх үү дээ. ТЭЦ IV дээр гэхэд найман зуух, дулаан генератор байна. Өвлийн их ачааллын үед бүгдээрээ ажиллана. Аль нэг зуух, генератор дээр гэмтэл саатал гарсан тохиолдолд Улаанбаатар хотод тэр хэмжээгээр хязгаарлалт хийхээс өөр арга алга. Бид ямар ч эрчим хүчний нөөцгүй, бүх зүйл хоолойд тулсан байна.
-Хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орох эх үүсвэр юу байна вэ?
-Зүүн бүсэд Дорнодын ДЦС-ын өргөтгөл 50 мВт-аар явж байна. Үүнийг 2023, 2024 онд багтаагаад ашиглалтад оруулна. Төвийн бүсэд шинээр ашиглалтад орох эх үүсвэр алга.
-Тусдаа нэг асуулт асууя. Та “Суруга Монгол”-ын хэрэгт холбоотой юу. Х.Нямбаатар сайд ярилцлага өгөхдөө нэр бүхий УИХ-ын байгууллагын хүн гэж хэлсэн нь ард иргэдэд таныг хэлсэн гэх хардлагыг төрүүлж байна. Та уг хэрэгт шалгагдаж байгаа юм уу?
-Тийм хардлага гарсанд харамсаж байна. Нэгд, Х.Нямбаатар сайдын яриад байгаа хүн нь би биш. Хоёрт, миний үүсгэн байгуулсан Хурд групп компани Эм Жи Ти болон Суруга Монгол гэсэн хоёр компанитай хамтран ажиллаад тэр газрыг худалдаж авсан. Бизнесийн хэллэгээр бол ашиг хуваарилах, энгийн хэллэгээр бол худалдан авалт. Худалдаж авсан гэрээ, шилжүүлсэн мөнгөний баримт бидэнд байна. Ямар нэг байдлаар хөрөнгө оруулагчийг дарамталж, хохироосон зүйл байхгүй. Ор үндэсгүй зүйл.
-Таныг шалгахгүй байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Намайг шалгана гэвэл би шалгуулахад бэлэн байна.