Зочин | 7 мин уншина

Казахстаны Элчин сайд Жалгас Адилбаев: Гаднын цэргийн хүч үүргээ биелүүлээд буцна

Казахстаны Элчин сайд Жалгас Адилбаев: Гаднын цэргийн хүч үүргээ биелүүлээд буцна
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 11
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жалгас Адилбаевтай Казахстан улсад үүссэн цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.  
-Казахстан улсад үүссэн нөхцөл байдал, Казахын ард түмэнд учирсан уй гашууд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Цаашид бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Олон улсын мэдээгээр Казахстаны нөхцөл байдлын талаар янз бүрийн зүйлс мэдээлж байгаа боловч баттай мэдээлэл хомс байна. Тиймээс та эх орондоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бидэнд хэлж өгөхгүй юу?
-Казахстанд шингэрүүлсэн хийг шинэ системээр буюу цахим платформоор худалдах болсон нь үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Улмаар Казахстаны баруун хэсгийн Мангистау мужид 2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэн явдлыг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн.  Мэдээж үүний цаад шалтгаан нь эдийн засгийн байдалтай холбоотой.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэн даруй тусгай комисс байгуулж, уг асуудлыг шийдвэрлэхийг зорьсон. Засгийн газрын сайдууд болон тусгай комиссын төлөөлөгчид Мангистау мужид ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, жагсагчдын шаардсан шингэрүүлсэн хийн үнийг буулгах шаардлагыг хүлээн авч, биелүүлсэн. Тухайн үед жагсаалын үеэр аливаа хүчирхийлэл, жагсагчдын эсрэг хүч хэрэглэх зэрэг үйлдэл гараагүй.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстанд улс төр, эдийн засгийн маш олон шинэчлэлийг зэрэг хэрэгжүүлж байгаа. Тэрээр “Ард түмний дуу хоолойг сонсогч төр” гэдэг үзэл баримтлалыг санаачлан, дэвшүүлсэн. Өнөөдөр энэхүү үзэл баримтлалын хүрээнд асуудлыг аль болох нааштайгаар, тайван замаар, бүх талд ашигтай байдлаар шийдэхийг оролдож байна.
Мангистау мужид болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Алматын тэргүүтэй Казахстаны бусад хотуудад нөхцөл байдал хүндэрсэн. Дээр дурдсанчлан эхний өдрүүдэд жагсаалын үеэр цагдаа нар хүч хэрэглээгүй. Харин эсрэгээрээ жагсагчид төрийн албан хаагчдад халдах, төрийн захиргааны байгууллагуудыг эзэлж, галдан шатаах, эмнэлэг, цагдаагийн машинуудыг галдан шатаах, Алматы хотын онгоцны буудал зэрэг стратегийн ач холбогдолтой байгууламжуудыг эзэлж авах зэргээр террорист шинж чанартай болж ирсэн. Энэ бүхнээс харахад, зохион байгуулалттай, террорист үйлдэл мөн. Түүнчлэн жагсагчид дэлгүүр, худалдааны төвүүд, АТМ зэргийг дээрэмдэх асуудал олноор гарсан.
Улмаар үймээн самууныг намжааж, иргэдийн аюулгүй байдал эрсдэлд орохоос сэргийлэх үүднээс Казахстаны Ерөнхийлөгч улс даяар Онц байдал зарласан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. Өнөөдрийн байдлаар бүх хотуудад нөхцөл байдал тогтворжиж, тайван байдалд шилжсэн. Казахстаны ард түмэн хуучин амьдралдаа эргэж орсон гэж хэлж болно. Мөн үймээн, самуун болсон хотуудад сэргээн босгох ажил аль хэдийн явагдаж эхлээд байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Казахстаны Ерөнхийлөгч бүх асуудлыг нээлттэй танилцуулж байгаа. Бүх асуудал нээлттэй яригдаж байгаа. Энд ямар нэгэн нуух зүйл байхгүй.  
-Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гаднын улсад бэлтгэгдсэн бүлэглэлүүд эмх замбараагүй байдлыг өдөөж байна гэж мэдэгдсэн. Улмаар тэрээр жагсагчдын эсрэг анхааруулаггүй гал нээх тушаалыг өглөө. Тэгвэл гаднын улсад бэлтгэгдсэн гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна вэ. Гаднын улсын оролцоотой төрийн эрхийг булаах оролдлого уу. Эсвэл гаднын улсад бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг завдаж байна уу?
-Бид Казахстан улсын аюулгүй байдал, иргэдийн амь насанд халдсан үйлдлийг терроризм гэж үздэг. Манай төрийн яамуудын албан ёсны вебсайтуудаар үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь өгч байгаа. Тиймээс та бүхнийг баталгаатай эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл авч байхыг хүсэж байна.
Жагсагчид маш ноцтой аюул учруулж байгаа учир бэлтгэгдсэн, урьдчилан зохион байгуулалтад орсон гэж үзэж байгаа. Дээр хэлсэнчлэн Казахстанд нөхцөл байдал тогтвортой болсон. Казахстан улс энэ асуудлын ард гарахын тулд өөрийн бүх хүчин чадлаа дайчилж байгаа. Казахстан улс иргэн бүрийнхээ эрхийг хамгаалах, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд ажиллаж байгаа.
-Таны бодлоор Казахстанд болж өрнөж байгаа үйл явц зүгээр л шатахуун, газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал байв уу. Эсвэл улс төрийн дэглэмийг эсэргүүцсэн хувьсгал уу. Мөн зарим ажиглагч Казахстанд болж байгаа үйл явцыг Токаеб болон Назарбаев нарын тэмцэл гэж дүгнэж байна. Энэ хэр ор үндэстэй вэ?
-Ерөнхийдөө хувьсгал аливаа улсад эдийн засгийн байдалтай холбоотойгоор үүсдэг. Дээр хэлсэнчлэн хийн түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Тусгай комисс байгуулагдаад нөхцөл байдал ийм хурцадмал түвшинд хүрсэн явдлыг судалж, шалгаж байгаа. Шалгалтын дараа улс төрийн дүгнэлт гарах байх. Дүгнэлт гарч, бүх зүйл тодорхой болсон даруйд танилцуулах байх.
Токаев болон Назарбаев нарын хооронд улс төрийн тэмцэл өрнөж байна уу гэж та асуулаа. Тийм зүйл болоогүй. Ийм зүйл өрнөхгүй. Тэмцэлдэх шаардлага ч байхгүй.  
-Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт эх орноосоо дүрвэсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Нурсултан Назарбаев Казахстан улсад байгаа. Үүнийг бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Мөн Назарбаевын хэвлэлийн төлөөлөгч түүнийг эх орондоо байгаа, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай тогтмол харилцаатай байгаа гэх албан ёсны мэдэгдэл гаргасан.
Бүх зүйл хэвийн байгаа. Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд “Бид хамтдаа хүчтэй” гэдэг уриан доор улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахыг төлөө хичээж байна.  
Олон улсад Казахстаны эрх баригчид эх орондоо Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүч буюу гаднын цэргийн хүчийг оруулсан явдлыг мөн олон өнцгөөс тайлбарлаж байна. Тэгвэл ямар нөхцөл, шалтгаан үүссэн үед ХАБГБ-ын цэргийн хүч бусад оронд болж байгаа үйл явцад оролцох эрх, дүрэмтэй байдаг вэ. Монголын цахим орчинд ХАБГБ-ын цэргийн оролцоог ШХАБ-тай андуурах явдал нэлээдгүй гарч байна?
-Улс орны аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах зорилгоор Казахстаны тал орондоо Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хүсэлт илгээсэн. ХАБГБ-ын энхийг сахиулах хүч Казахстанд ирсэн гол шалтгаан нь Казахстан дахь стратегийн объектуудыг хамгаалах үүрэгтэй. Түүнээс терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагааг Казахстаны өөрийн зэвсэгт хүчин гүйцэтгэж байгаа.
Гэрээ болон дүрмийн үндсэн дээр ХАБГБ-ын энхийг сахиулах хүч улс оронд үүрэг гүйцэтгэдэг. Энэ байгууллагыг Армен улс тэргүүлдэг. Бүрэлдэхүүнд нь ОХУ, Беларусь, Киргизстан, Тажикстан болон Казахстан багтдаг. ХАБГБ-ын гишүүн аль нэг оронд аюулгүй байдал алдагдаж, эмх замбараагүй байдал, терроризм эрчээ авсан тохиолдолд харилцан туслах гэрээтэй. Энэхүү гэрээний дагуу Казахстанд ХАБГБ-ын энхийг сахиулах хүч үүрэг гүйцэтгэж байгаа. ХАБГБ-ын энхийг сахиулах хүч өмнө нь Тажикстанд яг энэ аргаар тусалж байсан. Түүнд нь Казахстан улс оролцож байсан.   
undefined
-Зарим эх сурвалж Казахстан дахь эмх замбараагүй байдлыг сөрөг хүчин гаднаас удирдан чиглүүлж байж болзошгүй талаар мэдээлсэн байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сөрөг хүчин жагсаал цуглаан, үймээнийг удирдан чиглүүлж байгаа талаар надад ямар нэгэн албан ёсны мэдээлэл байхгүй байна.
-Казахстаны Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нурсултан Назарбаевын үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Карим Масимовыг эх орноосоо урвасан гэх шалтгаанаар баривчилсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр Казахстаны төрийн чухал өндөр албан тушаалуудыг хашиж явсан түүний хувьд бослого, үймээнийг турхирч, өдөөн хатгахад оролцсон гэсэн үг үү?
-Энэ асуудал шалгагдаж байгаа. Тиймээс шалгагдаж байгаа хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Уг асуудал шалгагдаж, шийдэгдэх хүртэл хүлээх нь зүйтэй байх.
-Монголын ард түмэн нийтлэг соёл, социализмаас ардчилалд шилжих шилжилтийн үеийн ижил сорилт бэрхшээлтэй, найрсаг харилцаатай орнуудын хувиар Казахстаны асуудалд ихээр санаа зовж, анхааралтай харж байна. Мөн Казахстанд сурч, хөдөлмөрлөдөг Монгол Улсын олон мянган иргэд бий. Тэд гэр бүлтэйгээ холбогдож чадахгүй нөхцөл байдал ээдрээтэй байна. Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч, жагсаал цуглаанд оролцож, баривчлагдсан талаар мэдээлэл байгаа юу?
-Бидний хувьд Монголын талтай албаны журмаар байнгын холбоотой байгаа. Маш олон хүн байр сууриа илэрхийлж, манай ард түмэнтэй хамт байгаагаа хэлж, Казахстан улсад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн явдалд би хувьдаа маш их баяртай байгаа.
Террорист үйлдэлтэй холбоотойгоор интернэт тасалдаж, тэнд байгаа хүмүүс гадаад орчинтой харилцан боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бидний хувьд ч Казахстанд байгаа гэр бүл төдийгүй төв байгууллагатайгаа холбогдож чадахгүй өдрүүд байлаа. Одоо бол бүх зүйл хэвийн байгаа.
Казахстанд байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаарх асуудлаар Монгол Улсаас Казахстанд суугаа Элчин сайдын яаманд хандах нь зүйтэй. Казахстанд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам эмх замбараагүй байдал үүссэн даруйд өөрийн вебсайтаар дамжуулан иргэдийг сонор сэрэмжтэй байж, жагсаал цуглаанд оролцохгүй байх, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хаашаа, хэнд хандах талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргасан байсан.
Мөн Казахстаны Ерөнхийлөгч гаргасан мэдэгдэлдээ гадаадын иргэд, дипломат төлөөлөгчдийн газруудыг хамгаалж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хичээн ажиллахаа илэрхийлсэн. Манайд одоогийн байдлаар Казахстанд байгаа монгол иргэд ямар нэгэн асуудлаар холбогдоогүй байна.
-Казахстан улсад үүссэн нөхцөл байдлын улмаас Казахстан-Монголын эдийн засгийн харилцаанд сөрөг өөрчлөлт, тасалдал гарсан зүйлс байгаа юу?
-Казахстан болон Монгол Улс нь найрсаг сайн харилцаатай орнууд. Манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт байдаг. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээнүүд байгаа.  Тиймээс эдгээр ажлуудыг төлөвлөсний дагуу хэрэгжүүлээд явах болно.
Мөн энэ ялдамд хүнд хэцүү цагт холбогдож, бидэнтэй хамт байгаагаа цаг үргэлж илэрхийлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа Монголын ард түмэн болон Монголын казах иргэдэд талархал илэрхийлмээр байна.
-Казахстан улс тусгаар тогтнож, Бүгд найрамдах Казахстан улс байгуулагдсаны 31 жилийн ой энэ онд тохиож байна. Таны хувьд өнгөрсөн хугацаанд Казахстан улсын бий болгож, олж авсан хамгийн том амжилтыг та  юу гэж дүгнэх вэ?
-Казахстан улс сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийд танигдаж чадсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд гээд аваад үзвэл Казахстан улс хөгжиж, олон улсын тавцанд гарч чадсан. Бидний хувьд өнгөрсөн 30 жил бол маш эрхэм нандин цаг хугацаа.
Казахстан улс өөрийн хөгжлийн замналаар цааш үргэлжлүүлэн хөгжих болно. Казахстан бол маш олон үндэстэн, шашин шүтлэгтэй ард иргэдийн нутаг гэдгээрээ онцлог.  Манай иргэд маш эв нэгдэлтэй аж төрдөг.
-Маш хүнд хэцүү цагт бидний улирлыг хүлээн авч ярилцлага өгч, эмзэг сэдвүүдээр нээлттэй ярилцсанд талархал илэрхийлье. Энэ бүх үйл явдлын дараа Казахстан улс тусгаар тогтносон улс хэвээр үлдэж чадах уу гэдэг асуултаар ярилцлагаа төгсгөе?
-ХАБГБ-ын гэрээний дагуу зөвхөн ОХУ төдийгүй уг байгууллагын гишүүн орон бүрээс ирсэн энхийг сахиулагчид Казахстанд стратегийн объектуудыг хамгаалах үүрэгтэй ирсэн. Энхийг сахиулах хүч үүргээ биелүүлж дууссан даруйдаа буцах болно.
-Тусгаар тогтнолын хувьд Казахстан мэдээж аль хэдийн тусгаар тогтносон улс. Та яг одоо тусгаар тогтносон Бүгд найрамдах Казахстан улсын Элчин сайдаас ярилцлага авч байна. Энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.  
-Танд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн