Боловсрол | 5 мин уншина

Д.Жаргалсайхан: Англи хэл сурахад шаргуу хичээл зүтгэл хэрэгтэй, гэхдээ ухаалгаар, төлөвлөгөөтэй хичээ

Д.Жаргалсайхан: Англи хэл сурахад шаргуу хичээл зүтгэл хэрэгтэй, гэхдээ ухаалгаар, төлөвлөгөөтэй хичээ
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 14

 “Radar English School”-аас  “Англи хэл хэрхэн сурах вэ” цуврал лекцийг тогтмол зохион байгуулахаар болжээ. Лекцийн анхны зочин илтгэгчээр эдийн засагч, нийтлэгч Д.Жаргалсайхан уригдаж гадаад хэл хэрхэн, яаж сурсан тухай өөрийн туршлага, ажиглалтаас үүдэлтэй зөвлөмжөө хуваалцлаа.  Түүний лекцийг сонсохоор 200 орчим залуу заал дүүргэн суужээ. Ингээд гадаад хэл сурахаар шамдаж байгаа залуустаа урам зориг, шинэ санаа өгөх зорилгоор Д.Жаргалсайхан гуайн яриаг тоймлон хүргэж байна.       

Намайг та нар шиг 20 нас хүрээгүй байх үед Монголчууд ЗХУ-д их олноороо бэлтгэгдэж байсан.  Дэлхийн хэл болох орос хэл сурахыг эрхэм зорилгоо болгодог байлаа.  Миний хувьд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа өгсөний дараа Ташкентад нэг жил хэлний бэлтгэлд сурахаар явж байсан.  Хэл ус сайн мэдэхгүй дөрвөн залуу чемоданаа бариад Новосибирскийн галт тэргэнд сууж байсан. Миний хувьд орос хэлийг нөгөө гурваасаа арай илүү гадарлах тул хүмүүстэй бага сага ойлголцож байж сургуулиа олж очлоо. 

Тэгээд очсон чинь биднийг хүлээж авсан орос эмэгтэй өөдөөс шууд л “Do you speak English” гэж асууж байна.  Бүх дэлхий оросоор ярих гээд бид орос хэл сурах гээд ирчихсэн байхад өмнөөс "англиар ярьж чадах уу" гэж асуух юм гээд ихэд гайхширсан шинжтэй байв. Камбож, Вьетнам, Африк гээд маш олон гадаад хүүхдүүд ирсэн байсан юм. Гэтэл маргааш өглөө нь босоод хартал Угандагийн нийслэлээс ирсэн нэг хар арьстай хүүхэд нөгөө орос эмэгтэйтэй англиар хачин сайхан ойлголцож, ярилцаж байна.  Тухайн үедээ орос хэл дэлхийн хэл гээд байсан. Одоохондоо бол хүмүүс англиар л ярьж байгаа юм байна гэж бодов.   

Гадаад үгийг тасралтгүй цээжлэхээс бичих нь илүү үр дүнтэй   

undefined

Заа тэгээд тэнд нэг жил орос хэлний бэлтгэлд сураад дараа жил нь Москвагийн их сургуульд орлоо.  500 хүүхэдтэй лекцийн танхимд анхны хичээл орлоо. Багшийн уншиж байгаа лекцийг ойлгодоггүй ээ. Өөрөөсөө айж  эхэллээ.  Тэгээд багшийн лекцийг хажууд суудаг оюутнаасаа  хуулж бичдэг болов. Дэвтэрээ хоёр хэсэг хувааж байгаад нэг талд нь өөрийнхөө бичсэнийг, хажуу талд нь зэрэгцүүлээд нөгөө оюутны лекцийг хуулж бичдэг болов.  Иймэрхүү байдлаар орой бүр шөнийн 12, 1 цаг хүртэл лекц хуулж суудаг боллоо. Ингээд хоёр сар орчмын дараа бусдын лекцийг хуулахаа больж, өөрөө ойлгодог болж эхэлсэн юм. Тэр үед гадаад үгийг тасралтгүй цээжлэхээс бичих нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгосон. Орос хэл сурахад лекц хуулж бичиж байсан тэр процесс  их тус болсон.  

Тэгээд би нэгдүгээр сард бүх шалгалтаа онц өгөв. Гадаад оюутнуудтай хэлний зөрүү байгаагаас биш оюун ухааны, толгойны зөрүү байхгүй гэдгийг мэдсэн юм.     

Англиар 3000 үг мэдэж байна уу, эсвэл 3 үг мэдэж байна уу гэдгээс илүү өөртөө итгэх итгэл чухал 

Гадаад хэл сурна гэдэг бол зүгээр процесс. Түүнээс илүү чухал нь өөртөө итгэнэ гэдэг их чухал. Нэг удаа хичээл дээр манай дунд сургуульд үздэг байсан теоромыг заалаа. Тэгээд багш энэ теоромыг самбарын өмнө гарч ирээд батлах оюутан байна уу гэж асуухад нь шууд л гарчихлаа. Өвдөг чичрээд, хорвоо ертөнц хөмөрч байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан.  Гэхдээ л би тэр теоромыг баталж чадсан. Гадаадаар 3000 үг мэдэж байна уу, 3 үг мэдэж байна уу гэдэг чухал биш. Өөртөө итгэх итгэл, зориг түүнээс илүү чухал байдаг.  Тэр явдлаас хойш над руу хандах, надтай найз болохыг хүссэн оюутнуудын тоо ч нэмэгдэж, багш нар ч үнэлж эхэлсэн юм.   

Би Москвагийн их сургуульд хоёр жил геологиор сураад дараа нь мэргэжлээ солиод эдийн засгаар дахиад таван жил сурсан.  Нийт 70 шалгалт өгсөн бүгдийг нь онц өгсөн. Яагаад гэвэл би өөртөө тийм зорилго тавьсан байсан юм.  Тухайн үед дөрвөн семистер онц төгссөн хүүхдэд Сүхбаатарын цалин өгдөг байсан. Миний аав мужаан байсан болохоор намайг дэмжээд байх боломж хомс байсан. Тийм болохоор надад онц сурахаас өөр сонголт байгаагүй юм. Хойшоо ухрах газар байхгүй байсан. Та бүхэнд ч гэсэн англи хэл сурахаас өөр арга зам байхгүй, буцах аргагүй гэж бодох хэрэгтэй.  Хойшоо зам байхгүй гэж шийдсэний дараа сурахаас өөр сонголт байхгүй болдог юм билээ.  Онц төгссөн оюутанд өгдөг цалингаараа англи номтой пянз тоглуулагч авч байсан. Тэгээд л англи хэлийг анх сурч эхэлсэн.    

 Англиар 1000 үг мэдэх, 100 үгийг зөв дуудах эрс ялгаатай

Англи хэл сурахад зөв дуудаж сурах маш чухал юм билээ.  Уншихаараа ойлгодог хэрнээ ярьж, зав дуудаж чадахгүй үе гардаг байсан. Гадаад хэл мэддэг гэж нэг ойлголт байна, түүнээс гадна ярих нь бас өөр. Энэ хоёрын зарчмын зөрүү маш их. Тиймд англи хэл сурч байхдаа зөв дуудахад хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй.  1000 үг мэдэх, 100 үгийг зөв дуудах эрс ялгаатай байдаг.  Яагаад гэвэл гадаад хэл сурна гэдэг бол зөвхөн мэдлэг биш, нэтворкинг, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хүнтэй харилцаа  холбоо тогтоох  хэрэгсэл юм.  Англи хэл сурах талаар ямар ч бодолгүй явж байгаа хүн бол хаашаа явж байгаагаа мэдэхгүй байгаа хүнтэй адил, маш ноцтой. Мэддэг, мэддэггийгээ мэддэггүй хүмүүс байна. Мөн мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн байгаа. Тэднээс сонсож, суралцах ёстой. Мэддэггүй, тэгсэн мөртлөө мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс ч байна. Тийм хүмүүсээс хол явах хэрэгтэй.     

Мэдлэггүйгээр хичээх нь маш эрсдэлтэй...

undefined

Гадаад хэл сурахад  тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй байх ёстой. Тодорхой зорилгоггүй мөртлөө хэл сураад л байдаг хүмүүс байдаг. Хийж байгаа бүх зүйл хэзээ, яаж хийхээ тодорхой болгох ёстой.   Зорилготой хүн юуг, яаж хийхээ мэддэг.  Бизнес, боломж гээд бүх зүйлийг автобусны буудалтай зүйрлэж болно. Хаашаа явахаа мэддэг хүн л автобусны буудал орж автобусанд сууна шүү дээ.  Түүнтэй адил юу хийх гэж байгаагаа мэдсэн хүн боломжийг ашиглаж чадна.  Зорилготой, тэр зорьсон зорилгодоо үнэнч байх ёстой. 

Хүн юуг ч сурсан, юуг ч хийсэн хичээх ёстой. Гэхдээ ухаалгаар төлөвлөгөөтэй хичээх ёстой. Мэдлэггүйгээр хичээнэ гэдэг маш эрсдэлтэй. Мэдлэгтэй хичээх хэрэгтэй. Өнөөдөр би гадаад хэл сурах мэдлэгт тань хувь нэмэр оруулахаар энэ яриаг хийж байна.

Зорилгоо тодорхой болгож, үр дүнд хүргэхийн тулд бич, төлөвлө. Харвардын их сургуулийн оюутнуудад 10 жилийн дараа хэн байх тухайг нь цаасан дээр бичүүлдэг байна. Судалгаанаас харахад зорилго, мөрөөдлөө цаасан дээр буулгасан хүмүүс илүү амжилт гаргасан байдаг гэдэг. Бичнэ гэдэг бол маш тодорхой хэллэг юм. Л.Толстойн “Тодорхой боддог хүн тод илэрхийлдэг” гэдэг үг байдаг шүү дээ.  Тод илэрхийллийн цаана маш тодорхой зорилго оршиж байдаг.  

Гадаад хэл сурах нь мэдээж чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь таны амьдралын зорилго. Гадаад хэл бол та амьдралынхаа зорилгод хүрэх нэг процесс, хэрэглэгдэхүүн гэдгийг санаарай.  

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн