АНУ-ын Холбооны Засгийн газрын хараат бус Үнэт цаас, биржийн комисс Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгахаар болсон талаар “Financial Times” сонин мэдээллээ.
Тодруулбал, 2017-2019 оны хооронд Рио Тинто компанийн Оюутолгой дахь стратегийн төслийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Их Британи улсын иргэн Ричард Боули “Рио Тинто компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил геологийн хүндрэлийн улмаас удааширч, зардал нэмэгдэхийг мэдэж байсан ч энэ талаар хэдэн сарын турш хөрөнгө оруулагчиддаа огт тайлагнаагүй” гэж мэдэгдсэн.
Ричард Боули энэ оны эхээр Их Британийн Хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд шударга бусаар ажлаас халагдсан гэх үндэслэлээр Рио Тинто компанийн эсрэг зарга мэдүүлсэн юм. Тэрээр шүүхэд мэдүүлсэн баримт бичигтээ 2018 оны хоёрдугаар сард “Рио Тинто” компанийн удирдлагуудад Оюутолгой төслийн далд уурхайн өргөтгөлтэй холбоотой асуудлыг анхааруулсан талаар анх дурдсан байдаг. Үүний дараа тэрээр энэ асуудлаар Их Британи, АНУ, Австрали болон Монгол Улсын санхүүгийн зохицуулах байгууллагуудад хандаад байгаа юм.
Ричард Боули 2019 оны гуравдугаар сард “Рио Тинто” дахь ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин “Рио Тинто” компанийн удирдлагууд үүнээс дөрвөн сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрсний хүндрэлийн улмаас төлөвлөгөөт хугацаанаас 16-30 сар хоцорч байгаа бөгөөд зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх талаар мэдэгдсэн юм.
Ингэснээр анх 2022 оны тавдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байсан Оюутолгойн далд уурхай 2023 оны зун хүртэл хойшилж, хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5.3 тэрбум ам.долларын зардал 8.4 тэрбум ам.доллар хүртэл болж өсөх эрсдэл үүссэн. Гэсэн ч Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрөгч гуравдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад дор хаяж 4.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай талаар мэдээлсэн. Оюутолгойн өргөтгөлийн төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэмжээг энэ оны хоёрдугаар хагаст эцсийн байдлаар танилцуулах хүлээлттэй байгаа юм.