Владимир Путины нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ

Владимир Путины нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 5
Оросын тагнуулын алба буюу “KGB”-ын офицерээс ажлын гараагаа эхэлсэн Владимир Путин нь 1999 онд ОХУ-ын Ерөнхий сайд болсон юм. Харин шинэ мянган солигдох шөнө буюу 1999 оны арван хоёрдугаар сарын 31-нд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч асан Борис Ельцин үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэнэтийн шийдвэр гаргаж түүний орыг Владимир Путин залгуулахаар болжээ. Ингээд тэрээр гурван сарын дараа болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нийт ард түмний 54 хувийн саналаар ялалт байгуулснаар албан ёсоор төрийн тэргүүн болсон байна.
Энэ цаг үеэс хойших 19 жилийн хугацаанд тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий, хүчирхэг эрхмүүдийн нэг болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Мөн тэрээр өнөөгийн дэлхий ертөнцийг бүтээхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь яах аргагүй мөн юм. Тиймээс энэ удаагийн "Дэлхийг өөрчлөгч эрхмүүд" буландаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг онцолж, эх сурвалжуудын баримтуудыг тулгуурлан түүний нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг талаар хүргэж байна.
undefined
Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд ЗХУ-ын Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод жирийн нэг ажилчин ангийн гэр бүлд төрсөн юм. Түүний өвөө нь ЗХУ-ын коммунизмын эцэг Владимир Ильич Ленины тогооч байсан аж. Харин аав нь Дэлхийн II дайнд тулалдаж, хэд хэдэн удаа хүнд шархдаж явсан ахмад дайчин, үйлдвэрийн манаач нэгэн байсан бол ээж нь үйлдвэрийн нормын ажилчин байжээ. Тэрээр дээрээ  хоёр ахтай байсан ч харамсалтай нь тэд Дэлхийн II дайны үеэр Ленинградын бүслэлтээр нас барсан аж. Түүний эмээ нь Нацист германы офицерийн гарт амиа алдаж, хэд хэдэн авга, нагац нар нь уг дайны фронтод сураггүй алга болжээ.
Владимир Путин нь коммунизмын үед пионерын эвсэлд нэгдээгүй цөөн хэдэн сурагчийн нэг байсан бөгөөд 12 наснаасаа эхлэн самбо болон жүдо бөхөөр хичээллэх болсон байна. Тэрээр 16 насандаа ЗХУ-ын хамгийн шилдэг самбо бөхийн тамирчдын нэг болж, спортын мастер, жүдо бөхийн хар бүсийг эзэмших болжээ. Ахлах сургуулиа Ленинград хотын алдарт 281 дүгээр сургуульд төгссөн тэрээр хими, биологийн хичээлдээ онцгой сайн байсан аж. Тухайн үед тус сургуульд зөвхөн төгс гэмээр сурлагатай хүүхдүүд л элсэн ордог байжээ.
undefined
Энэ үедээ Владимир Путин Битлз тэргүүтэй барууны рок хөгжмийг сонирхож, тагнуултай кинонд татагддаг байсан нь тагнуулч болоход нь нөлөөлж 1975 онд “КГБ”-ын босгыг ямар ч саадгүй даван орсон байна. Үүнээс хойш түүний амьдрал зөвхөн амжилт өөд шулуун өссөөр иржээ.
Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч нэг өдрийн амьдралын тухай дурдъя. Владимир Путинд өглөөд тогтсон сэрэх цаг гэж байдаггүй. Гэвч ихэвчлэн өглөөд эрт сэрдэг байна. Тэрээр маш энгийн зүйлсээр өглөөд хооллодог. Ерөнхийлөгчийн өглөөний цайнд бяслаг заавал байх ёстой. Тэрээр өөрийн дуртай бяслагаа ихэвчлэн омлет, овъёс, чанасан өндөг болон дөнгөж шахсан жимсний шүүстэй хамт иддэг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд ОХУ-д айлчлахдаа Владимир Путины гэрт өглөөний цай хамт ууцгааж, хоёр орны харилцааны асуудлаар хэлэлцэх үедээ Оросын алдарт Белуга хар түрс, чанасан өндөг, банш идэж халуун цай ууцгаасан байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өглөөний унд бүрийнхээ араас кофе уудаг тухайгаа ярьж байжээ.
undefined
Өглөөний цайны дараа тэрээр хоёр цаг орчим усанд сэлдэг бөгөөд энэ үеэрээ тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг байна. Мөн Оросын нэгэн нөлөө бүхий улстөрчид усан доор байхад мэргэн санаанууд орж ирдэг гэж хошигнож байжээ.
Сэлж дуусмагцаа Кремлийн ордон дахь албан өрөөндөө очиж ажлаа эхлүүлдэг байна. Түүний төрийн ажил ихэвчлэн сайд нартай хаалттай хаалганы цаана хуралдахаас эхэлдэг аж. Владимир Путин өдөр тутмын ажил хэрэгтэй зориулж энгийн загвартай, чанартай хувцаслахыг эрхэмлэдэг. Ихэвчлэн хар хөх өнгийн хослол сонгодог бөгөөд үргэлж ханцуйг нь үл ялиг томдуулж захиалдаг байна. Оросын “Газета” сэтгүүл түүний хувцаслалтыг удаан ажигласны эцэст Италийн “Kiton” болон “Brioni” брэндүүдийн хослолд дуртай болохыг нь илрүүлжээ.   
Ойролцоогоор дөрөв орчим цаг ажиллаад фитнесс залланд очиж бэлтгэл хийдэг бөгөөд энэ үеэрээ гадаад, дотоодын телевизийн мэдээний тойм үздэг байна. Түүний фитнессийн идэвхтэй хамтрагч нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев бөгөөд тэрээр Ерөнхийлөгч төхөөрөмж дээр дасгалаа хэр эрчтэй хийж байгаагаас нь түүнд  телевизийн мэдээгээр гарч буй зүйлс таалагдаж буй эсэхийг мэдэх боломжтой гэж ярьж байжээ. Тэд хамтдаа бэлтгэл хийж буй нэгэн бичлэг 2013 онд цацагдаж байсан бөгөөд тухайн үед Владимир Путины фитнесс хэрэглэлүүд нийлээд 3200 ам.долларын үнэтэй болж байгааг ажигч хүмүүс анзаарч байсан юм.   
undefined
Өдгөө 67 настай Владимир Путин нь үргэлж маш спортлог имижтэй нэгэн байсаар ирсэн. Тэрээр өмнө нь агаарын кранаар ганцаараа нисэж, цасны баавгайд байршил илрүүлэгч тогтоож, Бенгалын барыг нойрсуулагч сумаар буудаж унтуулаад шинжилгээ авах ажилд тусалж байв. Түүний биеийн хүчийг харуулсан санаатай, санамсаргүй тохиолдол олон ч болж байсан юм. Хамгийн хачирхалтай зүйлсээс нь дурдахад 2007 оны ОХУ-ын парламентын сонгуулийн үеэр түүний цээж нүцгэн зураг олон нийтэд цацагдаж байв. Мөн 2012 онд хүүхдийн зуны зусланд айлчилж, ахлах ангийн хүүхдүүдтэй уулзалт хийх үеэрээ срочкан цамцтай, ямар нэгэн бэхэлгээгүйгээр тусгай хананд авиралтын хананд авирч үзүүлсэн юм. Үүний дараа бүүр ч хачирхалтай зүйл болж хариулгын тавгыг гараараа нугалах гэж оролдоод чадаагүй байна. Эцэст нь тэрээр хөвгүүдийн дунд гар барилдааны тэмцээн явуулж ялагчтай нь хүч үзэж байжээ.
Ихэнх хүмүүс үүнийг бусдад таалагдахын тулд хийсэн улс төрчийн үйлдэл гэдэг. Үнэн хэрэгтээ тэр дэлхийн өөр аль ч орны төрийн тэргүүн нараас илүү идэвхтэй амьдралын хэв маягтай юм. Энэ ч утгаараа тэр өдийг хүртэл ямар нэгэн эм тан хэрэглэдэггүй болохыг түүний хувийн эмч мэдээлж байсан аж. Харин үүний оронд Оросын уламжлалт анагаах ухааны аргуудыг ашиглан элдэв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлдэг гэжээ. Тухайлбал зөгийн бал нимбэгтэй цай уух, массаж хийлгэх, саунд суух зэргээр алжаалаа тайлах замаар эрүүл мэндээ анхаардаг аж.
undefined
Фитнесс хийж дуусаад тэрээр ажилдаа эргэн ордог. Энэ удаад ямар ч орчин үеийн технологи, дэлгэц, саад болж, анхаарал сариулах зүйлгүй ажлын ширээндээ сууж тухайн өдрийн статистик тоо баримтуудтай танилцаж эхэлдэг байна. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өдөр бүр маш өндөр нууцлалтай бичиг баримтуудтай ажилладаг учир мэдээллийн аюулгүй байдалдаа чамбай анхаардаг тухайгаа сэтгүүлчдэд ярьж байсан юм. Мэдээж хэрхэн гэдэг нь үндэсний аюулгүй байдлын нууц. Гэхдээ хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр тэрээр аливаа бичиг баримтыг цахим хэлбэрээр бус зөвхөн биет цаасан хэлбэрээр, хавтсанд хийсэн байдалтай хүлээн авч, өгдөг. Мөн ухаалаг гар утас, интернэт төхөөрөмжөөс зайлсхийж зөвлөлтийн үеийн суурин утас хэрэглэдэг гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч өдөр бүр гурван чухал газраас тайлан хүлээн авч, хариу өгч байх ёстой. Эдгээр нь Үндэсний аюулгүй байдлын алба, Гадаад тагнуулын алба, Үндэсний хамгаалалтын алба нар юм. Тэрээр маш ойлгомжтой, тодорхой хариу өгдөг бөгөөд нарийн тоон мэдээллүүдийг нухацтай авч үзэн, ямар нэгэн тодорхой зүйл тусгагдаагүй бол заавал шаарддаг байна.
Үүний дараагаар тэрээр туслахуудаасаа өөр баримт шаарддаг нь ямар нэгэн тагнуулын албан ёсны мэдээ бус хэвлэл мэдээлэл, сонинд гарсан шилдэг нийтлэлүүд байдаг аж. Владимир Путин хэзээ ч шар мэдээ уншдаггүй бөгөөд гадаад дотоодын шилдэг нийтлэгчдийн зөвхөн тойм, дүгнэлт хэсгийг уншдаг байна. Тэрээр өдгөө Америкийн “New York Times” сонины орлогч эрхлэгч хийж буй Оросын сэтгүүлч, нийтлэлч Андрей Колесниковын санааг хамгийн нухацтай хүлээн авч, төгсгөлд нь уншдаг аж. Үүний дээр туслахуудаасаа өөрийнх нь талаар бичигдсэн сөрөг нийтлэлийг нуухгүй байхыг хүсдэг байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ном уншихад аль болох их цаг зарцуулахыг хичээдэг. Гэхдээ тэрээр уран зохиолын номыг үзэн яддаг бөгөөд хамгийн дуртай сэдэв нь түүх аж. Үүний дээр зөвхөн “Путины цирк” гэх нэртэй Оросын Засгийн газар болон түүнийг элэглэдэг телевизийн шоуг үзэж олон нийт, ард түмэнд хэрхэн харагдаж байгаагаа олж харах гэж хичээдэг байна.
Үүний дараа тэрээр үдийн хоол иддэг аж. Владимир Путин аюулгүй байдлынхаа үүднээс хэзээ ч түүнийг урьсан газрын хоолноос иддэггүй. Үүний оронд хувийн тогооч нараараа бэлдүүлсэн тусгай зоогийг барьдаг. Түүний амандаа хийх юм бүрийг урьдчилан туршиж үзсэн байх шаардлагатай. Тэрээр ямар ч үед зоог барьсан жентелмэн зан гаргаж бүсгүйчүүдийн араас хоолны хэрэгсэлдээ хүрдэг аж. Английн “The Telegraph” сонин саяхан түүний хамгийн дуртай амттан нь фишташио самартай мөхөөлдөс болохыг илрүүлжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны “Их 20”-ийн уулзалтын үеэр түүнд зайрмаг бэлэглэж байв. Владимир Путин эрүүл хоолны дэглэмийг эрхэмлэдэг. Тэрээр загасны махыг илүүд үздэг бөгөөд яргай загасанд хамгийн их дуртай аж. Харин үндсэн хоолны хачирт нь өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцааг ихэвчлэн сонгодог. Гэхдээ Оросын “Правда” сонин түүнийг амттанд дургүй гэж мэдээлж байжээ. Харин өөрөө сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй ярилцлагынхаа үеэр согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй талаараа ярьж байжээ.     
Тэрээр зарим үед үдийн хоолныхоо дараа хэлний мэдлэгээ дээшлүүлдэг. Ихэнх тохиолдолд багш нь түүнд англи хэлийг академик төвшинд эзэмшихэд нь тусалдаг байна. Владимир Путин нь Герман, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн үүний дээр Хятад, Испани хэлээр ойлголцож чаддаг байна.
undefined
Бараг бүх тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажил амралтын өдрүүдээр ч үргэлжилсээр байдаг. Гэсэн хэдий ч тэрээр амралтын өдрүүдэд сүмд очиж, өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг. Владимир Путин бол мөсний хоккейн том шүтэн бишрэгч юм. Тэрээр чөлөөт цаг гарвал, аль чадахаараа мөсөн талбай дээр гарч хоккей тоглохыг эрхэмлэдэг. Мөн сард нэг хоёр удаа найз нөхдийн хүрээллээ цуглуулж хамт хоккей тоглодог. Энэ үеэр түүнтэй залуу байхаас нь хойш нөхөрлөсөн ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүд бараг бүгд цугладаг байна.
Владимир Путин нь амьтанд хайртай нэгэн. Тэрээр Конни нэртэй хар лабрадор, Юүмэ нэртэй акита ину, Баффи нэртэй кавказын хоньчин нохой тэжээдэг. Түүний Юүмэ нэртэй нохой нь 2016 онд түүнээс ярилцлага авахаар ирсэн Японы сэтгүүлчидтэй уулзах үед тэнд байсан хүмүүсийн ая тухыг эвдэж чанга хуцаж байгаа бичлэг нь үлдсэн байдаг. Харин тэрээр нохойдоо амттан өгч чимээгүй болгоод гаднын сэтгүүлч нарт хэрхэн сайн сургагдсан хүмүүжилтэй амьтан болохыг нь батлан харуулж байв.   
Түүний аюулгүй байдал нэн чухал. Хэрэв хэн нэгэн болчимгүй хүний үйлдлээс болж Владимир Путинд аюул учирвал Дэлхийн III дайн ч дэгдэх магадлалтай. Тэрээр аюулгүй байдлаа хангах үүднээс ухаалаг төхөөрөмжүүдээс хол байдаг ч үнэн хэрэгтээ сүүлийн үеийн бүх технологийг инженерийн төвшинд ашиглаж чаддаг аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал үргэлж нарийн дэг жаягтай, өндөр төвшинд байдаг.
Энэ нь гадаад орнуудад айлчлал хийх үед нь бүр ч илүү өндөр хяналттай байхыг тусгай ажилтнуудаас шаарддаг. Владимир Путин хаанаа ч очсон гэсэн түүний өрөө гадаад орчноос бүрэн тусгаарлагдах боломжтой, бүх эд хогшил, хэрэглэл нь шинэ байх ёстой бөгөөд сагс дүүрэг шинэ жимс заавал тавьсан байх гэсэн шаардлагыг тавьдаг. Үүний дараа Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын бага өрөөнд хоёр цаг орчим шалгалт хийхдээ ариун цэврийн өрөөний усан дахь нян бактерийн хэмжээг ч шалгадаг байна. Мөн онцгой тохиолдол гарсан үед ашиглах үүднээс нэг айлчлалд л гэхэд нэгэн зэрэг ойролцоогоор 200 орчим буудлын өрөө захиалан бэлдсэн байдаг аж.
Үүний дээр ямар ч дээд зэргийн зочид буудал байсан гэсэн бүх зүйлийг Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба нарийн нягтлах ёстой. Дээрээс нь буудлын үйлчлэгчид болон дотоод ажилчид түүний өрөөнд ойртож болохгүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх айлчлал бүрийг орос үйлчлэгч, тогооч, зөөгчид дагалдан явдаг. Мөн ямар ч цаг үед онц байдал эсвэл чухал ажил гарч болзошгүй тул тусгайлан цахилгаан шат гаргуулж, үргэлж түүний буй давхарт бэлэн байлгадаг. Хэрвээ түүнд хэн нэгэн гэнэт ойртвол шууд буудаж алах тушаалтай тусгай бэлтгэгдсэн бие хамгаалагчдаар хүрээлүүлж явдаг.
ОХУ-ын нийслэл Москва хотын зарим иргэд түүний цуваа өглөө, орой бүр явж өнгөрөхөд ихээхэн бухимддаг. Учир нь түүний аюулгүй байдлыг хангах үүднээс төв замуудын нэвтрэх хөдөлгөөнийг хааснаас болж жолооч нар дунджаар 25 минутын турш замын бөглөрөлд ордог байна.  
Тэрээр зөвхөн хоёр чиглэлд л явдаг. Нэг нь Кремль, нөгөөх нь нисэх онгоцны буудал. Москва хотын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн тусгай терминал, цахилгаан шат байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч ажлын ачааллаас шалтгаалан орой орондоо орох тогтмол цагийн хуваарьгүй амьдардаг. Гэхдээ ямар ч үед дор хаяж найман цаг унтаж амрахыг чухалчилдаг. Энэ мэтчилэн түүний өдөр тутмын маш хариуцлагатай, хүнд өдрүүд үргэлжилдэг.
Эх сурвалж: Top Trending
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн