Анализ | 4 мин уншина

‘МИАТ’-т 3 дахин өндөр үнээр шатахуун шахдаг нэг эзний компаниуд

‘МИАТ’-т 3 дахин өндөр үнээр шатахуун шахдаг нэг эзний компаниуд
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 31
Цар тахлын улмаас “МИАТ” түүхэнд байгаагүй алдагдалд орж дампуурахдаа тулсан талаар яригдах болсон. Тэр үнэн. Энэ хүнд үед Монголын төр чөдрийн ганц морио чөлөөгүй зүтгүүлж гадаад улс орнуудаас 31168 монгол иргэнээ эх оронд нь татаж авчиржээ. Гэхдээ “МИАТ” ковидгүй, энх цагт ч зарим хүний бэлэн мөнгөний “ATM”, монополь компанийн “саалийн үнээ” болж ирсэн, одоо ч болсоор байгаа зарим баримтыг дэлгэе.  
МИАТ-ийн бизнест Суэцийн сувгийг тэгнэж бөглөсөн “Ever Given” хөлөг онгоц шиг “гацаа” үүсгэсээр удсан нэг асуудал нь онгоцны шатахууны үнийн тухай сэдэв юм. МИАТ дэлхийн зах зээл дээрх ханшаас 60 хувийн өндөр үнээр агаарын хөлгийн шатахуун худалдан авч байна. Энэ нөхцөлд МИАТ-ийн нислэгийн тийз, ачаа тээврийн үнийг бууруулах, гаднын орны бусад авиа компаниудтай өрсөлдөх, шинэ зах зээлүүдэд нислэгээ өргөжүүлэх, төрийн зохицуулалтаар Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмж, аялал жуулчлалаа хөгжүүлэх зэрэг талаар ярих нь ямар ч утгагүй асуудал юм. Энэ бүхэнд зарцуулах, эсвэл ажилчиддаа өгөх, ядаж л монгол иргэдээ хямдаар тээвэрлэхэд илүүчлэх мөнгөөрөө “МИАТ” компани хувь хүмүүс, эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэж, тэдний хувийн бизнесийг нь тэтгэж байдаг.  
Тодруулбал, МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй хоёр компани байгаа нь хоёул Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” юм. Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын тайланд “Сод Монгол групп”-ын 95 хувь, “МэргэВан ХХК”-ийн 47.5 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.
undefined
Тэгвэл 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн зарласан “МИАТ/201901060” дугаар бүхий агаарын хөлгийн шатахуун худалдан авах тендерт “Сод Монгол групп”, “МэргэВан ХХК” болон “Интерстандарт нефть ХХК” гэх гурван компани өрсөлдөж, улсын хил нөхцөлөөр 18700 тонн агаарын хөлгийн шатахууныг “Cод Монгол групп” нь 39.083 тэрбум төгрөгөөр буюу литр тутамд 2090 төгрөгөөр нийлүүлэхээр санал болгож, шалгарсан аж. Нэг хүний нэг биш, нэг хүний хоёр компани нэг тендерт өрсөлдөх нь шударга өрсөлдөөний зарчмыг хэрхэн хангах вэ гэх асуулт гарч ирнэ. Гэвч уг тендерт 37.736 тэрбум төгрөг санал болгож өрсөлдсөн “Интерстандарт нефть ХХК” нь мөн “Сод Монгол групп”-ын охин компани буюу бүгд Ц.Анандбазар гишүүний хамаарал бүхий хуулийн этгээдүүд байгаа юм. Нэг хүний, нэг эзэмшилтэй гурван компанийн дунд болдог нээлттэй, шударга тендер гэж байх уу?
Хамгийн гол нь “Сод Монгол групп” ийнхүү “МИАТ”-ийн тендерт  агаарын хөлгийн шатахууныг литр тутамд 2090 төгрөгөөр нийлүүлэх болсон нь дэлхийн зах зээл дээрх тухайн үеийн ханшаас даруй 63.6 хувиар өндөр байгаа юм. Дэлхийн зах зээл дээрх онгоцны шатахууны ханш 2019 оны долдугаар сард литр тутамд дунджаар 0.5 ам.доллар байсан аж. Үүнийг “МИАТ”-ийн тендер зарлагдсан 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн Монголбанкны ам.долларын зарласан ханш руу хөрвүүлбэл 1329.67 төгрөг болох юм.
Үүний дээр “Cод Монгол групп” ижил тендерт улсын хилээс 18700  тонн агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, агуулах ачих үйлчилгээг 372,130,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр санал болгож, шалгарчээ. Энэ нь шатахууныг литр тутамд 20.9 төгрөгөөр тээвэрлэсэн гэх тоо болж байна. Харин “МэргэВан ХХК” тендерийн 18700 тонн агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх багцад 1,101,430 төгрөг буюу литр тутамд 58.9 төгрөгийн үнэ санал болгож, шалгарчээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “МИАТ”-ийн нэг тендерт өөрийн хамаарал бүхий гурван компаниа өрсөлдүүлж, хоёр компани нь шалгарснаар 40,556,560,000 төгрөгийн орлого олсон аж.
Тендерийг гадна талаас нь харвал гурван компани өрсөлдөж хуулийн шаардлага хангасан “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” шалгарчээ. Гэтэл бодит байдал дээр анхнаасаа ялагч нь тодорхой  тендерт Ц.Анандбазар гишүүний гурван компани хуулийн шаардлагыг биелүүлж хоорондоо ёс төдий өрсөлджээ. Үр дүнд нь шалгарсан хоёр компани нь “МИАТ”-т нэг литр агаарын шатахууныг 2169.8 төгрөгийн өртгөөр шахаж, эзнийхээ халаасыг түнтийлгэсэн байна.
undefined
Монгол Улс нь ОХУ-ын “Роснефьт”-ээс хүйтэн уур амьсгалд шалгарсан “TC-1” маркийн агаарын хөлгийн шатахуун импортолдог. Дэлхийн зах зээл дээрх онгоцны шатахуун болон газрын тосны ханш харилцан хамааралтай хөдөлгөөнд ордог. Манай нефть импортлогчид олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурахад Монголд бензиний үнэ буурдаггүйн шалтгааныг валютын ханшийн зөрүү, тээврийн өртөг, бүр экспортлогч талд хүртэл тохох гэж үздэг. Гэвч нэг үеээ бодоход ард түмэн газрын тосон дээр АНУ-ын “Brent”, “WTI” болон ОХУ-ын “ESPO”, “SOKOL”-ийн ханш, онгоцны шатахууны хувьд “Jet A”, “Jet A-1”-ийн ханш “TC-1”-тэй параллель хамааралтай гэдгийг мэдэхтэйгээ болжээ.
undefined
МИАТ ТӨХК-ийн хамгийн сүүлд зарласан 19900 тонн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх, түүнийг улсын хилээс тээвэрлэх, хадгалах, сумлах тендерт мөн л УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” түүний “МэргэВан ХХК”-тай өрсөлдөж байна. МИАТ-ийн 2020 оны наймдугаар сарын 24-нд зарласан тендерт “Cод Монгол групп” 52,197,700,000 төгрөг буюу литр онгоцны шатахууныг 2623 төгрөгөөр нийлүүлэх, “МэргэВан ХХК” 49,491,300,000 төгрөг буюу литрийг нь 2487 төгрөгөөр нийлүүлэхээр санал болгосон аж. Харин МИАТ 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд тодорхой шалтгааны улмаас дахин хялбаршуулсан цахим нээлттэй тендер зарлах болсон гэж мэдээлсэн байна.  
Тэгвэл 2020 оны наймдугаар сард дэлхийн зах зээл дээрх агаарын хөлгийн шатахууны ханш литр тутамд дунджаар 0.3 ам.доллар буюу Монголбанкны зарласан ханшаар 836.1 төгрөг байжээ. Валютын ханшийн зөрүү, тээвэр, хадгалалтын зардал, гаалийн татвар, компанийн ашгийг нэмлээ ч эрхэм УИХ-ийн гишүүн Ц.Анандбазар таны “Сод Монгол групп” зах зээлийн ханшаас 3.1 дахин их, “МэргэВан ХХК” тань 2.9 дахин өндөр үнээр “МИАТ”-д өрсөлдөгчгүй онгоцны шатахуун шахаж байгааг та юу гэж бодож байна вэ?
Энэ мэтээр Ц.Анандбазар өөрийн хамаарал бүхий компаниудаараа өрсөлдөгчгүй тендер зохион байгуулж, зах зээлийн ханшаас өндөр үнээр шатахуун шахдагийн ердөө ганц жишээ нь энэ. Эрхэм гишүүний хамаарал бүхий компаниуд давуу эрхээр төрийн өмчит компаниудад шатахуун нийлүүлдэг баримтууд “Эрдэнэт”, “Эрдэнэс-Тавантолгой” гээд үргэлжилнэ. Төрийн мөнгө уйлдаггүй.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн